| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0301/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/872 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/872
2025 03 28 2025/ШЦТ/872
НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч: Д.Ууганцэцэг /Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор/,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** ургийг овогт Б**-ын Г**-д холбогдох 2410040991511 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********************************* торгох ялаар шийтгүүлж байсан
** ургийг овогт Б.Г*************** /РД:********************/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" караокены гадаа Б.У**-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хамт явсан Н.Б-ийн баруун гар руу труба төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г нь “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" караокены гадаа Б.У-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хамт явсан Н.Б*********-ийн баруун гар руу труба төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын өгсөн“... гэм буруугүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2410040991511 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Б-ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар тал/,
Хохирогч Н.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "...************* нь нэг танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь бид хэд болиулаад тухайн караокеноос гарсан, тухайн үед У********** бид хоёр караокены урд талд байх шороон зогсоол руу алхаад явж байтал тухайн караокед У*******тай маргалдаад байсан залуу нь төмөр труба барьж ганцаараа ирээд миний толгой хэсэг хүү тухайн барьж байсан трубагаараа цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хамгаалсан, тэгээд би цааш ганцаараа зугтаасан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Гэрч Б.У**********-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "... очиход хажуу өрөөнд байсан танихгүй шар залуу уурлаад хаалга, үүд өшиглөөд ресейпшнд агсан тавиад зогсоод байсан. Тухайн үед гаднаас караокены эзэн эмэгтэй орж ирээд тус агсан тавиад байсан залууг боль, та нарын цаг дууссан байна гараад явцгаа гэж хэлэхэд агсан тавиад байсан залуу нь тухайн караокены эзэн эмэгтэйг гараараа алгадаад авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн залуу хандан чи эмэгтэй хүнд гар хүрдэг, яасан арчаагүй залуу вэ гэж хэлээд тухайн залууг гараараа нэг удаа нүүр рүү нь алгадахад агсан тавиад байсан. Танихгүй залуу нь зөрүүлээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би тухайн залуутай ноцолдож эхэлсэн...би машинаас эд зүйлээ авахаар Б*************-ийн хамт 71 дүгээр цэцэрлэгийн урд байсан шороон зогсоол руу алхаж байтал ** дүгээр цэцэрлэгийн хашаанаас надтай ноцолдож байсан эрэгтэй ганцаараа гартаа труба барьсан байдалтай гүйж ирээд барьсан трубагаараа миний цээж хэсэг рүү нэг удаа цохисон, тэгээд хажууд байсан Б************-ийн толгой хэсэг рүү трубагаараа цохих гэхэд Б*********** нь баруун гараараа хааж харагдсан. Тэгээд би зугтаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Гэрч О.Х****************-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн"... Намайг ороход караокены үүдэнд Г************ ах нь хажуу өрөөнд байсан залуучуудтай маргалдаад орилолдоод байхаар нь би очиж Г**************** ахыг салгаад ажлын Г************* ахыг гэр рүү явуулчихсан, харин согтсон байсан ажлын газрын эмэгтэйчүүдээ нөхрүүдэд нь өгөөд явуулсан. Харин би караокеноос гараад машиндаа суух гэтэл хоёр залуу араас гэрч ирээд явж байсан харагдсан. Тэгэхэд найз Магнай нь миний машиныг бариад гэр рүү явсан юм... Тухайн орой Г************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Тухайн өдөр Галбадрах нь ажилгүй байсан. Бид нарыг дуудахад гэртээ байж байсан ба караокед ирэхдээ гэрээсээ ирсэн гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Гэрч Ц.С*********-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "... Тэгэхээр нь би ******** дүгээр цэцэрлэгт ажилдаг Х*********** гэх эмэгтэйд хандан энэ хүмүүсээ аваад гар гэхэд Х********* нь хамт ажилдаг хүмүүсээ аваад гарсан тэр дунд Галбадрах нь явж байсан юм. Удалгүй Г********-тай маргалдаж байсан хоёр залуу нь 5 минут орчмын дараа машинаасаа юм авна гээд гарсан юм... Миний биед ************* дүгээр цэцэрлэгийн манаач Г************* гэдэг хүн халдсан, намайг нэг удаа хацар руу гараараа алгадсан... Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ************* караокед ирэхэд Г************ нь нэлээн согтсон байдалтай агсраад байсан... Г***********-тай харилцаж байсан удаа байхгүй. Тэгэхдээ зүс танина. Хүмүүс ярихдаа архи уухаараа агсан гэж яриад байдаг юм. Би Г************-тай 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр караокеныхоо үүдэнд таарсан. Тухайн үед би Г************-д хандан чи хүнийг ажлын байран дээр нь алгаддаг, муухай хүн байна лээ шүү гэж хэлэхэд Г************** нь над руу өндөр дуугаар чи яах гэж согтуу хүнтэй олон юм ярьсан юм. Би согтуу байсан гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Гэрч Э.О-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн"... Удалгүй караокены эзэн гэх танихгүй эгч орж ирээд уурлаад караокеноос бид нарыг гар гэж хэлэхэд Г*************нь тухайн караокены эгчийн нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Тэгээд бид хэд тухайн караокеноос гараад явцгаасан юм... Г************ахыг нэг барилгачин залуу гараараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгэхэд Г************ ах нь зөрүүлээд тухайн залууг цохисон өөр Г************** ахын биед хэн нэгэн хүн халдаад байсан зүйл байхгүй. Барилгачин залуус Г*************** ахыг болиулж байсан Г********* ах нь хоёр барилгачин залуутай л маргалдаад байсан юм. Тухайн өдөр Г********** ах нь караокеноос гараад ажлын байр руугаа буюу 71 дүгээр цэцэрлэг рүү орж байхыг нь би араас нь харсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн
"...Н.Б**********-ийн биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тогтоолд тавигдсан хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн шинжээчийн 12791 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шинжээч эмч Э.Б**********-ын: “ ...Н.Батнасангийн биед тогтоогдсон баруун богтос ясны хугарал гэмтэл нь төмөр турбагаар цохих үед үүсэх боломжтой... “ гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах байр суурийг илэрхийлж оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "***" караокены гадаа Б.У*********-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хамт явсан Н.Б-ийн баруун гар руу труба төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/, гэрч Б.У-ын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, гэрч Ц.С-ийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/, гэрч Э.О-ын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 12791 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/, шинжээч эмч Э.Б-ын мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “хэрэг учрал болох газрын гадна хэсэгт маргаан үүсээгүй зөвхөн дотор хэсэгт буюу караокены дотор талд маргаан үүссэн, барилгачин хоёр залуутай маргалдаагүй, гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан шиг мэдүүлэг өгөөгүй юм байна лээ, караокены дотор талд ажиллаж байсан 2 залууг гэрчээр асуух байсан юм, би хохирогч болон гэрч У-ын биед халдаагүй гэж” мэтгэлцсэн ба түүний энэ мэдүүлгийг дэмжсэн,баталсан ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Б.Г нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 12791 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 12791 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" караокены гадаа Б.У*******-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хамт явсан Н.Б**-ийн баруун гар руу труба төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Н.Б** нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хавтаст хэргийн 41 дүгээр талд “ гараа хугалуулснаас болж 30 хоног ажилгүй гэртээ байсан, би өдрийн 160,000 төгрөгийн ажил хийдэг. Ажилгүй байсан хугацааны хугацааны мөнгөө нэхэмжилж байна” гэснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Учир нь хэрэгт хохирогч Н.Б**-ийн хаана, ямар ажил эрхэлдэг, сарын хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг талаарх баримт авагдаагүй ба шүүх хуралдаанаар хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоог гаргаж шийдвэрлэх боломжгүй байх тул
гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэмт хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг хохирогч Н.Б**-д нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Н.Б**-ийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй /хх-ийн 41 дүгээр тал/ гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700/ долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгуулийн ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын санал дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг ял биелэгдэх боломж зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** ургийн овогт Б**-ын Г**-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.0000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгуулийн ялыг 7/долоо/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. Хохирогч Н.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ