| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2017/0038/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/38 |
| Огноо | 2017-06-19 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Д.Батсүрэн |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/38
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Д.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,
улсын яллагч С.Батсүрэн,
шүүгдэгч Б.Алтанбаяр түүний өмгөөлөгч С.Ганбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
иргэдийн төлөөлөгч С.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бүүвэйн Алтанбаярт холбогдох эрүүгийн 201608000111 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 2-5 тоотод оршин суух, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2005 онд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хуцгацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2015 оны 11 сарын 05-ны өдөр 77 дугаартай Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг өршөөн хасч суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бүүвэйн Алтанбаяр /РД:СВ82092411/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/:
Шүүгдэгч Б.Алтанбаяр нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 2-5 тоот хашаанд иргэн Т.Баяржаргалтай маргалдан “ Хамар луу мөргөлөө, цамцны захаар хоолойг боолоо” гэх шалтгаанаар түүний баруун эгэмний дээд хэсэгт зүсэж, хүзүү рүү нь нэг удаа, баруун хөлний шилбэ хэсэг газарт нэг удаа тус тус хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Алтанбаяр нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 2-5 тоот хашаанд иргэн Т.Баяржаргалтай маргалдан түүний баруун эгэмний дээд хэсэгт зүсэж, хүзүү рүү нь нэг удаа, баруун хөлний шилбэ хэсэг газарт нэг удаа тус тус хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүнийг санаатай алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
1.1. Шүүгдэгч Б.Алтанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
....2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байхад талийгаач манайд ирсэн. Бид танилцаад удаагүй байсан. Бидний дунд өс хонзон өр авлагын зүйл байгаагүй. Ганц нэг удаа нийлж ууж байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор тийм зүйл болсон... гэсэн мэдүүлэг
1.2. Хохирогч Л.Энх-Амгалан шүүхийн шатанд мэдүүлэхдээ:
...2016 оны 06 дугаар сарын 20-ны өглөө би ажлаасаа буусан. Ажлаасаа буугаад ирэхэд Лхагвадорж манайд хоносон байдалтай байсан. Манай нөхөр Лхагвадоржтой хамт айлд очоод ирье гээд явсан. Өдөр утсаар ярихад Намараагийнд байна гэж хэлсэн. Орой нь Алтаннамар над руу утсаар яриад энэ хэд муудалцаад нэгнийгээ хутгалсан байна гэж хэлсэн. Хэн хэнийг хутгалсан юм бэ гэж асуухад Баярааг Алтанбаяр хутгалсан байна гэж хэлсэн. Би очъё гэж хэлэхэд Баяраа сая гараад явсан гэж хэлсэн. Явж чадаж байгаа юм уу гэхэд явж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай нөхөр орж ирсэн. Би яачихваа гэж асуухад хоолой дээр нь нилээд том ангайсан шархтай цамц нь нил цус болсон байсан. Би нөхрийнхөө дүү рүү нь утсаар яриад Баяраа хүнд хутгалуулсан байна хүрээд ир гэж хэлэхэд дүү нь гүйгээд ирсэн. Цагдаа дуудъя гэхэд манай нөхөр би гайгүй гээд байсан. Тэгээд бид эмнэлэгт очиход жижүүр эмч нь эмч нар тарчихсан гээд зонд хийж үзээд оёо тавьсан. Би дусал, тариа хийж өгөх боломж байхгүй юм уу, зүгээр юм уу гэж асуухад зүгээр маргааш ирж боолтоо хийлгээрэй гэж Оюунцэцэг эмч хэлсэн. Орой нь цээжээр хатгаад байна гэхээр нь түргэн дуудахад өөрсдөө ирэх боломж байхгүй юу гэхээр нь хотоос ирсэн найзтай нь хамт эмнэлэгт авч очсон. Эмнэлэгт рентген зураг аваад цус алдсан зүйл байхгүй байна зүгээр гэж хэлсэн. Тэгээд бид нар шөнө 00 цаг болж байхад гэртээ ирсэн. Замдаа аптекаар орж дусал авъя гэхэд эмчийн бичиггүй өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь өвчин намдаах лаа аваад гэртээ ирээд лаагаа хийж хоноод өглөө нь яаж байна би ажилдаа явах уу яах уу гэж асуухад ажилдаа яваад ир, би гайгүй гэж хэлсэн. Б.Алтанбаяраас болоод нөхөр минь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барж би 2 нялх хүүхэдтэйгээ үлдсэн. 7 дугаар сарын 4-ний өдөр би гэртээ зул өргөчихөөд захиргаа орж нас барсан бичгийг нь аваачиж өгөөд ирье гээд явсан. Би дүүгийнх нь гэрт очоод байж байхад галын машин өнгөрхөөр нь юун галын машин явж байгаа юм бол гэж бодож байтал утас дугараад гэр чинь шатчихлаа гэж хэлсэн. Би гүйгээд очиход гэр маань юу ч үгүй шатсан байсан. Би тэр үед 4 сартай жирэмсэн, 7 настай хүүгээ дагуулаад өмссөн тавчик, шортноос өөр юу ч үгүй үлдсэн. Б.Алтанбаяр миний ханийг хутгалаагүй байсан бол би эд материал, сэтгэл санаагаар бүрэн бүтэн, миний 2 хүүхэд эцэгтэйгээ байх байсан. Б.Алтанбаяр манай нөхрийг ална, гүйцээнэ гээд хутга, заазуур бариад дайраад байсан гэсэн. Тэрийгээ өөрөө мэдэж байгаа байлгүй. Лхагвадорж хориогүй байсан бол газар дээр нь алах байсан байх. Оршуулгын зардалд 7 989 800 төгрөг гарсан. Гэр маань шатаад нотлох баримт байхгүй болоод хот руу явж баримтыг нөхөн бүрдүүлсэн. Би Алтанбаяраас хохирол төлбөрт 200 000 төгрөг л авсан. Өөр юм аваагүй. Би одоо жирэмсний амралттай ажилгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрж охинтой болсон. Би одоо 6 сартай охин, 8 настай хүүтэйгээ байдаг. Аав, ээж ах, дүү нар маань энд байдаггүй. Нөхрийнхөө дүүг бараадаад энд байдаг. Би сард 328 000 төгрөгний цалингийн зээл төлдөг. Хохирлын мөнгөө яаралтай гаргуулан авч банкны зээлээ төлмөөр байна... гэсэн мэдүүлэг.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн талаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Талийгаач Т.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа:
2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Би найз Алтанбаяртай уулзсан. Алтанбаяр нь Баянбулагийн 2-5 тоотод байдаг бөгөөд бид 2 хашааных нь ард сууж байгаад Лхагвадоржийн хамт 2 шил архи уусан. Алтанбаяр Хэнтий аймгийн буриад гээд байсан бөгөөд хутгалдаг гээд байсан. Би амнаасаа болоод чиний хутгалдаг гэж юу байсан юм гэж муудсан. Алтанбаяр, Лхагвадорж бид 3 хашаа руу орсон. Тэр хашаанд 1 гэр, 1 байшин байсан. Тэгтэл гэр лүү нь ороод хутга заазуур бариад гараад ирсэн. Тэгээд миний хоолой руу хатгах шиг болсон. Тэгтэл миний хүзүүнээс их хэмжээний цус гарсан.. Тэгээд байж байхад Алтанбаярын эхнэр Алтаннамар ирсэн. Тэгээд би харилаа гээд гэр лүүгээ алхаж явсан. Лхагвадорж надтай хамт явж байгаад гэрийн гаднаас салаад явсан. Гэрт манай эхнэр Энх-Амгалан байсан. Тэгээд намайг эмнэлэг дээр авчирсан. Би Алтанбаяртай танилцаад 4-5 сар болж байгаа. Урд нь муудаж байгаагүй сая муудахдаа би өөрийн буруугаас болоод Алтанбаярыг шордож байгаад хутгалуулсан. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 22-24 дүгээр хуудас/
2.3. Гэрч Л.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 06 дугаар сарын 19-ны орой хуучин ажлын ах Баяржаргалынд очиж хоносон. Өглөө намайг тэднийд унтаж байхад Баяржаргал ах дуудаж сэрээсэн. Тэгээд Баяржаргал ах намайг 2-уулаа хамт Баянаагийнд очиж Баянаатай уулзаад ирье гэж хэлсэн. Бид 2-г Баянаагийн гадаа буюу Баянбулагийн 2-5 тоотод очиход 09 цаг болоогүй байсан. Тэдний хашааны гадаа очоод Баянаатай Баяржаргал утсаар ярихад би хотод байна гэж хэлсэн. Тэгээд Баянааг байхгүй болохоор нь бид 2 Ханангийн эгнээний зүүн үзүүрийн Андууд дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Монгол стандарт нэртэй архи, 1 хайрцаг тамхи аваад гарсан. Тэгээд Баяржаргал манай хадмын хашааны гадаа гоё элс байдаг юм тэр элсэн дээр очоод сууж байгаад ууя гээд бид 2 Баянбулагийн 2-5 тоотын хашааны арын элсэн дээр очиж архиа хувааж уусан. Тэгээд бид 2 архиа задалсны дараа дээрээс нь нэг нэг татчихаад хадмынх руу гялс ороод гараад ирье гэж хэлээд хашааны араас нь Баяржаргал даваад орчихсон. Нэг их удалгүй эргээд нэг залуу дагуулаад гараад ирсэн. Баяржаргалтай хамт гарч ирсэн залуу намайг чи Лхагвадорж мөн үү гэж асуусан тэгэхээр нь би чи хэн билээ нэг л харсан царай байна гэхэд би Алтанбаяр байна гэхээр нь би таньсан. Баяржаргал бид 2-оос та 2 яаж нэг нэгнийгээ таньдаг юм бэ гэхээр нь шоронд танилцаж байсан талаараа түүнд хэлсэн. Архи ууж дуусаад Алтанбаяр хүмүүсийн хувьцааны 100.000 орчихсон байна минийх орсон байж магадгүй бүгдээрээ банк орж мөнгөө шалгаж үзье гэхээр нь минийх ч гэсэн орсон байж магадгүй гээд бид 3 төрийн банк руу алхаад 10 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд бид 3 төрийн банкинд оочирлож байгаад асуухад Алтанбаярын мөнгө нь орсон миний мөнгө ороогүй байсан. Тэгээд бид 3 төрийн банкнаас гараад Алтанбаяр гэртээ харьж бичиг баримтаа аваад эргэж ирж мөнгөө авахаар болоод явж байтал замд Хаан банкны тэнд Алтанбаярын хадам эгч тааралдаад Алтанбаярт 5000 төгрөг өгсөн. Тэгээд бид 3 Алтанбаярын 5000 төгрөгөн дээр мөнгө нэмээд дахиад Ханагийн эгнээний Андууд дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Монгол стандарт архи аваад өглөө архи ууж байсан элсэн дээрээ очиж архиа хувааж уусан. Тэр архийг ууж байхдаа Алтанбаяр миний утсаар эхнэр рүүгээ залгаад миний ханиа уур нь гарсан уу, ханийнх нь хувьцааны 100.000 төгрөг буусан миний бичиг баримтыг аваад гараад ир гэж хэлэхэд нэг их удалгүй эхнэр Алтаннамар ахынхаа машинтай ирлээ гээд бид хэд дээр жижиг цагаан цэнхэр өнгийн машинтай ирээд бид 3 түүний эхнэртэй төрийн банк руу уг машинтай явсан. Тэгээд төрийн банкнаас мөнгөө аваад Алтаннамар Хайгуулчны эгнээний баруун үзүүрт байдаг дэлгүүрийн гадаа бид 3-г буулгаад Алтанбаярт 10.000 төгрөг үлдээгээд явсан. Бид хэдийг машинтай явж байхад Алтанбаяр эхнэртээ хандаж та нар намайг дарамталж барлагаа болголоо би бол тэнгэрийн амьтан та нар шиг газрын амьтад биш шүү гээд байсан. Тэгэхэд Баяржаргал Алтанбаярт хандаж чи битгий хүн доромжлоод бай би энэ айлд хүргэн болоод 10 гаран жил болж байна тийм дарамт шахалт байдаггүй юм гэхэд Алтанбаяр чимээгүй болсон. Тэгээд Алтанбаярын 10.000 төгрөгөөр Хайгуулчны эгнээний дэлгүүрээс 1 шил архи 1 тамхи аваад нөгөө архи ууж байсан газраа эргэж ирсэн. Тэгээд тал үлдсэн байсан архиа хувааж уусан. Тэрийг дуусгаад бүтэн шил архиа задлаад ганц 2 тойруулаад сууж байтал Алтанбаяр надад хандаж би шоронд том байсан биз дээ газрын амьтад намайг барлагаа болгоод байна ш дээ гэж хэлэхэд би миний хөгшөөн чи болиоч дээ байж байгаад шорон ярих гээд байх юм гэтэл хажуунаас Баяржаргал Алтанбаярт хандаж чи одоо яах гээд байгаа юм бэ, би чамд олон хэлсэн шүү битгий хүн доромжлоод бай гэж хэлэхэд Алтанбаяр Баяржаргалыг толгойн дух хэсгээрээ нүүрэнд нь нэг удаа мөргөхөд Баяржаргал жоохон доошоо болоод буцаад өндийхдөө Алтанбаярыг мөн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөсөн. Тэгэхэд Алтанбаярын хамарнаас цус гарсан. Тэгээд тэр 2 шууд барилцаад авсан. Тэгэхээр нь би тэр 2-г салгах гэсэн боловч дийлдэхгүй нэг нэгэнрүүгээ дайраад байсан. Баяржаргал Алтанбаярын цамцны захаар нь боогоод байсан. Би Баяржаргалд хандаад одоо болио хөгшөөн гэхэд энэ муу давраад байгаа юм чинь хэд хэд боогоод унагаавал сэргээд гэр лүүгээ орох байх гэж байснаа Баяржаргал Алтанбаярыг тавьсан. Тэгээд би халаасанд байсан тамхиа гаргаж ирээд асааж өгөөд та 2 тайвшир гэсэн. Алтанбаяр хамарныхаа цусыг арчаад одоо 2-уулаа больё гэхээр нь би та 2 болио энэ хавийн хүмүүс юу гэж бодох юм гэхэд Алтанбаяр 3-уулаа хашаа руу орьё гээд Алтанбаяр хашааныхаа хойд хэсгээр даваад хашаа руу орсон түүний араас Баяржаргал орсон. Тэгээд би тэр 2-н сууж байсан араас ууж байсан архиа авч орох гэснээ болиод хашаа даваад яг орох гэж байтал Алтанбаяр баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд Баяржаргал байшингийн зүүн урд буланд сууж байсан. Тэгэхэд Алтанбаяр Баяржаргал дээр ирээд баруун гартаа барьсан байсан хутгаар хүзүүний урд доод хэсэгт нэг удаа дүрчихсэн. Тэгэхээр нь би гүйж очоод Алтанбаярын хутгатай байсан гарны шуун дээрээс атгаад заазууртай байсан гарыг нь араас нь дарж тэврээд Баяржаргалаас холдуулах гэтэл Алтанбаяр баруун өвдөгний доод хэсэгт шилбэ орчимд баруун гартаа барьсан байсан хутгаараа дахиад нэг удаа дүрсэн. Тэгээд би түүнийг цааш нь тэвэрч холдуулаад хутгыг нь авч урагш нь шидээд, мөн заазуурыг нь авч урагш нь шидээд Алтанбаярт чи хүн аллаа ш дээ гээд хүчээр гэрлүү нь оруулсан. Тэгэхэд Баяржаргал би зүгээр байна, гайгүй ш дээ гээд хүзүү хэсэгтээ өмсөж байсан цамцаа тайлаад барьчихсан жоохон цус л гоожоод байна гээд бид 2-н араас гэр лүү ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд суухад нь баруун хөлнөөс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би түүнд хөлнөөс чинь цус гараад өмдөө дээшлүүл гэж хэлээд харахад түүний өвдөгний доор баруун шилбэний орчимд хутганы үзүүр орсон мэт шархнаас цус гарч байсан. Тэгээд би тэр шархыг нь өмсөж байсан цамцаар нь хөлийг нь боож цусыг нь тогтоогоод эмнэлэг цагдаа дуудахгүй бол болохгүй боллоо гэхэд Баяржаргал хэрэггүй яах гээд байгаа юм бэ, би зүгээр байна гээд байсан. Алтанбаяр юм ярихгүй чимээгүй суугаад байсан. Би гэрээс гараад Алтаннамар луу залгаад хаана байгаа юм бэ хурдан гэртээ хүрээд ир гэж хэлсэн. Нэг их удалгүй Алтаннамар орж ирсэн. Тэгээд би Баяржаргалыг аваад гэрт очиж боолт хийлгэе гэж хэлээд хойшоо хашаа давахаар гараад явж байтал араас Алтанбаяр ногоо хэрчдэг заазуур шиг хэлбэртэй зүйл бариад гүйж гарч ирсэн. Тэгэхээр нь би түүнд яах гээд байгаа юм бэ болиоч гэхэд түүний эхнэр Алтаннамар Алтанбаярын гараас гэрийн баруун талд гадаа байхад нь булааж авсан. Тэгээд би Баяржаргалыг гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/
2.4. Гэрч Д.Алтаннамар мөрдөн байцааллтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 06 дугаар сарын 20-ны өглөөгүүр манай аавын дүүгийн хүүхэд Энх-Амгалангийн нөхөр Баяржаргал орж ирээд манай нөхөр Алтанбаярыг дагуулаад гарсан. Хаашаа яах гэж гарсныг нь би мэдээгүй. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед Алтанбаяр над руу залгаад хувьцааны мөнгө орчихсон байна мөнгөө авч өрөө дарья гэхээр нь чи хаана байна гэхэд хашааны ард байна гэсэн. Тэгээд би түүнийг хашааны араас аваад эгчийн машинаар банк руу явсан. Хашааны ард Алтанбаяр Баяржаргал, Лхагвадорж нартай хамт сууж байсан. Тэгэхэд тэр 3 архи уучихсан бүгдээрээ халамцуу байсан. Бид хэдийг банкан дээр очоод байж байхад манай эгч машинаа авья гэхээр нь тэр хэдийг Хайгуулчны эгнээний баруун үзүүр дээр 10.000 төгрөгтэй үлдээсэн. Тэгээд намайг тогныхоо мөнгийг өгөх гээд ЦТС дээр байхад Лхагвадорж залгаад чи гэртээ байвал гараад ирээч гээд тасалсан. Тэгээд намайг тогныхоо мөнгийг өгчөөд буцаад гэрлүүгээ явж байхад Лхагвадорж залгаад Алтанбаяр Баяржаргалыг хутгалчихлаа чи хурдан ир гэхээр нь би такси бариад гэртээ ирэхэд Алтанбаяр, Баяржаргал, Лхагвадорж нар манай гэрт сууцгааж байсан. Тэгээд би цагдаа дуудъя гэхэд Баяржаргал, Лхагвадорж 2 гараад хашаа даваад яваад өгсөн. Алтанбаяр гэрт үлдсэн. Намайг гэрт ороход Алтанбаяр би айгаад байна битгий цагдаа дудаарай гэж байсан. Баяржаргалын хөлнөөс цус гойжиж байсан. Тэд хоорондоо ярихдаа Алтанбаяр Баяржаргалыг хутгалчихсан гэж байсан. Лхагвадорж намайг гэрээс дагуулж гараад хутга заазуур 2 чинь энд байгаа шүү гээд хашаанд байдаг хураалттай модны хажууд манай гэрт байдаг хүрэн иштэй хутга, ишгүй зуузуурыг тавьчихсан байсан. Тэгээд би хутга заазуур 2-г аваад гэрт оруулсан. Яагаад энд хутга заазуур 2-г тавьсан юм гэхэд энэ 2 хоорондоо муудаад Алтанбаяр энэ 2-г барьж гарч ирээд Баяржаргалыг дүрэхээр нь би салгаад айсандаа ийш нь аваад шидчихсэн гэж байсан. Удалгүй Баяржаргалын эхнэр Энх-Амгалан над руу залгаад эмнэлэг орж Баяржаргалыг үзүүлье аваад явъя гэсэн. Тэгээд би тэднийд очоод Баяржаргалыг эхнэртэй нь хамт эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиж үзүүлэхэд Баяржаргалын хүзүү бас зүсэгдчихсэн байсан гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 36-37 дугаар хуудас/
2.5. Гэрч А.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шөнийн ээлжинд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад орой 18 цаг 45 минутын үед хүзүү болон шилбэндээ хутганы шархтай Т.Баяржаргал гэдэг хүн үзүүлэхээр ирсэн…Тэгээд би тэр хүний хүзүүний болон шилбэний шарханд үзлэг хийсэн бөгөөд хүзүүний шарханд зоонт хийж үзэхэд 1.5 см урт, зүүн эгэмний дээд хэсэгт байрласан хутгалагдаж зүсэгдсэн шинэ шарх байсан. Цус их гоожсон уу гэж асуухад цус гарах нь гарсан гэхдээ одоо гайгүй гэж байсан. Баруун хөлний шилбэний дээд хэсэгт мөн зүсэгдсэн шарх байсан. Баяржаргал хоолой хөндүүрлээд байна гэхээр нь рентген зураг авч дүгнэлт хийж өгсөн. Би рентген зураг яах гэж авсан гэхээр хутганы шарх уушгинд хүрсэн байж магадгүй уушгинд хий болон хурсан байж магадгүй гэж үзэхэд зурганд бол тийм зүйл тодроогүй. Би Баяржаргалд тухайн үед Улаанбаатар хот явж компьютер томографид харуулах хэрэгтэй гэж зөвлөж байсан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө намайг өрөөндөө сууж байхад Баяржаргал орж ирээд цагдаагаас эмчийн тодорхойлолт аваад ир гэж байна гэхээр нь эмчийн тодорхойлолт бичиг хийж өгөөд би түүний амыг нээж хэлийг үзсэн. Мөн нүдний салстуудыг харахад илт цус алдсан шинж тэмдгүүд харагдаагүй тэгээд би түүнд өчигдөр мэсийн эмчид үзүүл гэж байхад яагаад яваад өгч байгаа юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Баяржаргалд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр рентген зураг авахуулсны дараа би түүнд мэсийн эмчид үзүүл гэж хэлчихээд рентген зураг уншиж байгаад эргээд хүлээн авахын өрөөнд орж ирэхэд яваад өгсөн байсан. Баяржаргалын хүзүүний шарханд ариутгал хийдэг журмаар ариутгаж ариун боолт хийж 1 оёдол тавьсан. Хөлний шарханд ариутгал хийж 2 оёдол тавьсан. Баруун эгэмний шарх бол боолт хийхээргүй зураас байсан. Анхны цэгцлэлт хийж цэвэрлэсэн. Өөрөөр ямар нэг шарх түүний биед учраагүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40-41 дугаар хуудас/
2.6. Гэрч Д.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Баяржаргал гэх хүн миний өрөөнд орж ирж үзүүлсэн. Тэр хүн 1 эмэгтэйтэй явж байсан. Би яасан хүмүүс вэ гэхэд 2 хоногийн өмнө бусдад хутгалуулсан гэж байсан. Уг хүн нь хүзүүндээ боолттой байсан бөгөөд боолтыг сөхөж шархны орчим тэмтэрч үзэхэд их хэмжээний хавантай цус хуралттай юм шиг байсан. Үзлэг хийж байхад хамт явсан эмэгтэй нь наад хүн чинь хоол унд идэхгүй 2 хонолоо гээд захирангуй харьцаад байсан. Тэгээд би дотроо цагаан мөгөөрсөн хоолой улаан хоолойд гэмтэл учирсан байж болзошгүй гэж бодоод чих хамар хоолойн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Би мөн шархыг тэлж үзээгүй шархыг тэлж нээж үзвэл цус алдах аюултай гэж бодоод сувилагчаа ирэхээр нь нээе гэж бодоод эхлээд чих хамар хоолойн эмч рүү явуулсан. Тухайн үед мэс заслын боолтны сувилагч хагалгаанд ороод завгүй байсан. Удалгүй Солонгоо эмч миний өрөөнд орж ирээд би бол төвхнөөс нь дээш үзнэ доош мэдэхгүй Баяржаргалын шарх нь доош юм байна гэж хэлсэн. Баяржаргалтай хамт явсан эмэгтэй ер нь л уурлаж загнасан байдалтай байсан бөгөөд өвчтөнийг үзэхэд надад их тээртэй байсан. Тэгээд Солонгоо эмчийг мэдэхгүй гэхээр нь би цагаан мөгөөрсөн хоолой улаан хоолойд гэмтэл учирсан байж болзошгүй гэж бодоод 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хот руу явахыг зөвлөсөн. Мөн Баяржаргалтай хамт явсан эмэгтэй эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх талаар ярихаар нь би гэмт хэргийн шалтгаантай архи согтууруулах ундааны зүйлтэй холбоотой бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар 385.000 төгрөгнөөс дээш төлбөр төлж байж хэвтэн эмчлүүлнэ гэж хэлсэн. Баяржаргалын гэмтэл нь гэмт хэргийн шалтгаантай байгаа тул бүхий л эмчилгээ нь төлбөртэй гэдгийг нь хэлсэн. Би Баяржаргалыг үзээд зүгээр байна гэж хэлээгүй мөн үзэхгүй гэж хэлээгүй. Тэгэж хэлэх эрх ч надад байхгүй. Баяржаргал өөрөө цаг алдаж эмнэлэгт хандсан манай эмнэлгийн эмч анх ирэхэд нь шархнуудыг цэгцлээд оёод явуулсан байсан. Мөн түүнд өдөр бүр боолт хийлгээрэй гэж хэлээд байхад ирэхгүй байж байгаад 1 хоног өнжөөд эмнэлэгт хандсан. Түүнээс болж шарх нь хүндэрсэн гэж бодож байна... гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 43 дугаар хуудас/
2.7. Гэрч Л.Ренчинбямба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Баяржаргал миний 4 дэх хүүхэд байгаа юм. Миний хүүг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Алтанбаяр гэгч нь хүзүүнд нь хутгалж гэмтээсэн. Түүний улмаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод цэргийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж шархаа даахгүй нас барсан. Би хүүгээ хүнд хутгалуулсан талаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өглөө мэдээд Даланжаргалан сумаас ирээд Чойроор дайрч хүүгээ аваад хот явсан. Чойрт ирээд хүүгээ тус аймгийн эмнэлэгт үзүүлье гэтэл Наранбаатар эмч зүгээр байгаа юмыг үзэхгүй гээд байсан. Тэгэхээр нь Наранбаатар эмчид хандаад Баяржаргалын хоолой нь юм залгиж болохгүй байна гэхэд чих хамар хоолойн эмч Солонгоо гэх хүнд үзүүл гээд явуулсан. Тэгээд бид хэд чих хамар хоолойн эмч дээр Баяржаргалыг аваад ороход энэ их хүнд шарх байна Наранбаатар үзээд хот яв гэж хэлэхгүй байна уу гэснээ би өөрөө орж уулзаад ирье гээд түүний өрөө рүү орсон. Тэгээд түүний өрөөнөөс гарч ирэхдээ энэ хүнтэй яриа нийлэхгүй юм шиг байна гээд дахиад нэг дарга руу яваад 13А маягт бичүүлээд ирлээ гээд Улаанбаатар хотруу яаралтай явж үзүүл наадах чинь цагаан мөгөөрсөн хоолойндоо хүрсэн шарх байна гээд байсан. Бид нар гуйж байж нэг тариа хийлгэж аваад хотруу явсан. Миний хүүг зүгээр гэж хэлээд үзэж өгөхгүй байсан Наранбаатар эмчид маш их гомдолтой байна. Хэрэв тэр эмч үзээд эмчилсэн байсан бол миний хүү амьд гарах боломжтой байсан гэж бодож байна. Мөн миний хүүг хутгалсан Алтанбаяр гэх хүнд асар их гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 44 дүгээр хуудас/
2.8. Гэрч Г.Солонготуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад цайны цагийн дараа ойролцоогоор 13 цаг өнгөрч байхад Т.Баяржаргал гэх хүн миний өрөөнд орж ирсэн. Тэр хүн надад хэлэхдээ мэс заслын эмч Наранбаатар танд үзүүл гэж байна гэхээр нь тухайн хүнийг үзэхэд зүүн эгэмний дээд хэсэгт хутгалуулсан шархтай байсан. Би болохоор зөвхөн төвөнхнөөс дээш хэсэгт үзлэг хийх боломжтой байдаг учраас тухайн хүнийг дагуулаад Наранбаатар эмчийн өрөөнд дагуулж ороод хүзүүндээ шархтай юм байна би үзэх боломжгүй гэдгээ хэлсэн. Мөн Баяржаргал гэх хүнийг өрөөндөө үзчихээд тэр хүнд хүзүүнд маш олон тооны судас булчирхайнууд байдаг тийм учраас хүндрэхээс өмнө Улаанбаатар хот орж үзүүлээрэй гэдэг зөвлөгөө өгсөн. Түүний хажууд эхнэр нь байсан. Наранбаатар эмчийн өрөөнд орж бид 2 ярилцаад тэр хүнийг Улаанбаатар хот руу компьютер томографид харуулах шаардлагатай талаар ярилцаад тэр хүнд 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хот руу явуулахаар болсон. Тэр хүнд би ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Биеийн байдал нь харагдах байдлаасаа зовиуртай царай нь цонхигор байсан. Тэгээд үдээс хойш өрөөндөө байж байтал эхнэр Л.Энх-Амгалан нь орж ирээд Солонгоо эмчээ бид хэд хот явах гэж байна явахаасаа өмнө дусал хийлгүүлэх гэтэл хийж өгөхгүй байна. Та надад дусал хийлгүүлэх талаар бичиг хийж өгөх боломжтой юу гэхээр нь би тэр хүнд дусал хийж өг гээд бичиг хийж өгсөн. Тухайн бичгийг би 103-н сувилагчид хандаж бичиж өгсөн. 16 цаг өнгөрч байхад намайг гадаа явж байхад дуслаа хийлгэсэн одоо хот руу гарах гэж байна гээд Баяржаргалын эхнэр Л.Энх-Амгалан хэлж байсан. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх юм байхгүй. .. гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 47 дугаар хуудас/
2.9. Гэрч С.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын үед Т.Баяржаргал гэх хүнд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын кабенитийн боолтын өрөөнд түүний хүзүү болон шилбэнд зүсэгдсэн шарханд боолт хийсэн. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад нэг танихгүй залуу ганцаараа орж ирээд боолт хийлгэе гээд ороод ирсэн. Нэрийг нь асуухад өөрийгөө Баяржаргал гэж байсан. Тэгэхээр нь би хийсвэр хагалгаанд орсон 4 эх байна эдгээр хүмүүсийг боочихоод дараа нь боогоод өгье ард гэрт нь хүүхдүүд нь уйлаад байгаа байх гэж хэлэхэд би тэгвэл гадаа салхинд сууж байя дотор бөглөрөх гээд байна гараад явсан. Тэгээд би 4 эхийг боочихоод амбулторийн гаднах хаалгаар гартал үүдний довжоон дээр Баяржаргал сууж байхаар нь түүнийг дуудаад боолтоо хийлгэчих гэхэд орж ирж боолтоо хийлгэсэн. Боолтны өрөөнд боолт хийхдээ би нөгөө өрөөнд өвчтөнүүдэд үзлэг хийж байсан Наранбаатар эмчийг дуудаад Баяржаргалын шархыг үзүүлсэн. Тэгээд Наранбаатар эмч надаас зонд байна уу гэж асуухаар нь би ариун зонд гаргаж өгөхөд эмч Баяржаргалын шарх руу зонд хийж үзчихээд миний гаргасан шийдвэр зөв байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь та ямар шийдвэр гаргасан юм бэ гэхэд би энэ хүнийг 13А маягтаар Улаанбаатар хот руу явуулах гэж байгаа юм гэж хэлж байсан. Наранбаатар эмч зонд хийж үзчихээд өрөө рүүгээ орсон. Тэгээд би Баяржаргалд чи Улаанбаатар хот явах гэж байгаа юм бол боолтыг чинь зузаан боочлоо халдвараас сэргийлээд гэж түүнд хэлж байсан. Би Баяржаргалд чамайг хутгалуулсан орой мэс заслын эмч Эрдэнэбилэг бид 2, хүүхдийн шууны яс хугарсан гээд дуудагдаж ирэхэд 103-н сувилагч Нямдаваа Эрдэнэбилэг эмчид хандаад Оюунцэцэг эмч гүрээндээ хутгалуулсан хүнийг танд үзүүлээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд Эрдэнэбилэг эмч чамайг үзэх гээд Нямдаваа сувиалагч чамайг дуудах гээд гараад орж ирэхдээ яваад өгсөн юм шиг байна алга байна уг нь үүдэнд сууж байсан гэж хэлээд орж ирсэн гэж хэлэхэд Баяржаргал надад миний амьсгаа давхцаад бөглөрөх гээд би гадаа зогсож байсан гэсэн. Тэгээд чи бид нарыг хүлээн авахын машинаар бууж ирэхийг хараагүй юмуу гэхэд машин ирээд зогссон тэр машинаар та нар ирсэн юмуу, мэсийн эмчид үзүүлээгүй явсан нь миний буруу гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи тэгвэл маргааш ирээд үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд миний бие өвдөөд босож чадахгүй байсан гэж хэлж байсан. Тэгвэл 103 дуудаад үзүүлэхгүй яасан юм гэхэд тэр залуу дуугүй суугаад байсан. Намайг хүзүүний боолт хийж дуусахад би хөлөндөө бас шархтай гэхээр нь үзэхэд баруун хөлийн шилбэндээ 2 оёдолтой байсан шиг санагдаж байна. Тэгээд хөлөнд нь бас боолт хийж өгсөн. Наранбаатар эмч бол яалтгүй Баяржаргалыг боолтны өрөөнд байхад нь зонд хийж үзсэн. Наранбаатар эмч өөрөө тархины өвчтэй өмнө нь осолд орж байсан. Амархан мартаж санаад байдаг юм гэсэн мэдүүлэг. /2 дугаар 22-ийн 34-35 дугаар хуудас/
2.10. Гэрч У.Ариун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны орой нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр жижүүрийн эмчийн ажлыг авч жижүүрт гарсан. Ажил авахаар хүлээлцэж байхад хүлээн авахын орон дээр нэг хүн дусал хийлгээд хэвтэж байхаар нь сувилагчаас энэ юун хүн бэ гэхэд 13А маягттай хүн хот явах гээд дусал хийлгүүлж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би ажлаа хүлээж авч дуусаад байж байтал яаралтай олгойны хагалгаанд орох болоод орчоод гараад иртэл нөгөө хүлээн авахын өрөөнд дусал хийлгүүлж байсан хүний ар гэрийн хүн гээд настай ах нэг эмэгтэй 2 ирээд энэ хүнийг хот руу авч явах гэж байгаа юм машинаар тээвэрлэхэд болох уу үзээд өгөөч гэж гуйхаар нь хүсэлтийнх нь дагуу очиж үзэхэд тэр хүний дусал дуусчихсан байсан. Би тэр хүнээс өвдөж зовиурлаж байгаа зүйлийг нь асуухад миний ходоод өвдөөд байна бусдаар гайгүй гэж хэлсэн. Би тэр хүний амин үзүүлэлтүүдийг үзэхэд даралт судасны цохилт, зүрхний цохилтуудыг үзэхэд хэвийн байсан. Тэгэхээр нь би амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан болохоор энэ хүнийг тээвэрлэж болно гэж хэлээд 13А маягтыг нь үзэхэд Д.Наранбаатар эмчийн гарын үсэг зурагдсан байсан. Өөрөөр бол тэр хүнд ямар нэгэн дусал, эм тариа хийгээгүй. Манай эрүүл мэндийн газарт талийгаач Т.Баяржаргалын ар гэрээс гомдол гаргасан байсан бөгөөд уг гомдлыг эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од нэгдсэн эмнэлгийн чанарын албанд цохож хугацаатай бичиг өгсөн. Түүний дагуу нэгдсэн эмнэлгийн бичиг баримтанд шалгалт хийж холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж зөвлөх эмч нарын хурлаар оруулсан. Зөвлөх эмч нарт мэс заслын зөвлөх эмч Д.Эрдэнэбилэг, хүүхдийн зөвлөх эмч Ш.Оюунчимэг, дотрын зөвлөх эмч Д.Алдармаа, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа нарын бүрэлдхүүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагт аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны өрөөнд хуралдаж дараах шийдвэрт хүрч эрүүл мэндийн газарт хариу хүргүлсэн. Энэ хурлаар дүрс оношлогооны эмч А.Оюунцэцэгийг 2016 оын 06 дугаар сарын 20-ны орой өвчтөн Т.Баяржаргалд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн гэж дүгнэсэн. А.Оюунцэцэг эмч нь өвчтөнийг хүлээн авч шархны гүнд зондолж шалгасан шархын анхны цэгцлэлтийг хийсэн, цээж гэрэлд харсан, зөвлөгөөг сайн өгсөн гэдэг нь тогтоогдсон. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Наранбаатар эмч, Д.Батцэцэг сувилагч нар үзлэг хийж байсан бөгөөд Батцэцэг сувилагчтай уулзахад тэр өвчтөний шархыг нээж зондолж үзсэн гэж хэлж байсан. Тэгээд 13А маягтаа бичиж өгөөд хот руу явуулсан гэж байсан. Харин Наранбаатар эмчээс тухайн өвчтөнийг та үзсэн үү гэхэд санахгүй байна лээ. Ер нь Наранбаатар эмч юмаа их мартаж санадаг манай хамт олон түүнийг нь мэддэг, уурлаж уцаарласан үедээ биеэ барих чавдар муутай. Жил болгон Дорноговь аймгийн сэргээн засах эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэдэг хүн байгаа юм. Манай чанарын албаны хурлаа Д.Наранбаатар эмчийг бол өвчтөнд үзүүлэх тусламжаа үзүүлсэн байна. Эмч эмнэлгийн ажилтны харьцааны доголдол гаргасан байна гэж үзсэн. Мөн өвчтөн нь Наранбаатар эмчийг 13А маягт бичиж өгөхөд хот яваагүй намайг орой 17 цагт жижүүр авахад эмнэлэг дээр байж байсан. Өдөр 15 цагийн үед маягт бичиж өгсөн байсан шиг санагдаж байна. Баяржаргалын өвчнийг Говьсүмбэр аймгийн эмнэлэгт эмчлэх боломжгүй юм. Голын идээт үрэвсэл гэх өвчин оношлоход маш төвөгтэй заавал компьютер томографид харуулж байж оношлогддог гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/
2.11. Гэрч Л.Алтантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 50 минутанд Говьсүмбэр аймгаас Т.Баяржаргал гэх хүн 1 эмэгтэй хамт ирж үзүүлсэн. Ирэхдээ хүзүүндээ хүнд хутгалуулсан гэх шархтай, шарх нь эргэн тойрондоо улайж үрэвссэн, арьсан доороо эмзэглэл ихтэй байсан. Тэр хүнээс цээж хүзүү рентгенд харах, дотор эрхтэний эхо, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, элэг бөөрний ажиллагаа үзэх шинжилгээнүүдийг авсан. Өвчтөнд өвдөлт намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийж эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмчид үзүүлсэн. Мэс заслын эмч Алтандөш үзээд шаардлагатай эмчилгээ, эм тариа, шинжилгээг зөвлөөд БХХСАХНЭ-рүү явуулсан. Тухайн өвчтөнийг 04 цаг өнгөрч байхад явуулсан боловч өөрөө 09 цаг 20 минутын үед Т.Баяржаргалыг буцаагаад манай эмнэлэг рүү хөдөөний харьяалалтай хүнийг авахгүй гэж амаар хэлж буцаасан байсан. БХХСАХНЭ-нь өвчтөнд ямар ч бичиж тэмдэглэсэн зүйл огт байгаагүй. Улсын хэмжээнд мэсний болон хүйтэн зэвсгийн шархыг БХХСАХНЭ хариуцдаг. Манай эмнэлэг бол өвчтөнд зохих ёсны эмчилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Би маргааш өглөө 09 цагт жижүүрээ Болормаа эмчид хүлээлгэн өгсөн бөгөөд уг хуудаснаас харахад дахин давтан эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолйн эмчид үзүүлж төвөнхийг дурандуулах шинжилгээг хийж улсын 1 дүгээр төв эмнэлгийн чанар дотоод хяналтын албаны дарга Болормаатай зөвлөлдөж БХХСАХНЭ-т шилжүүлэхээр болж эмнэлгийн машинаар хүргэж өгсөн байна. Өвчтөн Баяржаргал нь анх ирэхдээ биеийн байдал хүндэвтэр ухаан санаа саруул боловч орчны харьцаа сул, зовиур ихтэй, даралт нь 135/104, зүрхний цохилт 1 минутанд 71 удаа, SPO2 96% тай, халуун нь 36.1, арьс цайвар цонхигор байсан. Өвчтөнд 13А маягт байсан үгүйг би сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41-43 дугаар хуудас/
2.12. Гэрч Б.Долгормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн хувиарьтай байсан. Тэр өдөр би эмнэлэг дээрээ Т.Баяржаргал гэх хүнд ямар нэг эмчилгээ эм тариа хийгээгүй. Тийм хүн ирлээ гэсэн дуудлага манай сувилагчаас ирээгүй. Манай сувилагчаар Должинсүрэн сувилагч ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/
2.13. Гэрч Т.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төвд 17 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл сувилагчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. Намайг тэр өдөр сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад Т.Баяржаргал гэх хүн орж ирж надаар тариа хийлгэсэн үгүйг би санахгүй байна. Тухайн үед тариа хийсэн ямар нэгэн тэмдэглэл хөтөлсөн, дуудлага хүлээн авсан тэмдэглэл хөтлөгдөөгүй байна. Би өөрөө дур мэдэн хүнд тариа хийхгүй. Надад тийм эрх байхгүй. Хэрэв эм тариагаа бариад эмнэлгийн бичигтэй хүнд бол тариа хийж өгдөг. Би бол тийм хүнд эм тариа хийж өгсөн гэдгээ сайн санахгүй байна. Манай эмнэлгээс тэр шөнө өвчтөн Т.Баяржаргалд эм тариа хийсэн гэсэн зарлагын тэмдэглэл хийгдээгүй байна гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 45-46 дугаар хуудас/
2.14. Гэрч Ш.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэн:
Баяржаргал гэж хүнийг эмчлэгч эмч нь Пүрэвдорж гэж эмч байсан бөгөөд одоо ажлаасаа гарсан. Би тасгийн эрхлэгчийн хувьд өвчтөний түүхэнд үндэслэн мэдээлэл өгье гээд Т.Баяржаргал нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 03 минутанд ирсэн. Хүзүүндээ хутгалуулсан шархтай ирээд эмнэлгийн тусламж авч, мэс заслын хагалганад орж хутгалсан шарх гүн, голтын эрхтэнрүү орж үрэвсүүлсэн ерөнхий биеийн хордлоготой эмийн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. Т.Баяржаргалыг 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан нь 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасаг, мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авахуулахаар явуулсан. Ер нь хөдөө орон нутагт хутгалагдсан хүнийг ГССҮТ хүлээн авч эмчлэх ёстой. Манай эмнэлэг нийслэлийн хэмжээний хутга мэсийн шархтай хүмүүсийг хүлээн авдаг. Т.Баяржаргал нь манай эмнэлэг дээр 2 дахь удаа ирсэн учраас ГССҮТ-рүү явуулаагүй өөрсдөө тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн мэдүүлэг. / 2 дугаар хх-ийн 55-57 дугаар хуудас/
2.15. Гэрч С.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Говьсүбмэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн сувилагчаар ажилдаг. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр намайг үүрэг гүйцэтгэж байхад Баяржаргал гэх хүн дуудлага дуудаагүй өөрөө эмнэлэг дээр ирсэн. Хоолойндоо гэмтэл авчлаа гайгүй болох байх гээд гэртээ байгаад байсан чинь цус гараад тогтдоггүй хүнд хутгалуулчихсан гэж ярьцгааж байсан. Нэг эрэгтэй нэг эмэгтэй дагуулаад 19 цагийн үед ирсэн шиг санаж байна. Тэгэхээр нь би жижүүр эмч А.Оюунцэцэгийг дуудаад үзүүлсэн. Тэгээд удалгүй Оюунцэцэг эмч над руу утасдаад мэс заслын эмч дуудаж энэ хүнийг үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь би мэс заслын эмч Эрдэнэбилэг ирчихсэн байна гэхэд заза тэгвэл энэ хүнийг та нар луу явууллаа гэж хэлсэн. Эрдэнэбилэг эмч мэсийн боолтны сувилагч 2 хүүхдийн гаранд шохой тавиад дуусахаар нь Баяржаргалыг дуудаад үзүүлэх гэхэд коридорт байхгүй байсан. Оюунцэцэг эмчээс асуухад наад руу чинь үзүүл гээд явуулсан гэсэн. Тэгээд Баяржаргал мэсийн эмчид үзүүлэлгүй өөрөө яваад өгсөн байсан. Баяржаргалыг үзүүлээд явсны дараа хэсэг хугацаа өнгөрөөд нэг эрэгтэй хүн залгаад саяны хүний бие нь эвгүйрхээд дотор нь муухайраад байна яах вэ гэж надаас асуухаар нь би яаралтай аваад ир хугацаа алдаж болохгүй гэж хэлсэн. Мөн тэр хүнээс та нар унаатай юу гэж асуухад унаатай гэж хэлэхээр нь авчруулсан юм. Тэр хүн дуудлага өгөөгүй надаас яах вэ гэж асуухаар нь аваад ир л гэж хэлсэн. Бусдаар дуудлага өгсөн бол дуудлагын дэвтэрт бүртгэж аваад эмч эмнэлгийн машиндаа хэлнэ. Тухайн үед эмч эмнэлгийн машин 2 гадуур дуудлагатай явж байсан гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 58-59 дүгээр хуудас/
2.16. Гэрч Ш.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад чих хамар хоолойн эмч Солонготуяагийн дусал хийж өг гэсэн бичигтэй Т.Баяржаргал гэх хүн ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орж ирсэн. Бичгийг нь үзэхэд цагаан цаасан дээр 09-ийн натри хлор, витамин б 2 граммыг судсаар хийж өг гэсэн бичиг байсан. Үүний дагуу би Баяржаргалын хүлээн авахын арын өрөөнд оруулж эмчийн зааснаар түүний зүүн гарын шууны судсаар дусал хийсэн. Намайг тэр хүнд дусал хйиж өгөхөд ойролцоогоор 16 цаг 40 минут болж байсан гэсэн мэдүүлэг. /2 дугаар 22-ийн 62 дугаар хуудас/
2.17. Гэрч Б.Цэцэгмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
13А маягт нь өвчтөн шилжүүлэхэд хийгддэг бичиг баримт юм. Анхан шатны эмнэлгээс 2 дугаар шатлалын эмнэлэг, 2 дугаар шатлалын эмнэлгээс 3 дугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөн шилжүүлж эмчлүүлэх, онош тодруулахад хийгддэг маягт юм. Манай эмнэлгээс Улаанбаатар хотын 1 дүгээр төв эмнэлэг рүү Т.Баяржаргал гэх хүнд 13А маягт бичиж өгч явуулсан. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш манай эмнэлгийн чих хамар хоолойн эмч Солонготуяа миний өрөөнд орж ирж хүзүүндээ хутгалуулсан шархтай хүн ирчээд байна. Наранбаатар эмч бид 2 үзээд Улаанбаатар хот руу 13А маягт бичиж өгч явуулахаар боллоо гээд надаас нэг ширхэг 13А маягт аваад явсан. Тэр 2 эмчийн яг хэн нь бичиж өгч явуулсныг би мэдэхгүй байна. Эмч нар ер нь өөрсдийн хариуцсан чиглэл чиглэлээрээ бичиж өгч явуулдаг. Т.Баяржаргалд бичиж өгсөн 13А маягтыг 13А маягт бичиж өгөөд бүртгэдэг өвчтөний бүртгэлд бүртгээгүй. Тэр бүртгэл одоо ч над дээр байдаг. Яагаад бүртгүүлээгүйг нь би мэдэхгүй байна. Уг нь маягт бичсэн эмч нь тухайн хүний ар гэрийнхээр болон өөрөөр нь над руу ирүүлж маягтыг бүргүүлдэг юм. Тухайн маягт нь над дээр эргэж ирээгүй учраас бүртгэлд авагдаагүй гэсэн мэдүүлэг. / 2 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/
2.18. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмч Л.Жаргалтогтохыг байцаасан тэмдэглэлд:
Намайг 2016 оны 06 дугаар сарын 20-нд талийгаач Т.Баяржаргалын биед үзлэг хийхэд баруун эгэмний өнгөц зүсэгдэл шарх байсан. Өөрөөр хэлбэл талийгаачийн биед иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэл байсан гэсэн үг юм. Энэ өнгөц гэмтэл нь талийгаачийг нас барахад эдгэрсэн байх боломжтой юм гэсэн мэдүүлэг. / 2 дугаар хх-ийн 110 дугаар хуудас/
2.19. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч эмч Ц.Ганболдыг байцаасан тэмдэглэлд:
….Энэ үед шархны эмчилгээ шаардлага байхгүй байсан. Харин зөвхөн мэс заслын эмчилгээ шаардлагатай байсан. Энэ нь хүндэрсэн тохиолдолд хавагнах, хий хурах үүснэ. Энэ нь 2-3 хоногт үүснэ. Үүнд шархыг янзлаад нэмэргүй. Энэ нь цаашид үүссэн үрэвслийн улмаас үүссэн. Урьдчилан хүндрэх, хүндрэхгүй гэдгийг тогтоох боломжгүй. 13А маягт бичиж илгээсэн нь эмчилгээ биш эмнэлгийн дараагийн шат руу илгээж тусламж үзүүлж байгаа юм. Анхны тусламж үзүүлсэн гэдэг нь дараагийн шат руу хүндэрсэн тохиолдолд яаралтай явуулах ёстой гэсэн мэдүүлэг. / 2 дугаар хх-ийн 114-115 дугаар хуудас/
2.20. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмч О.Сэргэлэнг байцаасан тэмдэглэлд:
Талийгаач Т.Баяржаргалыг анх хүлээн авч үзсэн эмч А.Оюунцэцэг шархны гүнийг үзээд гүн боловч нэвтэрсэн шарх нь цааш цээж рүү нэвтрээгүй гэж үзсэн. Мөн задлан шинжилгээгээр талийгаачийн хүзүүний 2.3-р фасциа нэвтэрсэн гэдэг нь харагддаг. Энэ нь гүн шарх гэдгийг зааж өгч байгаа юм. Анхны үзсэн эмч зонд хийж үзээд фасциаг мэдэх ямар ч боломжгүй, 2 ба түүнээс дээш см нэвтэрсэн тохиолдолд гүн шарх гэж үздэг. Гэхдээ хүн хүний онцлог тарган туранхайгаас хамаараад гүн шарх гэдэг нь харилцан адилгүй ойлголт юм. Талийгаачийн биед учирсан шарх нь гүнзгий шарх байсан нь задлан шинжилгээгээр харагддаг. Шархны онцлог нь агааргүйжсэн нянгаар бохирлогдсон. Яагаад гэвэл бохир хутгаар хутгалагдаж бохирлогдон агааржгүйжсэн, яагаад агааргүйжсэн нянгаар бохирлогдсон гэхээр уг шархнаас саарал өнгийн шингэн мөн арьсан дор нь хий тэмтрэгдэж байсан. Хоруу чанар яагаад өндөр байна гээд байна гэхээр агааргүйжсэн нянгаар бохирлогдсон байсан. Энэ нь 2-3 хоногийн дотор цусанд халдвар орж хүнийг үхэлд хүргэдэг. Хоруу чанар гэдэг нь нянгийн хор илүү их ялгаруулахыг хэлдэг. Агааргүйжсэн нянгаар бохирлогдсон бол дээд зэргийн хоруу чанартай байдаг. Эхний эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл тогтоогдсон. Шарх нь хөндийт эрхтэн рүү нэвтрээгүй учир хөнгөн зэргийн шарх гэж үзнэ. Гэхдээ хутгалуулах үед халдварлагдсан учир энэ шарх нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Үжил гэж цусан халдварыг хэлнэ. Гэмтлээс үжил амь тэнссэн байдалд орохгүй байх боломжгүй. Фасциа гэдэг нь хүзүүг тойрсон 5 давхар хальсыг хэлнэ. Идээт үрэвсэл нь хоруу чанартай нянгаар үүсгэгдсэн тохиолдолд 48-72 цагийн дотор халдвар цусанд ордог. Мэс заслын эмчид үзүүлэлгүй өөрсдөө дур мэдэн явсан нь цаг алдах шалтгаан болсон гэсэн мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 165-169 дүгээр хуудас/
2.21. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1163 дугаар дүгнэлтэнд: ...
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүү, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байна.
2. Дээрх хүзүү болон баруун шилбэний хатгагдаж зүсэгдсэн гүн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.
5. Талийгаач нь хүзүүний зүүн тал арьс булчин, зөөлөн эдийг гэмтээж нэвчдэст үрэвсэл үүсгэсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шархны улмаас голтын эрхтэнүүдийн хурц идээт үхжилт үрэвсэл бүхий хүндрэлээр нас баржээ.
6. Хүзүүний зүүн талын арьс булчин зөөлөн эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шархыг хүндрэл үүсгэхгүйгээр оношлох эмчлэх боломжтой, амь нас аврагдах боломжтой гэмтэл юм. Дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт, /1-р х.х-ийн 83-88 дугаар хуудас/
2.22. Шинжээчийн 2016 оны 06 дүгээр сарын 28-ны өдрийн 007/068 дугаар дүгнэлтэнд:
1. Хутга болон заазуурны гадаргуугаас хүний гарын мөр илэрсэн. /4 ширхэг/
2. Илэрсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд тэнцэхгүй учир асуултанд хариулах боломжгүй. ГСА-н ШША-ны криминалистикийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /1-р х.х-ийн 94-98 дугаар хуудас/
2.23. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 219 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Алтанбаярын биед баруун тохойд зулгарал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч ахлах дэслэгч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 105 дүгээр хуудас/
2.24. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 749 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Алтанбаяр нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчтэй гэсэн баримт алга байна.
2. Б.Алтанбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Б.Алтанбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна.
4. Б.Алтанбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй их эмч/, С.Байгальмаа / сэтгэцийн их эмч/, С.Мөнхтуяа / тэргүүлэх зэрэгтэй их эмч/ гэсэн дүгнэлт, /1-р х.х-ийн 109-110 дугаар хуудас/
2.25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ¹1082 дугаартай “ Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ”-нд:
1.2.7. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны орой гүйцэтгэж байсан эмч А.Оюунцэцэг нь талийгаач Т.Баяржаргалын биед учирсан гэмтлийг зөв оношилж, талийгаач Т.Баяржаргалд учирсан гэмтэл, шарханд хийх ёстой эмчилгээг бүрэн зөв хийсэн байна.
3.7. Хэргийн материалд авагдсан мэдүүлэгт Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Наранбаатар нь талийгаач Т.Баяржаргалыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үзэж 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хотруу явахыг зөвлөсөн гэсэн байна. Үүнээс үзэхэд эмч Д.Наранбаатар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
4.5.6. Талийгаач Т.Баяржаргалын хүзүүний зүүн тал, арьс булчин зөөлөн эдийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх нь идээлж буглан хүндэрч голтын эрхтэнүүд идээлээгүй бол амь нас аврагдах боломжтой байсан ба уг хүндрэл нь хэдий хугацаанд үүсэх, хүндрэхийг нарийвчлан тогттох боломжгүй. Талийгаачийн хүзүүний зүүн тал арьс булчин, зөөлөн эдийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл богино хугацаанд идээлж хүндрэн нас барсан байх тул эмч, эмнэлгийн үйл ажиллагаанаас болж талийгаачид хүндрэл үүсэн нас барсан гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр, Б.Долгормаа, Б.Энхжин гэжээ. /1-р хх-ийн 114-117 дугаар хуудас/
2.26. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт ¹218 үндэслэлтэй байна.
2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹1163 үндэслэлтэй байна.
3. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээ ¹1082 үндэслэлтэй байна.
4. Талийгаач Т.Баяржаргалын биед хүзүүнд, баруун өвдөгний доод хэсэгт зүсэгдсэн шарх, баруун эгмийн орчмын өнгөж зүсэгдэлт гэмтэл учирчээ.
5. Дээрх шархнууд ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
6. Хүзүүний урд доод хэсгийн голт руу нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.3.8-д зааснаар Үжилийн байдалд орох, цусан үжил, хэвлийн болон цээжний гялтангийн идээт үрэвсэл, идээт нэвчдэсийн улмаас амь тэнссэн байдалд орсон тул гэмтлийн хүнд зэрэг болно. Баруун өвдөгний доод хэсэг ба баруун эгмийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Эмч А.Оюунцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 20-нд Т.Баяржаргалын хүзүүний урд доод хэсгийн шарханд үзлэг хийж, мэс заслын анхдагч цэгцэлгээ хийж оёо тавих, цээж гэрэлд харах зэрэг оношилгоо эмчилгээ хийж тухайн үедээ зөв оношилсон байна. Голтын нэвтэрсэн шарх нь гэмтсэн даруйдаа хүндрэл үүсгэдэггүй, заримдаа 2-3 хоногийн дараагаар идээт үрэвслээр хүндэрч оношлогддог. Иймд тухайн үед голтын идээт хүндрэл үүсээгүй байсан тул оношлох боломжгүй байжээ.
8. Мэс залын эмч Д.Наранбаатар голтын идээт хүндрэлээр хүндэрч буй хүзүүний шархыг дараагийн 3-р шатлалын эмнэлэгт илгээсэн нь зөв байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт голтын эрхтэнүүдийн гэмтэл өвчинг оношлох эмчлэх боломж багатай. Цээжний хөндийн мэс заслын эмч нар хийх хагалгаа байжээ.
9. БХХСАХНЭ-т онош, эмчилгээг хугацаанд зохих ёсоор хийжээ.
10.11. Талийгаач нь хүзүүний урд доод хэсгийн шарх нь голт ба цээжний хөндийн идээт үрэвслээр хүндэрсэн үед эмнэлэгт хандсан учир амь нас аврах боломжгүй байжээ. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Ганболд /ахлах зэргийн шинжээч эмч/
Шинжээч эмч Д.Мөнхбат, шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ.
2.27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 435 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Хүзүүний хутгалуулсан шарх нь гүн боловч цээжний хөндийрүү нэвтрээгүй, хүзүүний том судас, мэдрэл гэмтээгээгүй ба тухайн үед идээт хүндрэл үүсээгүй байна.
2. ШШҮХ-н шинжээч эмч Ө.Сарангэрлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 1163 тоот дүгнэлтийн 1-5 дугаар хариулттай санал нэг байна. Шархны гүн, үүсгэгдсэн нянгийн онцлог, хоруу чанар зэргээс хамааран шарх нь хүндэрч идээт үрэвсэл, үжлээр хүндрэн нас барах эрсдэлтэй байдаг тул 6-р хариулттай санал нийлэхгүй байна.
3. ШШҮХ-ийн шинжээч М.Энхбаяр, Б.Долгормаа, Б.Энхжин нарын гаргасан 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1082 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
4. ШШҮХ-ийн эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Д.Мөнхбат нарын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 204-ний өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Талийгаачийн биед хүзүүний зүүн урд доод хэсэг, баруун шилбэний урд дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун эгэмний дээд хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.
6. Хүзүүний зүүн урд доод хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үжлийн байдалд орсон нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэний урд дээд хэсэг ба баруун эгэмний дээд хэсгийн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч А.Оюунцэцэг нь 2016 ооны 06 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Т.Баяржаргалын биед үзлэг хийж шархыг зондолж шалган анхдагч цэгцэлгээг хийж, цээж рентгенд харж, цаашид мэс заслын эмчид үзүүлэх, КТГ-д харуулах зөвөлгөө өгсөн байна. Тухайн үед идээт хүндрэл үүсээгүй байсан байх ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна.
8. Хүзүүний болон голын идээт үрэвсэл нь цээжний хөндийн нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн хяналт болон эмчилгээ шаардсан гэмтлийн шалтгаанд эмгэг тул шатлал ахиулан эмчилгээг хийх шаардлагатай байсан тул мэс заслын эмч Наранбаатар хохирогчийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээ авсан нь зөв байна. Хүзүүний 3-4 дүгээр фасциа гэмтсэн тохиолдолд голтын үрэвсэл үүсдэг ба үүнийг компьютер томографийн шинжилгээгээр оношлох боломжтой. Хэрэв өнгөц байрласан шарх, идээт үрэвсэлтэй байсан тохиолдолд шархыг анхдагчаар болон хоёрдогчоор цэгцлэлт хийх асуудлыг 2-р шатлалын буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт шийдэж болно. Харин гүн байрлалтай гэмтлийн шалтгаант голтын идээт үрэвслийг тухайн шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бөгөөд Т.Баяржаргал нь хутгалуулснаас хойш 2 хоногийн дараа Д.Наранбаатар эмчид үзүүлжээ. 13А маягт нь өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгрүү шилжүүлэх эмнэлгийн тодорхойлолт ба эмчилгээ биш юм. Эмч 13А маягт өгсөн өвчтөн бүрийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх боломжгүй, харин биеийн байдал маш хүнд, ухаангүй, амьсгалын аппаратын дэмжлэгтэй өвчтөн болон зам зуур нэмэлт ажилбар зайлшгүй шаардлагатай тохиолдолд л эмч эмнэлгийн ажилтны хяналтан дор өвчтөнийг хүргэдэг
9. 10.11.Т.Баяржаргалд тухайн шатлалын эмнэлэгт хийгдвэл зохих оношлогоо, эмчилгээг хийсэн байна. Талийгаачийн үхэлд гэмтлийн ноцтой хүндрэл нөлөөлсөн ба хүзүүнд хутгалагдах үед шарх агааргүйтэн нянгийн халдвараар халдварлагдсаны улмаас голтын идээт үрэвсэл үүсч үхэлд хүргэжээ. Талийгаач 2016.06.20-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд эмч, мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөсөн боловч тухайн үед үзүүлэлгүй харин хүндрэл үүссэний дараа буюу 2016.06.22-ны өдөр эмнэлэгт хандах үед цаг хугацаа алдсан байжээ. Дүгнэлт гаргасан Б.Ундармаа /клиникийн профессор, АУ-ны магистр, тэргүүлэх зэрэгтэй шинжээч эмч/, Г.Энхбаатар /ахлах зэрэгтэй шинцээч эмч/, О.Сэргэлэн / ЭМЯ-ны мэс заслын салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АШУ-ны доктор профессор, МУ-ын хүний гавьяат эмч/, Ү.Санчин / УХТЭ-н мэс заслын эмч, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч/, Б.Батсайхан / АШУҮИС-ын мэс заслын тэнхимийн багш, АУ-ны доктор/ гэсэн дүгнэлт.
2.28. Хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 123 дугаар хуудас/
2.29. Амбултороор эмчлүүлэгсдийн картны хуулбар /1-р хх-ийн 121-122, 124-166 дгаар хуудас/
Гурав. Шүүхийн хэлэлцүүллэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:
3.1. Гэрч Н.Нямханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Алтанбаяр нь миний дээд талын ах байгаа юм. Алтанбаяр нь Баян-Адрага суманд 1982 онд төрсөн айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Би 6 настай байхдаа ээж Нэргүй дагаж Чойрт ирсэн, харин Алтанбаяр Хэнтий аймагт аав дээрээ үлдсэн. Бид 2 багаасаа хөндий өссөн. Ноднин намар өршөөлийн хуулинд хамрагдаад шоронгоос гараад манайд хэд хоног амьдарсан. Алтанбаяр нь яриа хөөрөө сайтай, хүн чанар сайтай тийм л хүн. Уг нь Хэнтий аймагт эхнэр хүүхэд аваад амьдарч байсан. юм... гэсэн мэдүүлэг /1-р х.х.-ийн 45 дугаар хуудас/
3.2. Гэрч Н.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:
...Би 5 хүүхэдтэй Алтанбаяр яг дундах хүүхэд минь байгаа юм. 1982 онд Баян-Адрага суманд төрсөн. Баян-Адрага сумын сургуульд сурч байгаад 2 билүү 3 дугаар ангиасаа хөдөө гарч мал малласан. Аав Бүүвэй нь Алтанбаярыг төрдөг жил хүн амьны хэргээр шоронд ороод 1992 онд гарч ирээд 2 хүүгээ авна гээд Алтанбаярыг ахтай нь авсан. Би өөр хүнтэй суугаад 1990 оны эхээр Чойрт ирсэн. ... гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 46 дугаар хуудас/
3.3. Гэрч Д.Бүүвэй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би Алтанбаярын төрсөн аав нь байгаа юм. Түүнийг бага байхад нь буюу 7-8 настай байхад нь би ээжээс нь салж тусдаа амьдрах болсон. 1992 онд намайг шоронгоос суллагдахад миний 2 хүү болох Алтанхуяг, Алтанбаяр нар над дээр ирж амьдарсан. Би хүүгээ дэргэдээ авч хөдөө мал маллаж амьдардаг байсан юм. Алтанбаяр нь 1-2 дугаар ангид сураад сургуулиас гарсан. Над дээр ирээд сургуульд сураагүй. Алтанбаяр хөдөө мал маллаж байгаад 2000 онд малын хулгайн хэрэгт холбогдож 1 жил 6 сарын хорих ял авсан. 2001 онд суллагдаад 2003 онд анхны эхнэр Будсүрэнтэй танилцаж 2004 онд охинтой, 2005 онд хүүтэй болсон. 2005 оны малын хулгайн хэргээр 6 сарын баривчлах ял авч 2006 оны 03 дугаар сард суллагдасан. Шоронгоос гарч ирээд аймгийн төвд байхдаа дахиад 1 хүүтэй болсон. 2011 онд Хэнтий аймгийн төвд танхайн гэмт хэрэгт холбогдож Хэнтий аймгийн шүүхээр 6 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлж Чойрын хорих ангид очсон. Ноднин намар өршөөлийн хуулиар суллагдсан гэж сонссон. Суллагдаад над дээр очоогүй. Чойрт ээж дээрээ байж байгаад ийм хэрэгт холбогдсон байсан. Алтанбаяр бид 2 сүүлийн 5 жил уулзаагүй байж байгаад 2016 оны 06 дугаар сард манайд очсон. Очихдоо Алтаннамар гэдэг бүсгүй дагуулж очсон бөгөөд энэ хүнтэй сууж байгаа гэж хэлж байсан. Манайд очоод 4 хоноод буцсан юм. Зан чанарын хувьд хөнгөн зантай, хүний үгээр эелдэг, хүнтэй эвсэг харьцдаг ажил төрөлд бол маш сайн ямар ч ажил даалгасан хийгээд өгдөг. Архи ууснаас болж миний хүү ийм хэрэгт холбогдлоо гэж бодож байна... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49-р хуудас/
3.4. Гэрч Х.Будсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би Б.Алтанбаяр гэдэг хүнийг 2003 оноос хойш танина. Миний хуучин нөхөр байгаа юм. Би Алтанбаяртай 2003 онд Хэнтий аймгийн Бэрх суманд танилцаад 9 жил хамт амьдарсан албан ёсны гэр бүлийн хүн нь байна. Алтанбаяр нь эрүүл ч бай согтуу ч бай догшин авиртай, огцом ууртай хүн. Бид 2 салаад 5-6 жил болж байна. Салаад удсан учир одоо зан аашийг нь мэдэхгүй байна. Намайг зодож шоронд орж байсан. Архи ууж тамхи татдаг, архи уухаараа гэртээ хүн байвал агсан тавьдаг хүн байгаа юм... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 50-51 дүгээр хуудас/
3.5. Гэрч Б.Буриад мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би Б.Алтанбаярыг танина. 1995 оны Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид манай ангид элсэн орсон юм. Би тэр сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан. Алтанбаяр нь 1-3 дугаар ангид суралцаж байхдаа хичээлдээ сайн, дуу дуулах авьяастай, бага зэрэг хөдөлгөөнтэй хүмүүжил сайтай, сахилга бат тааруухан хүүхэд байсан. Харин анги даасан багшийн үгэнд сайн ордог хүүхэд байсан. Алтанбаярын аав Бүүвэй, ээж Ариунсайхан нар Баян-Адрага сумын 3 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг байсан. Намайг өөр ажилд томилогдсоноос хойш нилээн хэдэн жилийн дараа Алтанбаярын аав Бүүвэй хүн амьны хэргээр олон жил ял шийтгэгдсэн. Тэр хугацаанд Алтанбаяр нь ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Би Алтанбаярыг хэддүгээр анги төгсөөд гарсныг сайн мэдэхгүй байна. Манай ангид Алтанбаярыг суралцаж байхад нь гэр бүлийн анхаарал халамж тааруухан байдаг байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 53 дугаар хуудас/
3.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 178-180 дугаар хуудас/
3.7. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 194-198-р хуудас/
3.8. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 183-р хуудас/
3.9. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 185-187-р хуудас/
3.10. Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 188-189-р хуудас/
3.11. Хохирогч Л.Энх-Амгалангаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, Т.Баяржаргалын Аз-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 208-227 дугаар хуудас/
3.12. Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамж. /2 дугаар хх-ийн 75-77 дугаар хуудас/
3.13. Баян сумын эрүүл мэндийн төвийн рапорт /2 дугаар хх-ийн 47-53 дугаар хуудас/
3.14. Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасагт боолт хийлгэсэн тухай тэмдэглэлийн хуулбар, /2 дугаар хх-ийн 83-86 дугаар хуудас/
Иймд шүүгдэгч Б.Алтанбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Алтанбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 2-5 тоот хашаанд иргэн Т.Баяржаргалтай маргалдан “Хамар луу мөргөлөө, цамцны захаар хоолойг боолоо” гэх шалтгаанаар түүний баруун эгэмний дээд хэсэгт зүсэж, хүзүү рүү нь нэг удаа, баруун хөлний шилбэ хэсэг газарт нэг удаа тус тус хутгалж улмаар талийгаач Т.Баяржаргал нь хүзүүний зүүн урд доод хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас үжлийн байдалд орсон нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд уг гэмтлийн улмаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр амь нас хохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Алтанбаяр нь талийгаач Т.Баяржаргалын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн бөгөөд уг учруулсан гэмтэл хүндрэсний улмаас 3 хоногийн дараа Т.Баяржаргал нь нас барсан нь энэ гэмт хэргийн шууд шалтгаант холбоотой байх тул Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Алтанбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь шүүх хуралдаанд “...эмч нарын бүруутай үйлдэл байсан, гэрчээр байцаалт өгсөн эмч нар хүртэл эмч нарыгаа хамгаалсан байдлаар байцаалт өгсөн. Эмч нарын буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүх бүрэлдхүүн анхаарч үзээрэй...” гэсэн хүсэлт гаргасан боловч шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 435 дугаар дүгнэлтийн 7. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч А.Оюунцэцэг нь 2016 ооны 06 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Т.Баяржаргалын биед үзлэг хийж шархыг зондолж шалган анхдагч цэгцэлгээг хийж, цээж рентгенд харж, цаашид мэс заслын эмчид үзүүлэх, КТГ-д харуулах зөвлөгөө өгсөн байна. Тухайн үед идээт хүндрэл үүсээгүй байсан байх ба эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. 8. Хүзүүний болон голын идээт үрэвсэл нь цээжний хөндийн нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн хяналт болон эмчилгээ шаардсан гэмтлийн шалтгаанд эмгэг тул шатлал ахиулан эмчилгээг хийх шаардлагатай байсан тул мэс заслын эмч Наранбаатар хохирогчийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээ авсан нь зөв байна. Хүзүүний 3-4 дүгээр фасциа гэмтсэн тохиолдолд голтын үрэвсэл үүсдэг ба үүнийг компьютер томографийн шинжилгээгээр оношлох боломжтой. Хэрэв өнгөц байралсан шарх, идээт үрэдвсэлтэй байсан тохиолдолд шархыг анхдагчаар болон хоёрдогчоор цэгцлэлт хийх асуудлыг 2-р шатлалын буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт шийдэж болно. Харин гүн байрлалтай гэмтлийн шалтгаант голтын идээт үрэвслийг тухайн шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бөгөөд Т.Баяржаргал нь хутгалуулснаас хойш 2 хоногийн дараа Д.Наранбаатар эмчид үзүүлжээ. 13А маягт нь өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгрүү шилжүүлэх эмнэлгийн тодорхойлолт ба эмчилгээ биш юм. Эмч 13А маягт өгсөн өвчтөн бүрийг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх боломжгүй, харин биеийн байдал маш хүнд, ухаангүй, амьсгалын аппаратын дэмжлэгтэй өвчтөн болон зам зуур нэмэлт ажилбар зайлшгүй шаардлагатай тохиолдолд л эмч эмнэлгийн ажилтны хяналтан дор өвчтөнийг хүргэдэг. 9. 10.11.Т.Баяржаргалд тухайн шатлалын эмнэлэгт хийгдвэл зохих оношлогоо, эмчилгээг хийсэн байна. Талийгаачийн үхэлд гэмтлийн ноцтой хүндрэл нөлөөлсөн ба хүзүүнд хутгалагдах үед шарх агааргүйтэн нянгийн халдвараар халдварлагдсаны улмаас голтын идээт үрэвсэл үүсч үхэлд хүргэжээ” гэх заалтуудаар үгүйсгэгдэж байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч Б.Алтанбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч уг саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 435 дугаар дүгнэлт болон тус дүгнэлтийн бүрэлдэхүүнд орсон шинжээч О.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтанд дүгнэлтээ тайлбарлаж өгсөн “...Талийгаачийн биед учирсан шарх нь гүнзгий шарх байсан нь задлан шинжилгээгээр харагддаг. Шархны онцлог нь агааргүйжсэн нянгаар бохирлогдсон. Яагаад гэвэл бохир хутгаар хутгалагдаж бохирлогдон агааржгүйжсэн, яагаад агааргүйжсэн нянгаар бохирлогдсон гэхээр уг шархнаас саарал өнгийн шингэн мөн арьсан дор нь хий тэмтрэгдэж байсан. Хоруу чанар яагаад өндөр байна гээд байна гэхээр агааргүйжсэн нянгаар бохирлогдсон байсан. Энэ нь 2-3 хоногийн дотор цусанд халдвар орж хүнийг үхэлд хүргэдэг. Хоруу чанар гэдэг нь нянгийн хор илүү их ялгаруулахыг хэлдэг. Агааргүйжсэн нянгаар бохирлогдсон бол дээд зэргийн хоруу чанартай байдаг. Хутгалуулах үед халдварлагдсан учир энэ шарх нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Үжил гэж цусан халдварыг хэлнэ. Гэмтлээс үжил амь тэнссэн байдалд орохгүй байх боломжгүй. Идээт үрэвсэл нь хоруу чанартай нянгаар үүсгэгдсэн тохиолдолд 48-72 цагийн дотор халдвар цусанд ордог гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Б.Алтанбаяр нь 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2015 оны 11 сарын 05-ны өдөр 77 дугаартай Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг өршөөн хасч суллагдаж байсан бөгөөд ялтай байдал дуусаагүй байхдаа буюу хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Алтанбаярыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхэд иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Алтанбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 360 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Л.Энх-Амгалан оршуулгын зардалд нийт 7 989 800 /долоон сая есөн зуун наян есөн мянга найман зуун/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Алтанбаяр 200 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 7 789 800 /долоон сая долоон зуун наян есөн мянга найман зуун/ төгрөг нэхэмжилсэн 1-р хавтаст хэргийн 209-226-р хуудсанд авагдсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байна гэж үзэн дээрх хохирлыг шүүгдэгч Б.Алтанбаяраас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Алтанбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хүрэн өнгийн иштэй 24.5 см урттай/ ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11.5 см урттай, ажлын хэсэгт NO AO7 Patient No 201030136885.0 гэсэн бичигтэй/ хутга 1 ширхэг, бариул хэсгийг даавуугаар ороосон заазуур 1 ширхэг, бариулгүй ногоо хэрчигч 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Бүүвэйн Алтанбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Алтанбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь зааснаар шүүгдэгч Б.Алтанбаярт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанбаярын цагдан хоригдсон 360 /гурван зуун жаран/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Алтанбаяраас 7 789 800 /долоон сая долоон зуун наян есөн мянга найман зуун/ төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн ТБ-ын 16 тоотод оршин суух Лхагвасүхийн Энх-Амгаланд /ЗВ84071100/-т олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 24.5 см урттай/ ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11.5 см урттай, ажлын хэсэгт NO AO7 Patient No 201030136885.0 гэсэн бичигтэй/ хутга 1 ширхэг, бариул хэсгийг даавуугаар ороосон заазуур 1 ширхэг, бариулгүй ногоо хэрчигч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинд төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Алтанбаярын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Алтанбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 425 дугаар ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧ Б.БАТТУЛГА
Д.АДЬЯАСҮРЭН