Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/60

 

 

Я.Баяраад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                 

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                    Б.Энхтулга

                                      Шүүгдэгч                                         Я.Баяраа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              А.Отгонбаяр

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн  гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ядамын Баяраад холбогдох эрүүгийн 2031000690113  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот “Налайх’ дүүрэгт төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө” сумын “Бугант” тосгоны “Эрүүл мэндийн төв”-д дархлаажуулалтын сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 3 дугаар баг, 3 дугаар байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ядамын Баяраа, РД:/ТМ63071003/

       Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Баяраа нь Эрүүл мэндийн төвийн Нийгмийн дархлаажуулалтын сувилагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******н /9 сартай/ биед улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны /УГУ/ вакцин тарих үедээ Эрүүл мэндийн сайдын “Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай” 263 дугаар тушаалд заасан зааврыг, мөн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор
биелүүлээгүйгээс ******* нь нас барсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Я.Баяраад холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт Ядамын Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баяраагийн сувилагчаар ажиллах эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг Я.Баяраад анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Баяраад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн эрх хасах ялын хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Я.Баяраагийн зүгээс оршуулгын зардалд 6,700,000 /зургаан сая долоон зуун мянга/-н төгрөг хохирогч Х.Ариун-Ундраад нөхөн төлснийг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Баяраагаас оршуулгын зардалд 8,300,000 /найман сая гурван зуун мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Х.Ариун-Ундраад олгосугай.

6. Шүүгдэгч Я.Баяраа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Я.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Я. Баяраа би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Я.Баяраа миний бие анхнаасаа холбогдсон гэмт хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээсэн бөгөөд оногдуулсан ялын тухайд ямар нэгэн гомдол гаргахгүй. Харин хохирол төлбөрийн тухайд гомдолтой байна. Энэ хэргийн хохирогч талаас мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргахгүй, шаардсаар байхад нотлох баримтыг гаргаж өгөхгүй байж байгаад “9.000.000 төгрөгний хохирол нэхэмжилнэ, нотлох баримтыг шүүхийн шатанд гаргаж өгнө”  гээд анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн нь талуудыг уг нотлох баримтуудтай танилцах, үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хурал дээр 9.000.000 /есөн сая/ төгрөгний хохирлыг нотлох баримттай гээд цаана нь нотлох баримтгүй 800.000 төгрөгний зардал байгааг дурьдаж баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Гэм буруугийн хэлэлцүүлгийн хурал дээр шүүхээс хохирол төлбөрийг тогтоохдоо хэтэрхий нэг талыг барьж хохирогчийн нотлох баримттай гэх 9.000.000 сая төгрөгний болон бусад нотлох баримтуудад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийж хохирлыг тогтоож өгөөгүйд гомдолтой байна.

            Мөн шүүхээс нотлох баримттай гэх 9.000.000 төгрөг дээр нэмж 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийг ямар ч нотлох баримтгүй байхад шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Учир нь МУ-ын ЭХХШТХуулийн 36.1-ийн 5.4-т заасныг, мөн хуулийн 36.3-р зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хохирол төлөхөө илэрхийлсэн баримт, гэрээнд гарын үсэг зурсан тухайд гэвэл шүүх хуралдааны завсарлагаар хохирогч талаас “ 20.000.000 сая төгрөг өг, Хүний амийг мөнгөөр хэмжиж болдоггүй, хэдийг ч нэхэмжилж болох юм байна. бидэнд ийм эрх байгаа юм байна” гэж загнаад байсан. Тэгээд 15 сая төгрөг нэхэмжилэхээр шийдлээ гээд гарын үсгээ зур гээд зуруулсан. Тухайн үед би их айж цочролд орж даралт огцом өсч эрүүл мэндэд өөрчлөлт орж хэл ам эвлэхгүй, үг ч гарахгүй шахам болж бусдын ярьж байгааг ч бүрэн дүүрэн ойлгохгүй байсан. Сүүлд бодоход шүүхээс нотлох баримттай хохирол төлбөрт нэхэмжилсэн мөнгөнөөс төлөгдсөн мөнгийг хасаад хэд үлдэх түүнийг нь хэдийд, хэрхэн төлөх талаар тохиролцох хугацаа өгсөн юм байна лээ. Гэтэл хохирогч тал мөн ойлгоогүйгээс ийм байдал үүссэн гэж үзэж байна.

            Миний тухайд шүүхээс мэргэжлийн үйл ажиллагаа явуулах /сувилагчаар ажиллах эрх/ эрхийг маань 1жил 06 сараар хассан, цаашид тэтгэврийн цөөн хэдэн төгрөгөөр амьдрах бөгөөд тэтгэврийн зээлтэй, эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байгаа учраас уг нэхэмжлэлд заасан бодит нотолгоо, баримттай зардлыг нь төлнө гэдгээ илэрхийлж байсан, одоо ч илэрхийлж байна. Анхан шатны шүүх хурал дээр ч шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирол төлбөрөө төлнө. Одоогоор 6.700.000 төгрөг төлсөн байгаа гэдгээ илэрхийлж хэлж байсан.

            Одоо давж заалдах шатны шүүхэд хандан хүсэхэд энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөр дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч төлөх төлбөрийг маань багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 30-ны өдрийн ШЦТ/2020/161 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэл болон хохиролтой холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр зөвхөн хохирогчийн шүүх хуралдаан дээр баримтгүйгээр нэмсэн 8.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгчид хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх хуульд заасан боломж олгоогүй шууд хурал завсарлаад шүүгдэгч хохирогч хоёрыг эвлэр гэж тулган шийдвэрлэж шүүгдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хохирол тооцон гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна. Иргэний хохирлын хуувьд шүүгдэгч хохирогч нар харилцан тохирч гэрээ байгуулсан байх ба гэрээг үндэслэн шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Я.Баяраад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний сувилагчаар ажиллах эрхийг 1 жил, 06 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж  шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу Я.Баяраад холбогдох эрүүгийн 2031000690113 дугаартай хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Я.Баяраа нь Эрүүл мэндийн төвийн Нийгмийн дархлаажуулалтын сувилагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *******н /9 сартай/ биед улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны /УГУ/ вакцин тарих үедээ Эрүүл мэндийн сайдын “Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай” 263 дугаар тушаалд заасан зааврыг, мөн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалд заасан зааврыг зөрчин арьсан дор тарих заавартай вакциныг булчинд хийсний улмаас буглаа үүсэж улмаар ******* нь нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Баяраад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний сувилагчаар ажиллах эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсжээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно.” гэсэн зохицуулалтын нэг гол шалгуур нь   нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг.

Гэтэл тус хэргийн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх талаар маргаантай өөрөөр хэлбэл хохирогчийн гэм хорын хохирол нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг нотлох баримтгүй түүнчлэн талуудын хооронд байгуулсан хохирол төлөх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж маргаж улмаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь хохирол төлөх талаар маргаантай байхад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Я.Баяраад хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН