| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00398/И |
| Дугаар | 104/ШШ2021/00372 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2021/00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овогт гийн /РД:/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ц.*******,
хариуцагч Э.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.тай 2012 онд танилцаж, хамтран амьдарч, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү А. төрсөн. Бид 2014 онд ипотекийн зээлээр 2 өрөө орон сууц худалдаж авч байсан. Э. нь 2018 оноос эхлэн архи ууж, гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Тэгээд хоорондоо таарч тохирохоо болиод 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарсан. Э. нь хүүхдэдээ огт анхаарал халамж тавьдаггүй, хүү маань өөрөө л аав руугаа байнга залгадаг. Хүүгээ залгахад Э. утсаа ч авдаггүй. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй. Хуульд заасан хүүхдийн тэтгэлгийг гаргуулна. Тухайн орон сууцыг зараад т 40 000 000 төгрөг өгөөд, би өөрийн оруулсан мөнгийг авсан, түүнээс орон сууцны мөнгийг би ганцаараа авсан зүйл байхгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй, эвлэрэхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.ыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******тэй 2012 онд танилцаж, 2014 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарсан. Бидний дундаас хүү А. төрсөн. Бид хоёрын тусдаа амьдрах болсон шалтгаан бол маргалдаж, муудалцаад буцаад нийлэх, ярилцаж эвлэрэх боломжгүй байдаг. Би үүнээс болж бас ажлын хамт олонтойгоо оройн цагаар сууж архи дарс ууж ирдэг байсан нь үнэн. Бид цаашдаа эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэгчийн шаардсан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлыг зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэгийн хувьд бидний хамтран эзэмшдэг байсан 85 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг би төлж барагдуулсан ба үлдэгдэл хөрөнгөөс нэг ч төгрөг авалгүй эхнэр, хүү хоёрт үлдээсэн. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Э., Ц.******* нар 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас хүү А. төрсөн нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар 3 жил тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, шүүхийн санал болгосон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанаас татгалзсан тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 54 дүгээр эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Э., Ц.******* нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдийн тайлбартай нийцсэн зэргийг үндэслэн хүү А.ыг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэгийг төлөхгүй, хамтран эзэмшдэг орон сууцыг эхнэр, хүүхдэдээ үлдээсэн тул тэтгэлэг төлөх шаардлагагүй гэх маргааны байр суурь илэрхийлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөх, тэтгэлэг гаргуулахаас татгалзах эрхийг эдлэх бөгөөд энэ талаар тохиролцоонд хүрээгүй учир шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан А.ыг сар бүр эцэг Э.аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь дундын өмчлөлийн орон сууцны зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, тухайн орон сууцыг худалдан борлуулсан төлбөрөөс өөрт хөрөнгө аваагүй гэх өөрийн байр суурийг баримтаар нотлоогүй. Мөн энэ байр суурь нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахад саад болох хуулийн үр дагавар үүсгэхгүй болно.
Энэ хэрэгт гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 178 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 178 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн , *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү А.ыг эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.*******д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 178 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ