| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0823/Э/220/2025/0574 |
| Дугаар | 2025/ШЦТ/1182 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1182
2025 04 29 2025/ШЦТ/1182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Л.Солонго /Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор/,
шүүгдэгч: Э.М,
шүүгдэгч: Д.Д, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт Д**-ийн Д**, ** овогт Э**-ийн М** нарт холбогдох эрүүгийн 2408030120259 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суудаг, урьд:
-************************************ тус тус шийтгүүлсэн гэх
** овогт Д**-ийн Д** /РД:У0**********/,
2. Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ** дүүргийн ** дугаар хороо Т**-ын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
-************************************ тус тус шийтгүүлсэн гэх
** овогт Э**-ын М** /РД:ХК77100774/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.М, Д.Д нар нь “…бүлэглэн ** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор ** аймгийн ** сумын нутаг дэвсгэрээс ** кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан Хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс ** дүүргийн ** дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ** УНМ улсын дугаартай Тоёота Харриер /Тоуоta Harrier/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 177,558,775 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.М, Д.Д нар нь “...бүлэглэн ** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс ** кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан Хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс ** дүүргийн ** дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ** УНМ улсын дугаартай Тоёота Харриер /Тоуоta Harrier/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 177,558,775 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...маргахгүй....” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Д, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх саналтайгаар тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Д.Д, Э.М нар нь бүлэглэн ** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс ** кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан Хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрээс ** дүүргийн ** дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ** УНМ улсын дугаартай Тоёота Харриер /Тоуоta Harrier/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ургамлын аймагт 177,558,775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-12 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 6-14 дугаар тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 19-23 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2553 дугаартай дүгнэлт /1хх-ийн 20-38 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б**-ын мэдүүлэг /2хх-ийн 40-42 дугаар тал/, гэрч Л.Б-ны мэдүүлэг /2хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч Б.И-ын мэдүүлэг /2хх-ийн 50-52 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэг”-т тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг “Байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэнд тооцох хэлбэрийн шинжтэй байхаар нь тодорхойлж хуульчилсан байна.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамал түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд: нэн ховор, ховор, элбэг гэж ангилна. 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:
1/ "байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;
2/ "байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгоно” гэж зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг, түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулахаар хуульчилсан байна.
Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалт батлах эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоогчоос олгосон байна.
1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар “Нэн ховор ургамал”-ыг баталсан бөгөөд “Хонин арц”-ыг нэн ховор ургамлын жагсаалтад оруулсан байх ба ургамал гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, дээд ургамал хамаарна, Байгалийн ургамал гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг хэлнэ гэж тодорхойлсноос үзэхэд Хонин арц (Juniperus sabina) нь байгалийн ургамал тэр дундаа нэн ховор ургамал юм.
Шүүгдэгч Д.Д, Э.М нарын түүж, тээвэрлэсэн гэх ** кг Хонин арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтаар “Нэн ховор ургамал”-ын жагсаалтад орсон /Хонин арц Juniperus sabina/ ховор ургамал болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээний үнэлгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2556 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
“Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий зохих байгууллагаас тусгай зөвшөөрлийн эрх авч, тогтоосон татвар, хураамжийг нь хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсний үндсэн дээр эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний, үйлдвэрлэлийн, эмийн түүхий эд бэлтгэх зориулалтаар болон бусад зорилгоор хязгаартайгаар түүх, бэлтгэх, худалдах, худалдан авах, тээвэрлэхээс бусад буюу ашиг олох шунахай сэдэлт зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг бэлтгэсэн аливаа идэвхтэй үйлдлийг хууль бус гэж үзэх юм.
Иймд шүүгдэгч Д.Д, Э.М нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Д, Э.М нарыг гэмт хэрэг бүлэгдэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь гэмт үйлдэлдээ санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Хонин Арц (хасаг) экологи-эдийн засгийн үнэлгээ нь 100,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 351,95 кг Хонин арц (хасаг)-ны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 100,900 төгрөг*351,95кг=35,511,755 төгрөг байна. “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 35,511,755 төгрөг*5=177,558,775 төгрөг байна гэж тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээний үнэлгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч нараас дээрх ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр болох 177,558,775 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Д, Э.М нараас тус тус 88.779.387 /наян найман сая долоон зуун далан есөн мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь түүсэн хонин арцыг ** УНМ улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн болох нь тогтоогдсон уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил өмчлөлд байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д, Э.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 40,656,755 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 5.145.000 /таван сая нэг зуун дөчөн таван мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч өмчлөгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 68-102 дугаар тал),
Шүүгдэгч Д.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 103-111 дүгээр тал) зэрэг баримтаар нотлогдсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч нарын урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм, гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэх хуулийн зохицуулалтай болохыг тэмдэглэж байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Д, Э.М нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
-Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдгээрийн эдлэх ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт байдалд дүгнэлт хийж нээлттэй хорих байгууллагад тус тус биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-ийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний биечлэн эдлүүлэх хугацаанд оруулан тооцохыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгч Д.Д, Э.М нар нь шүүхээс оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нь зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд санал нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна. Түүнчлэн өмгөөлөгчийн гаргасан бүрэлдэхтэй шинжээч томилж ургамлын аймагт учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох санал нь хууль зүйн үндэслэл муутай гэж шүүхээс дүгнэв.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Цагдаагийн Ерөнхий Газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 3 ширхэг хадуурыг устгахыг шүүхийн эд мөрийн устгах комисст даалгаж, ** кг хонин арцыг худалдан борлуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод төвлөрүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч цагдан хорьж, шүүгдэгч Э.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** овогт Д**-ийн Д**, ** овогт Э**-ны М** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.М-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
4. Шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Э.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүхээс оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Д, Э.М нараас тус тус 88.779.387 /наян найман сая долоон зуун далан есөн мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д, Э.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 40,656,755 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 5.145.000 /таван сая нэг зуун дөчөн таван мянга/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч өмчлөгчид буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй нийт ** кг Хонин арц (Juniperus Sabina)-г худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод төвлөрүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Д.Д, Э.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 3 ширхэг хадуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
10. ** дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 28 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ