Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 129/шш2019/00216

 

                                                                        129/ШШ2019/00216             

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ч-д холбогдох

7519000 төгрөг гаргуулах тухай болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ч- нь 2017 оны 11-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 сарын 08-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6.000.000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож “Б-” хадгаламж зээлийн хоршооноос албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй “Б-” хадгаламж зээлийн хоршоог хохироож байна. Ч Чанцалдулам нь зээл авсанаас хойш төлсөн мөнгөний хэмжээнүүд нь:

1. 2017 оны 11-р сарын 21-нд 100. 000 /нэг зуун мянган/ төгрөг

2. 2017 оны 12-р сарын 1-нд 100.000 /нэг зуун мянган/төгрөг

3. 12-р сард зээлийн хүүнд 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг

4. 2018 оны 1-р сарын зээлэнд 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, хүүнд 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөг

5. 2018 оны 02-р сард 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг,

6. 2018 оны 3-р сард 150.000 /нэг зуун тавин мянган/төгрөг

7. 2018 оны 12-р сарын 27-нд 300.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг

8. 2019 оны 1-р сарын 6-нд 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус төлж нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээл болох 4.650.000 төгрөг, хүү 2.869.000 төгрөг, нийт 7.519.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 тоот гэрээний 4.5.1 дүгээр заалтаар зээлдэгчээс гүйцэтгээгүй үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцааны зүйлийг борлуулах, худалдсан үнийн дүн нь хоршооны шаардлагыг хангах хэмжээнд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчээс өөрийн өмчлөлийн бусад хөрөнгөөр төлөхийг шаардах эрхтэй учир үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээгээр хангуулна гэжээ.

 

Хариуцагч Ч.Ч- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Ч- нь Б- хадгаламж зээлийн хоршоонд гишүүнд элсэхдээ 1.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 2017 оны 11 дүгээр сард гишүүнээр элссэн. Б- хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Би зээлийн гэрээг нотариатаар батлуулаагүй. Мөн барьцааны хөрөнгө болох машин нь эхнээсээ миний эзэмшлийн хөрөнгө биш байсан болохыг өөрсдөө мэдэж байгаа. Иймээс тухайн машиныг “Б-” хадгаламж зээлийн хоршоо өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахгүй. Холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгнө. Миний бие нь 1900000 төгрөгийг өгсөн. Хоршоонд элсэхдээ өгсөн 1000000 төгрөгийг хасаж тооцуулна. Намайг цагдаагийн байгууллагад өгч олон удаа өглөө, оройгүй үндэслэлгүйгээр дуудуулж, хүүхдийн унаж явсан машиныг захын гаднаас шууд авч яван, хураалгаж сэтгэлзүйн хямралд оруулсанд гомдолтой байдаг. Мөн нууцлал гэж байдаггүй, гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалдаггүй, олон нийтийн хар зах дээр хүртэл гишүүн гэсэн болгон нь ярьж, мөнгөө нэхэж явдаг гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Отгондулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаас татгалзаж 7519000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Ч.Ч- нь 5 сарын хугацаатай сарын 05 хувийн хүүтэй 5000000 төгрөгийг Б- хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн. Зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй байгаа. Энэ бол миний хувийн хөрөнгө биш хадгаламж зээлийн хоршооны мөнгө. Бид хоршооны тайлан тооцоогоо сар бүл эрх бүхий байгууллагад тайлагнадаг. Тийм учраас хариуцагч Ч.Ч-аас  Б- хоршооноос зээлсэн 5000000 төгрөг болон хүү нийт 7519000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ч- нь 2017 оны 11 сарын 08-наас 2018 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай сарын 05 хувийн хүүтэй 5000000 төгрөгийг “Б-” хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн. Зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 5000000 төгрөг зээлж үүнийгээ 6000000 төгрөг болгож авахаар тохирч зээлийн гэрээ байгуулсан зүйл харагдаж байна. Хариуцагч үндсэн зээлээс 1700000 төгрөгийг төлсөн. Ч.Ч- нь өөрийн зүгээс 1000000 төгрөг нийлүүлж “Б-” хадгаламж зээлийн хоршооны гишүүн болсон. Ч.Ч- нь “Б-” хадгаламж зээлийн хоршооны нэг гишүүн учраас тодорхой хэмжээний эрх, үүрэгтэй. Гэтэл “Б-” хадгаламж зээлийн хоршооны бусад гишүүд Ч.Ч-ыг хаа явсан газар мөнгөө өгөхийг шаарддаг. Мөн цагдаагийн байгууллагад хандсан, түүнийг үл хүндэтгэсэн нөхцөл байдал нь түүнийг тус хоршооноос гарахад хүргэсэн гэж Ч.Ч- өөрөө тайлбарладаг. Мөн Ч.Ч- тус хоршоонд хувь нийлүүлсэн 1000000 төгрөгийнхөө өөрт ноогдох ашиг 850000 төгрөг буюу нийт 1850000 төгрөг, зээлэнд төлсөн 1700000 төгрөгийг хоршооноос зээлсэн 5000000 төгрөгөөс хасаад одоо нэхэмжлэлийн шаардлагаас 2550000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас энэ тухайд тайлбарлах зүйл байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Бидбаян” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан зээлийн төлбөр үндсэн зээл 4650000 төгрөг, хүү 2869000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр нийт 7519000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал нь “барьцааны хөрөнгө болох машин өөрийнх нь эзэмшлийн хөрөнгө биш, тус хоршоонд хувь нийлүүлсэн 1000000 төгрөгийнхөө өөрт ноогдох ашиг 850000 төгрөг буюу нийт 1850000 төгрөг, зээлэнд төлсөн 1700000 төгрөгийг хоршооноос зээлсэн 5000000 төгрөгөөс хасаад одоо нэхэмжлэлийн шаардлагаас 2550000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа ” гэсэн  байр суурийг илэрхийлжээ.

          Нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч Ч.Ч- нар 2017 оны 11 сарын 08-ны өдөр №13 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 5000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай хариуцагчид зээлүүлжээ. Зохигчдийн байгуулсан дээрх гэрээнд талууд гарын үсэг зурж, 2017 оны 11 сарын 09-ний өдөр нотариатаар баталгаажуулсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1  “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн заалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1  “ зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэсэн заалт, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэсэн заалт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “ зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ч.Ч-аас зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Ч.Ч- нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, “тус хоршоонд хувь нийлүүлсэн 1000000 төгрөгийнхөө өөрт ноогдох ашиг 850000 төгрөг буюу нийт 1850000 төгрөг, зээлэнд төлсөн 1700000 төгрөгийг хоршооноос зээлсэн 5000000 төгрөгөөс хасаад одоо нэхэмжлэлийн шаардлагаас 2550000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа” гэсэн  байр суурийг илэрхийлж байгаа боловч хоршооны гишүүнээс гарах нь хоршооны өөрийн дүрмээр зохицуулагдах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй, зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тал хариуцагчийг зээлийн төлбөрт нийт 1700000 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, зээлийн гэрээ / хх-6х/, зээл хүүгийн эргэн  төлөлтийн хуваарь / хх-7х/гэсэн баримтуудаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дууссан, үндсэн зээлээс 4650000 төгрөг, хүү 2869000 төгрөг, нийт 7519000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

         

          Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээл 4650000 төгрөг, зээлийн хүү 2869000 төгрөг, нийт 7519000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-” хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 135254 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамж 135254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэв.

 

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээл 4650000 / дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, хүү 2869000 / хоёр сая найман зуун жаран есөн мянга/  төгрөг, нийт 7519000 / долоон сая таван зуун арван есөн мянга/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамж 135254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН