| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002280171 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, ******* регистрийн дугаартай
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,
...Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орой би нөхрийн хамт Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах баар ороод шөнө 02 цагийн үед гараад унаанд суугаад гэр лүүгээ явах гэсэн чинь хэдэн хүмүүстэй маргалдаад бид хоёр таньдаг найзынхаа машинд нь суугаад гэр лүүгээ 9 дүгээр багийн миний сүлжээ дэлгүүрийн урд явж байх үед урдуур нь нэг машин орж ирээд зогсоод хүмүүс бууж ирээд би буугаад маргалдсан. Тэгээд нөгөө хүмүүстэй учраа олоод явах гэсэн чинь нэг хүн миний нүүр лүү цохчихсон. Тэгээд би нөгөө хүнийг чи яаж байна гэсэн чинь би чамайг цохиогүй гээд машиндаа суугаад зугтаагаад явсан...Тус өдөр намайг цохисон залуу өндөр нуруулаг, монхор хамартай, жартагар нүдтэй, бор царайтай хүн байсан. Энэ зурагт байгаа хүмүүсийн 2 дугаартай хүн мөн байна.Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй....Надад эмчилгээнд зориулж 500.000 төгрөг өгсөн ...гэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 27-28, 32/
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 192.456 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг (хх-ийн 38),
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2025 оны 3 дугаар сарын 07-ны шөнө би найз болох ******* болон найзуудын хамт We бааранд орж бүжиглэж байгаад гараад явж байсан чинь Орд караокены үүдэнд хэсэг залуучууд манай жолоо барьж яваа найз руу томроод байхаар нь манай найз ******* та нар яагаад байгаа юм, ууж идсэнээ шингээ гэж хэлсэн чинь нэг залуу манай найз *******гийн толгой руу нь нэг удаа цохиод яваад өгсөн. Манай найзын нөхөр чамайг хэн цохисон юм гээд уурлаад бид нар бөөндөө машиндаа суугаад хойноос дагаж яваад Хөх толгойд байх Миний сүлжээ дэлгүүрийн гудамж руу ороод тус машиныг зогсоогоод тэр хэдэн залуучуудтай уулзсан чинь нэг өндөр залуу нь манай найз *******гийн нүүр рүү гартаа бөгжтэй залуу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг (хх-ийн 6-7),
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... би эхнэр болон найзуудын хамт We баарнаас гараад явж байгаад Орд караокены үүдэнд очсон чинь хэсэг залуучууд бид нартай маргалдаад манай эхнэрийн толгой руу цохисон. Есөн-Эрдэнэ захын тойргийн зам дээр нөгөө маргалдаад байсан залуучуудтай машинтай явж байхаар нь араас нь очоод Миний сүлжээ дэлгүүрийн хажууд тус залуучуудтай уулзаад манай эхнэрийн толгой руу хэн цохисон гэж асуусан чинь мэдэхгүй гээд байхаар нь би маргалдаад больё гээд салаад машиндаа суугаад эхнэрээ өвөр дээрээ суулгаад машины хаалгаа хаах гэсэн чинь нэг өндөр залуу машины хаалга барьж аваад хаалга хаалгахгүй байхаар нь чи боль гэсэн чинь тэр өндөр залуу манай эхнэрийн шүд рүү бөгжтэй гараараа нэг удаа цохиод авсан, эхнэрийн амнаас цус гарсан байхаар нь эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 41-42),
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“.. би ах эгчийн хамт We баарнаас гараад Орд караокены урд явж байсан чинь хэсэг залуучууд таараад бид нартай маргалдаж байх хугацаанд нэг танихгүй залуу манай эгчийн толгой руу цохиод машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд бид нар гэр рүүгээ явж байсан чинь нөгөө залуучууд хөх толгой зам дээр таараад уулзаад та нарын хэн нь манай эгчийг цохисон гэж асуусан чинь мэдэхгүй, цохиогүй гээд маргалдаад тэгээд салаад явах гээд машиндаа сууж байсан чинь манай эгчийг нэг бөгжтэй гар машин руу орж ирээд шүд хэсэг рүү нь цохиод авсан...гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),
Шинжээч эмч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Сувдан сондор эмнэлгийн үзлэгт бичигдсэн 41 дүгээр шүд нь Шүүх шинжилгээний хэлтсийн хэллэгээр баруун доод үүдний 1 дүгээр шүд гэх ба энэ хоёр нэршил нь байрлалын хувьд нэг шүдийг хэлнэ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний урд үүдний хоёр шүднээс баруун зүүн тал руу нь эхлэн тоолдог...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-62),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай:
1.*******гийн биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт (хх-ийн 54-55),
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 84-90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн... Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,
Хохирогч *******гийн.... нөгөө хүмүүстэй учраа олоод явах гэсэн чинь нэг хүн миний нүүр лүү цохчихсон,...машиндаа суугаад зугтаагаад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 4-5, 27-28, 32),
Иргэний нэхэмжлэгч *******ын...*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 192.456 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг (хх-ийн 38),
Гэрч *******гийн... нэг өндөр залуу нь манай найз *******гийн нүүр рүү гартаа бөгжтэй залуу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг (хх-ийн 6-7),
Гэрч ийн... өндөр залуу манай эхнэрийн шүд рүү бөгжтэй гараараа нэг удаа цохиод амнаас цус гарсан байхаар нь эмнэлэг руу авч явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 41-42),
Гэрч ийн... эгчийг нэг бөгжтэй гар машин руу орж ирээд шүд хэсэг рүү нь цохиод авсан...гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),
Шинжээч эмч гийн...баруун доод үүдний 1 дүгээр шүд гэх ба энэ хоёр нэршил нь байрлалын хувьд нэг шүдийг хэлнэ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний урд үүдний хоёр шүднээс баруун зүүн тал руу нь эхлэн тоолдог...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-62),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаартай...*******гийн биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..гэх дүгнэлт /хх-ийн 54-55/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 54-55/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нүүр хэсэг рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд уг ялаа эдэлж дууссан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хэрэгт авагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан / хх-ийн 32-33/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 192,456 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 192,456 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /малчин 200 толгой малтай/ шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 192,456 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА