Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/03370

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/03370

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ....................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч .................... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 оны 08 сарын 05-ны өдрөөс Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний яамны Ахуй Үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор ажилласан. Дээрх яам нь 1990 онд татан буугдсан болно. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн. Харин ГЗЗҮ-т орсон, гарсан талаарх баримтыг Үндэсний архивын газар болон Нийслэлийн архивын газраас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Надад тухайн үед МҮЭ-д ажиллаж байсан төлбөрийн дэвтэр, МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх №657732, гутал захиалга, засварын үйлдвэрээс олгосон мэргэжлийн үнэмлэх №23 байсныг нотариатаар баталгаажуулан хавсаргасан болно.

Иймд намайг 1986 оны 08 сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл Ахуй Үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ...................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1414 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №0766 дугаар тодорхойлолт, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №065364 тоот .....................-н хөдөлмөрийн дэвтэр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №657732 тоот гишүүний бат илэрхийлэх, Ахуй Үйлчилгээний удирдах газрын 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэмлэх, гэрэл зураг, гэрч В.Алтантунгалаг, Л.Уранбаярын нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж ..................-г 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ахуй Үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ...................... регистрийн дугаартай Зураач овогт .....................-г 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ахуй Үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ