Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000142 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 06 дугаар дугаар сарын 19- ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,94 хувийн промильтой үедээ 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын чанартай А0303 автозамд зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 06 дугаар дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,79 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 54 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд авто зам дээр цагаан өнгийн улсын дугааргүй Мустанг загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар  үнэн зөв тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 111/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орой 19-20 цагийн үед ******* ирэхээсээ өмнө өөр айлуудаар ороод ирлээ гэсэн ба манайд орж ирэхдээ золголт хийж байгаа гээд манайд эхнэрийн хамт ирсэн. ******* манайд согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Манайд байхдаа архи уугаагүй байгаад баригдаад асуудал үүсэж мэднэ гээд манай нөхөр болох ******* нь *******ийн машиныг унаад харин би араас нь өөрийнхөө машиныг унаад дагаад Баянхонгор сумаас баруун тийш Баян-Овоо болон бусад хангай сум руу төв засмал замаас салдаг уулзвар хүртэл хүргэж өгөөд ******* цааш машинаа бариад хөдлөөд явсан. Харин би нөхрийн хамт гэр лүүгээ явсан. Тэгээд нөхөр бид хоёрыг гэртээ очоод байж байтал *******ийн эхнэр болох ******* над руу залгаад замд явж байгаад цагдаагийн албан хаагч нар зогсоогоод шалгасан чинь *******ээс согтуурлын зэрэг гараад бид хоёрыг аймаг руу дагуулаад орж байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө хамт журмын хашаа дээр очиж *******, ******* 2-ыг очиж авсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“Намайг сумаас Баянхонгор сумаас баруун зүгт буюу улсын чанартай А0303 авто зам дагуу Баян-Овоо 1 дүгээр багаар дайран өнгөрөх аймгийн төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт хөдөлгөөн үйлдэж байсан тээврийн хэрэгслүүдэд зогсож шалгаж байх үед ******* улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байхаар нь согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгах зорилгоор аймгийн төв би өөр тээврийн хэрэгслийн жолоодоод орж ирээд ALCOTSST АО гэх багажаар хамт ажиллаж байсан алба хаагч үлээлгэн шалгахад 2.94 хувийн согтолтын зэрэг гарсан тэгээд тус иргэнийг ар хүлээлгэн өгсөн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 50/,

-Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр томилгоот хуваарийн дагуу оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Хаан банкны орчим хяналт шалгалт хийж байгаад цагаан өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч гэх ******* гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул драйгер багаж үлээлгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул тээврийн хэрэгслийг журамласан. Намайг тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үед тээврийн хэрэгслийг ******* гэх хүн жолоодож явсан. Тухайн хүн ганцаараа явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэж согтолтын зэргийг тогтооход 3.79 хувьтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 20-23/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2, 70/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/хх-ийн 102-106/,  жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 03, 72-73/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13/, жолоочийн лавлагаа /хх-ийн 14/ мал тооллогын лавлагаа /хх-ийн 15/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 28-31/, шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 /, депозит дансны хуулгууд /хх-ийн 55-59/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-94/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 06 дугаар дугаар сарын 19- ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,94 хувийн промильтой үедээ 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын чанартай А0303 автозамд зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 06 дугаар дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,79 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 54 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд авто зам дээр цагаан өнгийн улсын дугааргүй Мустанг загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар  үнэн зөв тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 111/,

Гэрч *******ын.. нөхөр ******* нь *******ийн машиныг унаад харин би араас нь өөрийнхөө машиныг унаад дагаад Баянхонгор сумаас баруун тийш Баян-Овоо болон бусад хангай сум руу төв засмал замаас салдаг уулзвар хүртэл хүргэж өгөөд ******* цааш машинаа бариад хөдлөөд явсан, харин би нөхрийн хамт гэр лүүгээ явсан,... нөхөр бид хоёрыг гэртээ очоод байж байтал *******ийн эхнэр болох ******* над руу залгаад замд явж байгаад цагдаагийн албан хаагч нар зогсоогоод шалгасан чинь *******ээс согтуурлын зэрэг гараад бид хоёрыг аймаг руу дагуулаад орж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27/,

Гэрч ын... тээврийн хэрэгслүүдэд зогсож шалгаж байх үед  улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байхаар нь согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгах зорилгоор аймгийн төв би өөр тээврийн хэрэгслийн жолоодоод орж ирээд ALCOTSST АО гэх багажаар хамт ажиллаж байсан алба хаагч үлээлгэн шалгахад 2.94 хувийн согтолтын зэрэг гарсан тэгээд тус иргэнийг ар хүлээлгэн өгсөн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 50/,

Гэрч ийн...Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр томилгоот хуваарийн дагуу оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх Хаан банкны орчим хяналт шалгалт хийж байгаад цагаан өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч гэх ******* гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул драйгер багаж үлээлгээд  3.79 хувьтай   байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 78-79/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/681 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 20-23/болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч *******ийн цусан дахь спиртийн агууламж 2.94 промиль гарсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 04, мөн  3,79 промиль гарсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүдээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгч  *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 681 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим улсын чанартай А0303 автозамд зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг 2.94 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөнх 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 54 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд авто зам дээр цагаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг 3.79 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.              

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах..., дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, торгох ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин өмнө уг зөрчлийг гаргаж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасаж, шийтгэл оногдуулсан байхад  2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2,94 хувь согтолттой энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байхад 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 3.79 хувийн согтолттойгоор дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу 2 удаа уг гэмт хэргийг үйлдсэн, өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгдөггүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт  улсын яллагч, өмгөөлөгч нарын  гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс дүгнэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, 

шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгонТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА