Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/61

 

 

Г.Золжаргалд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                 

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                    Б.Энхтулга

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Б.Балжидмаа /онлайн/

                                  Хохирогчийн өмгөөлөгч              У.Хандсүрэн /онлайн/

                                      Хохирогчийн өмгөөлөгч             Ч.Эрдэнэбат /онлайн/

                                  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэлгэрмаа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэнгэ овогт Гансүрэнгийн Золжаргалд холбогдох эрүүгийн 20310001470099 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зочид буудал, зоогийн газрын удирдлага, Цэргийн зэвсэглэлийн нярав-засварчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0101 ангийн “Алтанбулаг” боомтод хилийн 0312 дугаар салбарын баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг гудамж, 062 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сэнгэ овогт Гансүрэнгийн Золжаргал,  /РД:УХ92090116/

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Золжаргал нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг гудамж, 062 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мөнх-Эрдэнэтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан, цээжин тус газар нь нэг удаа хутгалж, түүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.Золжаргалд холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Сэнгэ овогт Гансүрэнгийн Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гансүрэнгийн Золжаргалыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Гансүрэнгийн Золжаргалд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гансүрэнгийн Золжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 9,860,009 /есөн сая найман зуун жаран мянга есөн/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 39 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, РД:ЙГ81070203 дугаартай, хохирогч, иргэний нэхэмжлэгч Гунгаасамбуу овогтой Дэлгэрмаа/-д олгож,

-шүүгдэгч Г.Золжаргалаас оршуулгын зардалд 10,000,000 /арван сая/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлснийг дурьдан, үлдэгдэл 9,860,009 /есөн сая найман зуун жаран мянга есөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс болон замын зардлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хүүхдийн сургалтын төлбөр, банкны зээл, орон сууцны ипотекийн зээл, цалин, тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү зэргийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхэгддэг хутга 1 ширхэг, соёрхол архины шил 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 5 хэсэг цусан мөрүүд, хумс, яллагдагч Г.Золжаргалын улаан хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн оймс 2 хос, 2 хажуу талаараа саарал хээтэй хар саарал дотоож 1 ширхэг, талийгаач С.Мөнх-Эрдэний шаргал өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, бор өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн пүүз 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60,000 /жаран мянга/-н төгрөгийг шүүгдэгч Г.Золжаргалаас гаргуулан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Гунгаасамбуу овогтой Дэлгэрмаа/-д олгосугай.

9. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Гансүрэнгийн Золжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 07 сарын 28 ний өдрийн дугаар 2020/ШЦТ/158 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч Г.Золжаргал нь амь хохирогч С.Мөнх-Эрдэнийг бие хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж мөн талийгаач нь өөрийг нь хутгалах гэж байгааг мэдэх боломжгүй хэмжээний согтолттой биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь нотлогдож байгаа нь эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчлэх нь тухайн гэмт хэргийн нөхцөлд тохирч байна.

            2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч С.Мөнх-Эрдэнэ нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй гэж гарсан байдаг мөн амь хохирогч С.Мөнх-Эрдэнэ нь МУ-ын гадаадын иргэн харьяатын газарт 10 нь жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагч байсан. Төрийн албан хаагч 5 жил тутамд олгодог урамшуулал авах тогтмол цалин хөлс гэх мэтчилэн эдийн засгийн боломжтой байсан. Өнөөдрийн байдлаар түүний эхнэр Г.Дэлгэрмаа нь төрийн албанд түр ажилтанаар ажилдаг ба өөрийн 03-13 насны дөрвөн хүүгийн хамт өнчирч үлдэж байна.

            Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно.Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж хуульчилсэн байдаг. Хуульд заасан аргачилалааар бодход:  Амь хохирогч С.Мөнх-эрдэнийн сарын дундаж цалин 2020 оны 1-4 сард 1.506.762 төгрөг, нийт ам бүл 6 нэг хүнд 251.127 төгрөг ноогдоно үүнээс нас барагч түүний эхнэр Дэлгэрмаа (насанд хүрсэн) учир дундаж орлогоос 502.254 төгрөг хасагдана. Төлбөр авагч нэг хүүхдэд нэг сард 121.127 төгрөг оногдоно. Үүнээс:

            3 настай хүүхэд 18 нас хүртэл 180 сар =21.802.860 төгрөг

            5 настай хүүхэд 18 нас хүртэл 156 сар =18.895.812 төгрөг

            7 настай хүүхэд 18 нас хүртэл 132 сар =15.988.764 төгрөг

            13 настай хүүхэд 18 нас хүртэл 80 сар =9.690.160 төгрөг

            Нийт 66.377.596 төгрөг

Дээрх хуулийн аргачилалаар бодож гаргасан 66.377.596 төгрөг нь өнчин үлдэж байгаа хүүхдүүдийн ирээдүйд их дээд сургуульд суралцах, сайн мэрэгжилтэн, сайн иргэн бэлтгэхэд оюуны хөрөнгө оруулах эдийн засгийн баталгаа нь юмаа.

            Гэмт хэргийн улмаас эцгийн хайр халамж, хүсэл мөрөөдөл, дуртай мэрэгжилээн эзэмших зэрэг маш олон талаар хүүхдүүдийн ирээдүйн амьдралд эрсдэл ихээр гарч байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж 03-13 насны дөрвөн хүүхдэд ИХ-ийн 508.3 дэх хэсэгт зааснаар 66.377.596 төгрөгийг оногдуулж магадлал өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцоно гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Давж заалдах гомдлоо дэмжин оролцоно. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүйгээр  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй.  Хохирогчийн талаас иргэний нэхэмжлэлтэй холбоотой бүхий л баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүл гэж байгаа нь тухайн хохирогчийн хувьд дахин шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж эдийн засгийн болон цаг хугацааны  ихээхэн алдаг хүлээх болоод байгаа тул эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлээ эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэж байна.  Шүүгдэгчийг хохирогчийг бие хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж түүний амь насанд халдсан гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарласан.  Тухайн хэргийн үйл баримтаар шүүгдэгч болон талийгаач нар адилхан согтуу байсан бөгөөд  өөр хоорондоо харьцаж байсан  ба шүүгдэгч нь түүнийг  биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Энэ нөхцөл байдлаас дүгнэвэл  шүүгдэгч нь  талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Мөн иргэний нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүх  иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчид хуульд заасан шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд иргэний журмаар дахин шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул хохирогчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Г.Золжаргалд холбогдох эрүүгийн 2031001470099 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Г.Золжаргалд  холбогдох 2031001470099 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Золжаргал нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг гудамж, 062 тоотод 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мөнх-Эрдэнэтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан, цээжин тус газар нь нэг удаа хутгалж, алсан болох нь:

Шүүгдэгч Г.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн өдөр талийгаач  ах нь шилжих  гэж байна ахыгаа гаргаж өгөхгүй юм уу ах нь жаахан уучихсан байна машин бариад явчих гэсэн. ... тэгээд манай гэрт ирсэн архи уусан... Мөнх-Эрдэнэ ах дүү Энхмэндийг дуудчих гэхээр нь дүүг дуудсан... Энхмэнд жаахан дурамжхан байсан болохоор нь  би аргадаад  за ахын дүү  тайван байдлыг нь алдагдуулсанд уучлаарай. Энэ архиа дуусаад болино гэж хэлсэн.  Талийгаач  Ш.Энхмэндийн гарыг  бариад авсан та яаж байнаа гэтэл гарыг тавьсан... бид хэсэг юм яриад  байтал талийгаач “Ах нь ерөөсөө  дүүгийн чинь өрөө лүү орчихоод  гараад ирье”  гэж хэлсэн. Үүнээс болж бид маргалдаж ноцолдсон би дийлэхгүй  түлхэхэд нь саваад унасан. Би маш их уурласан бөгөөд айлгая гэж бодоод  хуйтай хутга аваад  талийгаачийн араас очоод “ахаа та одоо боль “ гэж хэлээд санаандгүй хутгалчихсан.  Тэгэхэд талийгаач ах  “Чи яаж байгаа юм бэ?” гэхэд би хутгаа тавиад хэсэг шоконд орсон байдалтай байсан. Тэгээд Ш.Энхмэндийг гарч ирэхэд цагдаа дууд, 103 дууд гэж хэлсэн. ...Талийгаачийн цээжнээс цус гараад байхаар нь тогтоох гэж хичээсэн. Түргэн тусламж ирэх хүртэл аргалчихвал аврагдах байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Энхмэндийн “... Хоёулаа нилээн согтсон байсан. Би өрөөндөө ороод утсаараа кино үзэж байсан.  Эхлээд хоорондоо эвтэй байх шиг байсан. Тэгээд юунаас болсныг нь сонсоогүй хоорондоо маргалдаад Г.Золжаргал ахыг талийгаач янз бүрээр хэлээд байх шиг байсан. ...хоорондоо ноцолдох чимээ гарснаа Г.Золжаргал ах “ахаа ингэж цус үздэг байхгүй юу даа” гэж хэлээд басамжилсан маягтай инээсний дараа нөгөө танихгүй ах “Яаж байнаа ахын дүү”  гэж маш чангаар  айж сандарсан гэмээр хашгираад  шат өгсөөд  нэг хүн гүйхээр нь  би өрөөнөөсөө гарч харсан...  том өрөөний шалан дээр нөгөө танихгүй ах  хэвтэж байхаар нь би” Яанаа ахаа зүгээр үү” гэж хэлэхэд тэр ах ёолоод байгаа юм шиг дуу гаргасан.... гэрэл асаагаад харахад  нөгөө ах жаахан хажуулдаад доошоо харчихсан  хэвтсэн байдалтай  хурдан хурдан амьсгалаад амь тэмцээд  байгаа юм шиг  байсан. Түүний цээж тэр чигээрээ  цус болчихсон байсан. Би Г.Золжаргал ахыг дуудахад ирээд шууд цагдаа, 103 дууд  гэхээр нь залгасан ... “ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай “... 7.Талийгаач С.Мөнх-Эрдэнэ нь цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна.  8. Талийгаач С.Мөнх-Эрдэнэд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан байна” гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

           

            Хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч нь хохирогчийг бие хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж амь насыг нь хохироосон гэх давж заалдах гомдлын хувьд:

Эрүүгийн эрх зүйд “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг бөгөөд тухайн  гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, хохирогч нар нь хоёулаа  хүнд зэргийн согтолттой байсан хэдий ч  хэн аль нь  хоорондоо харьцах улмаар ноцолдсон зэрэг харилцан идэвхтэй үйлдэл хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдэж байсан гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх тул хохирогч нарын өмгөөлөгчийн  гэмт хэргийн зүйлчлэлийн талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж  дүгнэв.

 

Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах гомдлын  заримыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч нь хохирогч нас барснаас учирсан  гом хорыг арилгах  буюу оршуулгын зардал 19.860.009 төгрөг, хохирогчийн цалингийн зээл 7.260.000 төгрөг, хүүхдийн сургалтын зардал 3.593.280 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр 52.804.986 төгрөг, 3-13 насны 4 хүүхдэд 18 нас хүртэл  гарах гэм хорын хохиролд  66.377.596 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Г.Золжаргалаас  гаргуулахаар  нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Бусдын амь насанд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүсжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар  хохирогчийн оршуулахтай  холбогдсон зайлшгүй зардал, гэм хор учруулсны төлбөрийг  түүний өв залгамжлагч шаардах эрхтэй бөгөөд тус хэргийн иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа нь амь хохирогч С.Мөнх-Эрдэнийн эхнэр учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасан өв залгамжлагчийн хувьд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан төрсөн хүүхдүүд нь гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээдээс авах эрхтэй бөгөөд төлбөрийн хэмжээг тогтоохдоо  хэрэгт хохирогчийн 3 жилийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн хохирогчийн цалингийн дунджийг сард 1.185.211 төгрөгийн цалин орлоготой байсан гэж тооцон мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцвол:

 Хохирогчийн цалингаас гэр бүлийн 6 гишүүнд хуваахад /1.185.211: 6=197.535/ нэг хүнд 197.535 төгрөг ногдож байна. 1.185.211 төгрөгөөс амь хохирогч болон түүний хөдөлмөрийн чадвартай эхнэрт ногдох хэсэг болох /197.535х2=395.070/ 395.070 төгрөгийг  /1.185.211-395.070=790.141/ хасахад амь хохирогчийн сарын дундаж орлого 790.141 төгрөг болно. Дундаж орлогоос тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж тогтоосон 533.344 төгрөгийг /790.141-533.344=256.797/ хасвал  256.797  төгрөгийг сар бүр авах  эрхтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Золжаргалаас  гэм хор учруулсны төлбөр 256.797 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар хохирогчийн бага насны хүүхдүүдийг арван найман нас хүртэл хугацаагаар сар бүр  гаргуулах, хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 8.000.000 гаргуулахаар нэхэмжилснээс хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 4.000.000 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн цалингийн зээл,  хүүхдийн сургалтын зардал,  орон сууцны зээлийн төлбөр зэргийг гэм хорын хохирол төлүүлэх гэж үзэх үндэслэлгүй байх тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу гэм буруутай этгээдээс гаргуулж байгаа төлбөр нь хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан олгогддог тул  шүүхээс төлбөрийг нэг удаа гаргуулахаар тооцох боломжгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

            Харин анхан шатны шүүх оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 19.860.009 төгрөг түүнээс шүүгдэгчээс хохирол төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж 9.860.009 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

6 дахь заалтыг        

“6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар шүүгдэгч Г.Золжаргалаас өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг, хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд 256.794 төгрөг гаргуулан хүүхдүүдийг 18 нас хүртэл хугацаагаар сар бүр гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаад олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн цалингийн зээл 7.260.000 төгрөг, хүүхдийн сургалтын зардал, 3.593.280 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр 52.804.986 төгрөг, гэм хорын хохирлыг хүүхдүүдийг 18 нас хүртэл тооцон нэг удаа буюу 66.377.596 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН