| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Уртнасан
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414006820153 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* ******* регистрийн дугаартай
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* токи аппликейшнээс 100.000 төгрөг шилжүүлж өгнө гэж хуурч түүний токи аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг аван тус аппликейшнээс 440.000 төгрөгийн зээл гарган 100.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн, 340.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв тодорхой мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк дээр токи аппликейшнээр зээл гаргана гэх утга бүхий зар оруулсан байхаар нь би зарын дагуу ******* гэх фейсбүүктэй хүнтэй чат бичсэн чинь зээл гаргаж өгнө гэхээр нь би та яаж зээл гаргаж өгөх юм гэсэн чинь та хувийн мэдээллээ явуул гэхээр нь би Токи аппликейшний нэвтрэх нэр, нууц кодоо ******* гэх хүн рүү явуулсан чинь заза Токи аппликкейшнээс чинь 100.000 төгрөг авчихлаа гээд миний ******* тоот данс руу ******* дугаартай данснаас 100.000 төгрөг шилжүүлээд утга дээр нь зээл гарсан утгатай шилжүүлсэн байсан. Тэгээд би дараа нь мөнгөтэй болчхоод Токи аппликейшнээс зээлсэн мөнгөө буцаагаад хийх гэсэн чинь 440.000 төгрөг зээлсэн байна гэсэн мэдээлэл гарч ирэхээр нь би зээл авхуулсан гэдэг хүн рүү чатаар залгах гэсэн чинь намайг блоклосон байсан. Тэгээд над руу 100.000 төгрөг шилжүүлсэн дансыг нь үзэхээр ******* ******* гэсэн нэр гарч ирж байсан...Би 340.000 төгрөгийн хохирлоо Б.*******өөс барагдуулж авсан...Надад гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 27),
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол/хх-ийн 79-81/, Б.*******н эзэмшлийн Хаан банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 34-36), хохирогч ******* эзэмшлийн Хаан банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 38), шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-61/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/, шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрх байна. Бусдад залилагдсан эд хөрөнгө байна.
Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.
Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хуул бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тул зохиомол байдлыг зориуд бий болгохыг,
Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг,
Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* токи аппликейшнээс 100.000 төгрөг шилжүүлж өгнө гэж хуурч түүний токи аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг аван тус аппликейшнээс 440.000 төгрөгийн зээл гарган 100.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн 340.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.*******ийн... Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв тодорхой мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,
Хохирогч *******...Токи аппликейшний нэвтрэх нэр, нууц кодоо ******* гэх хүн рүү явуулсан чинь заза Токи аппликкейшнээс чинь 100.000 төгрөг авчихлаа гээд миний ******* тоот данс руу ******* дугаартай данснаас 100.000 төгрөг шилжүүлээд утга дээр нь зээл гасан утгатай шилжүүлсэн байсан. Тэгээд би дараа нь мөнгөтэй болчхоод Токи аппликейшнээс зээлсэн мөнгөө буцаагаад хийх гэсэн чинь 440.000 төгрөг зээлсэн байна гэсэн мэдээлэл гарч ирэхээр нь би зээл авхуулсан гэдэг хүн рүү чатаар залгах гэсэн чинь намайг блоклосон байсан. Тэгээд над руу 100.000 төгрөг шилжүүлсэн дансыг нь үзэхээр ******* ******* гэсэн нэр гарч ирж байсан..гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 27), болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.*******ийг хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, ....эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ....бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Г.Сэлэнгэ, шүүгдэгч Б.*******ийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарч байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* токи аппликейшнээс 100.000 төгрөг шилжүүлж өгнө гэж хуурч түүний токи аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг аван тус аппликейшнээс 440.000 төгрөгийн зээл гарган 100.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн 340.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.*******, хохирогч ******* токи аппликейшний нэвтрэх нэр, нууц үгийг аван, тус аппликейшнээс 440.000 зээл гарган 100.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн 340.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийн төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинж хангагдаж байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Сэлэнгэд бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* 340,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******өд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч Б.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж,
мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, / ХХК-д хамгаалалтын албанд ажилладаг, сарын 3,000,000 төгрөгийн цалинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тодорхой орлоготой, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА