Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 129/шш2019/00153

 

 

                                                                        129/ШШ2019/00153            

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М-д холбогдох

1.589.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М- нь 2018 оны 10-р сарын 20-ны өдөр шөнийн 03 цаг 35 минутын орчимд Баянгол дүүргийн  20-р хороо Саппорогийн уулзварын урд замд Каннофинансиа сервис ББСБ-ын Тоёота Приус маркийн 15-17 УБС улсын дугаартай автомашинийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.7 дахь заалтуудыг зөрчиж миний эзэмшлийн Тоёота Приус маркийн 29-91 УБВ улсын дугаартай Бямбасүрэнгийн Нямдорж жолоочтой автомашинтай мөргөлдөж уг автомашинд эвдрэл гэмтэл учруулсан, зорчигч Ш.Б- гэмтсэн нь 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 3ТО-413, 3100006 18895630 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон бөгөөд “Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн БГД №190 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар 5.635.000 /таван сая зургаан зуун гучин таван мянга/ тогрөгийн хохирол тогтоогдсоноос Мандал даатгалаас хохиролын төлбөрт 4.870.400 төлөгдсөн.

Гэвч осол гарсанаас хойш үнэлгээнд ороогүй зардал болох авто ачилтын машины болон журмын хашааны төлбөр 180.000 / нэг зуун наян мянган/ төгрөг, тусгай эрх бүхийн үнэлгээ оношилгооны Мастер Плаза ХХК-д далд эд ангийн эвдрэл тогтоолгосон үнэлгээний төлбөр 90.500 /ерэн мянга таван зуу/ төгрөг, Хас үнэлгээ ХХК-ийн ажилтан газар дээр нь дуудлагаар үнэлгээ хийсний төлбөр 20.000 /хорин мянган/ төгрөг, Мастер Плаза ХХК-н авто засварын газарт хүргэх ачилтын тээврийн зардал 80н000 /наян мянган/ төгрөг/ 1-р хорооллоос Дарь-Эх хүртэл кропны тос шинээр хийх 75.000 /далан таван мянга/ төгрөг, хөргөлтийн шингэн 60.000 /жаран мянга/ төгрөг, хамгаалах эд ангийн кнопнууд 30.000 /гучин мянга/, копутны нугас 2 ширхэг 60.000 /жаран мянга/, урд карказны дээд холбоос төмөр 100.000 /зуун мянга/ төгрөг, рулийн удирдлагын уян холбоос 80.000 /наян мянга/ төгрөг, угаалга цэвэрлэгээний зардал 50.000 /тавин мянга/ төгрөг, нийт 825.500 /найман зуун хорин таван мянга таван зуу/ төгрөг, даатгалаас орж ирсэн төлбөрийн зөрүү 764.000 /долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөг нийт 1.589.500 /нэг сая таван зуун наян есөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагч Б.М-аас 1.589.500 /нэг сая таван зуун наян есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.М- миний бие 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 03 цаг 35 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн уулзварын урд замд УБС 15-57 улсын дугаартай тоёото приус маркийн машин жолоодож явах үедээ УБВ 29-91 улсын дугаартай тоёото приус маркийн Баасансүрэнгийн Нямдоржийн жолоодож явсан машинтай мөргөлдөж аль аль нь гэмтэлтэй боловч 2018 оны 11 сарын 06-ны өдрийн ЗТО-413, 3100006, 18895630 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон бөгөөд Хас үнэлгээ ХХК-ийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн БГД №190 тоот Автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар 5.635.000 төгрөгийн хохирол тогтоогдсоныг Мандал даатгалаас хохирлын төлбөрийг төлсөн. Илүү төлбөр төлөх төлбөрийн чадваргүй. Одоогоор Б.М- миний бие тухайн үеийн хэргийг дахин задлах Б.Нямдоржийг жолооны үнэмлэхтэй эсэх, мөн тухайн машиныг барих эрхтэй эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан болно. Осол гарснаас хойш үнэлгээ хийлгэсэн зардал болоод Даваасүрэнгийн Эрдэнэсүрэн нь тухайн үеийн хэрэгт хамааралгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй, гаргасан төлбөрийн баримтууд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэж, багасгах зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1 589 500 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгалаас олгогдсон мөнгөний зөрүүг төлнө. Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах юм бол 1 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна. Миний хувьд эрхэлсэн ажилгүй байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар   болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Б.М- нь 2018 оны 10-р сарын 20-ны өдөр Тоёота Приус маркийн 15-17 УБС улсын дугаартай автомашинийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч Д.Э-гийн өмчлөлийн Тоёота Приус маркийн 29-91 УБВ улсын дугаартай Б.Нямдорж жолоочтой автомашинтай мөргөлдөж уг автомашинд эвдрэл гэмтэл учруулсан, зорчигч Ш.Б- гэмтсэн нь 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 3ТО-413, 310000618895630 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна. Мөн “Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн БГД №190 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч Д.Э-гийн өмчлөлийн Тоёота Приус маркийн 29-91 УБВ улсын дугаартай автомашины эвдрэлд 5.635.000 /таван сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол тогтоогдсоноос Мандал даатгалаас хохиролын төлбөрт 4.870.400 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-д төлжээ.

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Б.М-ад холбогдуулан 1.589.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.М- тухайн нэхэмжлэлийн шаардлагаас даатгалаас олгогдсон мөнгөний зөрүүг төлөхийг зөвшөөрнө.  Нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал 1.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Э- нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Б.М-аас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

1. Нэхэмжлэгч Д.Э-гийн автомашинд учирсан хохирол нийт 5635000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд даатгалаас 4870400 төгрөг олгогдсон, хохирлын зөрүү 764000 төгрөгийг хохирол учруулсан этгээд болох Б.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

2. Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож буй даатгалын үнэлгээнд ороогүй зардал буюу ослоос үүдсэн хохирол болох 485500 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Үүнд:

  1. Авто ачилтын машины болон журмын хашааны  төлбөр 180 000 төгрөг / хх -6-7х/
  2. Мастер плаза ХХК-д далд эд ангийн эвдрэл тогтоолгосон төлбөр 90500 төгрөг /хх-8х/
  3. Рулын удирдлагын уян холбоос / цахилгаан/-ны төлбөр 80000 төгрөг / хх-9х/
  4. Кропны тос, хөргөлтийн шингэн шинээр хийсэн төлбөр / хх-14х/ зэрэг болно.

 

Нэхэмжлэлийн үлдэх 340000 төгрөгийг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.

-Нэхэмжлэгч талаас Мастер плаза ХХК-с авто засварын  газарт хүргэх ачилтын тээврийн зардал 80000 төгрөг, хамгаалах эд ангийн кнопнууд 30000 төгрөг, копутны нугас 60000 төгрөг, урд карказны дээд холбоос 100000 төгрөг-ийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч уг баримтууд олгосон байгууллагын тамга тэмдэггүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй

-Хас үнэлгээ ХХК-н ажилтан газар дээр үнэлгээ хийсэн төлбөр 20000 төгрөгийн баримт байхгүй

-Гранд авто угаалгаар машин угаалгасан зардал 50000 төгрөгийн зардал нь энэ хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй юм.

 

 Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Б.М-аас нийт 1249500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 340000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас нэхэмжлэлийн хангасан дүн болох 1249500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

          Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй ба зохигчид зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан  иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-аас нийт 1.249.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.538 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН

                                                   

                                                ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

         

                                                                                                   Т.БАДРАХ