Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03631

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03631

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.170.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Н.Отэй 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Н.О нь зээлээ төлж чадахгүй, зээлийн хүү болох 150.000 төгрөг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний үед өгөөд дахиад нэг сараар сунгах аман гэрээ хийсэн. Түүнээс хойш зээл болон хүүгээ төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Утсаар ярихаар өгнө гээд алга болчихдог. Заримдаа утсаа ч авахгүй байдаг. Зээлийн гэрээнд заасны дагуу зээл 1.500.000 төгрөг, нэг жилийн хүү гэж бодоход 1.800.000 төгрөг болно, үлдэх 800.000 төгрөг нь 0.5 хувиар тооцсон хугацаа хэтрүүлсний алданги юм. Иймд хариуцагчаас нийт 4.100.000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н.О шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлсэн боловч 11 дүгээр сарын 11-нд 150.000 төгрөг, 12 дугаар сарын 08-нд банкаар 150.000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш би төлж чадаагүй. Би өөрөө дампуурсан учраас мөнгө өгч чадахгүй, утсаар ярих тоолонд миний бие өвдөж дарамтанд ордог учраас утсаар ярьж чадаагүй. Дараа нь бид уулзаад хамт Эрээн хот руу цуг явж ирээд би А.Бтэй 68.000 төгрөгийн бараа заруулахаар ажил дээр нь аваачиж өгсөн бөгөөд тэр мөнгөө ч аваагүй. Миний хувьд 4.100.000 төгрөгийг төлж чадахгүй. Яагаад гэвэл би ажил хийдэггүй, тэтгэврийн 243.000 төгрөгийн орлоготой. Хааяа Хятад улс руу явж дэлгүүрийн жижиг бараа зөөж хоолоо олж иддэг байсан, гэтэл одоо чадахгүй байна. Энэ явдлаас хойш зүрх их өвддөг болсон бөгөөд эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. би хариуцагчид 2.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Бид өмнө нь ингэж эвлэрэх талаар ярилцсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.170.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад хэсгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н.Од 1.500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, 10 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэх, зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ /хх-4/.

 

Мөн талууд зээлийн гэрээний хугацааг дахин нэг сараар сунгасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид зээл 1.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн байх ба талууд энэ талаар шүүхэд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч зээл олгох үүргээ бүрэн биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлээ буцаан төлөхийг шаардсан нь үндэстэй.

 

Талууд зээлийн гэрээгээр 10 хувийн хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн ба хариуцагч зээлийн хүүнд нийт 300.000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байна /хх-20/.

 

Нэхэмжлэгч нь зээлийн хүүг 12 сараар тооцоход 1.800.000 төгрөг болно гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч талууд зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш бичгээр гэрээ байгуулж сунгаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү тооцож нэхэмжлэх эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэлд алданги 800.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч алданги төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй.

 

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор зээлийн төлбөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн ба уг хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 686 хоног хэтрүүлсэн буруутай байх тул алдангид 5.145.000 төгрөг /1.500.000*0.5%*686/ тооцогдох үндэслэлтэй боловч Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу 750.000 төгрөгөөс /1.500.000*50%/ хэтэрч болохгүй байна.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн  дугаар шийдвэрийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбоотой төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биеүүлээгүйгээс нэхэмжлэгч зардал гаргасан гэж үзэх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно гэж зааснаар уг шаардлагыг хангах үндэстэй /хх-7-8/.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээл 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, хохирол 70.200 төгрөг, нийт 2.320.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй боловч хариуцагч нь 2.500.000 төгрөг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Оээс 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлээс 1.670.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оээс 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА