| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1305 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1305
2025 05 19 2025/ШЦТ/1305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч А.А,
нарийн бичгийн дарга Ж.А нарыг оролцуулан эрүүгийн 2409003690031 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш ургийн овогт А.А
Монгол Улсын иргэн, ..................... эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн компанид менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт ................... оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй бааранд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Бтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч А.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй бааранд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Бтэй “хажуугаас ярианд оролцлоо” гэх шалтгаанаар маргалдан муудалцаж, улмаар толгой тус газар нь пивоны шилээр цохисны улмаас бие махбодид нь “зулайд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 03:00 цаг өнгөрч байхад нэг найзын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Л" нэртэй бааранд орсон ба тэнд ороод удаагүй тамхины өрөөнд ороод зогсож байтал хэсэг охидууд орж ирээд юм ярьж байсан ба тэнд үл ойлголцол болоод гэнэт нэг махлагдуу эмэгтэй нь намайг шууд барьж байсан пивоны шилээр миний толгой хэсэг рүү цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад тэндээ цагдаа дуудсан. Миний толгой хагарсан, хавдсан байна. Би харвал танина, чернилэн ягаан өнгийн хувцастай л охин харагдсан. Миний хувьд бага хэмжээний согтууруулах ундаа буюу пиво орохын өмнө хэрэглэсэн байсан, харин тэр охидууд согтуу байсан гэж бодож байна.
...Надад сэтгэл санааны хохирол байхгүй, би сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгохгүй....Намайг пивоны шилээр цохисон эмэгтэйгээс сэтгэл санааны хохирол нэхэхгүй...Намайг пивоны шилээр 2 удаа цохисон, нэг нь толгойн баруун зулай хэсэг нөгөөх нь зулайгаас арай урагшаа баруун урд хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,
- гэрч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө манай найз болох Дтэй хамт 03-04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Л баар руу орсон. Тэгээд Л баар руу орох гэж байхдаа манай найз Д найз гэх нэг эмэгтэйтэй гадна таарсан. Тэгээд тэр 2 уулзаад Л баар орох гэж байна гээд би хэд хамт Л баар орсон. Тэгээд дотор ороод бүжиглэж байгаад цаг гаруйн дараа тамхи татах гээд тамхины өрөө бөөндөө орсон. Тэгээд тамхины өрөө ороход 2-3 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд араас 2 охин бас тамхины өрөө орж ирсэн. Тэгээд тухайн тамхины өрөөнд орж ирсэн 2 эмэгтэй орж ирээд тал тамхи татаагүй байхад надтай цуг явсан манай 2 найзтай хэрэлдээд янхан. гичийгээр дуудалцаад байсан. Тэгээд Д найз гэх эмэгтэй нөгөө 2 эмэгтэйгийн нэгтэй нь үсдэлцсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд гарах нь гараад нөгөө Д найзтай муудалцаж байсан эмэгтэйгийн зүүн талаас нь цус гарсан байсан. Тэгээд тамхины өрөөнд байсан хүмүүс гарсан.... Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд нөгөө охины зүүн талаас жоохон цус гарсан байхаар нь манай найз Дөлгөөн бид 2 нөгөө 2 охинд хандаад та 2-ыг Гэмтлийн эмнэлэг хүргээд өгөх үү гэхээр нөгөө цус гарсан охин нь тамхи татмаар байна гээд тамхины өрөө орсон. Тэгээд хамгаалагчид ийм болчихлоо гэхэд хамт ороод нөгөө охины толгойг харахад зүүн талд жоохон шалбарсан байсан ба нөгөө охин сайн харуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- гэрч З.Дн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө найз Етэй хамт явж байсан, тэгээд манай найз А Л баар руу бид хоёрын таньдаг хүн орж байна хүрээд ир гээд дуудсан. Тэгээд би Л баар дээр очоод Атай уулзаад Л баар руу орох гэхэд нөгөө таньдаг хүмүүс Л баарнаас гараад явсан Тэгээд А бид 2 тамхины өрөөнд ороод нөгөө Л баар дээр таньдаг хүн гээд байсан эксийнхээ талаар юм яриад зогсож байсан. Тэгэхэд гаднаас 2 эмэгтэй тамхины өрөөнд орж ирээд тамхи татаад зогсож байгаад А бид хоёрын ярианд оролцоод хүүе ээ миний дүү нар одоо ийм юм ярьж явах нас биш ээ сурч хөгжих нас дээрээ юу яриад байна гээд хэлсэн. Тэгэхээр нь А бид 2 нэг нэгэн рүүгээ хараад яриагаа үргэлжлүүлсэн. Тэгсэн нөгөө 2 эмэгтэйгийн нэг нь хүүе ээ битгий ийм юм яриад бай л даа гээд тэр цохиулсан охин хэлээд байсан. Тэгээд А нөгөө юм хэлээд байсан охинд хандаад чи одоо юу яриад байгаа юм бэ одоо больчих гээд эргэж хараад хэлсэн ба нөгөө охин сууж байснаа өндөр дуугаар босож ирээд өөрөөсөө эгч хүний үгийг сонсохгүй байвал энэ охин шигээ балай янхан болно шүү гэж надад хандаж хэлсэн. Тэгсэн А чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө 2 охины нэг нь А цааш нь түлхэх гээд хүрэхгүй Агийн шил газар унагаасан. Тухайн үед тамхины өрөөнд би, А болон нөгөө зодуулсан гэх охин найзтайгаа бид дөрөв л байсан. Тэгээд хэрүүл маргаан эхэлж байхад гаднаас тамхи татах гээд хүмүүс ороод ирсэн. Тэгээд тэр дотор аймар олон хүмүүс болоод нөгөө 2 охин амандаа юм яриад байсан. Тэгээд А дахиад уурлаад юу яриад байгаа юм бэ гэхэд нөгөө зодуулсных нь найз нь гэх охин юу гэсэн ч яадаг юм гэж ирээд Аг нудраад авсан. Тэгээд А халы бүдрээд босож ирэхдээ пивоны шилтэй босож ирээд нөгөө охиныг толгойн тус газар иь нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс салгасан. Тэгээд нөгөө 2 охин гараад А бид 2 дахиж нэг тамхи татаад гараад ирэхэд нөгөө шилээр цохиулсан охины толгойноос цус гарч байсан. Тэгээд би цус дээр нь ноолууран цамцаар дарсан. Тэгээд түргэн дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
- Иргэн Б.Бээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан “...01 сарын 08-ны 04 цаг өнгөрч байх үед үл таних хүнд зодуулсан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1376 дугаартай “...Б. Бийн биед зулайд шарх, баруун зовхинд цусхуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэгучрал болсон гэх цагхугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч А.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барлан үйл ажиллагаа явуулдаг “Л” нэртэй бааранд хохирогч Б.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйлээр толгойн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн талаар баримтаа ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Аг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ