2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1304

 

 

         

 

 

 

 

 

 

 

2025          05          19                                     2025/ШЦТ/1304

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2506 00000 0793 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Л овгийн Б.Б

Монгол Улсын иргэн, .............эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр худалдагч ажилтай гэх, ам бүл 6, аав, эхнэр 3 хүүхдийн хамт ....................оршин суудаг, урьд нь:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/1652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ............... гадаа хохирогч О.Атай маргалдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ................ гадаа хохирогч О.Атай үл ялих зүлээс болж маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 3-4 удаа цохисон, дал хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, бие махбодид нь “баруун далданд хатгагдсан өнгөц шарх, эрүүнд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны үүдэнд өөрийн ............... дугаарын ............... загварын машинаа зогсоолд байршуулах гэтэл миний машины цонхыг үл таних залуу тогшоод цонхоо онгойлготол тамхи байна уу гэж асуухар нь байхгүй гэж хэлээд цонхоо хаасан. Тэгтэл машины цонхыг тухайн залуу 3 удаа хүчтэй цохиод машины хаалга онгойлгоод урд талын суудал дээр суугаад намайг тамхи олж ир пизда минь гэхээр нь би тамхи татдаггүй гэж хэлээд машинаас буу гээд түлхсэн чинь тэр залуу хутга бариад, цэнхэр иштэй хутга байх шиг харагдсан. Гаргаж ирээд над руу далайгаад байсан. Тэгээд би хутгатай гарыг нь бариад нөгөө гараараа толгой руу нь түлхээд машинаасаа түлхсэн, тэгтэл машины урд салон хэсгийг тухайн залуу өшиглөөд сөхчихөөд эвдэлчихсэн, тэгэхээр нь би машинаасаа буулгасан. Тэгтэл тэр залуу миний зүүн талын чамархай, хацар хэсэгт 3-4 удаа цохиод, хутгатай гараараа нуруу хэсэгт 2-3 удаа хутгалсан. Тэр үед ойр орчимд байсан хүмүүс ирээд бид нарыг салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй, одоо миний гомдол санал бүрэн барагдсан, намайг зодсон залуу миний хохирлыг бүрэн барагдуулсан, Б миний машинд суугаад бид ноцолдож эхлэх үед машины урд хайрцаг эвдэрсэн байсан, түүнээс яг эвдэнэ гэж байгаад эвдэлсэн зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг тусламж үйлчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

- иргэн О.Ааас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Б.Б нь саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмд өмссөнөөр харагдаж байх ба цаашид А гэхээр тогтов. А нь хажуудаа байх машин дээр очоод ямар нэг зүйл ярих ба бичлэгийн 50 дахь секундэд уг машины цонхыг 1 удаа баруун тохой хэсгээр цохиж, машиныг хөдөлгөж байх үед нь урд хаалгыг нээж дотор нь сууж байна. Бичлэгийг 3 минут 40 секундэд А нь машинаас бууж ирэн, хохирогч О.Атай /Цаашид Б гэх/ зууралдах ба Б нь А-гийн баруун гарыг өөрийн зүүн гараар барьж дээш нь өргөж байна. Б нь түүнийг өөрөөс нь холдуулах гэж оролдох боловч А нь түүнийг хүчээр илүүрхэж, баруун гараараа хоолой хэсгээс нь заамдаж байгаад 4 минут 22 секундэд зүүн гараараа Б-гийн нүүр хэсэгт 1 удаа цохиж байна. Бичлэгийн 4 минут 40 секундэд А нь Б-гийн баруун нүүр хэсэгт нь 3 удаа, баруун тохой хэсгээр 1 удаа цохиж байна.Хариуд нь Б нь түүнийг нүүр хэсэгт нь 2 удаа цохиж байна, энэ үед хүмүүс хүрч ирэн тэднийг салгаж байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Бын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 3993 дугаартай ”1. О.Аын биед баруун далданд хатгагдсан өнгөц шарх, эрүүнд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх баруун даланд хатгагдсан шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр, нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тооцогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .............. гадаа хохирогч О.Атай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож, хутгаар биеийн хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан хутгаар хүүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг тохирно гэж үзэн,  түүний ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцлийг харгалзан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч О.А нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт үлдээж, 16 см урттай ажлын хэсэг нь 5 см, Columbia гэх бичиглэл бүхий хутгыг шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартайгаар ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээж, 16 см урттай ажлын хэсэг нь 5 см, Columbia гэх бичиглэл бүхий хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ