| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1451 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1451
2025 05 29 2025/ШЦТ/1451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Чингүүн,
шүүгдэгч, хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч, хохирогч Э.У, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2406081600839 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Г.Г
Монгол Улсын иргэн, ................... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадпагын арга хэмжээ авагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч: Д овогт Э.У
Монгол Улсын иргэн, ................ эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Б.................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Г, Э.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ................ байрлах “.......................” гэх нэршилтэй караокены гадна харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Г, Э.У нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт .................... гэх караокены гадна талд харилцан зодолдож хохирогч Э.Уын биед “хацрын төвгөр, эрүү, зүүн тохой, шуу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн доод зовхи, хүзүү, баруун шуунд цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Г.Гын биед “зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөр, хүзүү, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохойд зулгаралт, хүзүү, зүүн чихний дэлбэн, цээжний зүүн суга, нуруу, баруун тохой, зүүн бугалгад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч, хохирогч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-шүүгдэгч, хохирогч Э.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Г гэх залуу найзыгаа өмөөрч шууд миний зүүн нүд рүү өшиглөж мөн нуруу хэсэг рүү өшиглөөд би газар унаад толгой нүүрээ хамгаалтал эд нар бөөнөөрөө над руу дайрч миний биед халдаж намайг зодож байхад манай найз О ирсэн тэгээд бид нарыг салгаад намайг дөнгөж босгоод байж байтал Г дахиад миний шилэн хүзүү хэсэг рүү цохиод тэгээд би бас зөрүүлээд цохиод тэгээд байж байтал удалгүй цагдаагийн маяк дуугарсан ба тэд нар шууд бутраад тарсан ба би энэ Г гэх залууг явуулахгүй гэж барьж авч үлдсэн... Г гэх нэртэй залуу намайг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,
- хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...бид нар 6 ширхэг шорлог аваад идээд зогсож байтал тэр үл таних залуу ирээд үлдэгдэл шорлого бүгдийг нь авъя гээд авахаар нь би чи одоо яасан онгироо юм бэ хамаг шорлог авах юм гэж инээгээд хэлсэн чинь нөгөө залуу бас инээгээд чи авах юм уу гээд тоглоод тэгээд би үгүй ээ авсан юм чинь та өөрөө ав гэж хэлсэн чинь яасан мөнгө төгрөгөө төлж чадахгүй болохоор тэгж байна уу гэж хэлхээр чи одоо яасан онгироо юм гэж би хэлээд идэж байсан шорлогийн төмрөөр баруун мөр хэсэг рүү нь хальт цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж ноцолдож эхэлтэл манай найзууд хажуугаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёр салахгүй унаж босоод нэлээн цохилцоод байж байтал тэр залуугийн дүү гэх хоёр залуу ирж бид хоёрыг бас салгасан ба манай найз Э гэх залуу намайг урагшаа аркаар аваад гарсан ба урд зогсож байтал шорлог зардаг охин ирээд надаас мөнгөө авахаар нь би буцаж нөгөө хоёр найзаа авъя гэж бодоод эргээд очтол нөгөө үл таних залуу манай найз Р доороо хийсэн дээр нь сууж байсан тэгэхээр нь би найзаа авах гээд нөгөө үл таних залууг араас нь татсан чинь хамт явж байсан дүү нь намайг араас бариад салгаад тэгээд би Р найзаа нөгөө залуугийн доороос татаж босготол аркийн хажууд байрлах шатны төмөр хашаанд намайг шахаж зогсоод цагдаа би дуудсан гэж хэлхээр нь зодолдохоо болиод хоорондоо маргаж хэрэлдээд зогсож байсан ба би цагдаа чинь яасан гэхэд удахгүй ирнэ гэхээр нь би цагдаагийн 102 дугаар луу залгаж ирж байна уу гэж асуутал удахгүй очлоо гэж хэлсэн тэгээд яриад дууссаны дараа тэр үл таних залуу чи мөнгө төгрөгөө төлж чадахгүй арчаагүй муу Дн лалар гэж хэл амаар доромжлоод зүүн хөмсөг нүүр хавьцаа гараараа 1 удаа цохисон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
- гэрч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цаана нь Г нэг үл таних залуутай зодолдоод байсан ба ирж болиулаад байж байтал удалгүй цагдаа нар ирээд зодоон хийсэн хоёр хүн нь суу гээд Г тэр саарал цамцтай хоёр хүнийг суулгаад аваад явсан... Э.У гэх хүнийг харсан ба хүзүүндээ ямар нэгэн шинж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 39 дүгээр хуудас/,
- гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд манай найз Г тухайн үл таних эрэгтэй рүү шорлогны төмрөө далайсан чинь тэр үл таних залуу шууд манай найзын хацар хэсэг рүү нэг удаа цохиод тэгээд тухайн зодоон тэгэж эхэлсэн... тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдоод зодолдоод цагдаад өгөхгүй бие биенээ явуулахгүй зэрэг юм яриад тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдоод байж байхад цагдаа нар ирээд гол хоёр зодолдсон хүмүүс суу гээд тэр хоёрыг суулгаад аваад явсан...Тухайн маргааныг анх үл таних залуу үг хаяж эхлүүлсэн ба чи чаддаг юм бол бүгдийг нь авчих зэрэг үг яриа гаргаад байсан. Яг нарийн харсан зүйл байхгүй... Тухайн хүнийг хүзүүндээ зүүлттэй байсан эсэх талаар анзаарч харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
- гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шорлог авч идэж байтал хажуунаас үл таних нэг залуу ярианы голоор орж ирээд та хэд мөнгө төлж идэж чадахгүй байгаа юм уу гэж хэлэхээр нь манай найз Гтай муудалцаад байх шиг байсан би анзаараагүй байж байтал гэнэт түс тас гээд зодоон болоод явчихсан, тэгээд би болон М, Р бид 3 “Г чи боль оо” гээд салгасан чинь тэрхэн зуурт Гийн куртик, цамц 2-ыг ураад хаячихсан байсан. Тэгээд би курти, цамцыг нь аваад Гг загнаад цааш нь аваад явсан. Тэгээд араас М ирээд за хэдүүлээ явъя гэтэл Р байхгүй байсан, буцаад очоод Р авах гэтэл баахан залуучууд Р доороо хийчихсэн байсан, тэгээд та болиоч гээд найз Р салгаж аваад цаашаа явах хооронд Г нөгөө залуутайгаа муудалцаад зодолдоод цаашаа явсан, тэгээд би Р цаашаа холдуулж орхиод эргэж иртэл Г хөмсгөө сэт цохиулсан байсан, тэгэхээр нь би яаж байгаа юм бэ та нар гэж хэлэхэд Гтай зодолдож байсан залуу бидэнд хандаж ........ хэдэн амьсгаа нар минь та нарыг шоронд хатаана гэж хэлж байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...Би зодоон дундуур нь ороод салгаж байхад надад тийм гинж ер харагдаагүй. Намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14156 дугаартай “Г.Гын биед зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөр, хүзүү, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн тохойд зулгаралт, хүзүү, зүүн чихний дэлбэн, цээжний зүүн суга, нуруу, баруун тохой, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх
дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14146 дугаартай “Э.Уын биед зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн тохой, шуу, зүүн өвдөгт зулгаралт, зүүн доод зовхи, хүзүү, баруун шуунд цус хуралт, зүүн доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдпоо.” гэх дугнэлт /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
- хохирогч Э.Уын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт: “Хохирогч Э.Уын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоов.” /хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,
- хохирогч Г.Гын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт: “Хохирогч Г.Гын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоов.” /хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/
- гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 26- ны өдрийн тэмдэглэл, дуудпагын лавлагааны хуудас зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Г.Г, Э.У нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ....................... гэх нэршилтэй караокены гадна талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул тэдгээрийг тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг тохирно гэж үзэн, уг ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг нь харгалзан өдөрт 5 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У нь “...тухайн өдөр би хүзүүндээ зүүж байсан монетон гинжээ Г.Гтай харилцан зодолдох үедээ алдсан. Тухайн монетон гинж 3.161.000 төгрөгийн үнэтэй болох үнэлгээ гарсан. Үүнийгээ нэхэмжилж байна” гэв.
Э.Уын хүзүүнд зүүж байсан гэх монетон гинж нь Г.Гтай харилцан зодолдсоны улмаас алга болсон гэх шууд шалтгаант холбоотой эсэх нь камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Мөн Э.Ут ямар төрлийн, ямар хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэтэй гинж байсан эсэхийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна тиймээс уг хохирлыг Г.Гаас гаргах үндэслэлгүй гэж шүүх үзэв. Түүнчлэн тус эд зүйлийн үнэлгээг гаргахад зарцуулсан гэх 108.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г, Э.У нар нь бие биедээ гомдолтой гэх боловч хохирол төлбөрийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул тэдгээрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г, Э.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Г.Г, Д овогт Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
Шүүгдэгч Э.Уыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Э.У нарыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хохирогч Э.Уын нэхэмжилсэн монетон гинж болон үнэлгээ гаргуулсан хөлс 108.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Г, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ