| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1214/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1401 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1401
2025 05 26 2025/ШЦТ/1401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Г.Б,
нарийн бичгийн дарга Б.Балдырган нарыг оролцуулан эрүүгийн 2506000000544 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б ургийн овогт Г.Б
Монгол Улсын иргэн, .................... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, .......................... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Б нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч хохирогч Т.Од хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................. тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч хохирогч Т.Оыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүр хэсэгт гараараа цохиж биемахбодид нь “зүүн нүдний алим, дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би уг тогтоолтой уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би ажлаа тараад .............. тоотод гэртээ хүрээд ирэх үед манай эхнэр архи уусан байдалтай байсан. Тэгэхээр нь түүнтэй муудалдаж нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон тэгээд бид нарыг чанга, чанга хэрэлдээд байхаар манай хөршүүд цагдаа дуудсан байсан. Манай эхнэр нь архи уугаад хүүхдүүддээ харахгүй байсан болохоор мөн би тухайн өдөр ажил ихтэй ядарсан байсан болохоор тэгж надад болон хүүхдүүддээ ингэж хандаж байгаад нь дургүй хүрсэн юм. Би тухайн үед гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Дахин тийм үйлдэл гаргахгүй байх тал дээр анхаарч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
- хохирогч Т.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би ........... тоотын (нэрийг мэдэхгүй) нэг танил эгчтэй 0.75 литрийн Хараа нэршилтэй цагаан архийг хоёулаа хувааж ууж сууж байгаад би гэртээ оройхон орсон. 22 цагийн үед нөхөр болох Б нь ажлаа тараад хүрээд ирсэн. Чи яагаад архи дарс уугаад байгаа юм бэ гээд уурлаад нэг удаа миний зүүн нүд хэсэгт цохисон тэгэхээр нь би айгаад цагдаа дуудчихсан. Тухайн нийтийн байрны эгч гараад явчихсан байсан ба гэрт манай 1-4 насны 2 хүүхэд маань байсан. Тухайн үед манай нөхөр болох Б нь нийтийн байрны эгчийн авч ирсэн 0.75 литрийн цагаан архинаас бага зэрэг уусан байсан тухай архийг ууж дууссаны дараа манай нийтийн байрны эмэгтэй гэрээс гараад явсны дараа манай нөхөр над руу уурлаад намайг цохисон. Тухайн үед гэрийн эд зүйл эвдэрч сүйдээгүй. Миний биед зүүн нүд хөхөрсөн байсан. Гомдол санал байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Нөхөртэйгөө 2021 оноос хойш хамт амьдарч байна дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- хохирочг Т.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “Бид хоёр 2020 онд танилцаад 2021 оноос хойш цуг амьдарч байгаа энэ хугацаанд манай нөхөр болох Б нь намайг зодсон цохисон зүйл байхгүй. Тус үйл явдлаас болоод эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч М.Золжаргалын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3546 дугаартай “1. Т.Оы биед зүүн нүдний алим, дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь нийлээд болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий буюу хамтран амьдрагч хохирогч Т.Оы биед халдаж, зодсон буюу шууд санаатайгаар хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь тохирно гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Бын өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Быг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ