Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1108

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00941 дүгээр шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Е.Ү” ХХК--д холбогдох, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам, 73 А тоот байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 дугаар давхар, 28 тоот, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.А-ад хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А-ын нэр дээр гаргуулахыг “Е.Ү” ХХК--д даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.А- нь “Е.Ү” ХХК--ийн захирал Д.З-тэй харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №035/038 дугаартай Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 73а тоот байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орцны 28 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан. Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-д ... 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор ашиглалтад оруулна., мөн гэрээний 3.4-д ... “хөрөнгө оруулалтыг бүрэн хийсний дараа хөрөнгө оруулагчид орон сууцыг хүлээлгэж өгнө”., 1.3-д “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэнээр орон сууцны өмчлөх эрх захиалагчид шилжинэ” гэжээ. Тухайн барилга ашиглалтад орсон боловч барилгын компани нь өнөөдрийг хүртэл Б.А-ад орон сууцыг хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч тодорхой шийдэл гаргахгүй байгаагаас миний эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээний 1.2, 1.3, 3.4, 3.6, 4.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 73а тоот байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орцны 6 дугаар давхар, 28 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-ад хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.А-ын нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч “Е.Ү” ХХК--д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Е.Ү” ХХК--ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь М ХХК-ийн захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам дагуу баригдах 73А дугаар орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулан ажилласан. Гэтэл “Е.Ү” ХХК- нь ажил гүйцэтгэгч байж захиалагч М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бусдад орон сууц худалдах, төлбөрт тооцон шилжүүлэх эрхгүй, ийм эрх олгосон итгэмжлэл, төлөөлөх эрх байхгүй гэж үзэж байна. Тухайн үед уг гэрээг Б.А-тай байгуулах болсон шалтгаан нь “УББУ” ХХК-ийн захирал Б.Оюуны зүгээс удаа дараа намайг гэрээ байгуулаад өгчих гэж гуйгаад шахаад байхаар нь адилхан гүйцэтгэгч учраас “Е.Ү” ХХК--ийн зүгээс гэрээ байгуулж болно гэж ойлгосон, дараа нь надаас гэрчилгээ авахаар шаардана гэж ойлгоогүй. Хэлцлийн агуулгаа буруу ойлгож, ноцтой төөрөгдсөн байна. Нэхэмжлэлээс үзвэл Б.А- нь орон сууцны гэрчилгээ гаргуулахаар “УББУ” ХХК-ийн захирал Б.О, эсхүл захиалагч М ХХК-тай гэрээ байгуулах ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл, “Е.Ү” ХХК- нь Б.А-тай гэрээ байгуулах эрхтэй этгээд биш юм. Гэтэл Б.А-ын гэрчилгээ гаргуулахаар шаардаад байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаар байрны 28 тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууц нь анхнаасаа захиалагч М ХХК болон гүйцэтгэгч “УББУ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон эд хөрөнгө байна. Нэхэмжлэгч Б.А- нь “УББУ” ХХК-ийн захирал Б.О-тай тохиролцсоны дагуу 73а дугаар орон сууцны барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл захиалгын гэрээг үндэслэн Б.О-тай тохиролцсон ажлын хөлсөө манай “Е.Ү” ХХК--аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.А-ын гэрчилгээ гаргуулахаар шаардаад байгаа 73а дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 28 тоот, 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч М ХХК болон гүйцэтгэгч “УББУ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг тул нэхэмжлэгч Б.А- нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Захиалагч М ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаартай орон сууцнуудын бүх гэрчилгээг улсын бүртгэлийн газраас гаргаж өгөөгүй байгаа. Нэгэнт гараагүй, байхгүй зүйлийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.А-аас хариуцагч “Е.Ү” ХХК--д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “УББУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр М ХХК болон “Е.Ү” ХХК--ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар №24 тоот “Е.Ү” ХХК- болон “УББУ” ХХК хооронд 150 000 000 төгрөгний ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан. Энэ гэрээний дагуу 68 000 000 төгрөгийн үнэ бүхий байрыг “Е.Ү” ХХК--аас “УББУ” ХХК-д шилжүүлэх гэрээ, үүний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. 1 өрөө байр авах эрх нь үүссэн. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тусгайлан “УББУ” ХХК болон М ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу тухайн 28 тоот орон сууцыг хүлээж авсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ болон төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 5.2 дэх хэсэгт тусгайлан зааж өгсөн. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 73А байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 давхар, 28 тоот, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шилжүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа Б.А-тай байгуулсан гэрээг “УББУ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар мэдэхгүй. “Е.Ү” ХХК- нь Б.А-ад 28 тоот байрыг яагаад өгсөн нь тодорхойгүй байна. Ерөнхий захиалагч М ХХК нь тухайн 28 тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууцыг “УББУ” ХХК-д өгсөн атал “Е.Ү” ХХК- нь ерөнхий гүйцэтгэгч нь байж 28 тоот байрыг М ХХК-аас шилжүүлж аваагүй байж Б.А-ад шилжүүлнэ гэж гэрээ байгуулж болохгүй. “УББУ” ХХК нь 28 тоотын хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль ёсны үндэслэл байна. Хариуцагч “Е.Ү” ХХК--ийн захирал Д.Загарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хариу тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн нэмэлт хариу тайлбар байгаа тодруулсан нэмэлт тайлбар дээрээ “УББУ” ХХК-ын захирал н.Оюун гэдэг хүн удаа дараа гуйсны улмаас хайнга хандаад гарын үсэг зураад гэрээ байгуулсан гэжээ, мөн эхний хариу тайлбар дээрээ Б.А- ирээд н.Оюун эгчтэй гэрээ байгуулах гэсэн чинь болсонгүй. Та надтай гэрээ байгуулчихаач гэсэн гэх тайлбар гаргажээ. Үүнээс харахад хариу тайлбар нь зөрж байна. Хоёр хариу тайлбар дээрээ хариуцагч нь 28 тоотыг “УББУ” ХХК-д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө Б.А-ад шилжүүлсэн байгаа үйлдэл нь залилангийн шинжтэй байна. Б.А- болон “УББУ” ХХК-ийн хооронд өр төлбөр байгаа бол Б.А- “УББУ” ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй, хуулийн дагуу 28 тоотыг Б.А-ад шилжүүлж өгнө гэсэн гэрээ байгаа бол шилжүүлж өгнө. “УББУ” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байгаа 28 тоот байрыг “Е.Ү” ХХК- нь Б.А-ад шилжүүлж өгсөн. Энэ үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас гуравдагч этгээдээр орж ирсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гол шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бие даасан шаардлага гаргаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаар байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 дугаар давхрын 28 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-ад хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.А-ын нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч “Е.Ү” ХХК--д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 595 345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "хууль ёсны буюу үндэслэл бүхий" байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал, Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт:”.. захиалагч 'Мавангүй' ХХК нь туслан гүйцэтгэгч "УББУ” ХХК-д нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 'Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ' байгуулж, 'УББУ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14-р хороо, 73а байрны 28 тоот, 47,38 тоот орон сууцыг 75 808 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна... тухайн маргаан бүхий 28 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь 'Мавангүй' ХХК байна ... хариуцагч "Есөн үө” ХХК нь өөрийн өмчлөлийн биш, захиран зарцуулах эрхгүй орон сууцыг нэхэмжлэгч Б.А-ад шилжүүлэхээр гэрээ байгуулсан..... хариуцагч "Есөн үө' ХХК биш...' гэжээ. Нэхэмжлэгч Б.А- нь "Есөн үе" ХХК, Ерөнхий захирал Д.Загарсүрэнтэй 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, №035/038 дугаартай "Орон сууц эахиалгын хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 14-р хороо. Нарны замын 73А тоот байр, 1-р корпус, 1-р орц, 6 давхар 28 тоот, 47,38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан. Энэхүү гэрээг байгуулахдаа С.Оюуны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "Есөн үе" ХХК-д хүсэлт гаргах нь" гэсэн бичгийг нотариатаар батлуулж өгсөн бөгөөд энэхүү бичгийг талууд гэрээ байгуулах үндэслэл болгосон байдаг. Тодруулбал, “М" ХХК нь маргаан бүхий байрыг “УББУ” ХХК-д шилжүүлсэн. 'УББУ” ХХК нь нэгэнт байрыг" шилжүүлж авсан учраас С.А гэрээгээр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүхээс үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан нь учир дутагдалтай юм. Иймд дээр дурдсан нехцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “Е.Ү” ХХК--д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам, 73 А тоот байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 дугаар давхар, 28 тоот, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.А-ад хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А-ын нэр дээр гаргуулахыг “Е.Ү” ХХК--д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 24, 46-47 дугаар тал/

 

            Хариуцагч “Е.Ү” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... “Е.Ү” ХХК- нь ажил гүйцэтгэгч байж захиалагч М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бусдад орон сууц худалдах, төлбөрт тооцон шилжүүлэх эрхгүй, ийм эрх олгосон итгэмжлэл, төлөөлөх эрх байхгүй. Нэхэмжлэгч Б.А- нь тус 73а тоот орон сууцны барилгын заслын ажлыг “УББУ” ХХК-ийн захирал Б.О-тай гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн. Б.Оюуны зүгээс удаа дараа намайг гэрээ байгуулаад өгчих гэж гуйгаад шахаад байхаар нь адилхан гүйцэтгэгч учраас “Е.Ү” ХХК--ийн зүгээс гэрээ байгуулж болно гэж ойлгосон. Маргаан бүхий орон сууцыг захиалагч М ХХК болон гүйцэтгэгч “УББУ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон, барилгын ажил дуусаад тухайн орон сууцыг “УББУ” ХХК хүлээгээд авчихсан. Орон сууцны гэрчилгээ одоо болтол гараагүй. Иймд нэхэмжлэгч Б.А- нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг М ХХК, эсхүл “УББУ” ХХК-аас шаардах ёстой” гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаар байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 дугаар давхар, 28 тоот, 47.38 м/кв талбайтай, 73,439,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг “Е.Ү” ХХК- нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор ашиглалтад оруулж, Б.А-ын өмчлөлд шилжүүлэх, захиалагч Б.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хар, цагаан замаскны ажлын хөлсөнд 100% бартер хийсэн болно. Тохирсон графикт хугацааны дагуу төлбөр тооцоог 100% хийсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ захиалагч болох Б.А-ын нэр дээр гарах болно гэж тохиролцсон байх боловч уг гэрээ бодитой хэрэгжээгүй байна. /хэргийн 4-7 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд “Е.Ү” ХХК- болон М ХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1 тоот Барилгын гадна, дотор өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээ, хариуцагч “Е.Ү” ХХК- нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “УББУ” ХХК-ийн хооронд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагджээ. /хэргийн 28-31, 50-53 дугаар тал/

 

            Түүнчлэн, туслан гүйцэтгэгч “УББУ” ХХК нь үндсэн захиалагч М ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулжээ./хэргийн 55-57 дугаар тал/

 

            Улмаар үндсэн захиалагч М ХХК, туслан гүйцэтгэгч “УББУ” ХХК-иуд нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулж “УББУ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 73а дугаар байрны 28 тоот, 47.38 тоот орон сууцыг 75 808 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна./хэргийн 59 дүгээр тал/

 

            Мөн уг байр нь хариуцагч “Е.Ү” ХХК--ийн өмчлөлийн зүйл биш болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ДТ 14/64 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1343/2017 тоот Техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 428/18 тоот Техникийн нөхцөл, “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн TH-D447/2018 тоот Техникийн нөхцөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 81-92 дугаар тал/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 7/1203 тоот албан бичиг, гэрч Г.Г-ийн мэдүүлгээс үзвэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаар байрны 28 тоот орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна./хэргийн 45, 98-104 дүгээр тал/

 

            Түүнчлэн, хариуцагч “Е.Ү” ХХК- нь өөрийн өмчлөлийн биш, захиран зарцуулах эрхгүй орон сууцыг Б.О хүсэлтээр нэхэмжлэгч С.А шилжүүлэхээр гэрээ байгуулсан, харин М ХХК нь өөрийн захиалан бариулж буй маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 73а дугаар байрны 28 тоот, 47.38 м.кв орон сууцыг туслан гүйцэтгэгч “УББУ” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсөнд буюу 75 808 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулж, орон сууцны барилгын ажил дуусч тухайн орон сууцыг “УББУ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь гэрч Г.Г-ийн “... “УББУ” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийж дууссан тул 28 тоот 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд нь тооцоод хүлээлгээд өгчихсөн” гэх мэдүүлэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “УББУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш-гийн “... 28 тоот орон сууцыг хүлээгээд авчихсан, одоо тухайн байранд төлбөрөө төлсөн хүмүүс нь амьдарч байгаа” гэх тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь бодитойгоор талуудын өмнө үүрэг үүгээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээний дагуу орон сууцны төлбөрт замаскийн ажил хийж гүйцэтгэн хариуцагч “Е.Ү” ХХК--д өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзнэ. Учир нь хэргийн 27 дугаар талд авагдсан “УББУ” ХХК-ийн захирал Б.Оюуны зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч “Е.Ү” ХХК--иас нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэх үүрэг үүсээгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь “УББУ” ХХК-ийн захирал Б.О-аас нэхэмжлэгч Б.А- нь авлагатай, “УББУ” ХХК нь “Е.Ү” ХХК--аас авах авлагаа Б.А-ад шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч нь бартераар худалдан авсан орон сууцыг гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Иймээс давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00941 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “274 дүгээр зүйлийн 274.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595 345 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ 

 

                                             ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                                       С.ЭНХТӨР