Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/41

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.Отгонбат, Б.Мөнхдалай

хохирогч О.Отгонбат, Б.Мөнхдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Очирын Отгонбат, Тулга овгийн Батсуурийн Мөнхдалай нарт холбогдох эрүүгийн 201708000075 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Баянбулагийн 3-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЗН72041116 дугаарын регистртэй, Тулга овгийн Батсуурийн Мөнхдалай,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Шандан-Овоот гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ83081539 дугаарын регистртэй, Боржигин овгийн Очирын Отгонбат,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Мөнхдалай нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Хэрлэнгийн гудамжны зүүн үзүүрт согтуугаар иргэн О.Отгонбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар дух хэсэгт нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч О.Отгонбат нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Хэрлэнгийн гудамжны зүүн үзүүрт согтуугаар иргэн Б.Мөнхдалайтай хувийн таарамжгүй харьцааны маргалдан улмаар зодож биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Мөнхдалай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ:

            ... 2017 оны 05 дугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэрлэнгийн эгнээний баруун үзүүрт байдаг машин дугуй засвар луу дүү дээрээ очих гээд явж байсан. Тэгээд очих үед машин дугуй засвар нь хаалттай байсан. Тэгээд О.Отгонбаттай таараад уулзаагүй удсан байна гээд дэлгүүр орж 1 шил 0.75 литр архи авсан. Бид 2 архиа ууж нутаг орны талаар ярьсан. Говьсүмбэр аймагт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хүмүүс их байдаг гэж ярьж байгаад муудсан. Тэгээд О.Отгонбат нь намайг барьж аваад 1 удаа цохьсон, би зөрүүлээд 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 муудаж байхад цагдаагийн машин ирээд бид 2-ыг аваад явсан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй. Хажуу талын хашааны айлын хүмүүс дуудсан байх... гэв.

 

  1. Шүүгдэгч О.Отгонбат шүүхийн хэлэлуүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ:

           ... Би 2017 оны 05 дугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэрлэнгийн эгнээний машин дугуй засварын газраас дугуй хайгаад явж байгаад Б.Мөнхдалай ахтай таараад 1 шил архи хувааж уугаад согтсон байсан. Тэгээд нутаг усны  талаар ярьж маргалдаад бид 2 барилцаж аваад би Б.Мөнхдалай ахыг шанааны хэсэгт нь 1 удаа цохьсон. Б.Мөнхдалай ах миний цээж рүү гараараа 1 удаа цохьсон. Би зөрүүлээд 2 удаа нүүрэн хэсэгт нь цохьсон. Тэгээд Б.Мөнхдалай ах дух руу 1 удаа гараараа цохиж миний дух хэсгээс цус гарч бид 2 муудалцахаа больсон... гэв.

 

3. Хохирогч Б.Мөнхдалай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд би Сүмбэр сумын 2 дугаар баг Хэрлэнгийн эгнээний зүүн үзүүрт байдаг дугуй засварт ажилдаг эхнэрийнхээ дүүтэй уулзахаар очиход дүү байхгүй байсан. Тэгээд явах гээд байж байтал танил дүү Отгонбат хүрээд ирсэн. Отгонбаттай уулзаад бид 2 ойрд уулзаагүй юм чинь 1 шил архи хувааж ууя гээд Чандмань дэлгүүр лүү таксидаж очоод 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад буцаад таксигаараа дугуй засварлуу ирсэн. Тэгээд бид 2 дугуй засварын хойд талд сууж байгаад авсан архиа хувааж уусан.  Архи ууж байгаад бараг дуусахын алдад намайг нутгийн хүмүүсийнхээ талаар ярьж байтал Отгонбат  би Чойрын унаган хүүхэд шүү гээд над руу уурлахаар нь чи яахаараа надад ууралдаг юм гээд бид 2 маргалдаад эхэлсэн. Би Отгонбатыг чи муу бацаан надтай ингэж ярих болоогүй шүү гэхэд тэр босож ирээд намайг заамдаад авахаар нь би түүнтэй барилцаад ноцолдсон. Ноцолдож байхад Отгонбат гараараа намайг нүүр лүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний дух руу нэг удаа гараараа цохисон чинь түүний духнаас цус гарсан. Шалбарааад цус гарчихаар нь бид 2 зодолдохоо болиод хэрэлдээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Өөр болсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хийн 14 дүгээр хуудас/

 

4. Хохирогч О.Отгонбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим би Сүмбэр сумын 2 дугаар баг Хэрлэнгийн эгнээний зүүн үзүүрийн дугуй засвар дээр зарах дугуй байгаа эсэхийг асуухаар очтол танил ах Мөнхдалай байж байсан. Мөнхдалай ахтай  уулзаад бид хоёр 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи Чандмань дэлгүүрээс аваад буцаад дугуй засвар луу хүргүүлсэн. Тэгээд дугуй засвар дээр очоод хойд талд нь сууж байгаад нөгөө авсан архиа хувааж уусан. Ууж байгаад бид 2 нилээн согтоод ирсэн. Бид 2 тухайн үед нутаг усныхаа талаар ярьж байгаад Мөнхдалай ах “ Чойрын дийлэнх хүмүүс нь Цагаандэлгэрийн гаралтай хүмүүс байна яг унаган Чойрын хүүхдүүд гэж одоо байхгүй “ гэхээр нь миний уур гэнэт хүрээд “ Би Чойрын унаган хүүхэд шүү” гээд бид 2 маргалаж эхэлсэн. Мөнхдалай ах намайг чам шиг бацаан надтай ингэж харьцах болоогүй шүү, чи муу зүгээр байгаарай бацаан минь гэхээр нь миний уур хүрээд  босоод дүүнийг заамдаж аваад бид 2 ноцолдсон.  Тэгээд ноцолдож байгаад би гараараа түүний нүүр лүү нэг удаа цохисон. Мөнхдалай ах зөрүүлээд миний цээж рүү нэг удаа цохиод дахиад цохих гээд дайрахаар нь би түүний баруун шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон.  Мөнхдалай ах зөрүүлээд гараараа миний дух руу нэг удаа цохисон чинь миний духнаас цус гараад бид 2 салцгаасан. Тэгээд бид 2 хэрэлдээд байж байсан цагдаа ирсэн. Өөр болсон зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

  

5. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот дүгнэлтэнд:

- О.Отгонбатын биед духанд шарх бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 20 дугаар хуудас/

 

6. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201 тоот дүгнэлтэнд:

- Б.Мөнхдалайгийн биед зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод зовхи хүзүүнд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 20 дугаар хуудас/

 

7. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5-6 дугаар хуудас/

 

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

     Хохирогч  болон шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэг маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нарт ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,  286,  294, 295-297, 298, 299 дүгээр  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тулга овогт Батсуурийн Мөнхдалай, Боржигон овогт Очирын Отгонбат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201708000075 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй  болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхдалай, О.Отгонбат нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ