| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1383 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1383
2025 05 23 2025/ШЦТ/1383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Х.С,
шүүгдэгч Т.Г,
шүүгдэгч Д.Х,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2206061432427 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: О ургийн овогт Т.Г
Монгол Улсын иргэн, ............... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-5, эцэг, эх 2 дүүгийн хамт ................. оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч: Н ургийн овогт Д.Х
Монгол Улсын иргэн, ................... эрэгтэй, тусгай дунд боловсролтой цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-2, хүүхдийн хамт .............. оршин суух хаягтай,
Урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч: А ургийн овогт Х.С
Монгол Улсын иргэн, .................. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай,
Урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Х.С, Т.Г, Д.Х нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.С, Ю.Х, Г.М нартай маргалдаж, улмаар биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Х.С, Т.Г, Д.Х нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.С, Ю.Х, Г.М нартай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдан зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрөөд Зүүн 4 зам Сансрын тунелийн зүүн талд байрлах /нэрийг нь санахгүй байна/ караокед 10 жилийн ангийн найзуудтайгаа уулзсан. Уулзаад караокед дуулаад хүний 2 лааз пиво ууцгаасан. Караокенаас 01 цаг 30 минутын үед гараад Айлофт бааранд бүгдээрээ орсон. Бааранд ороод 1 шил виски аваад уугаад, бүжиглэсэн. 03 цаг өнгөрөөд баарнаас гараад найзуудыгаа хүргэж өгөх гээд такси бариад Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр буугаад найз Быг гэрт нь оруулж өгөхөөр хойш зам гараад явж байтал хөх өнгийн “Toyota prius-41” загварын ............. улсын дугаартай автомашинтай 6 залуу хажуугаар зөрөхдөө нэг хүнийг таних уу гээд нэрийг нь хэлээд асуугаад байсан. Тухайн үед Х, М, Б, Д бид 5 явж байсан бөгөөд танихгүй гэж хэлчихээд цаашаа явж байхад нөгөө машинтай залуучууд Мын хажууд зэрэгцэж юм яриад явж байснаа урд явж байсан М руу зургуулаа зэрэг дайрсан. Тухайн үед М юу ярьсан талаар би мэдэхгүй. Бид нар согтолтын зэрэг дунд зэрэг, өөрсдийгөө хянах чадвартай байсан. М руу дайраад зодох үед нь би араас нь гүйж очоод салгах гэтэл 170 см өндөртэй, махлагдуу биетэй хар өнгийн хувцастай 30 орчим настай залуу миний зүүн талын шанааны орчимд гараараа нэг удаа савж цохьсон. Тэгэхээр нь би тэр хүнийг хавирч унагаасан. Дараа нь нэг залуу ирээд миний араас татаад газарт унагаад 3-4 залуу миний толгой тус газарт өшиглөсөн. Цохиулсаны дараа миний ухаан балартаж эхэлсэн ба түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 222 дугаар тал/,
- хохирогч Ю.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20-21 цагийн үед 10-н жилийн найзуудтайгаа Сансрын “Пойникс” нэртэй караокед уулзаад 2 цаг дуулсан. Манай найзууд пиво уусан. Би ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэндээсээ 00 цаг өнгөрөөд 12 дугаар сарын 04-нд шилжих үед гараад талбайн хажуугийн Айлофт бааранд орж бүжиглэнгээ виски уусан. Би бас уугаагүй бүжиглэж байгаад баар хаах үеэр 05 цаг гээд гараад ангийнхаа Б, М нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр таксигаар ирээд Мыг Л гэрт нь оруулж өгөхөөр явсан. С, М бид гурав Быг гэрт нь хүргэж өгөх гээд зам дагуу хойш алхаж байтал цэнхэр өнгийн prius 41 маркийн, ......... улсын дугаартай автомашинтай 6 залуу дэргэд ирж зогсоод жолооч нь цонхоо буулгаад Мын нэг хүнийг таних уу гээд нэрийг нь хэлээд асуухаар нь тоохгүй, юм дуугарахгүй алхаж явсаар байгаад ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийн урд талд байрлах байранд Быг хүргээд гэрт нь оруулж өгтөл нөгөө машинтай залуучууд араас хүрээд ирсэн. Машинаасаа бууж ирээд М руу бөөнөөрөө дайрч зодох үед би очоод эвээр салгах гэж оролдсон боловч өөдөөс цагаан эрээн куртик өмссөн, 28-30 орчим насны, туранхай, 175 см орчим өндөртэй залуу баруун гараараа миний зүүн нүдний орчимд нэг удаа цохиод, хэсэг намжсаны дараа С дээр бөөнөөрөө очиж зодсон. Тэр үед нь дахиж салгах гэж очоод гуйтал шар өнгийн халимаг үстэй, 160 см орчим өндөртэй, 25-26 орчим насны залуу миний зүүн нүдний орчимд баруун гараараа нэг удаа цохьсон. Дараа нь би газарт хэвтчихсэн чинь нэг залуу нь миний нүүрэн тус газарт 5-6 удаа өшиглөөд байсан. Би газарт хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа босоход нөгөө залуучууд үг хэлээр өдөж байгаад явцгаасан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
- хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед Сансрын "Пойникс" нэртэй караокед найзуудтайгаа уулзаад 2 цаг дуулсан. Тэгэхдээ бага зэргийн пиво уусан. Тэндээ 4 цаг орчим болоод 12 дугаар сарын 04-нд шилжих үед 01 цаг өнгөрөөд гараад талбайн хажуугийн Айлофт бааранд орж бүжиглэнгээ виски усан. Би вискинээс уугаагүй. Бүжиглэж байгаад баар хаах үеэр 05 цаг гээд гараад ангийнхаа хоёр охин болох Б, М нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Монгол кино үйлдвэрийн автобусны буудал дээр таксигаар ирээд Мыг Л гэрт нь оруулж өгөхөөр явсан. С, Х бид гурав Батдолгорыг гэрт нь хүргэж өгөх гээд зам дагуу хойш алхаж байтал цэнхэр өнгийн “prius 41” загварын .......... улсын дугаартай автомашинтай 6 залуу дэргэд ирж зогсоод жолооч нь цонхоо буулгаад Мыг таних уу гээд асуухаар нь танихгүй гэж хэлчихээд юм дуугарахгүй явсаар байгаад ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийн урд талд байрлах байранд Б хүргээд гэрт нь оруулж өгчихөөд эргээд хартал нөгөө машинтай залуучууд хажууд ирж зогсоод танихгүй энэ тэр гээд байна уу гээд бөөнөөрөө бууж ирээд 168 орчим см өндөртэй, махлагдуу биетэй.цагаан өнгийн ноолууран маягийн хувцастай, 28-29 орчим насны эрэгтэй миний хоёр гарыг бариад таних уу гээд байгаа юм биш үү гэхээр нь танихгүй гээд байна шүү дээ яасан гэхэд өөдөөс миний гарыг барьсан залуу миний баруун талын эрүүний орчимд гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь өөр нэг нь хойд талаас хавирч унагаад өшиглөөд эхэлсэн. Намайг өндийгөөд хартал манай хоёр найз өөдөөс нь ирж байсан ба нөгөө залуучууд нь намайг орхиод манай хоёр найз руу очсон. Дараа нь манай найз Сийг нэг залуу нь /сайн санахгүй байна/ зодож байхаар нь босоод гүйгээд очтол дахиж нэг нь барьж аваад газарт унагаад өшиглөж эхэлсэн ба тэр хүмүүсийн өмсөж явсан хувцас болон царайг нь санахгүй байна. Дараа нь Л гүйж ирэх үед нөгөө машинтай залуучууд дахиад барилцаж аваад зодолдож байгаад машинтай залуучууд дахиад барилцаж аваад зодолдож байгаад машинтай залуучууд машинруугаа алхаж байсан. Миний баруун дээд нэг шүд хөдөлдсөн, баруун хацар дээр зуолгарсан шархтай, толгойн ар хэсэгт өвчтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 214-215 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16468 дугаартай: “Ю.Хийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 123-124 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16464 дугаартай: “М.Сийн биед хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацарт шарх, баруун, зүүн, доод бага арааны ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлтээр гаргасан 61 дугаартай: “М.Сийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийлгэсэн толгойн КТГ-н зургийг давтан шинжпүүлэхэд өмнөх 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16464 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нэмэгдэхээр гэмтэл, өөрчлөлт илэрсэнгүй. Өмнөх дүгнэлтэд тусгагдсан хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын шарх, баруун, зүүн, доод бага арааны ирмэг эмтэрсэн гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 155-156 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16466 дугаартай: “Г.Мын биед тархи доргилт, духанд зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хоёр хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, дээд үүдэн 1 шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.С, Т.Г, Д.Х нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.С, Ю.Х, Г.М нартай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар санаатайгаар биед нь хууль бусаар халдан зодож хохирогч бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирлоо төлж барагдуулсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэл эдэлж байсан болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г, Д.Х, Х.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тэдгээрийн орлого олох боломж, өөрсдийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч М.Сийн өмгөөлөгч Л.Сарангуа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шүүгдэгч тус бүрээс 100.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг гаргуулж, хохиролгүй болсон тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд хохирогчийг болон өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй болно” гэжээ.
Хохирогч Ю.Х, Г.М нар нь шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О ургийн овогт Т.Г, Н ургийн овогт Д.Х, А ургийн овогт Х.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс дээш хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Х, Х.С нарыг тус бүр 1200 /мянга хоёр зуун/ нэгж буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгч Т.Г, Д.Х, Х.С нарыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус бүр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Т.Г, Д.Х, Х.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Г, Д.Х, Х.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ