| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/1444/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1689 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1689
2025 6 30 2025/ШЦТ/1689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч М.Ариунцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш-ийн Тд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь 2025 оны 3 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө ************* нутаг дэвсгэрт баригдаж буй “************* ” хотхоны А1 барилгын В1 буюу подвалаас хохирогч П.Оын эзэмшлийн 162 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,159,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ********** дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р хуудас/, хохирогч П.Оын мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, гэрч П.Дгийн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Дамно” хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /цахилгааны утас 3,159,000 төгрөгөөр үнэлсэн/ /хх-ийн 57-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ш.Тд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ш.Т нь 2025 оны 3 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө ************* нутаг дэвсгэрт баригдаж буй “************* ” хотхоны А1 барилгын В1 буюу подвалаас хохирогч П.Оын эзэмшлийн 162 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,159,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9-р хуудас/,
- Хохирогч П.Оын: “...би Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, “************* ” гээд баригдаж байгаа барилгын харуул хамгаалалтын дарга хийдэг. Би 2025 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 7 цагийн үед ажилдаа ирээд ажлаа хийж байсан. Манай цахилгааны инженер над руу залгаад А1 барилгын подволоос цахилгааны утас алга болсон байна гэж хэлсэн. Очиж шалгахад нийт 13 утсыг дундаас нь таслаад 162 метрийн урттай цахилгааны утас хулгайлаад аваад явсан байсан. Манай цахилгааны инженер цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,
- Гэрч Б.М-ийн ... Би 2025 оны 3 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар xopoo “************* ” хотхоны баригдаж байгаа барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Орой 20 цагийн үед тог тасарсан. Барилга тогтой хэрнээ, гадаа талбай тоггүй байсан. би Түшиг-ирээдүй гээд хамт ажилладаг ажилтантайгаа барилгын шийдийг хайж олоход нэг давхарт байсан ба унасан шийд байгаагүй. Тэгээд Түшиг-Ирээдүй шуурхай руу яриад тог тасарсан гэж хэлсэн байсан.... би өөрийнхөө постонд шөнийг өнгөрөөсөн. Тэгээд 07 цаг өнгөрөөгөөд барилгын ажилчид ирж эхэлсэн. Манай ХАБ-н инженер ирээд цахилгааны хүн дуудаад барилгын Б1 давхараас цахилгааны утас алга болсоныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
- Гэрч П.Дгийн: “...би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Бугат Алтай ХХК-д нягтлангийн ажил хийж байгаа. Энэ данс нь манай байгууллагын захирал Б. Идүүрийн данс байгаа юм. Манай байгууллага бэлнээр болон дансаар мөнгө өгдөг ба дансаар мөнгө шилжүүлэхдээ захирлын данснаас явуулдаг. Ажил дээрээ энэ дансыг би ашиглаж орлого зарлагыг хянадаг.... тухайн хоёр гүйлгээг харахад 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т гэх хүн хаягдал гялгар зэс авчирч тушаагаад дансаа үлдээгээд явсан. Манай байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тухайн данс руу 1,603,000 төгрөг, 240,000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь Т нь хоёр удаа гялгар цэс авчирсан юм. Тэрний мөнгийг нь тасалж явуулсан. Хэдэн метр гэдгийг бол мэдэхгүй манай байгууллага хоёрдогч түүхий эдээ жинлэж авдаг. Тухайн хүн нийт 76,8 кг зэс тушаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
- 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /цахилгааны утас 3,159,000 төгрөгөөр үнэлсэн/ /хх-ийн 57-62-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас өмчлөгч, эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Ш.Т нь 2025 оны 3 сарын 30-наас 31-нийг шилжих шөнө ************* нутаг дэвсгэрт баригдаж буй “************* ” хотхоны А1 барилгын В1 буюу подвалаас хохирогч П.Оын эзэмшлийн 162 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,159,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба гэмт хэргийн улмаас хохирогч П.От учирсан 3,159,000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 57-62-р хуудас/-оос шүүгдэгч Ш.Т нь 3,159,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Ш.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь хорин ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ш-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ш.Тыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.Тд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ