| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00317/И |
| Дугаар | 104/ШШ2021/00362 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2021/00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух,ын /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хүүхдийн тэтгэлэг болон 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
хариуцагч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Б. бид хоёр 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Б. төрсөн. Би 2015 онд Солонгос улс руу ажиллахаар яваад 2017 онд ирсэн. Энэ хугацаанд Б. нь гэх хүнтэй сууж, 2018 онд хүүхэдтэй болсон байсан. Цаашид Б. бид хоёр хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Б., Г.******* нар хамтран амьдрах хугацаандаа Б.ын Хаан наас 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. 5 000 000 төгрөгөөр нь Солонгос улсын маркийн автомашин авсан. Би тухайн үед Налайхын хувийн нүүрсний уурхайд ажилладаг байсан тул машиныг Б.ын төрсөн ах байнга унаж, хэрэглэдэг байсан. Уг машиныг нь согтуу унаж байгаад осол гаргаж, эвдэлсэн. Г.******* автомашиныг 4 000 000 төгрөгөөр зарж, зарсан мөнгөө Б.т өгсөн гэдэг. Г.******* 2014 онд өөрөө цалингийн зээл авч, гэр авсан.
Г.*******ийг Солонгос улс руу явахад Б. найзаасаа 3 000 000 төгрөг зээлж Г.*******д өгсөн гэсэн. Г.******* уг мөнгийг аваагүй бөгөөд түүний ар гэрийнхэн нь онгоцны тасалбар болон бусад зардлыг нь өгсөн. Г.******* 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.т цалингийн зээлээ төл гэж нийт 5 399 169 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг өөр зүйлд зарцуул гэж өгөөгүй, зөвхөн цалингийн зээл төлөхөд зориулж шилжүүлсэн. Мөн хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ данснаас Б.ын данс руу мөнгө явуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Б. миний бие нөхөр Г.*******тэй 8, 9 дүгээр ангийн хүүхэд байхаас танилцаж үерхээд 2008 онд хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү төрсөн. Миний бие төрсний дараа муу байсан учир бид тусдаа гаралгүй манай ээжийн гэрт амьдарч Бид 2013 оноос эхлэн тусдаа гарч амьдарсан. Энэ хугацаанд *******ийн ар гэрээс маш их дарамталж, хэрүүл маргаан хийдэг байсан. Би 10 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад 7 000 000 төгрөгөөр Г.*******д Хонда фит маркийн автомашиныг авч өгсөн боловч удаагүй зарсан. Тэр машиныг манай ах унаж байгаагүй. Би ахтайгаа таарамжгүй харилцаатай байдаг. Нөхөр ******* нь хүү бид хоёрын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хүлээх чадваргүй, амьдралаа авч явж чадахгүй өр төлбөрт унасаар байгаад би ч сүүлдээ ажлаасаа гарч гэрт суух болсон. ******* нь хааяа ажил хийж мөнгө олдог ч тэр нь амьдралд хүрэлцээгүй. Авсан цалингийн зээлээ ч төлж чаддаггүй байсан. Би дэлгүүрт худалдагч хийж өнөө маргаашаа аргацааж аль чадлаараа л амьдрах гэж хичээсэн. ******* Солонгос яваад амьдрал өөрчлөгдөнө гэж бодож мөрөөдөж байсан ч эсрэгээрээ эргэж улам доройтож хэцүү болж эхэлсэн. ******* чи хойд аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулаад өрөө төлчих би сар болгон 200 000 төгрөг өгье гээд авахуулсан боловч төлөөгүй. *******ээс салснаас хойш би бүр өр төлбөрөө төлж дуусгасан. Иймд хүүгийн тэтгэмжийг хуулийн дагуу тогтоолгож бидний салсан цагаас хойш нөхөн төлүүлэхийг хүсэж байна. ******* нь хүүгийнхээ цэцэрлэг, сургууль дээр нэг ч удаа очиж байгаагүй, баяр ёслолд нь оролцож байгаагүй. Би *******ийг Солонгос улс руу явах үед нь найзынхаа эгчээс 3 000 000 төгрөгийг бэлнээр зээлж авч өгсөн. Гэтэл ******* 5, 6 сарын дараа нүүр буруулж хүү бид хоёроос холбоо тасарч гэр рүүгээ ээж, эгч хоёр руугаа мөнгө явуулдаг болсон. Энэ хооронд хоёр ах нь над дээр ирж хүүхдээ аваад зайл битгий миний дүүд гай бол гэж агсам тавьдаг болсон. Том ах нь миний ээж дээр очиж охиноо аваарай миний дүүд битгий гай болоорой гэх мэтээр ээжийг минь хүртэл доромжилсон. Хүү бид хоёрыг өрөнд ороод хэцүүхэн явахад бүгд нүүр буруулж хөөж, тууж сал гэдэг байсан. Иймд би маш их гомдолтой байдаг учраас ядаж баримт нотолгоотой байгаа 10 000 000 төгрөгийн цалингийн зээлээ төлүүлж, хүүгийнхээ тэтгэмжийг тогтоолгохыг хүсэж байна. Солонгосоос над руу 5 000 000 орчим төгрөг явуулсан, гэхдээ энэ нь өөр бусад зээлэнд төлөгдсөн. Цалингий зээлээ би ганцаараа төлж барагдуулсан. Иймд *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, цалингийн зээлэнд төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүүхдээ өөрийн асрамжид авна, гэрлэлтээ цуцлуулна. Би одоо өөрхүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага,
хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Г.*******, Б. нар нь 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү Б. төрсөн нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарснаас болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа болон өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, ******* дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Г.*******, Б. нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдийн тайлбартай нийцсэн зэргийг харгалзан хүү Б.ийг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Б.ийг сар бүр эцэг Г.*******ээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хариуцагчийн гаргасан 10 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан ны дансны хуулга зэргээр Б. нь ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан, уг мөнгөөр гэр бүлийн хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдаж авч байсан, уг зээлийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хамтран амьдарч байх хугацаандаа авсан энэхүү цалингийн зээл нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэх зохицуулалтын дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцогдож байна. Үүнээс шалтгаалан гэрлэгчид нь тэдгээрийн насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахгүйгээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 5 000 000 төгрөгийн зээлийн төлбөр төлөх үүргийг хүлээх хуваарилалт ногдуулах нь зүйтэй. Банкны зээлийн төлбөрт хүү тооцогдож байгаа боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөгөөр тодорхойлсон тул энэ хүрээнд гэрлэгч тус бүр 5 000 000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцахаар байна.
Тухайн зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулсан болохоо нэхэмжлэгч болон хариуцагч талууд шүүхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж өгөх замаар нотлох үүргийг хүлээнэ. Нэгэнт хариуцагчийн наас авсан зээл одоо төлж барагдсан байгаа тул нэхэмжлэгч нь тухайн зээлийн төлбөрөөс 5 000 000 төгрөгийг төлөх ёстой.
Мэтгэлцээний байр суурийн хувьд нэхэмжлэгч нь Б. руу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 5 399 169 төгрөг шилжүүлснийг гэр бүлийн дундын хэрэгцээнд биш зөвхөн Б.ын цалингийн зээлийг хаахад зориулсан гэж тайлбарласан бөгөөд үүнийгээ дэмжиж,
- 2015.07.21-ний өдөр 158 000 төгрөг,
- 2015.07.27-ны өдөр 158 000 төгрөг,
- 2015.08.11-ний өдөр 583 000 төгрөг,
- 2015.08.24-ний өдөр 155 000 төгрөг,
- 2015.08.26-ны өдөр 487 000 төгрөг,
- 2015.09.11-ний өдөр 987 000 төгрөг,
- 2015.10.06-ны өдөр 306 000 төгрөг,
- 2015.10.06-ны өдөр 531 000 төгрөг,
- 2015.10.13-ны өдөр 680 000 төгрөг,
- 2015.11.11-ний өдөр 500 000 төгрөг,
- 2015.11.26-ны өдөр 845 000 төгрөг, нийт 5 390 000 төгрөгийг өөрийн ны дансны хуулгыг гаргаж өгсөн. Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан, хүлээн авсны мөнгөн дүн дээр хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгийг бусад зээлийн төлбөрт төлсөн, наас авсан цалингийн зээлийг төлөхөд ашиглаагүй гэж маргасан боловч нотлох баримтаар байр сууриа хамгаалаагүй болно.
Иймд хариуцагч нь өөрт ногдох 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийн төлбөрийн төлсөн, үлдэх 5 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой байсан тул 10 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Цаашид зохигчийн хооронд аливаа дундын эд хөрөнгийн маргаан гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн хариуцагч руу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн 5 390 000 төгрөг хамаарахгүй болж байгааг дурдвал зохино.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 212 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 37 850 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын *******,ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.ийг эх Б.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******ээр нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ын гаргасан нэхэмжлэгч Г.*******ээс 10 000 000 төгрөг гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,
хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 37 850 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ