Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2018/01033/И |
Дугаар | 183/ШШ2018/01602 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/01602
2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/01602 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6 Стадион Оргил-1 хаягт байрлах “Х” ХХК /РД:0000-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Гранд оффисын 0 тоотод байрлах “Х” ХХК, /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, тайм скүэр ,0 тоот хаягт оршин суух Х.Б /РД:00000000/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 86 103 137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ХХК иргэн Х.Б, Х.Х ХХК нар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ12/244 тоот зээлийн шугамын гэрээгээр 450 000 ам долларыг жилийн 13,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Х.Х ХХК, иргэн Ц.Б өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон Х ХХК-ийн Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 0000000000 тоот дугаартай 20,000 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 27, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 2 удаа сунгасан. Зээлдэгч нар үндсэн зээлд 450 000 ам.доллар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 570 480.29 ам.долларыг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.Х ХХК үндсэн зээлийн үлдэгдэл 16 109.34 ам.долларыг төлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлсэн бөгөөд зээлдэгч Х ХХК, иргэн Х.Б нар зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Иймээс шүүхэд зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нийт 35 900.54 ам.доллар буюу 86 103 137.12 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 658 666
(70200) төгрөгийн хамт гаргуулах:
Хариуцагч Х ХХК, Х.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд Ха Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Х ХХК болон Х.Х ХХК-иуд хамтран ажилллахаар болж улмаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 450 000 ам.долларыг хамтран зээлж №ЗГ-12/244 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд бид төлбөрийг хувиарийн дагуу төлсөөр ирсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард хамтран зээлдэгч Х.Х ХХК-иас зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө суллан авч дахин хөрөнгө босгох хэрэгтэй байна тиймээс барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Хаан банкинд тавьсан байна. Харин Хаан банкнаас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхэд хамтран зээлдэгчийн санал, зөвшөөрөл шаардлагатай гээд Хаан банкаас хуулийн хэлтсийн дарга Хосбаяр /албан тоотын төсөл бэлдчихсэн ирсэн/, Х.Х ХХК болон манай компани гэсэн 3 талын төлөөлөл уулзаад дараахь нөхцөлийг тохирсон. Манай компанийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлөөд харин Х.Х ХХК зээлийн гэрээний хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулаад компанийн бүр өөрсдийн барьцааг суллуулахаар болсон. Ийнхүү төлбөрийг өөрсдөд оногдох хэсгээр хувааж төлсөн тохиолдолд хамтран зээлдэгчийн барьцааг чөлөөлүүлэхийг зөвшөөрч үүний илэрхийлэл болгон 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2017/12 дугаар албан тоотыг Х.Х ХХК болон Хаан банкинд хүргүүлсэн байдаг. Ингээд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үйлдлийг бодитой эсэхийг буюу зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг Х.Х ХХК төлсөн эсэхийг нягтлангаараа дамжуулан шалгахад Х.Х ХХК зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр болох 16 109.34 ам.долларыг төлж Хаан банкнаас барьцаа хөрөнгөө суллуулсан байдаг. Үүнийг бид эс зөвшөөрч тухайн үед нь Хаан банкинд өөрт нь мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, Хаан банк харин тохиролцсон нөхцлийг зөрчиж, бидний тавьсан болзол болох гэрээний хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийг зөвшөөрсөн байхад уг төлбөрөөс өөр төлбөрийг төлүүлэн барьцааг чөлөөлсөн нь буруу болсон. Хэдийгээр барьцаа хөрөнгөөс хамтран зээлдэгч Х.Х ХХК-ийн хөрөнгийг чөлөөлүүлсэн ч гэсэн анх байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй болно. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2017/12 албан тоотод дурдсан хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрөх бөгөөд харин үлдэх төлбөрийг хамтран зээлдэгчээс гаргуулах нь зүйтэй. Тодруулбал зээлийн хүүг төлүүлээгүй нь нэхэмжлэгч Хаан банкны өөрийнх нь буруутай үйлдэлтэй холбоотой. Зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг суллаж улмаар хамтран зээлдэгчийн төлбөрийн төлөх хувь хэмжээнд хөндлөнгөөс буюу нэг талд нь үйлчилж ийм хууль бус зүйл хийсэн нь өнөөдрийн маргааныг дагуулж байгаа юм. Иймээс хамтран хариуцагчаар Х.Х ХХК-ийг татан оролцуулах нь зүй ёсны юм. Түүнчлэн анхнаасаа хоёр компанийн хамтран ажиллахаар бизнесийн зориулалтаар хамтран зээлсэн зээлийг иргэн Х.Б надад хариуцуулахаар шаардаж буй нь буруу гэж үзэж байна. миний бие уг зээлээс хувьдаа ямар нэгэн байдлаар зарцуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ха Б ХХК нь хариуцагч Хос далай ХХК, Х.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86 103 137.12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ха Б ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар зээлийн гэрээний үүрэгт 86 103 137.12 төгрөг гаргуулах шаардлагаа 25 039 710.77 төгрөгөөр багасгаж үлдэх 61 063 426.34 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ха Б ХХК нь 2012.12.24-ний өдрийн 12/244 дугаартай зээлийн гэрээний дагуу 450 000 ам долларын зээл олгож, зээлийн гэрээг Хос далай ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х.Б, Х ХХК, Ц.Б нар гэрээ байгуулсан, талууд 2013.12.27-ны өдрийн 12/244-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Хос далай ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б нар гэрээ байгуулсан мөн 2014.12.30-ны өдрийн 12/244-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нараас 61 063 426.34 төгрөг, 2013.12.27-ны өдрийн 244-1 дугаартай барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч Х.Б уг зээлийг хувьдаа хэрэглээгүй, зээлийн гэрээний зүйлийг аваагүй тул Х.Б би хариуцахгүй, Х ХХК зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр болох 16 109.34 ам.долларыг төлж Хаан банкнаас барьцаа хөрөнгөө суллуулсан, үүнийг бид эс зөвшөөрч байх тул уг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар 2012.12.24-ний өдрийн 12/244 дугаартай зээлийн гэрээний зүйл болсон 450 000 ам долларын зээлийн гэрээ байгуулж, 2014.12.30-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 12/244-2 дугаартай гэрээгээр гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, 2013 оны 12 дугаар сарын 27-ны 12/244-1 дугаартай гэрээгээр гэрээний хугацааг сунгасан, гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна. /хх-9-18 хуудас/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан 2014.12.30-ны 12/244-2 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т зээлийн гэрээний хугацаа 34 сар 8 хоног байх ба зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан, хариуцагч зээлийн гэрээний дагуу хүү нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүргээ зөрчсөн байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Зээлдэгч буюу Хос далай ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б нараас 2012.12.24-ний өдрийн 12/244, 2014.12.30-ны өдрийн 12/244-2 дугаар зээлийн гэрээнийдийн дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 61 063 426.34 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ. Хариуцагч Х.Б 2012.12.24-ний өдрийн 12/244 дугаар, 2013.12.27-ны өдрийн 12/244-1 дугаар зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч хариуцагч Х.Бгаас шаардах эрхтэй мөн хуульд зааснаар нэхэмжлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Хос далай ХХК, Х.Б нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийг бүрэн төлсөн.Харин 2014.08.05-ны өдөр зээлийн гэрээний хүүнд 3 669.03 ам доллар төлж хүүгийн үлдэгдэлгүй болсон байх бөгөөд 2014.09.04-ний өдөр 2652.09 ам доллар, 2014.10.04-ний өдөр 5 218.63 ам доллар, 2014.11.04-ний өдөр 7 870.72 ам доллар, 2014.12.04-ний өдөр 10 437.26 ам доллар .... 2017.10.09-ний өдрийг хүртэл нийт зээлийн хүүгийн төлбөрт 33 707.45 ам.доллар, 2014.09.04-ний өдрөөс 2017.10.09-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 193.08 ам.доллар нийт 35 900.54 ам.доллар буюу 86 103 137.12 төгрөгийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч 25 039 710.77 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 61 063 426.34 төгрөгөөр нэхэмжилсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгчийн эзэмшлийн Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 0000000000 тоот дугаартай 20 000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалж, 2013.12.27-ны өдөр 244-1 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй ” мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заасан байх тул Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 0000000000 тоот дугаартай 20 000 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Хос далай ХХК, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранцэцэг 2018.06.27-ны өдрийн 8.30 минутанд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралтай гэж Хан-Уул дүүргийн 2018.06.27-ны өдрийн 13.30 минутанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн товлон зарлагдсан дээрх хуралдаан дууссан ба 2018.06.27-ны өдрийн 12 цаг 10 минутанд шүүгчийн туслах утсаар ярьж хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх нөхцөл байдал арилсан тул 13.30 минутад товлогдсон шүүх хуралдаанд ирж орохыг утсаар мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүлээж шүүх хуралдаан 13 цаг 50 минутанд эхэлсэн, хурал хойшлуулах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан 12 цаг 10 минутанд утсаар ярихад арилсан байсан, шүүх хуралдаандаа ирж оролцохыг шүүхээс утсаар мэдэгдсэн, мөн Хан-Уул дүүргийн шүүх шүүх хуралдааны товыг 2018.06.20-ны өдөр мэдэгдэж хурлын товд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2018.06.22-ны өдөр мэдэгдсэн, хуралдаан хойшлуулах нөхцөл байдал арилсан, хүндэтгэн үзэх нөхцөл байдал арилсанг утсаар шүүх урьдчилан мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д зааснаар шүүхийн дуудснаар хүрэлцэн ирэх үүргээ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан арилсан, утсаар урьдчилан мэдэгдсэн тул хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК, Х.Б нараас 61 070 621.34 /жарин нэгэн сая далан мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ха Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Налайх дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын 0000000000 тоот дугаартай 20 000 м.кв талбайтай, 000300531 дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК, Х.Б нараас улсын тэмдэгтийн хураамжинд 463 303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ха Б ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О