| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч П.Б*********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б*********рт холбогдох эрүүгийн 2538000000233 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Харуул овогт П.Б*********р, 1979 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн ****суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ****сумын ********дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /******* / дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б*********р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б*********р нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ********дүгээр багийн нутаг “Б****л” гэх газрын нутгийн ойгоос байшингийн мод солих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 0.96 м3 хэмжээтэй 4 метрийн урттай 7 ширхэг хуурай шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, байгаль экологид 291.435 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 14-15 тал/, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 тал/, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 19-20 тал/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 тал/, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаартай прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 24 тал/, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт түр хураан тэмдэглэл /хх-ийн 25 тал/, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б*****ны өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч П.Б*******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, Хөвсгөл аймгийн Э**********р сум дундын ойн ангийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-48 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 67 тал/, А******Н ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 925-12366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-57 тал/, ********улсын дугаартай киа бонго-3 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 87 тал/, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б*******н 1*******0 дугаартай дансанд 874.305 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 88 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Б*********р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч П.Б*********рын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 294.435 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн *********сум дундын ойн ангийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Б айгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 874.305 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч П.Б*********р нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б************н сангийн /РД:***/ Төрийн сан дахь 1********0 дугаартай дансанд 874.305 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч П.Б*********рыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б*********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч П.Б*********р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 0.96 м3 хэмжээтэй мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мод киа бонго-3 загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байх тул прокурорын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч П.Б*********рын эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго-3 загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон 0.96 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 7 ширхэг хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, бензин хөдөлгүүртэй, мустанг гэх бичиглэл бүхий 1 ширхэг хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б*********р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч П.Б*********рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харуул овогт П.Б************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Б*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*********рт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*********р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан прокурорын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго-3 загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэж олсон 0.96 м3 хэмжээтэй 4 метрийн урттай, 7 (долоо) ширхэг хуурай шинэс модыг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэлгээтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, бензин хөдөлгүүртэй, Мустанг гэх бичиглэл бүхий 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч П.Б*********р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*********рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН