Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/246

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

             Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

             Шүүгдэгч Д.Б********н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Б********нд холбогдох эрүүгийн   2538000000204  дугаартай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  Эрхий мэргэн овогт Д.Б********н , 1961 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ******суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч мэргэжилтэй, ам бүл ***,  Хөвсгөл аймгийн****  сумын **** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн (********),                      

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Б********н нь Хөвсгөл аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Б****д” гэх газарт 2025 оны ** дүгээр сарын **-ны өдөр Б.Э***********гтэй “модоор үхэр цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Э***********гийн нүүрэн тус газарт нь мөргөж, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                                                                        

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн  2538000000204   дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

            Шүүгдэгч Д.Б********н нь 2025 оны *** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Б***нд гэх газарт Б.Э***********гтэй  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

             Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б********нгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Э***********гийн өгсөн: “...2025 оны ** дүгээр сарын **-ны оройн 18 цагийн үед ********* сумын *** дугаар багийн нутаг Б.Н******д гэх газарт байх худаг дээр Б.Н гэх  хүн мал зодоод байхаар нь би машинаар очоод машинаасаа буутал урдаас шууд яасан их малтай юм малаараа дарамталлаа гээд эд нарыг чинь ална гээд малнуудыг модоор нүдээд байсан модоор үхэрнүүдийг толгой бөгс рүү цохиод байсан,  цаашаа хараад модоор мал цохиод байхаар нь би модыг нь булааж аваад шидсэн чинь Б.Н нь намайг барьж аваад цамцны захаар хоолой боогоод 2  гараараа барьж байгаад татаж ирээд мөргөсөн миний нүднээс гал бутрах шиг болоод манараад байсан тэр хооронд их олон юм ярьж байсан нөхөр бид хоёрыг хөөгөөд байсан малаа аваад зайл гэж байсан. Миний хамрын цус тогтохгүй нүүрээ зогсож байтал Б.Н нь миний гараас чимхэж зүүн талын хөл рүү өшиглөсөн  бас баруун талын хөл рүү өшиглөсөн би тэнд нохойнд уруулж байгаа юм шиг болсон. Одоо миний хамар зовиуртай хөндүүр байна хугарал нь эдгээгүй байгаа, шөнө  унтахад хоёр хамар битүүрнэ толгой ар дагз руугаа хатгаж өвдөнө толгой хатгаж өвдөхөөрөө нүд бүрэлзээд зүрх салганана. Чимхүүлсэн гар бол гайгүй болсон байгаа мөн өшиглүүлсэн хөл одоо эдгэрсэн. Манай нутагт анх удаа өвөлжиж байгаа хөрш айлын хүн Б.Н гэдэг байгаа. Би Б.Нг зүс танина. Д.Б********н бид хоёрын хооронд өш хонзон өр авлагын асуудал байхгүй. Б.Н нь зүгээр мал зоддог хүн. Тухайн үед Б.Н бид хоёроос өөр хүн байгаагүй манай нөхөр өвсний хашаан дээрээ юм хийж байснаа намайг хараад урдаас ирж явсан би Б.Нгийн дүүтэй нь очиж уулзтал наад Б.Н чинь балай юм байгаа наад хүнтэйгээ битгий юм ярь гэж хэлсэн. Намайг цусаа гоожуулаад явахыг Б.Нгийн дүү болон манай нөхөр харсан. Би гомдолтой байна зүгээр байсан хамраа хугалуулсан эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Миний хамар мурий эдгэх юм бол  гоо сайхны эмнэлэгт хагалгаа хийлгэж хамраа тэгшлүүлнэ мурийсан  таславчаа засуулна... ” гэх мэдүүлэг /хх-ийн  12 тал/,

            Гэрч  Д.Г**********н өгсөн: “...Би танина Б.Н нь манай төрсөн ах байгаа юм. Э******Г нь  айл саахалт байдаг. 2025 оны ** дүгээр сарын **-ны орой 18 цаг өнгөрч байхад Э.Г  манай гадаа ирээд танай ах намайг зодлоо гэсэн тухайн үед Э.Гийн нүүр нь хавдсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би Э.Гтэй цуг худаг дээр  очоод ахыг харь яаж байгаа юм гээд гэр рүү нь буцаасан. Манай төрсөн ах Б.Н нь их түргэн ууртай хүнтэй маргалдхаараа  салганаад чичрээд барилцаж авах гээд байдаг бид нар ч тэр болгон уурлуулаад байдаггүй. Үгүй эмнэлгийн хяналтанд байдаггүй 2009 оны үед сэтгэцээр грүппт  оруулах гэсэн өөрөө би эрүүл юм чинь орохгүй гээд орж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай  Б.Э***********гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт баруун  зүүн дээд, доод зовхинд цус,  хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

           Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 25 тал/,

           Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны  04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1020  дугаартай албан бичиг, нэхэмжлэл гаргах тухай хүсэлт /хх-ийн 50 тал/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

          Б.Э***********гийн Хөвсгөл аймгийн ***** сумын  Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/,

          Шүүгдэгч Д.Б********нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны ** дүгээр сарын **-ны орой ***** сумын *******багийн Б ****нд гэдэг газарт байх усны худаг дээр үхрээ услах гэж очиход Г.О, Э.Гийн айлын үхэр нь байсан. Үхэрээ авахыг нь хүлээгээд байтал ирэхгүй байгаад байхаар нь тухайн айлын малыг модоор  хоншоор болоод эврэн дундуур нь цохиж холдуулаад байж байтал Э.Г машинтай давхиж ирээд машинаас бууж ирээд Э.Г надад хандаж, үхэр модоор цохилоо гээд миний барьж байсан модыг аваад чамайг алчихъя гээд далайгаад байсан Э.Г тэр модыг хаана хаясныг нь би мэдээгүй, би Э.Гт малаа гарга би үхэрээ услах хэрэгтэй байна гэтэл үхрээ гаргахгүй ингээд эндээ байж байг гээд байхаар нь би Э.Гийг барьж аваад нүүр  рүү нь  нэг  удаа мөргөсөн.  Малаараа дарамталлаа  цагдаад хэлнэ гэсэн. Би бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж төлнөө, ямар нэгэн төлөхгүй байх шалтгаан байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

           Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан: “...Шүүгдэгч Б.Н Хөвсгөл аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Б **нт гэх газар 2025 оны **дүгээр сарын ***-ны өдөр хохирогч Б.Э***********гтэй модоор үхэр цохилоо гэх шалтгаанаар маргалдаж улмаар Б.Э***********гийн нүүрэн тус газар мөргөж, хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн шатанд шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Э***********гийн мэдүүлэг, гэрч Д.Г*********н мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 214 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Б********нгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б********н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно

             Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э***********г, гэрч Б.Г*******аа, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Э***********гийн Хөвсгөл аймгийн *******сумын  Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********нгийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад  шүүгдэгч  Д.Б********н нь 2025 оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэр Б****нд ” гэх газарт  Б.Э***********гтэй  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч  Д.Б********нгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

            Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э***********гийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  Д.Б********нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

           Шүүгдэгч Д.Б********нгийн хохирогч  Б.Э***********гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

           Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б********н нь хохирогч Б.Э***********гийн  эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт баруун  зүүн дээд, доод зовхинд цус,  хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий  гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

           Шүүгдэгч Д.Б********нгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б********нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

           Шүүгдэгч Д.Б********нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Б.Э***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.Э***********г нь шүүхэд иргэний нэхэмжлэл буюу хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Би гомдолтой байна зүгээр байсан хамраа хугалуулсан эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Миний хамар мурий эдгэх юм бол гоо сайхны эмнэлэгт хагалгаа хийлгэж хамраа тэгшлүүлнэ мурийсан  таславчаа засуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн  11-12 тал/-д хэрэгт авагдсан байна.

           Иймд хохирогч Б.Э***********г нь шүүгдэгч Д.Б********нгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

           Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Д.Б********нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Б********нгийн  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б********нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б********н нь хэрэг хариуцах чадвартай, мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлбөр төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 789,360 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулах нь тохирно гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б********нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогч Б.Э***********г нь хохирол нэхэмжлэхээр баримт гаргаж өгөөгүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********н өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдах нь зүйтэй байна. 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Д.Б********нгийн  хувийн байдлын байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Б********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Д.Б********н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б********нд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б********н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Б.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******г  650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 / зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б********нд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 / зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т  заасныг баримтлан шүүгдэгч Д.Б********нгээс хохирогч Б.Э***********г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б********н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН