| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0216/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/247 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч Д.Ө*********х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө*********х холбогдох эрүүгийн 2538000000250 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Д.Ө********х, 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ****суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл **, хамт Хөвсгөл аймгийн ******сумын **** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ********дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн *******сумын С*******а ******* дүгээр багийн нутаг “Д******м” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 11.05 метр куб хэмжээтэй шинэс төрлийн шургааг мод бэлтгэж байгаль экологид 1.597.405 төгрөгийн хохирол, 4.792.215 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газар нутгийн ойгоос хашаа барих зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 11.05 метр куб хэмжээтэй шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, байгаль экологид 1.597.405 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө*********хын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Тухайн мод бэлтгэсэн гэх газар нь Хөвсгөл аймгийн *** сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 70 километр зайд байрлах С*******ай багийн ойн сан бүхий газар байв. Мод бэлтгэсэн ойн сан бүхий газарт үзлэг явуулахад иргэн Д.Ө*********х нь 1 дугаартай модноос 54 хүртэлх модны хожуулыг нэг бүрчлэн заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тухайн мод бэлтгэсэн газрын ойролцоо модны өндрийг хэмжихэд 12.5 метр байв... Тухайн газарт мод бэлтгэсэн газрыг харахад 2-3 сарын өмнө бэлтгэсэн ул мөртэй, хожуул бүрийн хажууд хөрөөдөж бэлтгэсэн шаргал өнгийн үрдэстэй. Унагасан мод бүрийн мөчрийг тарааж тавьсан ул мөртэй, мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Мод бэлтгэсэн газрын байршлыг авахад ***0 цэгийг зааж байв. Уг газар нь тэгш газрын гадаргуутай тээврийн хэрэгсэл нэвтэрч мод тээвэрлэхэд боломжит бүхий газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 76 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 78 тал/,
2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,
Мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 тал/,
Цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хх-ийн 15 тал/,
Иргэний нэхэмжлэгч Н.Ц*******ны өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ********сумын Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газар тус багийн иргэн Д.Ө*********х гэдэг хүн шинэс төрлийн босоо мод унагааж хууль бусаар мод бэлтгэсэн талаар 2025 оны 05 дугаар сарын эхээр мэдсэн. Манай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч энэ оны ** дугаар сарын**-ны өдөр намайг дуудаад тус газарт үзлэг хийхээр очсон. Тэр үед 54 ширхэг босоо мод унагасан гэдгийг мэдсэн. Д.Ө*********х гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт надаас аваагүй. Иргэн Д.Ө*********х гэх хүний үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 75 тал/,
Гэрч Б.М*****ын өгсөн: “..Энэ оны ** сарын сүүлчээр эсвэл *** сарын эхээр байх манай хүргэн Д.Ө*********х ирээд хашааны бүхээг шинэчлэх мод бэлтгэчихлээ ачаад өгөөч гэхээр нь очиж ачаад хаваржааных нь гадаа буулгасан Мэдээгүй. Нэгэнт хийчихсэн болохоор зөвшөөрөл авсан байх гэж бодсон. Зөвшөөрөл авсан эсэх талаар хүргэнээсээ асуугаагүй. ***ам гэх газарт намайг очиход багавтар цастай байсан болохоор машин хүрсэн. Цагаалах хэрэггүй газар байсан болохоор шууд ачсан. Манай хүргэн Ө*****х, түүний хүргэн ах нь байсан. Бид 3 хамт 2 удаа ачиж хаваржаан дээр нь буулгасан. Би Маяти маркын ***Х** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж ачсан. 2015 оны үед ***аймгийн *** сумаас 15 сая төгрөгөөр худалдаж авч байсан... Манай хүргэн Д.Ө*********х ***сумын 1 дүгээр баг Д****н гэх газраас зөвшөөрлийн бичиггүй мод бэлтгэж миний эзэмшлийн ***улсын дугаартай Маяти-2 маркийн автомашинаар тээвэрлэж яваад баригдаж одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа юмаа. Тиймээс би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр орж байна. Би хүргэн Д.Ө*********хыг хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэнэ гэдгийг мэдээгүй, хамт ачилцаж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эзэмшлийн ***улсын дугаартай Маяти-2 маркийн автомашиныг улсын орлого болгоход татгалзах зүйл байхгүй. Автомашин одоо ********сумын цагдаагийн байранд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Б.М******н өгсөн: “...Энэ оны 2 сарын орчимд манай эхнэрийн дүү Ө*****х нь над руу залгаад мод хийчихлээ ачилцаад өгөөч гэсэн. Маргааш өглөө нь мод бэлтгэсэн газарт түүний хадам аав М.Н-ттай хамт очиж ачсан. Хэдэн ширхэг мод байсныг мэдэхгүй, маяти загварын машинаар 2 удаа ачиж Ө*****хын хашаан дээр буулгасан. Зөвшөөрөл авсан эсэх талаар өөрөөс нь асуугаагүй. Өөрөө унагачихсан болохоор нь ачилцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Х.Г******гийн өгсөн: “..Би нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газар 2000 оноос хойш хаваржиж байгаа. Намар 2024 оны 09 дүгээр сарын 10-даар тэндээс нүүгээд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр буцаж буусан. Энэ хооронд хаваржаа руугаа очоогүй. Хаваржаандаа буухаар очиход манай гэрийн ард байх хэсэг модон дотор олон тооны модыг унагаж, ачсан байсан. Тэр хавиар нэлэнхүйдээ мөчир болчихсон нилээд хожуул харагдсан. Тухайн үед хожуулууд цастай ч гэсэн харагдаж байсан. Манайхыг нүүж очихоос өмнө манай багийн иргэд танай хашааны тэнд байдаг модноос Ө*****х мод унагасан байна гэж ярьж л байсан. Нүүж очиход л өөрийн нүдээр харсан. Би 2024 оны 09 дүгээр сард өөрийн өвөлжөөний багана, баганыг холбосон дам нуруу хэсэгт хэрэглэх модыг бэлтгэсэн өөрөөр хэлбэл тэр хэсэгт мод бэлтгэж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “****” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай: “...Д.Ө*********хын модонд хэмжилт хийж хүснэгтийг ашиглан тодорхойлоход 11.05 м3 хэмжээтэй малын хашааны зориулалтаар бэлтгэсэн хэрэглээний мод. Дээрх модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1.597.405 төгрөг..” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,
Хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Б *****рын мэргэжилтний 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай: “яллагдагч Д.Ө*********хын бэлтгэсэн гэх мод нь өргөн 11.05 метр, хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн хуурай мод байв. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 4.792.295 төгрөг. Нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,
А *****н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 925-12357 дугаартай: **улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэл болон бензин хөдөлгүүртэй ямахай маркийн цахилгаан хөрөөний зах зээлийн үнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 4.600.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61 тал/,
***улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 тал/,
Д.Ө*********хийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн: “..Б*****гийн 1 ***0 дугаартай дансанд 4.792.215 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт...” /хх-ийн 92 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ө*********хын яллагдагчаар өгсөн: “...Би хадам аав Б.М-ын эзэмшлийн ***улсын дугаартай маяти-2 загварын автомашинаар ачиж мод бэлтгэсэн. Би ганцаараа явсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Харин ачихдаа хадам аав М.т, хүргэн Б..Н нарын хамт ачсан. Б.М, Б.Н хоёр зөвшөөрөлгүй мод гэдгийг мэдээгүй. Би гуйж ачуулсан юмаа. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Даваахүү гаргасан: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн, байгаль экологийн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд торгох ял оногдуулах тохирно гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Байгаль экологийн санд учруулсан 4,920,215 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн байх тул бусдад төлөх нөхөн төлбөр байхгүй. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 11.5 метр куб шинэс сургаанг мод БНХАУ үйлдвэрлэгдсэн бензин хөрөөг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн иргэн Б.М****тын эзэмшлийн маятын маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар улсын орлого болгох санал гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Ө*********х нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Ц******ны өгсөн мэдүүлэг, гэрч Б.М****т, Б.М******н, Х.Г*****г нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл, мөрдөгчийн эд зүйл, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Э*****р” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн Б*****ын газрын мэргэжилтний 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, А*****н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 925-12357 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газар нутгийн ойгоос хашаа барих зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр 11.05 метр куб хэмжээтэй шинэс төрлийн модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, байгаль экологид 1.597.405 төгрөгийн шууд хохирол учруулсан Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Э***р Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Б ****ын шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүгдэгч Д.Ө*********хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ө*********х нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Д.Ө*********х нь мод бэлтгэхдээ эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө*********хын үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Д.Ө*********х нь 11.05 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газраас хэрэглээний зориулалтаар зохих зөвшөөрөлгүйгээр 11.05 м3 хэмжээтэй шинэс төрлийн шургааг мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газраас хэрэглээний зориулалтаар зохих зөвшөөрөлгүйгээр 11.05 м3 хэмжээтэй шинэс төрлийн шургааг мод бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Ө*********хын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.597.405 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 43-44 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Э****р” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Б *********ын газрын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 4.792.215 төгрөгийн /хх-51 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Шүүгдэгч Д.Ө*********х нь экологи эдийн засагт учирсан 4.792.215 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгаль орчин уур амьсгалын сангийн 1**********0 дугаартай дансанд 4.792.215 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн /хх-ийн 92 тал/-д авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ө*********хыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ө*********хыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Даваахүү гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газар нутагт зохин зөвшөөрөлгүй цахилгаан хөрөө ашиглан 11.5 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 1,597,405 төгрөгийн шууд хохирол, 4,920,215 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч Б.М*********ын мэдүүлэг, гэрч Б.М********ын мэдүүлэг, Х.Г********г, Хөвсгөл аймгийн Э************р сум дундын ой ангийн шинжээчийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, А*******н ХХК шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт, гэрч Б.М********ын дахин өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө*********х нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлон тогтоогдож байна. Хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүгдэгч Д.Ө*********х нь 2025 оны *** дугаар сарын **ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын С***а *** дүгээр багийн нутаг “Д****м” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдож. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлчилгээ гэсэн гурван зөвшөөрлөөр мод бэлтгэх тухай хуульд заасан. Мөн хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл авахгүйгээр ойгоор мод бэлтгэн байгаль экологид хохирол, хор уршиг зориуд хүргэсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө*********х өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “.. Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй..” гэв.
Шүүгдэгч Д.Ө*********хын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ө*********хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ө*********хад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Ө*********х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд 11.05 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ямахай гэх бичиглэл бүхий цайвар хөх өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Маяти” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Б.М**********ын өмчлөл, эзэмшлийнх болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ .... Маяти маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж ачсан. 2015 оны үед *** аймгийн ***сумаас 15 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эзэмшлийн *** улсын дугаартай Маяти-2 маркийн автомашиныг улсын орлого болгоход татгалзах зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, ***улсын дугаартай, Маяти маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 тал/-д хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Б.М********д үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөгийг болон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 11.05 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, ямахай гэх бичиглэлтэй, хөх өнгийн улаан маниултай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ө*********х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Ө*********хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Б.Ө*******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ө*******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*********хд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 (ер) хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө*********х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Маяти” загварын *******улсын дугаартай, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Б.М********д үлдээж, шүүгдэгчээс “Маяти” загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 11.05 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2538000000250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ямахай гэх бичиглэлтэй, хөх өнгийн улаан маниултай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө*********хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ө*********х нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН