Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2019/00086

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын дугаар багт оршин суух, Ж Еийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Т Оьт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Т.Оь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1440000 төгрөг, алданги 720000 төгрөг, нийт 2160000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ж.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух Ж Е миний бие иргэн Ты Оьтай 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24890000 төгрөг зээлдэж байсан. Энэхүү зээлийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 1440000 төгрөгийг дутуу өгсөн юм. Түүнтэй байгуулсан зээлийн гэрээнд алданги тогтоосон ба энэхүү зээлийн үлдэгдэл болох 1440000 төгрөгийг алдангийн хамт Т.Оаас шаардаж байна. Гэрээнд зааснаар алданги бодвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу хуульд зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарч байгаа учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож нэхэмжилсэн болно. Иймд Т.Оаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1440000 төгрөг, алданги 720000 төгрөг нийтдээ 2160000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Ж.Е нь иргэн Т.Оьтай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 24890000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэж тогтоож, уг мөнгийг хүүгүй зээлсэн байна. Т.Оь нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийг хэсэгчилж төлсөн. 248900000 төгрөгөөс 1440000 төгрөгийг төлөөгүй, үлдсэн байгаа. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан ба уг гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээ нь хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан. Гэрээний 3 дугаар зүйлд Иргэний хуулийн 232.6-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлээс хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан. 1440000 төгрөгийн алданги тооцоолж үзэхэд 1 хоногийн алданги 7200 төгрөг болж байна. 360 хоногийг 7200 төгрөгөөр үржүүлэхэд 2500000 гаруй төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу алданги тооцоолоход 720000 төгрөг гарч байна. Гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл болох 1440000 төгрөг дээр 720000 төгрөгийг нэмж тооцоход 2160000 төгрөг гарч байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч орон сууц худалдан авахдаа урьдчилгаа 5 сая мөнгө авч байсан. Мөн хавтаст хэрэгт зээлийн гэрээ авагдсан. Т.Оь нь Ж.Еээс 24890000 төгрөг зээлж авч байсан. Орон сууц захиалан бариулах гэрээ уг хэрэгт огт хамааралгүй. Учир нь зохигчдын дунд зээлийн гэрээ байгуулагдсан. Тэрээр дээрх мөнгийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул алдангийн хамт нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Т.Оь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Ж.Етэй 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ би түүнээс 24890000 төгрөг төгрөг зээлж аваагүй. Харин би 2015 онд Ж.Еийн бариулсан Ө сумын дугаар багт байршилтай Н-2 22 айлын орон сууцны 17 тоотод байрлах 42 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авсан. Тухайн үед байрны мөнгийг бүрэн төлөхөд мөнгө хүрэлцэхгүй байсан тул банкнаас зээл авахаар болсон. Зээл авах гэхээр банкнаас байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шаардсан. Би тэгээд Ж.Етэй уулзаж гэрчилгээ гаргаж өг гэхэд барьцаанд нь дээрх зээлийн гэрээг хийж 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээ гаргуулсан. Би дээрх гэрчилгээг үндэслэн худалдаж авсан байраа барьцаанд тавьж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 291400433425 дугаар зээлийн гэрээгээр Төрийн банкны Б аймаг дахь салбараас зээл авч байрны мөнгийг төлсөн. Байрны төлбөрөөс 1440000 төгрөг үлдсэн нь үнэн. Гэхдээ би дээрх мөнгийг төлөхгүй. Учир нь, Ж.Е анх надад 1 давхрын 05 тоотод байрлах 36 м.кв талбайтай байрыг худалдахаар захиалга авсан ба би тухайн байрт 1 жил амьдарсан. Дараа нь Ж.Е дур мэдэн миний байрыг сольж өөр байранд оруулсан. Мөн анх надтай тохирохдоо тухайн байрыг орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгнө гэж амласан мөртлөө зээлд хамруулж өгч чадаагүй. Үүнээс болж би банкнаас өндөр хүүтэй /сар тутам 2 хувийн хүүтэй/ зээл авч орон сууцны үнийг төлсөн. Хэрэв Ж.Е эхэндээ 8 хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө гээд амлаагүй байсан бол би өөр орон сууцнаас байр авч зээлд хамрагдах боломжтой байсан. Ж.Е анх байрыг надад хүлээлгэн өгөх үед өрөөнүүдийн 3 хаалга гурван өөр өнгөтэй, халуун усгүй, алчуур хатаагчгүй, ариун цэврийн өрөөний шалны плита 3 өөр өнгөтэй, 00-ын өрөөнд эмульс хийгээгүй, шалны паркет нь чанар муутай хятад паркет байсан ба Ж.Е нь дараа сольж дутуу зүйлсийг нөхөж хийж өгнө гээд тохирсон боловч одоо хүртэл хийгээгүй. Тийм учраас дээрх дутуу зүйлсийг би өөрөө нөхөж хийхээр нэхэмжилсэн мөнгийг барьцаалж байгаа болно. Ж.Е нэхэмжлэлдээ зээлийи гэрээ байгуулж 24890000 төгрөг зээлдэж авсан гэж бичсэн байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Би түүнээс мөнгө зээлж аваагүй учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Оь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би Ж.Еээс ямар ч мөнгө аваагүй. Ж.Еээс 36 мкт байр худалдаж авсан. Би 36 мкв талбайтай орон сууцаа Төлеген гэдэг хүнд худалдсан. Би улмаар Ж.Еийн барьсан орон сууцны 4 давхарт орон сууц худалдаж авсан ба 6 мкв талбайн үнийг илүү төлөх шаардлага тулгарсан. Ж.Е надад 6 мкв талбайн үнийг 2-3 жилийн дотор хуваагаад төлчхөөрэй гэж хэлсэн. Ж.Е надад дээд давхар луу шилжихгүй бол 5 сая төгрөгийг чинь байрны түрээсэнд авна гэж хэлсэн тул аргагүйн эрхэнд 4 дүгээр давхраас байр авсан. Би мөнгөө төлж чадаагүй ба Ж.Ет банкнаас өндөр хүүтэй зээл авч өгсөн. Ж.Е байрны засвар хийж өгнө гэсэн ч одоо хүртэл хийж өгөөгүй. Одоо хүртэл тухайнбайрны засвар дутуу хийгдсэн байдалтай байна. Ж.Е тус орон сууцанд халуун ус оруулж өгнө гэсэн ч одоо хүртэл хийгээгүй. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Е хүүхдийн тоглоомын талбай барьж өгнө гэсэн ч одоо хүртэл бариагүй. Ж.Е дээрх байдлаар хийж өгнө гэсэн зүйлүүдийг одоо хүртэл хийгээгүй тул би дээрх мөнгийг өгөөгүй байсан. Ж.Еийн барьсан орон сууц шаардлага хангахгүй байгаа. Манай байрны 3 хаалга нь өөр өөр өнгөтэй, хаалганы амлагаа хийгдээгүй байдалтай байна. Ж.Е байрны гэрчилгээ гаргахын тулд надтай заавал гэрээ хийж ёстой гэж хэлсэн. Тэрээр хүчээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Би байрны гэрчилгээ гарсны дараа банкнаас зээл гаргаж өгсөн. Би Ж.Еээс ямар ч мөнгө аваагүй гэдгээ дахин хэлмээр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Е нь хариуцагч Т.Оаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1440000 төгрөг, алданги 720000 төгрөг, нийт 2160000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... миний бие Т.Оьтай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24890000 төгрөгийг зээлдсэн бөгөөд энэхүү зээлийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөхөөр болсон боловч 1440000 төгрөгийг дутуу өгсөн тул гэрээгээр тохиролцсоноор хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийн хамт 2160000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Е, хариуцагч Т.Оь нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ж.Е нь зээлдэгч Оьт 24890000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүгүй зээлдүүлэхээр, зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг хэсгээр хувааж төлөхөөр, зээлдэгч үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна. Мөн уг гэрээний нэмэлт нөхцөлөөр зээлийн эхний хэсэг болох 19590000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, үлдэгдэл 5300000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлөхөөр тусгажээ.
Тухайн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Е нь хариуцагч Т.Оьт нийт 24890000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байх бөгөөд тухайн гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх ба нэхэмжлэгчийн шилжүүлж өгсөн дээрх мөнгийг зээлдэгчийн зүгээс бүрэн төлж дуусгасан талаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтаар хариуцагчийн зүгээс гаргаж өгч чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгчээс зээлээр шилжүүлсэн мөнгөнөөс 1440000 төгрөгийг төлж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа ба гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 720000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх ба гэрээнд үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байхаар тусгасан байна. Үүрэг гүйцэтгэгчийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлснийг тооцоход 2018 оны 02 дугаар сарын 01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 334 хоног хэтэрсэн байх ба гүйцэтгээгүй үүргийн дүн болох 1440000 төгрөгийн алданги нь 2404800 /1440000 х 0.5% х 334 хоног=2404800/ төгрөг байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн болох 1440000 төгрөгийн 50 хувь болох 720000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагчаас ... уг зээл нь Ж.Еийн бариулсан Ө сумын 5 дугаар багт байршилтай 22 айлын Н-2 орон сууцнаас байр худалдаж авсан үед банкнаас зээл авах гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах шаардлага гарсан ба тухайн үед дээрх гэрээг байгуулсан, анх авсан байрыг нэхэмжлэгч сольсон, 8 хувийн ипотекийн зээлд хамруулж өгнө гэж амласан, өрөөнүүдийн хаалга өөр өөр өнгөтэй, халуун усгүй, алчуур хатаагчгүй, хүүхдийн тоглоомын талбай хийхээр байсан боловч хийгдээгүй тул тухайн үлдсэн мөнгийг төлөхгүй гэж тайлбарласан байна. Гэвч зээлийн гэрээнд дээрх байдлын талаар тусгаагүй бөгөөд орон сууцны доголдлын талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
Иймд хариуцагч Т.Оаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1440000 төгрөг, алданги 720000 төгрөг, нийт 2160000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ет олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.2, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Оаас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1440000 төгрөг, алданги 720000 төгрөг, нийт 2160000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ет олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49510 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Оаас 49510 төгрөг гаргуулан Ж.Ет олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсонзохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК