| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0187/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Г.И******үү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.И******үүд холбогдох эрүүгийн 2438003860503 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И******үү нь 2024 оны ** дугаар **-ны өдөр Хөвсгөл аймгийн ****сумын *** дүгээр хороо ***тоотод хохирогч М.Т********хийн бие махбодод халдаж зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438003860503 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.И******үү нь 2024 оны *** дугаар **-ны өдөр Хөвсгөл аймгийн ***сумын ** дүгээр хороо *** тоотод М.Т********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, гартаа барьж байсан хутгаар зүүн гуянд нь зүсэж, биед нь зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И******үүгийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Т********хийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн **** суманд найз П.Ж*******ын гэрээс 2024 оны **** дугаар сарын***-ны өдрийн 12 цагийн үед найз руугаа утсаар залгаад хүүхний дугаар байна уу гэж асуухад манай найз Б.Ө нэг танихгүй хүүхний дугаар өгөхөөр нь би утсаар ярьсан, манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр би найз Р.Э******ой М.Н сумын *** тоотод машинтайгаа явж очтол хашааны үүдэн дээр нүдний шилтэй хүүхэн байхаар нь нөгөө хүүхэнтэй уулзаж ярихад нөгөө хүүхэн манай гэрт орооч гэхээр би ганцаараа хүүхний гэр лүү орох гээд таамбар руу нь ортол нэг танихгүй залуу хутга барьсан нөгөө залуу нь хажууд нь зогсож байсан. Тэгсэн нөгөө хутгатай залуу над руу хутгатай гараараа дайрсан би тэгэхээр нь гараад зугтаад хашааны үүдэн дээр гартал нөгөө танихгүй залуу араас гүйж ирээд намайг барьж аваад нөгөө хоёр залуу намайг чирээд гэрлүүгээ ор гээд хоолойнд хутга тулгаад, танихгүй залуу манай эхнэртэй яах гэж ярьсан юм бэ гээд асуугаад би тайлбарлаж хэлээд ямар ч холбоо байхгүй найзаасаа дугаарыг нь авсан гэж хэлэхэд миний бөгс рүү 3 удаа хутгалсан, дух хэсэгт хутганыхаа ишээр цохиж, хацар зүссэн, тэгсэн нөгөө танихгүй залуу чамд архины мөнгө байна уу гэж асуухаар нь 140.000 мянган төгрөг байна чи 130.000 мянган төгрөгийн ав би 10.000 төгрөгөө аваад таксидаад явлаа гэж хэлсэн.Тэгсэн хоолойноос хутга аваад бид 3 гэрээс гараад нөгөө хоёр тамхигүй болохоор би явлаа гэж хэлээд хашаанаас гартал найз 2-3 найзаа дуудсан зогсож байсан. Би тэгэхээр яах гээд байгаа наадах чинь балай юм байна гээд бид хэд шууд нэгдсэн эмнэлэг дээр очоод оёдол тавиулаад цагдаагийн байгууллага дээр очсон юм. Танина царайг хараад танин. Тухайн үед хэрэглэсэн байсан хоёулаа нилээн согтуу байсан. Би эрүүл байсан. Тухайн үед намайг дух руу хутганы ишээр цохиж бөгс рүү хутгалж зүссэн юм. Тухайн үед нөгөө 2 танихгүй залуу, утсаар ярьсан эмэгтэй бид 4 байсан. Миний бодлоор эхнэртэйгээ хардаж намайг хутгалсан байх. Би 130.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн Хаан банкны **гэх данс руу шилжүүлсэн. Би гэмтлийн зэрэг тогтоолгоно. Эрүүл мэндийн хохирлоо барагдуулна. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Хохирогч М.Т********хийн 2025 оны 04 дүгээр 02-ны өдөр өгсөн: “М.Ө********г өөрөө намайг гэртээ ор гээд би орсон юм. Би ямар нэгэн байдлаар дур мэдэж орсон зүйл бол байхгүй. Манай найз Б.Ө****ий надад уг эмэгтэйгийн дугаарыг өгсөн ба танилцах гэж залгасан юм. Би наад хүүхнийг чинь таньдаг юм чи танилц гээд өгсөн. Таксинд явж байгаад танилцсан гэж надад хэлсэн юм. Сайн дураараа шилжүүлсэн ба ямар нэгэн хутга тулгаж мөнгө авсан зүйл байхгүй. Намайг гэр дотроо хутгалсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А****гийн өгсөн: “...М.Т********хийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 62.552 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 62.552 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Н.М.Ө********гийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн М.Н сумын *** тоотод 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр хамтран амьдрагч Г.И******үүгийн хамт байж байтал миний *** дугаарын утас руу танихгүй эрэгтэй хүн залгаж орж ирээд уулзья гээд байхаар нь манайд хамаатны ах ирнэ гэж байсан болохоор надаар тоглоом хийгээд байгаа байх гэж бодоод тэг тэг гээд хаягаа хэлсэн. Тэгсэн удаачгүй хашааны хаалган дээр машинтай ирээд би гараад очтол шууд зөрөөд хажуугаар манай гэрийн зүг танихгүй ах яваад орсон. Тэгсэн Г.И******үүтэй таамбарын үүдэн дээр таарсан юм шиг байсан. Би гадаа хувцсаа хатааж байтал нөгөө танихгүй ах таамбарын хаалга мөргөөд гараад гүйхийг харсан. Г.И******үү араас нь гүйгээд бариад авсан тэр үед Г.И******үүгийн найз Э*****й залгуур манайд авчирч өгөхдөө юу болоод байгаан гээд асуухад нөгөө танихгүй ах Г.И******үү нар хашаа руу орсон.Тэгээд Г.И******үү, нөгөө танихгүй ах Э.И бид хэд байшинд орсон. Гэрт ороод манай хүн надаас юун хүн бэ таньдаг юм уу гэж асуухад би танихгүй ерөөсөө харж байгаагүй юм байна гэж хэлсэн. Тэгсэн манай хүн ганц хоёр удаа цохиж байхыг харсан дараа нь хоорондоо хэл амаар муудалцаж байх шиг байсан, би эр хүмүүс учраа олно биз гэж бодоод гараад явсан.Тэгээд буцаж ороход нөгөө танихгүй ах, Г.И******үү нар эвлэрсэн байдалтай нөгөө танихгүй ах уучлалт гуйгаад байж байсан. Тэгээд Г.И******үүд нөгөө танихгүй ах ганц юм аваад өгье хамт ууя гээд байхаар нь би юу яриад байгаан та чинь одоо ямар сонин хүн таньж мэдэхгүй байж хүний гэр орон луу орж ирээд архи дарс ууя гээд уурласан. Тэгсэн нөгөө танихгүй ах ёстой миний буруу уучлаарай гээд байсан. Намайг дансаа хэлчих гээд гуйгаад байсан. Би тэгэхээр нь дансаа хэлсэн. Тэгсэн миний данс руу 120.000 мянган төгрөг хийсэн байх шиг байсан. Тэр хоёр хоорондоо тэгээд учраа олоод Г.И******үү хашааны хаалган дээр гаргаж өгсөн. Ийм зүйл болсон. Г.И******үү эрүүл байсан харин нөгөө танихгүй ах бага зэрэг хэрэглэсэн байх шиг байсан, өөрийгөө хянах бол чадвартай байсан архи үнэртэж байсан. Танихгүй эрэгтэй хүн эхнэр лүү нь залгаад гэр лүү нь яваад орохоор ямар ч хүн уурлах байлгүй дээ тэрнээс болж хэрүүл маргаан гарсан байх. Тэрний талаар бол сайн мэдэхгүй байна нөгөө танихгүй ах уучлалт гуйгаад миний буруу дансаа өгчих хамт архи ууя гээд манай хамтран амьдрагч И.Г гуйгаад байсан. Тэгээд миний дансыг гуйж аваад хэдэн төгрөг хийснийг би бол тухайн үедээ мэдээгүй юм. Г.И******үү, найз Э.И, нөгөө танихгүй эрэгтэй бид хэд л байсан. Э.И угаасаа оролцоогүй зүгээр хараад байж байсан. Тэрийг сайн мэдэхгүй байна яагаад гэвэл би угаалга хийгээд гадаа хувцсаа хатаах гэж гарч ороод байсан юм. Г.И******үүг гуя руу нь хутгалсан эсэхийг бол хараагүй. Сүүлд нөгөө танихгүй хүн эмнэлэг дээр очоод оёдол тавиулаад явж байна гэхээр нь Г.И******үүгээс юу болсон юм бэ гэж асуухад би айлгасан юм гэж хэлсэн. Намайг харахад гараараа 1-2 удаа цохиж байх шиг байсан. Г.И******үү нөгөө танихгүй хүнийг айлгаж дарамталж мөнгө төгрөг авсан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Н.М.Ө********гийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “..Одоогоос 2-3 жилийн өмнө би яг оныг нь сайн санахгүй байна тухайн үед Эрдэнэт рүү явах ажилтай болоод машин тэрэг сурч байгаад Б.Ө гэдэг хүнтэй танилцаж машинаар нь Эрдэнэт рүү явж байсан. Эрдэнэт явах замдаа Б.Ө надтай ойр зуурын юм ярьж өөрийгөө таксинд явдаг гэж танилцуулж, хэрэгтэй бол залгаарай гээд дугаарыг маань авч байсан. Үүнээс хойш М.Нгийн зах дээр 2-3 удаа таарч байсан... . Манайд Хэнтийд байдаг хамаатны ах тухайн үед Х******д ирсэн байсан юм. Тэгээд тухайн үедээ тэр ах маань танайд яваад очъё гэж хэлж байсан юм. Тэгээд одоо энэ залуу залгахаар нь би ахыгаа ирж байгаа юм байна. Надаар тоглоод байгаа юм байна гэж бодоод гэрийнхээ хаягийг хэлсэн чинь удалгүй гэрийн гадаа машин ирээд зогссон. Тэгэхээр нь би хашааны гадаа гараад ирсэн чинь тэр машинаас шал танихгүй хүн буугаад ирэхээр нь юун хүн билээ гэж асуусан чинь нэг юм хэлээд шууд гэр рүү орсон. Тэгээд И.Ү надаас юун хүн билээ ах чинь биш юм уу гээд энэ маргаан эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 117 тал/,
Гэрч Б.С*****ын өгсөн: “...Би энэ өдөр үдээс хойш 15-16 цагийн үед М.Н сумын 10 дугаар хороонд байдаг төрсөн ээж Г****гийн гэрт байж байсан чинь найз Т.Ө****х над руу залгаад би хутгалуулсан байна хүрээд ир гэхээр нь хаана байгаа юм гэсэн чинь 10 дугаар хороонд байна гэсэн. Т****хийг ингэж ярихаар нь би ээжийнхээ гэрээс гараад гудамны үзүүрт Т****тэй таарсан. Тухайн үед Т****үх ганцаараа явж байсан. Ямар ч байсан Т*****х надад би бөгсөндөө хутгалуулсан гэхээр нь харсан чинь зүүн талын өгзөгнөөс нь цус гарч байсан. Ингээд Т.Ө, Г.О хоёр руу залгаад хүрээд ир гэж дуудаад байсан. Удалгүй Г.О ирэхээр нь бид гурав эмийн сан орж наалт авч Т.Хийн хутгалуулсан бөгсөн дээр наагаад дараа нь бид гурав эмнэлэг орж цэвэрлүүлж янзлуулсан. Тэгээд Г.О хот явна гэхээр нь Т.Х бид хоёр унаанд суулгаж өгөөд салцгаасан. Найз нөхдийн харилцаа холбоотой. Хамт урд том тэрэг барьдаг. Надад бол бөгсөндөө хутгалуулсан гэж хэлсэн. Тэр хутгалуулсан газрыг нь харахад өмдтэй нь хамт давхар хутгалаад бие рүү орсон байсан. Хутгалуулсан газраас нь ямар ч байсан цус гарч байсан. Бас духан дээрээ шалбарсан байсан. Тухайн үед надад Т.Х хэлэхдээ намайг хутгалсан залуу миний дансанд 10,000 төгрөг үлдээгээд бүх мөнгийг маань авчихлаа гэж хэлж байсан. Надад Т.Х хэлэхдээ нэг хүүхэн дээр очоод гэр рүү нь орох гээд таамбар руу нь орсон чинь урдаас хоёр залуу гарч ирээд нэг нь хутгалсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн-114-115 тал/,
Гэрч Э.Г*****жийн өгсөн: “ Би 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр өөрийн гэр Хөвсгөл аймгийн М.Н сумын *** дугаар баг ***** тоотод гэртээ байж байхад манай найз С*****а над руу залгаад хүнд гуяандаа хутгалуулчихсан гээд гараад ирсэн байна чи хүрээд ир гэхээр нь би М.Н хотын ** дугаар хороололд очсон чинь С.А Т.Х 2 С.Агийн машин дотор сууж байсан тэгээд машинд ортол Т.Х цус алдсан байдалтай байхаар нь би наадахыг чинь эмнэлэг орж оёулахгүй бол болохгүй юм байна гээд бид 3 нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж дээр ирсэн. Тэгээд Т.Хэд оёо тавиулаад бид 3 эмнэлэгээс гарч ирээд шууд хот хооронд унаа явдаг тээврийн товчоон дээр өдөр 17 цагийн үед ирсэн. Тэгээд намайг буулгаад бид 3 салсан юм. М.Т********х нь надтай хамт Хөвсгөл аймаг М.Н сумын ** дугаар **-н жилийг хамт төгссөн арван жилийн найз юм. М.Т********х нь зүүн хөлний арын хонго, /өгзөг/ хавьцаа хутгалуулсан цус алдсан байдалтай байсан. Надтай хутгалуулсан гэж л ярьсан. Дээрэмдүүлсэн хутга тулгуулсан талаар надад юм хэлээгүй. Би мэдээгүй манай найз С.А над руу яриад Т..Ө хутгалуулчихсан гэж байна чи хүрээд ирээч гэхээр нь л би очсон. Би С.Аг дуудахаар нь очиход С.Агийн машин дотор Т.Х тэр 2 сууж байсан. Намайг С.А дуудаад очиход би М.Н сумын ** дугаар гудамжны нэг гудамжинд С.А Т.Х 2 машинд сууж байсан. Би айлд орж хутгалуулсан уу эсвэл тэр гудманд хутгалуулсан талаар нь мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/,
Гэрч Б.Э.Игийн өгсөн: “...2024 оны 1**дугаар сарын **-ны өдөр үдээс хойш барагцаагаар 16 цагийн үед найз И.Үгийн уртасгагч залгуурыг нь аваачиж өгөх гээд гэрт нь очсон юм. Тухайн үед эхнэр М.Ө********гтэй хамт байж байсан. Ингээд бид гурав мах чанаж идээд байж байхад гаднаас И.Э, М.Ө********г хоёрын ах нь ч юм уу найз нь ч юм уу нэг өндөр ах гаднаас ороод ирсэн. Тухайн үед И.Э тэр гаднаас орж ирдэг ах хоёр маргалдаад унасан. Юунаас болж маргалдсан гэдгийг нь тухайн үедээ бол би мэдээгүй. Сүүлд сонсоод байхад тэр гаднаас орж ирдэг залуу М.Ө********г рүү залгаж ярьсан шиг байсан. И.Эгийн байшин нь хоёр өрөөтэй юм. Намайг ямар ч байсан гал тогооны өрөөнд мах идээд сууж байхад И.Э хүрж ирээд ишгүй шахам хутга барьж авахаар нь би яах гэж байгаа юм гэсэн чинь И.Э мань нь жоохон айлгана гэж хэлээд хутга аваад нөгөө өрөө лүү орсон. Удаачгүй нөгөө өрөөнд түжигнээд явчихаар нь ардаас нь орсон чинь буйдан дээр И.Э нөгөө залуутай маргалдсан сууж байсан. Тэгж байснаа энэ хоёр ганц юм уух юм болсон. Тухайн үед би энэ хоёрыг бие биенийгээ таньдаг юм байна гэж бодсон. Ингээд тэр залуутай И.Э бид хоёр дэлгүүр явах гэж байсан чинь нөгөө залуу хаалгаар гарах гэж байхдаа би уухаа болилоо ганц юмны мөнгө шилжүүлье данс байна уу гэхэд И.Э байхгүй гэж хэлээд манай эхнэрийн данс руу хийчих гэж хэлээд М.Ө********гийн дансыг хэлсэн чинь нөгөө залуу мөнгө хийлээ шүү гэж хэлээд И.Этэй гар бариад яваад өгсөн. Би яг тэр залууг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд л би яваад өгсөн. Би энэ талаар сайн харж чадаагүй. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо маргалдаад байсан. Намайг уртасгагчийг нь аваачиж өгөх гээд очсон байхад М.Ө********гтэй утсаар ярьж байхад нь И.Э хэн юм бэ гэхэд мэдэхгүй мэдэхгүй хэлж байсан. Энэ залуу худлаа хэлсэн байна. Ийм зүйл болоогүй. Тухайн үед тэр залуутай И.Э маргалдаж байгаад тэгээд л нэг мэдэхэд ганц юм хувааж уух болоод байж байсан. Би тэр залуутай маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед энэ залуу И.Этэй хамт ганц юм хуваагаад ууя гэсэн сууж байсан. Тэгээд бид гурав гэрээс гараад хашааны хаалга руу явж байх замд нөгөө залуу хөгшин чинь болилоо ганц юмны мөнгө шилжүүлье гэсэн чинь И.Э бид хоёрт данс байхгүй эхнэрийн данс байгаа гэсэн чинь нөгөө залуу эхнэрийнхээ дансыг хэлчих гэж хэлсэн. Тэгээд И.Э өөрөө М.Ө********гийг дансыг цээжээр мэдэхгүй болохоороо гэр лүүгээ ороод М.Ө********гийг гаргаж ирээд дансыг нь хэлүүлсэн. Тэгээд нөгөө залуу мөнгө хийлээ гэж хэлээд яваад өгсөн. Ингээд би ч гэсэн ажилтай байсан болохоор яваад өгсөн. Би мэдэхгүй байна. Тухайн үед би гал тогооны өрөөнд мах идээд сууж байсан. Намайг том өрөө лүү орсны дараа ийм зүйл болоогүй. Өмнө нь юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэрийн гадна М.Ө********г хувцсаа угаагаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай: “...М.Т********хийн биед зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 26/236 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн лавлагаа /хх-ийн 22-23 тал/,
Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Хохирогч М.Т********хийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 9 тал/,
Хохирогч М.Т********хийн дансны хуулганд үзлэг хийсэн: “..2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 44 минутад 130.000 төгрөгийн зарлага tolbor гэсэн утгатай гарсан ба уг гүйлгээг Хаан банкны ******* гэх данс руу зарлага хийгдсэн нь тогтоогдож байна.. гэх тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 14-15 тал/,
Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5890/202 дугаартай албан бичиг, Н.М.Ө********г, Г.И******үү нарын *******47 дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-150 тал/,
Шүүгдэгч Г.И******үүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа дээрэмдсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, харин хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ бол зөвшөөрч байна. 2024 оны **** дугаар сарын ***-ны өдөр гэртээ өдрийн 15-16 цагийн үед угаалга хийгээд байж байсан чинь манай эхнэрийн дугаар руу нэг дугаар залгахаар нь би утсыг нь аваад ярьсан чинь нэг эрэгтэй хүн байна уу гэж дуугарсан тэгэхээр нь хэн бэ гэсэн чинь М.Ө********гтэй яръя гэхээр нь би эхнэртэй утсыг нь чанга яригч дээр тавиад өгсөн чинь нөгөө утсаар ярьж байсан эрэгтэй нь сайн уу юу байна уулзъя яваад очно хаана байгаа юм гэж ярихаар нь би эхнэрээсээ хэн юм бэ ах чинь юм уу гэсэн чинь мэдэхгүй байна магадгүй гэж хэлэхээр нь хаана байгаагаа хэлчих ирэхээр нь ямар хүн байдаг юм харъя гэж хэлсэн чинь манай эхнэр тэр утсаар ярьж байсан хүндээ гэрийнхээ хаягийг хэлж өгсөн. Удалгүй одоо энэ Т.Х гэдэг залуу гэрийн гадаа ирээд дахиад манай эхнэрийн дугаар руу залгаад ирчихлээ гэж хэлсэн чинь манай эхнэр эхлээд ганцаараа гарж явчихаад буцаж орж ирэхгүй удаад байхаар араас нь гарах гээд гэрийнхээ үүдийг түлхээд таамбар руугаа гарч байсан чинь Т.Х надтай таарсан. Энэ залуу тухайн үед согтуу байсан. Шууд Т.Х гэдэг залуу нь намайг хараад эргэж хараад зугтахдаа хаалга мөргөөд шалан дээр унаад мөлхөөд таамбараас гараад гүйхээр нь би ардаас нь гүйж очоод хашааны хаалганы хажууд барьж аваад буцаж гэр рүүгээ чирч ирээд том өрөөний орон дээр суулгасан. Тухайн үед өмнөх орой нь мах мөлжөөд тавьсан байсан бор иштэй хутга ширээн дээр байхаар нь тэр хутгийг авч айлгана гэж бодоод хутга барьж очоод ишээр нь зүүн гуя руу нь нэг удаа хатгасан. Тэгээд би тэр залууд хүний амьдралд ингэж орж болохгүй гэж хэлсэн чинь тэр залуу ойлголоо миний буруу хөгшин нь чамд ганц юм авч өгье гэж хэлээд намайг дэлгүүр дагуулж явна гэхээр нь тухайн үед хамт байсан Э.И гэдэг найзыгаа дагуулаад тэр залуутай хамт дэлгүүр явсан. Тэгээд хашааны гадаа гараад явж байсан чинь тэр залуу хөгшин нь хамт уух зав алга чиний данс руу мөнгө хийе гэхээр нь би эхнэрээ дуудаад дансыг нь өгүүлсэн чинь мөнгө хийж байсан. Ингээд тэр залууг явсны дараа эхнэрийнхээ дансыг шалгасан чинь тэр залуу 120.000 шилжүүлсэн байсан. Тэгээд орой над руу Т.Х залгахаар нь утсыг нь авсан чинь эмнэлэг дээр оёдол тавиулаад цагдаатай хамт явж байна танайд очно гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Ингээд орой 23 цагийн үед гэртээ байж байхад цагдаа нар ирээд намайг дагуулаад явсан. Үгүй ээ танихгүй. Тухайн үедээ л танилцсан. Одоогоор төлөөгүй байгаа. Тийм зүйл болоогүй. Тухайн үед энэ залуу хаалга мөргөж унахдаа хацраа зүссэн байх. Духанд үүссэн гэмтлийг ч бас хаалга мөргөж үүссэн байх гэж бодож байна. Би тэр залуугийн зүүн талын гуя руу нь нэг удаа хутганы ишээр нь хатгасан. Тэр хутганы иш нь хагараад төмөр нь ил гараад ирсэн байсан юм. Тухайн үйл явдлын дараа М.Ө********гийн жорлон руу хийсэн. Манай эхнэр болон Э.И нар байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан: “..Шүүгдэгч Г.И******үү нь 2024 оны ** дугаар **-ны өдөр Хөвсгөл аймгийн М.Н сумын ** дүгээр хороо ***тоотод хохирогч М.Т********хийн бие махбодод халдаж зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Т********хийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.Т********хийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний 506 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.А****гийн мэдүүлэг, unitel компанийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1118 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********дугаарын орсон гарсан яриа, дуудлага, мессежний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.И******үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү гаргасан: “...Гэм буруугийн хувьд маргаан байхгүй..” гэх санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.И******үү болон түүний өмгөөлөгч Ч.Будхүү нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Т********х, иргэний нэхэмжлэгч Г.А****а, гэрч Н.М.Ө********г, Б.Э.И, Б.С******р, Э.Г********ж нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Г.И******үүгийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.И******үү нь 2024 оны *** дугаар ***-ны өдөр Хөвсгөл аймгийн М.Н сумын ****** дүгээр хороо ******** тоотод М.Т********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, гартаа барьж байсан хутгаар зүүн гуянд нь зүсэж, биед нь зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч Г.И******үүгийн хохирогч М.Т********хийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.И******үү нь хохирогч М.Т********хийн бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь зүүн гуянд шарх, дух, зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.И******үүгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.И******үүгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.И******үүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.И******үүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Т********хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Т********х нь: “..ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 тал/-д өгсөн байх тул шүүгдэгч Г.И******үүг энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.Т********хэд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А****г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 62.552 төгрөгийг шүүгдэгч Г.И******үүгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Г.И******үү нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 62.552 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.И******үүгээс 62.552 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.И******үүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.И******үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.И******үүгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна. Хохирогч М.Т********х нь хохирол, төлбөр нэхэмжлэх баримт гаргуулж ирүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.И******үү хохирол төлсөн гэж байх боловч хэрэгт хохирол төлсөн баримтыг хавсаргаж ирүүлээгүй. Иймд хохирогч М.Т********х нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, эрүүл мэндийн даатгал санд учирсан 65,552 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Г.И******үү нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн 800 нэгжээр торгох ялын санал гаргаж байна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулж цагдан хоригдсон 6 хоногийг торгох ялаас хасаж тооцуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.И******үүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Г.И******үүгийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И***үүг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И******үүгийн цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90 нэгж буюу 90.000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 710 нэгж буюу 710.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 710 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 710.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.И******үү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.И******үүд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.И******үү нь 6 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И******үүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хонин онход овгийн Г.И.үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И.үүг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И******үү нь цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90 /ер/ нэгж буюу 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 710 /долоон зуун арав/ нэгж буюу 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И******үүд оногдуулсан 710 /долоон зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 710.000 /долоон зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И******үү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.И******үүд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.И******үүгээс 62.552 ( жаран хоёр мянга таван зуун тавин хоёр ) төгрөгийг гаргуулж Э******Д сангийн 1*********0 дугаартай дансанд олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Г.И******үү нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон хохирогч М.Т********хэд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.И******үүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН