| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0205/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/218 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Г.Ж*******н,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч Б.М*****р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М*****рт холбогдох эрүүгийн 2538000310183 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М*****р нь Хөвсгөл аймгийн ** сумын ** дүгээр баг ***тоотод байх гэртээ 2025 оны *** дүгээр сарын **-нөөс **-ны шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ж*******нг түлхэж унагаан, цээж рүү нь өшиглөж, толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000310183 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М*****р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны ** дүгээр сарын **-нөөс **-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***сумын *** дүгээр багийн *********тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ж*******нтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, түлхэн унагаан, цээж рүү нь өшиглөж, толгойн тус газарт нь модоор цохиж, биед нь тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*****рын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж*******нгийн өгсөн: “...Б.М*****р нь 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнө намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Тээврийн хэрэгсэлд 250,000 төгрөгийн үнэлгээ хийгдэж 38,000 төгрөгийн зардал гарсан. Хавтаст хэрэгт 2,310,790 төгрөгийн баримтыг бүрдүүлж өгсөн. Одоо ажилгүй байсан хугацааны 10 өдрийн цалин гаргуулж авна. Нэг өдрийн цалин 137,234 төгрөг үүнийг 10 өдөрт тооцохоор 1,372,234 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулж авна. Нийт 3,638,130 төгрөгийн хохирол болж байгаа. Үүнээс 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Үлдсэн 638,130 төгрөг гаргуулж авна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Б.М*****р нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан тул цаашид ажил хөдөлмөр эрхлээд эцэг хүний үүргээ биелүүлж архинаас хол яваасай гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ж*******нгийн өгсөн: “....2025 оны ** дүгээр сарын ***-ний орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр М.Ө******р над руу залгаад ** караоке дотор байна ирээд авчих гэхээр нь би гэрээсээ машинаа унаж очоод нөхрөө авах гэсэн чинь манай нөхөр шууд машин унаад намайг хаяад яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр лүүгээ алхаад явж байсан чинь манай хүүхэд Б.Я***р над руу залгаад хаана байгаа юм аав гэрт ирээд над руу уурлаад намайг цохисон гэж уйлсан ярихаар нь гэртээ очсон чинь манай хүүхэд орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би нөхрөөсөө яагаад хүүхэд зодоод байгаа юм намайг яагаад хаяад явсан юм гэхэд шууд намайг түлхээд газар унагаасан. Тэгэхээр нь босоод ирсэн чинь шууд миний цээж рүү хөлөөрөө жийж унагаасан. Ингээд намайг газар унагаасан байхад толгойны зүүн хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. Би тухайн үед ухаан алдаад унасан байна лээ. Нэг мэдсэн чинь манай хүүхэд хажууд ирсэн ээжээ сэрээрэй гэж хэлж байсан. Тэгээд би хүүхдээ аваад гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд манай нөхөр М.Ө******ртой уулзаад явсан. Миний бие өвдөөд болохгүй эмнэлэгт хүргээд өгөөч гэж цагдаагаас гуйгаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт очиход хүмүүс байхгүй байсан учраас буцаад гэртээ ирэхэд М.Ө******р гэртээ байсан. Тэгээд намайг гэрт ороход М.Ө******р нь чи надаас дахиад салаад явах уу гээд намайг боож нэлээд хугацаанд дарсан. Энэ үед нь миний амьсгал боогдоод хэцүү байсан учраас би одоо больё гээд унтсан. Маргааш нь миний бие өвдөөд би босож чадаагүй хэвтэж өнжсөн. М.Ө******р миний машиныг унаж яваад салхины шилийг өшиглөж хагалсан, паарны хэсгийг цохиж эвдэлсэн байсан. Тэгээд 01 дүгээр сарын 06-ны өдөр миний бие сайжрахгүй байсан учраас ***эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлээд бие сайжрахгүй байхаар нь Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч чихний хэнгэрэг хагарсан байсан учраас нөхүүлсэн. Одоо миний хамрын таславч муруйсан, толгой байнга өвддөг учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ үйл явдлын дараа манай хүү М.Б******р надад хэлэхдээ таныг аав махны модоор цохисон та тэгээд ухаангүй нэлээн удаан хэвтсэн. Тэр махны модоо аав жорлон луу хий тэгэхгүй бол би шоронд орно гэж хэлсэн гэсэн. Тэрнээс хойш манай махны мод харагдахгүй байгаа. Бас тухайн үед манай хүү М.Б******рын утсыг эвдсэн. Тиймээ бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Би яагаад зодсон гэдгийг нь ойлгохгүй байгаа. Урьд нь ч гэсэн архи уух үедээ намайг зодож, хэл амаар доромжилдог, ажлаас тараад ирэх үед байнга шалгадаг байсан. 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр ажлын газрын эрэгтэй хүмүүсийг манай байгууллагын эмэгтэйчүүд хүлээн авч ажлын газрын хүмүүстэйгээ хэсэг сууж байгаад гэртээ харьсан чинь М.Ө******р намайг хэл амаар доромжилж, хөл рүү цохиж байсан. М.Ө******р намайг байнга хардаж ажил хийлгэхгүй хэцүү байгаа, найзалж нөхөрлөдөг хүмүүс рүү дайрж хэл амаар доромжлоод дарамталж байдаг. Ажилгүй гэртээ байнга байж байдаг хүн байгаа юм. .. . 2023 онд 30 хоног баривчлагдаж байсан. Ийм зүйл байхгүй. Би өөрийгөө хамгаалах үйлдлээс болж биед нь хүрсэн байх. Би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулна. Эмчилгээний зардлаа гаргуулна. Машины эвдсэн эд зүйлүүдийг төлүүлнэ. Хүүхдийн утсыг төлүүлэх шаардлагатай, байна...Би гэмтлийн улмаас 10 хоног ажилдаа явж чадаагүй цалинг нэхэмжилнэ.... Би хүүхдийнхээ утасны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Тухайн үйл явдлын дараа М.Ө******р уучлалт гуйж эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би сэтгэл санааны хохирлоо шүүхээр тогтоолгоно гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 93 тал/,
Насанд хүрээгүй гэрч М.М.Б******рын өгсөн: “...2025 оны ** дүгээр сарын **-ний өдөр манай аав архи уугаад өдрөөс хойш алга болсон. Ингээд орой 22 цаг өнгөрч байхад аав ээж рүү залгаад аль ч баарнаас гэнэ ирээд ав гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ ээж надад аавыг чинь яваад аваад ирье гэж хэлээд машинаа унаад яваад өгсөн. Ээж яваад нэлээн удсан барагцаагаар 30-40 минут болсны дараа аав ээжийн машиныг унаад гэрт ганцаараа ороод ирсэн. Тухайн үед гэрт орж ирэхдээ аав согтуу байсан. Аав надаас ээж чинь хаашаа явсан юм бэ гэхээр нь мэдэхгүй таныг очиж авна гэж хэлээд яваад өгсөн гэж хэлсэн чинь утсаа өгч бай ээж рүү чинь залгая гэхээр нь утсаа өгсөн чинь ээжтэй утсаар ярьж байснаа гэнэт уурлаад утсыг маань орны модон хэсэг рүү саваад хаясан. Тэгснээ аав над руу нэг юм шидсэн одоо би юу авч шидсэн гэдгийг нь санахгүй байна тэр шидсэн зүйл нь намайг оноогүй. Тэгээд аав дахиж надаас ээж чинь хаачсан юм бэ гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь чи яагаад мэдэхгүй байгаа юм гээд миний баруун гарын булчин руу нэг удаа, хамар хэсэг рүү нэг нэг удаа гараа атгаж байгаад цохиход нь би уйлсан. Ингээд байж байхад ээж гаднаас орж ирээд аавд хандаж чи яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гэсэн чинь аав шууд цээж рүү нь хөлөөрөө тийрч унагаагаад шалан дээр унасан байхад дээр нь гараад ээжийн толгой руу зөндөө олон удаа цохисон. Тэгж байснаа гэнэт хажуудаа байсан махны мод барьж аваад ээжийн толгой руу цохисон чинь тэр махны мод олон хэсэг болж хуваагдсан. Ингэж байхад аавын карманаас ээжийн утас унаад ирэхээр нь би тэр утсыг нь очиж аваад ээжид өгсөн. Ээж харин утсаараа цагдаа дуудсан аав шууд гэрээс гараад зугтаасан чинь ээж ардаас нь бас гараад гүйсэн. Тэгээд нэлээн хэсэг хугацааны дараа аав гэрт ганцаараа орж ирээд тэнд хагарсан байсан махны модыг хараад энэ махны мод яасан юм бэ гэж надаас асуухаар нь би та сая ээжийн толгой дээр цохисон гэж хэлсэн чинь одоо тэгвэл наадахаа шатаа, эсвэл нойл руу хий тэгэхгүй бол би шоронд орно гээд бас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр махны модыг орон доогуур хийсэн. Тухайн үед аав гаднаас орж ирэхдээ хашааны нохой тавьсан байсан. Бас гэрийн гэрлийг унтраасан. Тэгээд цагдаа ирээд хаалга нүдэхэд аав дуугарч болохгүй дуугарч болохгүй дуугарах юм бол хохино шүү гэж хэлсэн. Ингээд байж байхад ээж залгахаар нь би утсыг нь авсан ганцаараа байгаа гэж хэл гээд хажуунаас хэлээд байхаар нь ганцаараа гэртээ ээжид хэлсэн чинь удалгүй ээж гэрт ороод ирсэн чинь аав дээр нь дарж унагаагаад надаас салах уу гээд чанга чанга дуугараад байсан. Тэгж байгаад аав унтсан өглөө нь аав гал түлээд байхаар нь харсан чинь нөгөө олон хэсэг болсон махны модоор галаа түлсэн байна лээ. Тэгээд ээжийн машиныг унаж яваад буцаж ирэхдээ шилийг нь хагалсан байсан. Ямар шалтгааны улмаас зодсоныг би мэдэхгүй байна. Айхтар бол зодож байгаагүй. 2-3 жилийн өмнө ганц хоёр удаа гар хүрч алагдаж байсан. Тэр үед нь ээж цагдаад мэдэгдээгүй өнгөрч байсан. Засагдахгүй болохоор нь гар утасны сэлбэгт зарсан. Уг нь Самсунг А-35 маркийн гар утас байсан.
Үгүй одоо миний биед гэмтэл байхгүй болсон. Аав ээжийн хажууд намайг харааж загнаад байдаггүй. Аав ээжийг ажилдаа явсны дараа намайг байнга хараагаад гэрийн бүх ажлаа хийлгээд хийлгээд хичээлд явуулдаг байсан. Энэ талаар ээжид хэлэхэд уг нь аав дахиж тэгэхгүй гэж хэлдэг. Тэгээд ээжийг явсны дараа хов зөөлөө гээд бүүр их хараагаад юм авч шидээд байдаг болохоор сүүлдээ бүүр хэлэхээ ч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай: “... Г.Ж*******нгийн биед хэнгэргэн хальсны цооролт, зүүн зулайд хаван бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Г.Ж*******нгийн эмнэлгийн бичиг баримтад нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 31-34 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай: “... Г.Ж*******нгийн биед тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Г.Ж*******нгийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хохирлын зэрэгт тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн КТГ-ын дүгнэлт, /хх-ийн 22-26 тал/,
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн: “...Г.Ж*******нгийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 36 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/11985 дугаартай: “...Бидэнд ируүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр *****улсын дугаартай цэнхэр өнгийн Приус-20 тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан, салоны паар хагарсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 250,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 тал/,
Г.Ж*******нгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эдэлсэн тухай мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт /хх-ийн 79-80, 82 тал/,
Шүүгдэгч Б.М*****рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2025 оны ** дүгээр сарын **-ний өдөр гэртээ амраад байж байсан чинь *******сумаас манай найз Б.М*****р 18 цагийн үед залгаад найз нь сумаас ороод ирлээ хоёулаа уулзъя гараад ирээч гээд байхаар нь за тэгье гээд эхнэртээ хэлээд гэрээсээ гарсан чинь манай найз Б.М*****р эхнэртэйгээ манай гэрийн гадаа ирчихсэн машинтайгаа байж байсан. Тэгээд бид гурав машин дотор хоорондоо хэсэг юм ярьж суугаад байж байсан чинь манай найзын хадам ах эхнэртэйгээ ирээд бид хэд юм ярьж сууж байгаад хоорондоо ярилцаж байгаад **байдаг “***караоке”-д ороод хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи уугаад байж байсан чинь тэнд байсан хүмүүс эхнэрээ дуудчих хэдүүлээ хэсэг сайхан сууя гээд байхаар нь би эхнэр рүүгээ залгаад дуудсан чинь манай эхнэр удалгүй ирээд бид хэд авсан 1 шил архиа ууж дуусгаад байж байсан чинь дахиж 1 цаг сунгана гээд тарах шинжгүй байхаар нь таньдаг ахыгаа дуудаад гэртээ хүргүүлээд гэртээ ороод унтаад байж байсан чинь манай эхнэр араас ирээд яагаад намайг орхиод явчихаж байгаа юм бэ гээд хацар руу гараараа алгадаад байхаар би зөрүүлээд шанаа руу нь алгадсан юм. ....Танина, Манай эхнэр байгаа юм. Би хариад унтаж байсан чинь яагаад намайг орхиод явж байгаа юм гээд унтуулахгүй тархи толгой руу алгадаад би босож ирээд шанаа руу 1 удаа алгадсан. Өөр ямар нэгэн өш хонзон, өр авлагын асуудалгүй байхгүй. Би тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Би эхнэр Г.Ж*******нгийн би учруулсан хохирлоо шүүх хурал болохоос өмнө төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М*****р нь Хөвсгөл аймгийн ****сумын ** дүгээр баг ********тоотод байх гэртээ 2025 оны *** дүгээр сарын **-өөс **-ны шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ж*******нг түлхэж унагаан, цээж рүү нь өшиглөж, толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох хохирогч Г.Ж*******нгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.М.Б******рын мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А******н 42 дугаартай дүгнэлт, 107 дугаартай дүгнэлт, А***н ХХК-ийн 11985 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.М*****рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Г.Ж*******н нь 2,083,090 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн талаар баримт гаргаж өгсөн. Хохирогчийн зүгээс шүүхийн шатанд цалин хөлс 1,372,340 төгрөг нэхэмжилсэн. Нийт хохирол 3,638,130 төгрөг нэхэмжилсэн. Төлөгдөөгүй хохирол 638,130 төгрөг болон цаашид гарах хохирол төлбөрөө нэхэмжилсэн. Хохирогч нь ажиллаагүй хугацааны 638,130 төгрөг нэхэмжилж байх боловч гаргаж өгсөн эмнэлгийн магадлаа гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд биш байх тул хохирогчийн гаргаж өгч байгаа магадлаа нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул дээрх нэхэмжилж байгаа хохирол болоод сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 791,351 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.М*****роос гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна....” гэсэн санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаяр гаргасан санал дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна..” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М*****р нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ж*******н, насанд хүрээгүй гэрч М.М.Б******р нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн КТГ-ын дүгнэлт, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Г.Ж*******нгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эдэлсэн тухай мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.М*****р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны ** дүгээр сарын **-нөөс **ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн *** сумын ** дүгээр баг **** тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ж*******нтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж, түлхэж унагаан, цээж рүү нь өшиглөж, толгойн тус газарт нь модоор цохиж, биед нь тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.М*****рын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ж*******нгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.М*****рын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.М*****р нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ж*******нгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*****рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.М*****рын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ж*******нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж*******н нь: “...Тээврийн хэрэгсэлд 250,000 төгрөгийн үнэлгээ хийгдэж 38,000 төгрөгийн зардал гарсан. Хавтаст хэрэгт 2,310,790 төгрөгийн баримтыг бүрдүүлж өгсөн. Одоо ажилгүй байсан хугацааны 10 өдрийн цалин гаргуулж авна. Нэг өдрийн цалин 137,234 төгрөг үүнийг 10 өдөрт тооцохоор 1,372,234 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулж авна. Нийт 3,638,130 төгрөгийн хохирол болж байгаа. Үүнээс 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Үлдсэн 638,130 төгрөг гаргуулж авна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлтэй байна. Хамрын таславч мурийсан. Чихний хэнгэрэг цоорсон. Хамрын таслагчийг янзлуулахгүй бол хор хохиролтой байдаг гэсэн. ***эмнэлэг дээр очиж хийлгэнэ...” гэх мэдүүлэг тайлбар өгч, ***эмнэлгийн эмчлэгч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл магадлагаа, ****эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх эмнэлгийн магадлагаа, Хаан банкны Хөвсгөл салбар, ***тооцооны төвд үйлчилгээний зөвлөх ажилтай Г.Ж*******нгийн цалин болон түүнтэй адилтгах орлогын дэлгэрэнгүй жагсаалт зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.М*****р нь хохирогч Г.Ж*******нгийн нэхэмжлэлээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ, эмчилгээний зардалд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр ***эмнэлгийн эмчлэгч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл магадлагаа нь үйл баримт болсон цаг хугацаанаас зөрүүтэй, түүнчлэн хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний карт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Г.Ж*******нгийн нэхэмжилсэн 638.130 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Г.Ж*******нгийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны 638,130 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Ж*******н нь цаашид гарах эмчилгээний зардлын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.М*****роос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 791,351 төгрөг / хх-ийн 79,82 тал/ нэхэмжилж баримтын хэрэгт хавсарган ирүүлсэн байх боловч дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогчийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай баримт, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлтэд дурьдсан үнийн дүн зөрүүтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 791,351 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М*****рыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*****рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М*****рын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.М*****рын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М*****рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Б.М*****р нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчид 3,000,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М*****р нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх хэвээр үлдээх саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаярын гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.М*****р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр баг ** тоотод байх гэртээ 2025 оны ** дүгээр сарын **-өөс **-ны шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ж*******нг түлхэж унагаан, цээж рүү нь өшиглөж, толгойн тус газарт нь модоор цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхи, зулай, цээж, баруун чих, шанаа, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна ..гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*****р өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М*****рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.М*****рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М*****р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М*****рт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М*****р нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Б.М**********рыг******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М**********рыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*****рт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*****р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Г.Ж*******нгийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалингийн зардал 638.130 /зургаан зуун гучин найман мянга нэг зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М*****роос хохирогч Г.Ж*******н нь цаашид гарах эмчилгээний зардлын хохирлоо, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 791.351 /долоон зуун ерэн нэгэн мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М*****р нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*****рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН