Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                                            Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч                                                           О.Билгүүндаш

Шүүгдэгч                                                                     Д....

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Б....

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны 03 дугаар сарын 24-ний өдөр  ... аймгийн ... суманд төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Завхан аймгийн ... сумын ... багийн .... 2 дугаар хэсгийн .... тоотод оршин суух, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... .... овогт ..., /регистрийн дугаар: ..../

Шүүгдэгч Д... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн  … сумын … багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн … улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:      

Шүүгдэгч Д…. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаартай шийтгэх тогтоол болон Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн … дугаартай шийтгэврийн хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д… нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн … сумын … багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн … улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “...Д…. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 миниутад…” Alcotest багаж ашиглан шалгахад 3,07% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо…”  гэсэн хэсгээр,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдүүлсэн гэрч М…. “….. байсан нэг шил 0.75 граммтай архийг бид 2 хувааж уучихаад …дахиад 2.5 литрийн том пивоноос 1 аягыг уучихаад би харихаар явсан … ганцаараа үлдсэн…” гэсэн мэдүүлгээр,

 Д… нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг шууд тусган мэдүүлсэн гэрч Р… 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байхад иргэнээс дуудлага ирж очиж шалгатал … улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийг Д… жолоодож замын хөдөлгөөнд оролцоод зогсохоор нь очсон...” гэсэн мэдүүлгээр,

Д… нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь зогсоож шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тухай мэдүүлсэн гэрч П… “...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн газрын баталсан хуваарь томилгооны дагуу замын хяналт шалгалтыг хийж ажилласан. Тухайн өдөр орой 18 цагийн орчимд иргэнээс  “…Завхан аймгийн … сумын … багийн голын зах дээр согтуу хүмүүс машиндаа архи уугаад байна…” гэсэн дуудлагаар очсон …. улсын дугаартай “Toyota Prius-11” маркийн тээврийн хэрэгслийг  … голын эрэг дээр очоод зогсоход нь очиж шалгахад жолооч … архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр болон мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Тухайн үед Д… тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.

Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинж болгон хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан  тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

Д… нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасагдсан гэдгээ мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн … сумын … багийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Д… нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

                  Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна

Шүүгдэгч Д… эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Д… эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д… эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д… нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ба дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

Шүүгдэгч Д… нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг дахин үйлдсэн байна.

Шүүгдэгч Д… нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас    2 сар 11 хоногийн ялыг эдлээгүй болох нь ялын тооцоо болон улсын яллагчийн тайлбараар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан өмнөх буюу Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн … дугаар тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 11  хоногийн хугацаатай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил  2 сар 11  хоногийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 / гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д... оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 / гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 292.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д... оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 / гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр  төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар  шүүгдэгч  Д… Завхан аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн  … дугаар тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн  2 сар 11 хоногийн хугацаатай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил  2 сар 11  хоногийн хугацаагаар хассугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д...  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил  2 сар 11 сарын хугацаагаар хасаж оногдуулсан  ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгч Д... 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Д... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА