| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 1931004250035 |
| Дугаар | 2020/ДШМ/64 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/64
Б.Даваанямд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Г.Давааренчин
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Д.Буянжаргал
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
ШГүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/336 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Баярмагнайн Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн 42 настай Баяд эрэгтэй бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг Царамын 2-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй урьд 21 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт Баярмагнайн Давааням /РД:М077090516/.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ойгоос 83 ширхэг, /28 ширхэг түлшний, 55 ширхэг хэрэглээний/ нийт 4.0838 метр куб хуурай нарс, гуалин мод бэлтгэж, 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль-экологид 823,464 /найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун жаран дөрвөн мянга/-н төгрөгний бодит хохирол, 2,470,392 төгрөгний хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Б.Даваанямд холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/336 дугаартай шүүгчийн захирамжаар:
“1. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Баярмагнайн Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
2. Яллагдагчийн өмгөөлөгчийн “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн” хүсэлтийн зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хангасугай.
3. Яллагдагч Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэлдээ: ...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн 336 дугаартай шүүгчийн захирамж нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд :
1. Анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээсэн магадлалд дурьдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн
гүйцэтгэх боломжгүй гэжээ. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 06 дугаар 11-ний хянан хэлэлцээд 33 дугаартай магадлалаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-д Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно ...” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй холбоогүйгээр түүний эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Гэвч Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д ...ойг нөхөн сэргээх, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох..." гэж байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэнд ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1-р хавсралтад заасан итгэлцүүрийг зөв хэрэглэсэн эсэх асуудлаар талууд маргаантай харилцан эсрэг сонирхолтой, шүүгдэгчийн хувьд прокуророос ^үүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1. Шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно ...., шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн..., гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжгүй байна.
Харин Хүдэр сумын ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар шүүгдэгчийг түлээний мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийсэн Хүдэр сумын “Шанд” гэх газар дагуулан очиж, мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ” гэж дүгнэсэн.
Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу ойн ангийн эрх бүхий албан тушаалтнуудаар 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай дүгнэлтийг гаргуулж, яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан болно.
Гэтэл шүүгчийн захирамжид дээрх магадлалд заасан мөрдөн шалгах ямар ажиллагааг дутуу хийсэн учраас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн талаар огт дурьдаагүй байгаа нь энэ заалтыг хүлээн авах боломжгүй байна.
2. Сэлэнгэ аймгийн сум дундын ойн ангийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан Н.Амаржаргал, Ж.Ганцэцэг, У.Мөнхсайхан нарын ажлын газрын үнэмлэхний хуулбар, дарга, инженер, техникч болохыг нотлох баримтуудыг баталгаажуулан хавтас хэрэгт бэхжүүлэх; /цаашид дээрх нотлох баримтуудыг хавсарган шүүхэд ирүүлж байхыг мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт даалгаж байна./ гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэсэн заалтын хүрээнд прокурорын дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шинжээчээр ажиллах Н.Амаржаргал, Ж.Ганцэцэг, У.Мөнхсайхан нараас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг хангаж байгаа эсэхийг тодруулж тайлбар авсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байхад хуульд заасан шаардлага, чиг үүргийг хэтрүүлж мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт даалгаж байгаа заалт нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
3. Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга гэх П.Батсайхан албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэх, бүрэн эрхийн хугацаа дууссан эсэхийг тодруулах, Засаг даргыг нотолсон баримт бичгийг баталгаажуулан бэхжүүлэн авах, шаардлагатай тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилуулах; (Тухайн сумын Засаг дарга хэн байх нь хамаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон салбарын локаль хуульд тус тус зааснаар Засаг дарга гэсэн албан тушаал эрхэлж байгаа субьектыг гагцхүү хохирогчоор тогтоох, тухайн этгээд хохирогчоор тогтоогдсон тохиолдолд хуулиар үүрэг болгосон ажил, үүргийг биелүүлэхийг шаардах, албан ажилдаа хариуцлагатай хандаж, хавтаст хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохыг анхааруулж байна)” гэжээ. Хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэгт П.Батсайхан нь Алтанбулаг сумын Засаг дарга албан тушаалтай болох нь тогтоогдож түүнийг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн талаарх тэмдэглэл хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогч хэргийн материалтай танилцаагүй тохиолдолд /хүрэлцэн ирээгүй/ ямар нэгэн албадлагын арга хэмжээ авах зохицуулалт хуульчлагдаагүй байна. Гэтэл дээрх захирамжид хэнд хандаж дээрх зүйлүүдийг анхааруулаад байгаа нь туйлын ойлгомжгүй байна.
4. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхой болгох” гэжээ. Хэрэгт Хүдэр сумын ойн ангийн инженер болон байгаль хамгаалагч нар нь мод бэлтгэх хүсэлт гаргасан этгээдүүдийг түлээний мод бэлтгүүлэхээр талбай тусгаарлалт хийсэн Хүдэр сумын “Шанд” нэртэй газар дагуулан очиж, мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Энэ талаар шүүгдэгч Б.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шаамар сумаас Хүдэр сум руу мод бэлтгэж эхнэрийн эзэмшлийн 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн автомашинтай явсан. Хүдэр суманд өглөө 11 цагийн үед очсон. Хүдэр суманд очоод “Шанд” нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Ингээд мод бэлтгэх эрхийн бичгээ аваад Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас мод бэлтгэх ёстой байсан боловч тухайн газарт очих үед нойтон, чийгтэй үзүүрүүд байсан юм. Тэгэхээр нь Алтанбулаг сумын “Аргуут” нэртэй газраас модоо бэлтгэсэн. Модон дундаас мод ачсан Портер маркийн машин гарч ирээд хажуугаар өнгөрөхөөр нь тухайн авто машиныг гарч ирсэн газар руу орчихсон. Тухайн газраас би ганцаараа мод бэлтгээд 1 метр 50 сантметр хэмжээтэй тайрч бэлтгээд машиндаа ачсан, намайг мод бэлтгээд ачиж байх үед надаас гадна 3 Портер машинтай Шаамар сумын иргэд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 91-92 дугаар хуудас/ бэхжүүлэгдсэн нь шүүгдэгч мэдсээр байж санаатайгаар өөр газраас буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн болох нь давхар нотлогдон тогтоогдож байгаа болно.
5. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хууль болон Ойн тухай хууль, ойгоос мод бэлтгэх журмаар хүлээсэн иргэний үүргээ хэрэгжүүлээгүй, санаатайгаар зөрчиж гүйцэтгэсэн нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл болсныг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоосон болно.
Түүнчлэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг дурьдаж байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 336 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Адилхан агуулга бүхий 3 хэргийг хэлэлцлээ. 2 зүйлийг нэмж хэлье. Ер нь бол шүүх хуралдаанаар үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал бий болно. Энэ хэрэг шийдэгдэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. ... . Прокурорыг Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйл, 9.5 дугаар зүйл хоёрыг ялгаач ээ л гэж хүсье. Эрх зүйн нөхцөл байдлаас нь харвал н.Батсайхан гэдэг хүн хууль ёсны төлөөлөгч хэдий ч шүүхэд хохирогчоор тогтоогдож байна. Харин шүүхэд хууль ёсны төлөөлөгчийг солих эрх хэмжээ байхгүй юм. Энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал тул цаашид анхаарах хэрэгтэй. Яг ийм 5 хэрэг явж байсан юм. Үнэхээр харамсалтай байна. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийн дагуу Б.Даваанямд холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 33 дугаартай магадлалаар Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д зааснаар Сум дундын болон сум, дүүргийн ой ангийн ажилтнуудаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Дахин шинжилгээ хийлгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн ангийн мэргэжилтэн нарыг шинжээчээр томилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу томилогдсон шинжээч нарын тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодоруулсны үндсэнд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №13 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 215-217-р ху/ гаргасан нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрхи дүгнэлт нь шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №18-04-015/15 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 49-50-р ху/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлттэй /1-р хх-ийн 55-56-р ху/ зөрчилдсөн буюу эргэлзээтэй тохиолдолд анхан шатны шүүх дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэж,
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.”
20 дугаар зүйлийн 20.2-д “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно...” гэж тус тус заасны дагуу өөрт олгогдсон эрхийн дагуу дахин шинжээч томилон, дүгнэлт гаргуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 9-д ...энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;...гэж заасны дагуу Б.Даваанямд холбогдох эрүүгийн хэрэгт Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайханыг хохирогчоор томилсон нь хууль зөрчөөгүй бөгөөд түүнийг Засаг даргаас чөлөөлсөн, огцруулсан баримт хэрэгт авагдаагүй, шаардлагатай тохиолдолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний Удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д ...Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ... гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/336 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/336 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Д.БУЯНЖАРГАЛ