| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1285 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1285
2025 05 15 2025/ШЦТ/1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Н.Ихбаяр,
хохирогч А.Э,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
шүүгдэгч М.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг,
нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2409000002299 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт М.А
Монгол Улсын иргэн, яс үндэс халх, ........... эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг, .......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч М.А нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Эын эзэмшлийн Хаан банкны .............. тоот данснаас 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,735,000 төгрөгийг хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дүгнэлт
1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Аг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Эын эзэмшлийн Хаан банкны .............. тоот данснаас 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,735,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банкны .............. тоот дансыг эзэмшиж ашигладаг юм. Миний данснаас интернэт банкаар дамжуулан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр миний таньдаг эмэгтэй болох А гэж эмэгтэйн Хас банкны ............... дугаартай дансандаа 1.735.000 төгрөг надад хэлэлгүй нууцаар авсан байсныг би тухайн үед анзаараагүй. Би Хаан банкин дахь данснаасаа гадна өөр банканд данстай тэр дансанд мөнгө байсан учраас Хаан банкин дахь данснаас мөнгө гарсныг мэдээгүй байсан. Тэгээд би сүүлд нь дансныхаа хуулгыг харсан чинь мөнгө алдагдсан байсан. А бол надтай танил төдий гэхдээ би интернэт банкны нууц үгээ Ад ойр зуур юм авч гүйлгээ хийж байхдаа хэлчихсэн байсан учраас А миний банкны нууц үгийг мэддэг байсан. Би Ад ерөөсөө миний данснаас мөнгө авахыг зөвшөөрөөгүй. Миний дансанд дураараа нэвтэрч орох эрх би өгөөгүй. Мөнгө авсан гэдгээ надад ч хэлээгүй. Би хулгайд алдсан мөнгөө эргүүлэн авмаар байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
- хохирогч А.Эын эзэмшлийн Хаан банкны .............. тоот дансны хуулга /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- шүүгдэгч М.Агийн Хас банкны ............ тоот дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дүгээр тал, 86-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.
2. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: Хавтаст хэргээс 68х, 72х, 89-94х, 13-15 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч М.Аг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцуулж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
4. тус хэргийн шүүх хуралдааныг өмнө 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд оролцогчийн эрх ашгийг зөрчигдсөн гэх үндэслэлээр туршилт хийх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэнтэй холбогдох баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэээд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч М.А, хохирогч А.Э нар 2024 оны 3 дугаар сараас танилцаж, дотно харилцаанд орж, үерхэж, улмаар 2024 оны 7 дугаар сараас нэг хашаанд амьдарч, 2024 оны 9 сараас 10 дугаар сарын дунд хүртэл хугацаанд байшин түрээслэн хамтын амьдралтай байжээ. Хоорондын харилцаатай байх хугацаандаа хохирогч А.Эын зүгээс өөрийн эзэмшлийн “ХААН” банкны .............. дугаартай данснаас, шүүгдэгч М.Агийн эзэмшлийн “ХАС” банкны ............. дугаартай дансруу сайн дураараа тодорхой хэмжээний үнийн дүнтэй мөнгийг тогтмол шилжүүлж байсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,
- хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,
- хохирогч А.Эын эзэмшлийн “ХААН” банкны .............. дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- шүүгдэгч М.Агийн “ХАС” банкны ................ дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 29, 86-91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи байдлаас болон хохирогч А.Эын шүүх хуралдаанд өгсөн: “...миний интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг М.А мэддэг байсан. Түүний дансруу шилжүүлсэн миний мэдэж байгаа мөнгийг бүгдийн би өөрөө шилжүүлсэн, миний зөвшөөрлөөр дансруу нэвтэрч, мөнгө шилжүүлэн авч байсан тохиолдол байхгүй...” гэх утга агуулга бүхий мэдүүлгээс үзвэл шүүгдэгч М.Аг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хохирогч А.Эын эзэмшлийн “ХААН” банкны дансруу дураараа нууц, далд аргаар нэвтрэн орж, өөрийн эзэмшлийн банкны дансруу шунахай сэдэлтээр мөнгө шилжүүлж, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой байсан буюу хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь бүрэн хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Түүнчлэн М.Агийн эзэмшлийн банкны дансны хуулгат үзлэг хийсэн тэмдэглэлээр 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1:47:03 PM цагт А.Эын эзэмшлийн данснаас 1.735.000 төгрөг шилжин орж, 1:49:13 PM цагт 800.000 төгрөг, 1:50:34 PM цагт 800.000 төгрөг, 1:52:10 PM цагт 135.000 төгрөгийг тус тус ATM-с бэлнээр гаргаж авсан үйл баримт тогтоогдож байна. Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Эын өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өглөөнөөс хойш М.А бид хоёр хамт байсан. Миний ажиллуулдаг хуушуурын гуанзны түрээслэгч нь ажлын байр чөлөөлж өг гэсэн шаардлагын дагуу би ажлын байр дотроо ажилласан. Гадаа машинд М.А сууж байсан. Гар утсаа машинд цэнэглэж үлдээсэн. Энэ хооронд М.А миний утсаар интернет банкруу нэвтэрч, өөрийн дансруугаа мөнгө шилжүүлэн авсан байх...” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөнийг тогтоох зорилгоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хохирогч А.Эын ажлын байрнаас, бэлэн мөнгө гаргаж авсан ATM хүртэл очиход ямар цаг хугацаа зарцуулахыг тогтоох зорилгоор туршилт хийх ажиллагааг прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулсан болно. Туршилтын ажиллагаагаар хохирогч А.Эын ажлын байрнаас, бэлэн мөнгө гаргаж авсан ATM хүртлэх зайг автомашинаар багадаа 07 минут, явганаар 01 цаг гаран явж туулж очихоор нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл тогтоогдсон үйл баримтаар М.Агийн дансруу мөнгө шилжиж ороод, 02 миниут 10 секундын дараа бэлнээр гаргаж аваад байгаа нөхцөл байдал нь бодит байдалтай нийцэхгүй, тохирохгүй байна. Мөн энэ шүүх хуралдаанд хохирогч А.Эын өгсөн: “...13.00 цагийн үед найз нь М.Аг ирж авч явсан. Гар утсаа би авч үлдсэн. Магадгүй М.А картаа гэртээ үлдээгээд найздаа “карт аваад АТМ ороод бэлэн мөнгө авчаад намайг ирж ав” гэж хэлсэн байх...” гэх мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгахад тогтоогдохгүй байгаа зэргийг үндэслээд шүүгдэгч М.Агийн хулгайлах гэмт хэргийг хийсэн гэх үйлдлийн арга буюу обьектив талын үндсэн шинж нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож, хангагдсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.
Иймд Сүхбаатар дүүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан М.Агийн холбогдсон хулгайлах хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 36.2, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Аг холбогдох эрүүгийн 2409 00000 2299 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
3. Шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ