| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1410/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1646 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1646
2025 06 18 2025/ШЦТ/1646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Отгонбаатар,
шүүгдэгч Т.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр,
нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2409037740001 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Т.Э
Монгол Улсын иргэн .......... эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............. оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Баянгол, Чингэлтэй дүүргүүд, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрүүдэд нэр бүхий 10 хохирогчийн эзэмшлийн гар утас, бөгж, ээмэг зэргийг халааснаас нь хулгайлан авч нийт 16.042.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
1. Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” март дэлгүүрийн 3 давхраас хохирогч Ж.Агийн эзэмшлийн Самсунг эс 22 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- хохирогч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 он 11 дүгээр сарын 04-ний өдөр ........... лангуу ажил дээрээ байхдаа 17 цаг 55 минутын орчим утсаа цэнэглээд орхисон. Тэгээд утсаараа хүргэлт гаргах гээд утсаар ярих гэтэл утас байгаагүй. Би утсаа 2024 оны 10 дугаар сарын 22-н өдөр Самсунг эс 22 загварын гар утсыг 880,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дугаар тал),
- “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-924-11572 дугаартай “Самсунг эс 22 марк загварын гар утас 850,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 23-28 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Шүүгдэгч Т.Э нь хохирогч С.Хийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” худалдааны төвд байхад нь түүний эзэмшлийн ай фоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч С.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘‘...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлд байрлах “...........” худалдааны төвд байх лангуунаас айфоне 13 загварын гар утсаа алдсан. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна. 2021 онд 3,200,000 төгрөгөөр авч байсан айфоне 13 загварын улаан өнгөтэй нил ягаан өнгийн гэртэй дэлгэцэн дээрээ кодтой, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй rap утас байсан. Одоо би алдсан гэх гар утсаа 2,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),
- Камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 142-143 дугаар тал),
- “Дамно үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн СБ2-25-94 дугаартай “iphone 13 маркийн гар утас 1,300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-158 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
3. Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Бийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... буудалд байхад нь түүний эзэмшлийн ай фоне 14 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 50 минутын үед Дархан сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .......... зочид буудал дээр өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад ............ буудлын хяналтын камерын өрөөнд өөрийн эзэмшлийн айфоне 14 про макс маркийн гар утсаа цэнэглэж тавьчхаад хажуу талын машин угаалга руу орчхоод буцаад яваад очтол миний айфоне 14 про маркийн 256 gb багтаамжтай гар утас алга болчихсон байсан. Манай буудал хяналтын камер ажиллаж байгаа хяналтын камерын бичлэгт Улаанбаатар Дарханаар хулгай хийгээд яваад байдаг ..... овогтой Э гэдэг нөхөр байна лээ би ер нь бол танина тухайн миний гар утсыг хулгай хийснээс хойш би авч ирээд өгчих болов уу гэж бодоод Дархан зар болон Улаанбаатар хотын зарууд дээр Э зураг нь тавигдаад хулгай хийгээд яваад байгааг мэдсэн авч ирээд өгчих болов уу гэж зөндөө хараад өгөхгүй болохоор нь өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар тал),
- “Ашидбилгүүн хөрөнгө үнлэгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-025-911690 дугаартай “айфоне 14 про макс маркийн гар утас /256 gb/ 2,300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 188-193 дугаар тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. Шүүгдэгч Т.Э нь хохирогч Мыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” дэлгүүрийн 354 дугаар лангуун дээр байхад нь түүний эзэмшлийн Iphone 14 pro загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч ......-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд ....... дээр ажил дээрээ байж байсан. Тухайн үед өөрийн гар утсаа би лангуун дээрээ тавьсан бөгөөд ариун цэврийн өрөө орох хороонд миний гар утсыг үйл таних эрэгтэй хүн орж ирээд аваад гараад явсан байсан. Би дэлгүүрийн хяналтын камераа шүүж үзсэн. Тухайн бичлэг дээр 50 орчим насны малгайтай эрэгтэй хүн миний гар утсыг аваад шууд явж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал),
- ”Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2025 оиы 03 дугаар сарын 20-ны өдрийн №1901/ДД№20674198 дугаартай “...iphone 14 pro /256 gb black/ 1,750,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр тал),
- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Шүүгдэгч Т.Э нь хохирогч Ц.Дг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... таурын 1 давхрын гутлын дэлгүүрт байхад нь түүний эзэмшлийн 400,000 төгрөгийн үнэ бүхий Орро загварын, 180,000 төгрөгийн үнэ бүхий 1эмсунг А9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 580,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ‘‘...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах ......... зочид буудлын 1 давхрын Гүрэн гутлын дэлгүүртээ ажиллаж байгаад өөрийн гар утаснууд болох Орро болон самсунг А9 маркийн 2 гар утсыг кассын ширээн дээр үлдээгээд үйлчлүүлэгчтэй харилцаж байгаад гар утсаа авахаар эргээд очтол миний гар утаснууд байгаагүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Орро маркийн гар утсыг 10 хоногийн өмнө манай захирал М 1,500,000 төгрөгөөр ажилдаа хэрэглээрэй гээд авч өгсөн шаргал судалтай гэртэй шинэ утас байса. Би дэлгүүрийнхээ фейж хуудсыг хөтөлдөг юм. Харин Самсунг А9 маркийн гар утсыг 14 хоногийн өмнө хувь хүнээс 370,000 төгрөгөөр худалдаж авсан цагаан резинэн гэртэй саарал өнгийн гар утас байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал),
- гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ....... зочид буудлын 1 давхарт байрлах гутлын дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзлээ. Тухайн хяналтын камерын бичлэг дээр гарч буй хар өнгийн өвлийн хүрэмтэй нүдний шилтэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэггэй нь миний төрсөн дүү Т.Э байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
- Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр тал),
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн БГ2-24-1852 дугаартай “Samsung А9 загварын, хуучин гар утас 180,000 төгрөг, Орро A3 загварын гар утас 400,000 төгрөг нийт 580,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 34-39 дүгээр тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
6. Шүүгдэгч Т.Э нь хохирогч А.Аыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” нэртэй дэлгүүрт байхад нь түүний эзэмшлийн айфоне 15 про макс загварын гар утсаыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,560,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ажпын байр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “..........” шофт 19 цаг 18 минутад еөрийн гар утсыг ажилчдын хувцас солих өрөөнд цэнэглээд орхисон. Тэрний дараа өөрийн ажлыг хийж ажилласан. Тэрний дараа 20 цаг 05 минутын үед өөрийн гар утсыг шалгах гээд үзэхэд миний гар утас байгаагүй тэрний дараа ажпынхаа хүний утсаар залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Тэрний дараа би цагдаагийн байгууллагын 102 дугаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
- ”Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЧД1-25-61 дугаартай “iphone 15 pro max загварын rap утас 2,560,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 122-125 дугаар тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 134-140 дүгээр тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
7. Шүүгдэгч Т.Э нь хохирогч Г.Цийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” цахилгаан барааны дэлгүүрт байхад нь түүний эзэмшлийн ай фоне 15 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3,550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 18 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........... цахилгаан барааны дэлгүүрт хар өнгийн урт малгайтай куртиктэй, хар өмд гуталтай 165-168СМ өндөртэй эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд бараа бүтээгдэхүүн сонирхож байсан. Тухайн этгээд бараануудыг сонирхож байгаад худалдааны зөвлөх болох Н үйлчлүүлж байсан. Тэгээд Айфон 15 про максын үзүүлэн хэсэгт очоод хоёр гар утсыг зэрэг авч үзэж байгаад зүүн гартаа бариад үзэж байсан айфон 15 про макс загварын гар утсыг халаасандаа хийж хулгайлж байгаа нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Тухайн этгээд нь гар утсыг сонирхож байгаа мэт дүр эсгэж худалдааны зөвлөхөөс гар утсыг зээлээр авах боломжтой байдаг эсэхийг асууж лавлаад гараад явсан байсан. Алдагдсан гар утас аль айфон 15 про макс, хар өнгөтэй, 256 гб багтаамжтай, хуучин гар утас байсан. Тухайн гар утас нь манай дэлгүүрт 3,550,000 төгрөгийн үнээр зарагдаж байсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 171-172 дугаар тал),
- ”Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2383 дугаартай ...iphone 15 pro max шинэ 3,550,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 180-183 дугаар тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
8. Шүүгдэгч Т.Э нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” дэлгүүрээс 2 ширхэг өрөөсөн монетан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ж.Бөд 506,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлж алт, мөнгөн эдлэл зардаг. Би алт мөнгөн эдлэл 1998 оноос хойш зарж борлуулдаг байгаад дунд болиод буцаад 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж зарж борлуулж байгаа. Манай дэлгүүр .............. нэртэй дэлгүүр байдаг. Манай дэлгүүр өнөөдөр 11 цагийн орчимд нээсэн. Өнөөдөр манай дэлгүүрээр нийт 40-50 хүн орж ирээд бараа сонирхож яваад байсан. Тэгсэн 13 цагийн орчимд 40-45 насны эрэгтэй хүн орж ирээд надаа "Би өмнө танаас эхнэртэй мөнгөн гинж авсан. Үнэхээр их таалагдсан. Одоо өөртөө мөнгөн гинж авна" гэж хэлээд мөнгөн гинж үзсэн. Тэгээд мөнгөн гинж үзэж байгаад намайг бараагаа янзалж байхад хажуу талын лангуун дээр очиж бараа үзээд зогсож байсан Тэгснээ намайгта жоохон хямдруулах уу? гэхээр нь би 740.000 төгрөгийн мөнгөн гинжийг 600.000 төгрөгөөр авч болно гэж хэлсэн. Тэгсэн тухайн залуу надаа мөнгөтэй болоод ирж авна гэж хэлээд гараад явсан. Тэгсэн би бараагаа янзлаад сууж байхад манай Эхнэр Э 14 цагийн орчимд найзтайгаа орж ирсэн. Тэгээд манай эхнэрийн найз шүрэн эдлэл авах гэж хамт орж ирээд бараа үзэж байгаад танай 2 ширхэг монетэн ээмэг чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд хяналтын камер шүүхэд надаас мөнгөн гинж асуугаад байсан залуу бараагаа янзалж байхад 2 өрөөсөн монетэн ээмэг 2 ширхгийг аваад гараад явсан байсан. Би өмнө харж байсан. Дор хаяж 1-ээс 2 удаа харж байсан. Би хүмүүст зургийг үзүүлэхэд Т овогтой Э гээд өмнө хулгайн хэргээр шалгагдаж байсан өөр алт, мөнгөний газруудаар явж хулгай хийдэг хүн гэж хэлсэн. Би тухайн хүнийг дахиж харвал танина. Тухайн хүний хулгайлсан өрөөсөн 2 ширхэг монетэн ээмэг нь Талсттай монетэн 2 ээмэг байсан. Уг алдагдсан барааны нэг ээмэг нь 0.8 граммтай, нөгөөх нь 1.4 граммтай хоёр ширхэг өрөөсөн ээмэгнээс 1, 1 ширхгийг аваад явсан байсан. Манай дэлгүүр дээр 1 грамм монет 280.000-320.000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Манай дэлгүүр дээр алдсан ээмэг нь 0.8 граммтай нь хосоороо 600.000 гаруй мянган төгрөгөөр, нөгөө 1.4 граммтай ээмэг нь 800.000 гаруй мянган төгрөгөөр зарагддаг. Тухайн хүн авахдаа хосоор нь биш нэг, нэг ширхгээр нь хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 224-226 дугаар тал),
- “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-925-11977 дугаартай “Монетон ээмэг хос биш өрөөсөн 1 ширхэг 0,8 гр 184,000 төгрөг, Монетон ээмэг хос биш өрөөсөн 1 ширхэг 1,4 322,000 төгрөг нийт 506,000 төгрөг” шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 232-235 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
9. Шүүгдэгч Т.Э нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” худалдааны төвийн лангуунаас алтан эөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ж.Од 1.846,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ......... дэлгүүрт худалдагчаар ажиллаад 1 жил гаран болж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой ажил тараад бараагаа тоолж үзэхэд 1 ширхэг Алтан бөгж /4,86гр/ байхгүй байхаар нь тухайн байрныхаа хяналтын камерыг шүүж үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14-15 цагийн үед би лангуун дээрээ хүмүүст бөгж болон бусад үнэт эд зүйлсийг үзүүлээд ил гаргаад байж байтал хойноос нь хар өнгийн хөх өнгийн малгайтай куртиктэй, хар өнгийн нүдний шилтэй куртикний юүдэнгээ дээгүүрээ өмссөн 40-45 насны гэх эрэгтэй хүн 1 ширхэг Алтан бөгжийг хулгайлан аваад манай дэлгүүрээс гарч байгаа бичлэг харагдсан тул маргааш нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь энэ юм. Өмнө нь манай лангуунаас эд зүйлс болон үнэт эдлэл алдаж байгаагүй бөгөөд би тухайн хүнийг дахиж харвал танина фейсбүүк цахим хаягаар зураг нь яваад багаа хүнтэй их төстэй харагдаад байгаа...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
- Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-925-11987 дугаартай “алтан бөгж 999 сорьцтой 4,86 гр 1,846,000 төгрөг” шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 25-28 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
10. Шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Нийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ............ тоотод байхад нь түүний эзэмшлийн Самсунг галакси А55 загварын гар утсыг хүч хэрэглэхп/йгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр буюу 02 дугаар сарын 10-ны өдөр урьд таньдаг байсан хамтарч ажилладаг байсан дүү Э нь над руу залгаад та хаана байгаа юм дүү нь Дарханд ирчихсэн байна тань дээр яваад очъё гэхээр нь уулзахад маргааш Улаанбаатар явах юм танайд хоноод маргааш явж болох уу? Гэхээр нь нөхөртэйгөө яриад гэртээ хонуулахаар болсон. Ингээд Э манайд найз залуу гээд Б гээд залуутай хамт ирсэн. Би Эийг ирсэн гээд хооллож дайлаад хонуулаад өнөөдөр өглөө босоод утсаа хайхад утас маань байхгүй байхаар нь утас алга байна гэхэд Э гадаа нойлд үзээдэхье гээд гараад явсан. Э гараад явсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал),
- гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өглөө нь цай унд уух гээд хоол хийгээд мах гаргаад байж байсан чинь тэр 2 бие засаад ирье гэж гараад буцаж орж ирээгүй. Тэр үед манай эхнэрийн А55 маркийн утас нь алга болчихсон. Тэгээд тэл хоёулаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд л өглөө 9 цагийн үед эрэгтэй нь бие заслаа гэж гарч яваад, араас нь эмэгтэй нь би бас нойл ороод ирье гэж гарч яваад буцаж орж ирээгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 88 дугаар тал),
- Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-925-911661 дугаартай “Samsung А55 маркийн гар утас 800,00 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 105-108 дугаар тал) болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Т.Э нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн нийт 10 удаагийн үйлдлээр хохирогч нарын гар утас, монетон ээмэг, бөгж зэргийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчдын өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.
Тиймээс шүүгдэгч Т.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Баянгол, Чингэлтэй дүүргүүд, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрүүдэд нэр бүхий 10 хохирогчийн эзэмшлийн гар утас, бөгж, ээмэг зэргийг халааснаас нь хулгайлан авч нийт 16.042.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, улсын яллагчаас түүнийг дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт нийт 4 удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлуудыг нь харгалзан эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Т.Э нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдэж хохирогч Ж.Ад 850.000 төгрөг, С.Хт 1.300.000 төгрөг, Б.Бт 2.300.000 төгрөг, M-д 1.750.000 төгрөг, Ц.Дд 580.000 төгрөг, А.Ад 2.560.000 төгрөг, Г.Цтэд 3.550.000 төгрөг, Ж.Бөд 506.000 төгрөг, Ж.Од 1.846.000 төгрөг, Б.Нт 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Иймд шүүгдэгч Т.Эоос нийт 16.042.000 төгрөгийг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 10 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 122 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Эыг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Т.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 /арав/ ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Эоос нийт 16.042.000 /арван зургаан сая дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, Ж.А-д 850.000 төгрөг, С.Х -т 1.300.000 төгрөг, Б.Б-т 2.300.000 төгрөг, М-д 1.750.000 төгрөг, Ц.Д -д 580.000 төгрөг, А.А -д 2.560.000 төгрөг, Г.Цт -д 3.550.000 төгрөг, Ж.Б -д 506.000 төгрөг, Ж.О -д 1.846.000 төгрөг, Б.Н-т 800.000 төгрөгийн хохирол төгрөгийг тус тус олгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ