2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1500

 

 

 

 

 

 

 

 

 

2025         06          03                                     2025/ШЦТ/1500

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Х.Билгүүн,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хумба овогт Энхбилэгийн Бт холбогдох эрүүгийн 2511000000203 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х ургийн овогтой Э.Б

Монгол Улсын иргэн, ........ эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ..............., ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суудаг, Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

         

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.Б нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Гийн эзэмшлийн хүн амьдрах зориулалттай ........... тоот хаягтай байшинд хууль бусаар нэвтэрч, 55 инчийн Skyworth загварын хар өнгийн зурагт, PS3 тоглоомын төхөөрөмж, Ipad air 3 загварын таблет, Ipod 3 загварын чихэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Гид 1,889,940 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Гийн ........... тоот хаягтай байшинд цонхоор нь нэвтрэн орж “55 инчийн Skyworth загварын хар өнгийн зурагт, PS3 тоглоомын төхөөрөмж, Ipad air 3 загварын таблет, Ipod 3 загварын чихэвч” зэрэг нийт 1,889,940 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгйлан авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг.

- хохирогч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирээд машинаас буугаад харахад манай байшингийн урд талын вакум цонх онгорхой байхаар нь гэрээ онгойлгоод харахад бүх зүйл эмх замбараагүй болсон байсан. Байшингийн урд талд байх өрөөнд байсан 55 инчийн Skyworth загварын хар өнгийн зурагт, PS3, Ipad air 3, Ipod 3 загварын эд зүйл байсан. Би гэрээс гараад харахад манай урд талын хоосон хашаа дотор хар өнгийн приус 30 загварын автомашин зогсож байхаар нь очиж цонхыг нь тогшиж асуухад машин дотор байсан эмэгтэй юм ярихгүй суугаад байхаар нь би утасны гэрлээ тусгаад арын суудал руу гэрэлтүүлэхэд манай зурагт байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... 2024 оны 10 дугаар сард 1,800,000 төгрөгөөр Бөмбөгөр худалдааны төвөөс Skyworth загварын 55 инчийн зурагт худалдаж авч байсан... PS3 загварын тоглоомыг 2024 оны 5 дугаар сард хувь хүнээс 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Ipad air 3 загварын падыг манай ээж надад бэлгэнд өгч байсан. Ipod 3 загварын чихэвчийг Hi tech худалдааны төвөөс 2023 онд 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

- гэрч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 3 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед ........... тоот байх гэрээсээ хамтран амьдрагч Э.Бийн хамт түүний хар өнгийн Тоёота приус загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ угаасан хувцсаа авахаар Сүхбаатар дүүрэг Дамбад байх ........ орсон тэгээд угаалганаас хувцсаа аваад гэр лүүгээ явж байтал манай нөхөр болох Э.Б ойрхон нэг газарт очъё, тэгээд гэртээ харья гээд Чингэлтэй дүүрэгт байх өгсүүр газарт гудамжаар явсаар ойр орчимдоо газар чөлөөлөлт хийж байгаа бололтой хэсэг айлын гадаа очоод зогссон. Тэгээд манай хамтран амьдрагч Э.Б намайг машиндаа сууж бай гэж хэлээд ганцаараа буугаад явчихсан. Ямар нэг зүйл хэлээгүй. Би машинд үлдээд гар утсаараа тоглоод сууж байсан. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа Э.Б буцаж ирэхдээ нэг гартаа хар өнгийн LCD том зурагт, нөгөө гартаа хар цүнхтэй зүйлс бариад гарч ирсэн, машины гадаа зогсож байсан. Тэгээд машины хаалга онгойлгоод тухайн авчирсан эд зүйлсээ машины арын багаж хэсэгт, арын суудал дээр тухайн том зурагтаа оруулж тавьсан. Тэгээд буцаж яваад доош уруудаад бие засаадахъя гэсэн тэр үед гэрийн эзэн нь гэх эрэгтэй хүн машинтайгаа хүрч ирээд манай машин дээр ирээд манай гэрээс эд зүйлс авчихлаа та нар гэж хэлээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би машинаас огт буугаагүй учир юу болсоныг нарийн сайн ойлгоогүй. Би нөхөр болох Бтэй 2023 оны 12 сард танилцаад 2024 оны 10 сараас тэдний гэрт ээжтэй нь хамт бид 3 хамтран амьдарч эхэлсэн... Би Бийг юу хийгээд тухайн айл руу орсныг мэдэхгүй. Надад юм хэлээгүй. Юм үзчихээд ирье, чи машиндаа сууж бай гэж хэлээд ирэхдээ эд зүйлс бариад ирэхэд нь бид хоорондоо ярилцаж амжаагүй байтал гэрийн эзэн гэх залуу ирээд асуудал үүссэн. Цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Пын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас),

- “Дамно” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД2-25-187 дугаартай зах зээлийн үнэлгээ нийт 1,889,940 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Э.Б нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ц.Гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай ............. тоот хаягтай байшинд цонхоор нь хууль бусаар нэвтэрч нийт 1.889.940 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь санаатайгаар нууц далд аргаар өмчлөх эрхэнд нь халдсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул  гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл хангагдсан гэж үзэн түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогчид 1.889.940 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайд алдагдсан эд зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны үед биет байдлаар хохирогчид буцаан төлсөн байх тул шүүгдэгч Э.Бтийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ургийн овогтой Э.Бийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Бтэд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бтийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч Э.Бтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бтэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ