| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2019/00915/И |
| Дугаар | 129/шш2018/00966 |
| Огноо | 2018-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 129/шш2018/00966
129/ШШ2018/00966
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч: Э.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-д холбогдох
1.260.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.А-тай БНСУ-д байхдаа 30-40 тооны төлөгний наймаа 2017 оны 05 сарын сүүл, 06 сарын эхээр хийсэн юм. Тухайн үед Б.А- хэлэхдээ “... 2017 оны намар Монголд очоод төлөгөө аваарай ...” гэж хэлээд надаас нийт 1.710.000 төгрөг авсан. Би БНСУ-аас төлбөрийг түүний Хаан банкны данс руу нь 3-4 удаа тасалж шилжүүлсэн. Гэтэл намайг 2017 оны 09 дүгээр сард Монгол очиход тохирсон төлөгөө цуглуулж өгөөгүй. Би БНСУ-аас ирчихээд “төлөгөө очоод авъя” гэхэд “наашаа, цаашаа явж зардал болоод яахав, 10 сард Улаанбаатар орно, тэгэхэд ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг л бүтэхгүй санагдаад” төлөг бүтэхгүй бол яршиг, өгсөн мөнгөө авъя” гэсэн. Б.А- эхэндээ утсаа авч ярьж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд удаа дараа шаардуулж, нэхүүлж хүнээр хэл ойлгуулж байж нэг жилийн дараа буюу 2018 оны 05 сард 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдөр нь амралтын өдөр байсан учраас үлдэх мөнгийг “нэг дэх өдөр өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Орон зайн хол байдлаас болж биечлэн очиж нэхэх боломжгүй, байнга утсаар нэхдэг байсан. Утсаа авахдаа “өгнө” гэдэг хариу хэлдэг боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр 1.260.000 төгрөгөө төлөхгүй хохироож байна. Иймд уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд иргэн Б.А-д холбогдуулан “1.260.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нь үлдэх 860.000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр эвлэрэв. Үүнд
- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг төлөх,
- 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 360.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.790 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч Б.А-гаас 1.260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А- нь 400.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 860.000 төгрөгийг хариуцагч Б.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 360.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид эвлэрэхдээ хариуцагч төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 34970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г- нь нийт 1.260.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Б.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 400.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 860.000 төгрөгийг хариуцагч Б.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 360.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 34790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН