| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/01578/И |
| Дугаар | 183/ШШ2018/01601 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/01601
| 2018 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/01601 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, “Грей” оффисын 000 тоот хаягт байрлах “00” ХХК, /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Шинэ өглөө хотхон 0 тоотод байрлах Ф ХХК, /РД:0000/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 133 928 910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эм ХХК нь Ф ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан “Хархорум” цогцолбор хотхонд 70 488 900 төгрөгийн өртөг бүхий барилгын ерөнхий төлөвлөгөө болон 6,12 айлын орон сууцны бүрэн зураг төслийг боловсруулахаар Ф ХХК-ийн захирал Д.Э харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №01-04/14 тоот “Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
a) Барилга архитектур – 22 хуудас+1 нүүр хуудас
b) Барилга, бүтэц – 16 хуудас
c) Халаалт, салхивч – 9 хуудас
d) Цэвэр, бохир ус – 8 хуудас
e) Хүчит төхөөрөмж – 6 хуудас
f) Дотор гэрэлтүүлэг – 4 хуудас
g) Холбоо, дохиолол – 5 хуудас
a) Барилга архитектур – 13 хуудас+ 1 нүүр хуудас
b) Барилга, бүтэц – 39 хуудас
c) Халаалт, салхивч – 9 хуудас
d) Цэвэр, бохир ус – 8 хуудас
e) Хүчит төхөөрөмж – 10 хуудас
f) Дотор гэрэлтүүлэг – 4 хуудас
g) Холбоо, дохиолол – 5 хуудас
Ийнхүү гүйцэтгэгч тал болох Эм ХХК нь барилгын ажлын иж бүрэн зураг төслийг гэрээнд заасан хугацаанд Ф ХХК-д хүлээлгэн өгсний үндсэн дээр захиалагч Ф ХХК нь гэрээний үнийн дүн болох 70 488 900 төгрөгийг хүүгийн хамт 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд №01-06/14 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн нэртэй “Тооцоо нийлэх гэрээ” байгуулагдсан юм. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №01-06/14 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үндсэн төлбөр 70 488 900 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүү 28 195 560 төгрөг, алданги 267 857 850 төгрөг нийт 366 542 310 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт... “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг баримтлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ” болон “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үндсэн төлбөр 70 488 900 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүү 28 195 560 төгрөг, алданги 35 244 450 төгрөг, нийт 133 928 910 төгрөгийг Ф ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 466 дугаар зүйлийн 466.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эм ХХК нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 133 928 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Эм ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ЭМ ХХК хариуцагч Ф ХХК нар нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хархорум” цогцолбор хотхоны барилгын ерөнхий төлөвлөгөө болон 6,12 айлын орон сууцны бүрэн зураг төслийг боловсруулахаар Ф ХХК-ийн захирал Д.Э харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №01-04/14 тоот “Барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-г байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х-ийн 6 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх ба хуульд зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан 2014.04.21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т заасан хугацаанд гэрээний төлбөр 70 488 900 төгрөгийг төлөхөөр талууд гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагчаас 70 488 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Харин Нэхэмжлэгч ЭМ ХХК нь хариуцагч Ф ХХК нар нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №01-06/14 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгыг илэрхийлж байна. /х.х-ийн 7 дугаар тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Тэгвэл 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээний дагуу зээлийн гэрээний зүйл болох 70 488 900 төгрөгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь 2014.06.05-ны гэрээний дагуу хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүү 28 195 560 төгрөг, алданги 35 244 450 төгрөг нийт 63 440 010 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ф ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх хоёр гэрээг байгуулах үед компанийн нэр нь Фанер хийц ХХК байсан болох гэрээнд дарсан тамганы дардас дээрх компанийн регистрийн дугаар, Оюун өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2/4308 тоот албан бичгээр ирүүлсэн компанийн дэлгэрэнгүй лавлагаа дахь регистрийн дугаартай ижил, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, маргаагүй байх тул Ф ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд хариуцагч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ф ХХК 70 488 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63 440 010 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827 595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 510 394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эм ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О