2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1415

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        05         26                                       2025/ШЦТ/1415

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.Х,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2506010000365 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Д.Х

Монгол Улсын иргэн, ............ эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамтаар .............. оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсон.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.Х нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жи Эс 25” дэлгүүрийн урд явж байсан Б.Эийг дээрэмдэн 331.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Х нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Жи Эс 25” дэлгүүрийн урд явж байсан хохирогч Б.Эийн гарыг нь чимхэх зэргээр хүч хэрэглэж, халааснаас нь “ХААН” банкны виза картыг нь дээрэмдэн, улмаар 331.400 төгрөгийн өөртөө авч ашигласан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хуучин эцэст байрлах Жи Эс сүлжээ дэлгүүрийн урд талд явж байхад Х гэх зүс таних залуу намайг дэлгүүрээс нэг ундаа аваад өг гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлэхэд миний хувцаснаас зуурч аваад куртикний халаасны цахилгааныг доошлуулахаар нь би болиулах гэсэн миний гарыг чимхээд халаасан дотор гараа хийгээд миний Хаан банкны виза картыг аваад зугтаагаад явсан...миний Хаан банкны картанд Таван толгойн хувьцааны мөнгө гэж 129,000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд карт алдсанаас хойш 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 361.785 төгрөг буюу группын мөнгө орсон. Нийт миний дансанд 460,000 төгрөг байсан. Би сая Хаан банкны картаа хаалгаад ирсэн. Данс тэг болсон байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2024 оны 07 дугаар сард танилцаж байсан. Тухайн өдөр би ганцаараа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцэс Жи Эс 25 дэлгүүрийн хажууд явж байтал Хтай таараад намайг нэг ундаа аваад өгчих гээд байхаар нь би мөнгө байхгүй гэтэл Х миний халаасыг ухаад миний картыг аваад картаас мөнгө авсан ба миний группийн мөнгө болон хувьцааны мөнгө байсан юм...Би картынхаа нууц үгийг мартчихдаг тул цаасан дээр бичээд картаа ороосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- гэрч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х гэх эрэгтэй хүн Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэж булааж авсан талаар найз Э манайд 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой ирээд хэлсэн юм...угаасаа ядарсан хүмүүсийн ахуйн хэрэглээний зүйлийг нь Х хүч хэрэглэж авдаг гэж хүмүүсийн дунд яриа байдаг. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм...Хын зан харилцаа нь хүнтэй шууд л хүч хэрэглэж харьцах гэдэг. Ядарсан хүмүүсийн мөнгө цаасыг нь булааж авах гэдэг, би дэлгүүр орох үедээ Х дэлгүүр орчимд байна уу гэж харж байж дэлгүүр ордог. Х согтуу үед бол бүүр хачин авир зан гаргадаг, гудамжинд таарахаар мөнгө байна уу гэж асуугаад байхгүй гэхээр халаас нэгжээд дээрэлхээд байдаг хүн шүү дээ, хэцүү хүн гэдгийг тэр орчмоор байдаг ядарсан хүмүүс бүгд мэднэ шүү дээ, их дээрэлхүү зантай архичин хүн шүү дээ, миний хувьд харагдах юм бол шууд зугтаадаг юм. Э тухайн үед картынхаа пин кодыг цаасан дээр бичээд наасан байсан гэж ярьж байсан. Х бол Эийн картыг булааж авсныг бол би үнэмшиж байгаа, угаасаа л Х ийм үйл хөдлөл гаргадаг хүн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Б.Эийн Хаан банкны Сансар тооцооны төвөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ....... дугаарын данснаас 100,000 төгрөгийг бэлнээр авсан талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Б.Эийн Хаан банкны ....... дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

- Хаан банкны ......... дугаарын дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...би Хыг хаанаас нь ч харсан танина. Би зургийг нь харвал таньж чадна гэснээр бичгийн цаасан дээр наасан зурагнуудыг хохирогч Б.Эт харуулахад 1 дугаартай Д.Хын зургийг заасан ба энэ хүн миний Хаан банкны картыг аваад зугатаагаад явсан мөн байна гэснийг тэмдэглэлд тусгаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...таньж олуулсан уг ажиллагаанд саад учруулж болзошгүй үндэслэлээр гэрэл зургаар буюу Д.Х нь тодорхой оршин суух хаяггүй тэнэмэл амьдарлаар амьдардаг...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасагт 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 26 минут 02 секундэд “Хаан банкны картаа алга болгосон чинь картаас 560,000 төгрөгийн зарлага гарсан байна” гэх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “...326.400...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн хаан банкны виза картыг нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр илээр, хүч хэрэглэж, хууль бусаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг үйлдлийг хийж хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.

Тиймээс шүүгдэгч Д.Х нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Жи Эс 25” дэлгүүрийн урд явж байсан хохирогч Б.Эийн гарыг нь чимхэх зэргээр түүний эсэргүүцлийг няцаан хүч хэрэглэж, халааснаас нь “ХААН” банкны виза картыг нь дээрэмдэн авч, 331.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчаас түүнийг дээрхи зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан журмыг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

Хохирогч Б.Эт 331.400 төгрөгийг хохирол учирсан ба шүүгдэгч Д.Х нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Б овогт Д.Хыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ