| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1487 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1487
2025 06 03 2025/ШЦТ/1487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Мөнхцэцэг,
шүүгдэгч Л.Ө,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Чингис, Б.Ням-Учрал нарыг оролцуулан эрүүгийн 2409009860019 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Л.Ө
Монгол Улсын иргэн, ............. эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч. эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр. 2 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Л.Өийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Ат “23.000.000 төгрөг зээлээч, зээлээ хаачаад, 2 хоногийн дараа мөнгийг нь буцаагаад өгье” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 23,000,000 төгрөгийн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Л.Өийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Аээс 23.000.000 төгрөгийн авч залилсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Л.Өийг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,
- хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өмнө нь надтай хамт хаан банканд ахлах теллерээр ажиллаж байсан Ө гэх хүн надаас 23.000.000 төгрөг зээлээч, зээлээ хаачаад, 2 хоногийн дараа мөнгийг нь буцаагаад өгье гэж хэлээд надаас мөнгө гуйгаад байсан юм. Тэгэхээр нь миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ............ тоот буюу төрсөн дүү Гийн гэрт байхдаа Ө төрийн банкны дугаартай ........ дугаартай данс руу өөрийн хас банкны ........ дугаартай данснаас 23.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Дараа нь 2 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өтэй холбогдоход эдийн засагч нь байхгүй байна, банк хооронд мөнгөө хийх гэж байгаа гэх мэт янзан бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээлгэсэн. Тэгээд уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гар утсаа ерөөсөө авахгүй алга болсон юм. Ө нь одоо хаана ямар ажил хийдэг талаар би мэдэхгүй тэгээд би цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
- хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Ө нь хамгийн анх 2023.10.23-ний өдөр надтай утасаар яриад “Галлерэй Хаан банкнаас 300,000,000 сая төгрөгийн зээл батлагдсан, өмнөх зээлээ хаагаад 2 хоногийн хугацаатай таны зээлийг эргүүлээд төлнө” гэж хэлсэн, тухайн үед би өөрийн Хас банкнаасаа Төрийн банкны данс руу нь шилжүүлж байсан. 23 сая төгрөг. Тэгээд 2 хоногийн дараа Өээс мөнгө авий гэж хэлэхэд надад Галлерэй Хаан банкны эдийн засагч нар нь сургалттай байна, хөдөө явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд түүний дараа 2023.10.27-ний өдөр нэг баасан гарагт мөнгөө асуухад “Таны мөнгийг банк хооронд явуулчихсан байгаа, ирэх 1 дэх өдөр орчих байх” гэж хэлэхээр нь хүлээгээд хараад байсан мөнгө маань орсонгүй, түүний дараа удалгүй дахиж мөнгө асуухад надад Ө "Бизнесийн хамтрагчтайгаа тооцоо нийлж байна, тооцоо зөрөөд байгаа болохоор мөнгийг тань өгч чадахгүй байна" гэж хэлсэн. Тайлбар: Би ямар учраас Өт итгээд мөнгө өгсөн юм бэ гэхлээр надтай олон жил цугтаа Хаан банканд ажиллаж байсан, урьдын харилцааг урвуулан. мөн надад итгэл төрүүлхүйц итгэлтэй хүн гэж боддог байсан, мөн өөрийнхөө дүү шигээ бодоод өрөвдөөд мөнгө өгчихсөн, Банканд ажиллаж байгаа хүмүүс их мөнгөн дээр ажилдаг болохоор итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлдэг байсан болохоор итгээд мөнгө өгсөн. Тэгээд 2024.02.15-ний өдөр Шинийн 5-ний өдөр байсан байх надтай Шангрила-д мөнгийг тань өгий тийм газар тэдэн цагт уулзий гэж худлаа хэлээд л ирдэггүй, мөнгөө өгдөггүй, дахиж залгаад ярьхаар хөдөө орон нутагт сургалттай байна, сүлжээгүй байна, хот ороод мөнгө өгий, дүү нь Оюу толгой ХХК-д орж байгаа, таныг харж үзнэ гэх мэт намайг уяруулах мессеж зөндөө бичдэг...тийм зүйл ерөөсөө байгаагүй, тухайн үед 23 сая төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлсэн тухайн үед Ө надад Хаан банкнаас 300 саяын зээл авах гэж байгаа өмнөх авсан бизнесийн зээлээ хаагаад шинээр зээл авна гэж байсан. Би Хаан банкны нэг шийдвэр нь байх гэж бодоод итгээд өгсөн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,
- хохирогч А.Аээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
- хоорондын харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 10-26 дугаар хуудас/,
- Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29/9799 дугаартай “Л.Ө нь Галлерэй СМЕ AM гэсэн бизнесийн зээлийн мэдээлэл байхгүй...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
- Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 29/10474 тоот албан бичгээр “Л.Эын нэр дээрх дансны мэдээлэл” бүхий албан тоот /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- Төрийн банкны 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10/5050 дугаартай ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
- ........... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Л.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “23.000.000 төгрөг зээлээч, зээлээ хаагаад 2 хоногийн дараа өгнө” гэж худал хэлж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч, хохирогч А.Аээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Төрийн банкны ......... тоот данс руу 23.000.000 төгрөг шилжүүлүүлэн авч, санаатайгаар залилсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Л.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн түүний орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч А.Ат учруулсан 23.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед 12.500.000 төгрөг, шүүхийн шатанд хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэх 9.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Л.Өээс гаргуулж хохирогч А.Ат олгуулахаар тогтоож, шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх санал хүсэлтийг харгалзан бусдад учруулсан хохирлыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Л.Өийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын 23.000.000 төгрөгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Өийг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Л.Өийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өээс 9.500.000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч А.А -т олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ