| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0988/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1497 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1497
2025 06 03 2025/ШЦТ/1497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Өнөбат,
хохирогчийн өмгөөлөгч Б.Ган-Очир,
шүүгдэгч Х.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2409005440192 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Х.Б
Монгол Улсын иргэн ................. дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, ........... тоотод оршин суудаг урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Х.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нтой уулзаж түүний бетон зуурмагийн тохирлын гэрчилгээ гаргуулах хүсэл сонирхолд нь тулгуурлан “10,000,000 төгрөг өгөх юм бол 2 хоногийн дотор гаргаж өгнө" гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкин дахь .......... тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Х.Б 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ноос 10.000.000 төгрөгийн авч залилсан үйл баримт нь дараах:
- шүүгдэгч Х.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг,
- хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн найз Бын компани болох .......... ХХК-д нь бетон зуурмагийн тохирлын гэрчилгээ авч найзын компани дээр хамтран ажиллахаар болсон байсан юм. Тэгээд тухайн гэрчилгээгээ гаргуулах гээд өөрийн танил Гид энэ талаараа хэлэхэд Г надад хандаж "Б гэдэг хүн байдаг юм, энэ хүн надтай өмнө нь татварын хэлтэст хамт ажилладаг байсан юм, би тэр Б гэдэг хүнээр ажил хөөцөлдүүлж байсан. Гайгүй найдвартай залуу байдаг юм гээд миний утасны дугаарыг Б гэдэг хүндээ өгчихье гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б над руу ....... гэсэн утасны дугаараас над руу холбогдсон. Тэгээд холбогдож ярихдаа "Би Гоос таны утасны дугаарыг авсан, өөртэй нь уулзах хэрэгтэй байна, зуурмагийн тохиргоотой холбоотой" гэж хэлсэн. Тэгээд уулзахаар болоод манай ажлын гадаа буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зам тээврийн хөгжлийн яамны авто зогсоол дээр уулзсан. Тэгэхэд Б нь надтай уулзахаар ирэхдээ хар өнгийн харриэр маркийн тээврийн хэрэгсэлтэй, хажуудаа өөрийгөө А гэж танилцуулсан залуутай хамт ирсэн. Тэгээд Б нь ярихдаа "Гоос ерөнхий мэдээллийг чинь сонссон, би энэ тал дээр туслах боломжтой байна, энэ А гэж залуу бол тухайн зөвшөөрлийг гаргахад тусламж үзүүлэхүйц, тухайн албан газарт нь ажилладаг залуу байгаа юм, таны тохирлын зөвшөөрлийг бол 2 хоногийн дотор гаргаад өгнө, та 10,000,000 төгрөг өгөхөд болно" гэж хэлсэн. Тэгээд би итгээд 10,000,000 төгрөгийг өөрийнхөө хаан банк дахь ............ дугаартай данснаас Бын эзэмшлийн худалдаа хөгжлийн банк дахь ........ дугаартай дансанд нь 5,000,000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлэн өгсөн. Тэгээд надад Б хэлэхдээ "За тохирлын гэрчилгээ гаргахад танай компанийн нэр хэрэгтэй болно, ямар нэртэй компаниар гаргах шаардлагатай талаар хэрэгцээтэй үед нь тань руу утсаар яриад нэрийг нь асууна шүү" гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлж өгчхөөд явсан бөгөөд над руу холбогдохыг нь хүлээж 7 хоносон. Тэгээд дахиад 7 хоносны дараагаар Бын ........ дугаарын утсанд холбогдоход хуралтай байна, эргээд холбогдъё гэж хэлээд дахин холбогдоогүй. Тэгээд утсаар залгахад ерөөсөө хариу өгдөггүй. Ингээд олдохгүй болохоор нь би Гид хандаж Быг хаана байгаа талаар асуухад гэрийг нь зааж өгсөн. Тэгээд гэрт нь очиход байраа түрээслүүлсэн гэж хэлээд өөр хүмүүс байсан. Тэр хүмүүсээс Бын эхнэрийн утасны дугаарыг авч холбогдон асуухад эхнэр нь гэх ........ гэсэн утасны дугаартай эмэгтэй хүн "Б гэртээ ирэхгүй 2 cap болж байна, та нарын асуудал надад хамаагүй, наад хүнтэйгээ яриарай, надтай хамт байхгүй байгаа, ээжтэйгээ хамт байгаа, тань шиг над руу өөр бас бус хүмүүс холбогдож мөнгөний асуудал ярьдаг, та хуулийн байгууллагад хандаарай" гэж хэлээд ээжийнх нь утасны дугаар өгсөн. Тэгээд ээжтэй нь ....... гэсэн дугаараар холбогдож асуухад "Хүү маань ирэхгүй байгаа, хөдөө Эрдэнэт хот руу ажлаар явсан" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас)
- гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н гэх хүнтэй найз нөхдийн харилцаатай, Н нь ахынхаа компанид инженер ажилтай байх. Тэгээд надад 2023 оны 08 дугаар сард бетон зуурмагийн узел байгуулах гэж байгаа юм талбай бас байна. Надад бетон зуурмагийн тохирлын гэрчилгээ гаргуулах хэрэгцээтэй байна. Би хөдөө гадаа явдаг учраас бичиг баримтыг нь хөөцөлдөж амжихгүй байна. Чи гаргуулаад өгч чадах уу гэж надаас асуусан. Тэгэхэд нь би өөрөө чадахгүй гэж хэлэхэд таньдаг мэддэг хүн байвал асуугаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би Жагаа буюу Бд хандаж “Надаас манай найз гуйгаад байна, бетон зуурмагийн гэрчилгээ гаргаж өгч чадах уу гэхэд Б надад хандаж “Чи тэр хүнийхээ утасны дугаарыг надад өгчих өө, би тэр хүнд чинь өөрөө тайлбарлаад өгье, би тэр хүнтэй чинь уулзаж байгаад ярилцъя утсаар яриад яахав гэж хэлэхэд нь би Нын утасны дугаарыг өгсөн.Тэгээд Б нь Нтой өөрөө уулзсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
- Барилга хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...Манай байгууллагын тохирлын гэрчилгээг цахим системээр зөвхөн аж хуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн бүтээгдэхүүн баталгаажуулалтын хурлаар хэлэлцүүлдэг болно. Иймд иргэн Х овогтой Б нь бетон зуурмагийн тохирлын гэрчилгээ гаргуулахаар хүсэлт бүртгэгдээгүй байна...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)
- гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- хохирогч Г.Нын нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь ....... тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа (2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 удаагийн гүйлгээ, 195 дугаар мөр, 198 дугаар мөр) (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Х овогтой Бын нэр дээр бүртгэлтэй ............ тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Х.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Нтой уулзаж түүний бетон зуурмагийн тохирлын гэрчилгээ гаргуулах хүсэл сонирхолд нь тулгуурлан “10,000,000 төгрөг өгөх юм бол 2 хоногийн дотор гаргаж өгнө" гэж хэлж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 10,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкин дахь ........ тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, санаатайгаар залилсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн түүний орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Г.Нод учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Б нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х.Быг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ