Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/00544

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2017/00544 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б 

Нэхэмжлэгч:  Б.Ц 

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  намд холбогдох,

 

Төлөөлөгчийн урамшууллын мөнгө болох 13 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, Д.Бнар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн намын хандив хэмээн хурааж авсан Төлөөлөгчийн урамшууллын мөнгө, нэг хүний 4 500 000 төгрөг буюу нийт 9 000 000 төгрөг гаргуулж хохирлыг барагдуулах тухай.

2013 оны эхний хагас жилийг Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын намын бүлгийн хурал дээр Баянзүрх дүүргийн намын дарга Д.П гаргасан.

2012 оны орон нутгийн сонгуулиар намд саналаа өгсөн сонгогч бүрт 10 000 төгрөг өгөх амлалт гаргасан байснаа, энэ амлалтаа хэрэгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа Баянзүрх дүүргийн намын дарга Д.П тайлбарласан.

Энэ шийдвэрийг эсэргүүцэж бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч нар ердийн харъяаллын шүүхэд хандан иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4 500 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн намаас нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргасан.

Иймд Үндсэн хууль, Төсвийн хууль болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Төлөөлөгч бидэнд олгогдох ёстой урамшуулалт цалинг Баянзүрх дүүргийн намаас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, Д.Бнар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн намын хандив хэмээн хурааж авсан Төлөөлөгчийн урамшууллын мөнгө, нэг хүний 4 500 000 төгрөг буюу нийт 13 500 000 төгрөг гаргуулж хохирлыг барагдуулах тухай.

2013 оны эхний хагас жилийг Төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намд хандивлах шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын намын бүлгийн хурал дээр Баянзүрх дүүргийн намын дарга Д.П гаргасан.

2012 оны Орон нутгийн сонгуулиар намд саналаа өгсөн сонгогч бүрт 10 000 төгрөг өгөх амлалт гаргасан байснаа, энэ амлалтаа хэрэгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа Баянзүрх дүүргийн намын дарга Д.П тайлбарласан.

Энэ шийдвэрийг эсэргүүцэж бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч нар ердийн харьяаллын шүүхэд хандан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4 500 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн намаас нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргасан.

Иймд Үндсэн хууль, Төсвийн хууль болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Төлөөлөгч бидэнд олгогдох ёстой урамшуулалт цалинг Баянзүрх дүүргийн намаас гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Б, Б.Ц нар нь Баянзүрх дүүргийн намаас намын хандив хэмээн хурааж авсан тус бүр 4 500 000 төгрөг нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд дурьдагдсан 2013 оны төлөөлөгчдийн урамшууллын асуудал нь дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал, намын бүлгийн хурал, дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдэж тогтоолоор баталгаажсан. Тогтоолууд нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн.

Урамшууллын асуудлыг хэлэлцэх хуралд нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц нар өөрийн биеээр тогтмол оролцож, уг асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар буюу нэхэмжлэгчдийн зөвшөөрлөөр намын дансанд төвлөрүүлж, захиран зарцуулах шийдвэр гарч зориулалтын дагуу зарцуулагдсан.

Нэхэмжлэгчдийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Б, Б.Ц, Д.Б нар нь Баянзүрх дүүргийн намаас намын хандив хэмээн хурааж авсан тус бүр 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг гаргуулж, хохирол нэхэмжилж шаардлагаа залруулсан байна.

Нэхэмжлэлд дурьдагдсан 2013 оны төлөөлөгчдийн урамшууллын асуудал нь дүүргийн ИТХ-н тэргүүлэгчдийн хурал, намын бүлгийн хурал, дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдэж тогтоолоор баталгаажсан. Тогтоолууд нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн.

Урамшууллын асуудлыг хэлэлцэх хуралд нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц нар өөрийн биеэр тогтмол оролцож, уг асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар буюу нэхэмжлэгчдийн зөвшөөрлөөр намын дансанд төвлөрүүлж, захиран зарцуулах шийдвэр гарч зориулалтын дагуу зарцуулагдсан.

Нэхэмжлэгчдийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааны намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ. Улсын Дээд шүүхийн Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тайлбарын 6-д зааснаар Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргаан гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, намын дүрэм хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хавсралтаар Баянзүрх дүүргийн намын 2017 оны 02 дугаар сарын 02-ны 770 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтыг хүргүүлэв гэжээ.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, Д.Бнар нь хариуцагч Баянзүрх дүүргийн намд холбогдуулан төлөөлөгчдийн урамшууллын мөнгө болох 13 500 000 төгрөгийг буцаан олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тус шаардлагыг хангуулах үндэслэлээ тодорхойлохдоо, 2013 оны эхний хагас жилийн төлөөлөгчдийн урамшууллын мөнгө нэг хүний 4 500 000 төгрөгийг тус бүр намд хандивласан гэх шалтгаанаар өгөхгүй байх тул тухайн урамшууллын мөнгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч тал төлөөлөгч нар урамшууллын мөнгөө намд хандивласан, хэлцэл хийсэн тул буцаан олгох боломжгүй, энэ маргааныг шүүх шийдвэрлэхгүй гэж маргаж байна.

Хариуцагч тус хэргийг шүүх хянан шийдвэрлэхгүй гэж маргаж байх тул юуны өмнө шүүх хянан шийдвэрлэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэхэмжлэлээр тодорхойлсон маргааны хувьд эрх зүйн харилцаанд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т, гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив нь намын хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт, Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно. Хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна. гэж тус тус зохицуулжээ.

Тодруулбал, намын гишүүн намд хандив өгөх харилцаа нь намын гишүүн өөрийн өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт ...өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах... эрхтэй гэж зааснаар, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 дахь хэсэгт Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно гэсэн зохицуулалтын дагуу намын өмчлөлд шилжүүлж байгаа иргэний эрх зүй дэх гэрээний үүргийн харилцаа юм.

Хандивын журмаар бэлэглэх гэрээний үүргийн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа тул мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар, зөрчигдсөн эрхийг сэргээх болон шүүхээр хамгаалуулах зарчмуудыг тус тус баримтлан тухайн харилцаанаас үүдэлтэй маргааныг иргэний хэрэг үүсгэж шүүх хянан шийдвэрлэх юм.

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар, Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтад намын гишүүний илэрхийлсэн хүсэл зориг, байгуулагдсан гэрээний дагуу өгсөн хандивыг хэрхэн зохион байгуулах зарцуулахтай холбоотой үйл ажиллагаа хамаарах бөгөөд харин хандив өгөх, хандив авахтай холбоотой бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн хооронд үүсэх гэрээний харилцаа хамаарахгүй байна.

Иймд тус хэргийг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагаар нэр бүхий 3 нэхэмжлэгчид 13 500 000 төгрөг /хүн тус бүрт 4 500 000 төгрөг/ гаргуулна гэжээ.

Үйл баримтын хувьд, 2013 оны эхний хагас жилийн Төлөөлөгчдийн урамшуулал болгон нэг хүний 4 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн, тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч буюу намын гишүүн болох Б.Ш, Б.Ц, Д.Бнарт шилжүүлэх үүрэг үүссэн үйл баримт болон шилжүүлж өгөөгүй үйл баримтууд нь зохигч талуудын тайлбар, хавтаст хэргийн 36 дахь талд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. Дурдсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар, бусдад мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг нэгэнт үүссэн үед түүнийг шаардах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгч талд буюу төлөөлөгч нарт /Б.Ш, Б.Ц, Д.Б/ үүссэн байна.

Хуульд зааснаар үүссэн үүрэг дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэг, түүнчлэн 237 дугаар зүйл, 238 дугаар зүйл, 239 дүгээр зүйл болон 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан үндэслэлээр тус тус зохицуулсан бөгөөд дурдсан үндэслэлүүдээр үүрэг дуусгавар болсон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул урамшууллын мөнгийг төлөөлөгч нарт /Б.Ш, Б.Ц, Д.Б/ олгох үүрэг дуусгавар болоогүй, тус мөнгийг шаардах эрх төлөөлөгч нарт /Б.Ш, Б.Ц, Д.Б/ хадгалагдаж байна гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлага болох 13 500 000 төгрөг нь төлөөлөгч нарт олгогдох мөнгө гэдэгтэй хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байх хэдий ч төлөөлөгч нар тус мөнгийг намд хандивласан учир буцаан олгохгүй гэж маргаж байна. Харин нэхэмжлэгч нар намд хандивлаагүй гэж тайлбарлажээ.

Иймд тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэх хүсэл зориг илэрхийлэгдсэн, тус гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэх үүргийн харилцаа нь мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 дахь хэсгээр зохицуулагдаж, мөн зүйл болох 276 дугаар зүйл Бэлэглэлийн гэрээ-ний зохицуулалтад хамаарч байна.

Энэ агуулгаар, хандивын журмаар бэлэглэх гэрээний дагуу бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч хоёр талын хүсэл зориг илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар, бэлэглэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бэлэг хүлээн авагч хүлээн зөвшөөрснөөр бэлэглэх хүсэл зориг хүчин төгөлдөр болох зохицуулалтай байна.

Энэ гэрээ нь хоёр тал хүсэл зориг илэрхийлэгддэг хоёр талын хэлцэл боловч бэлэглэгч нэг талд үүрэг үүсдэг нэг талын үүрэг бүхий гэрээ юм. Иймд тус хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлохдоо бэлэглэгч талын хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх болон бэлэглэгчийн үйлдлийг харгалзан үзэх онцлогтой.

Гэрээний дурдсан онцлогтой холбоотойгоор Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцно. гэж зохицуулжээ.

Дурдаж байгаа гэрээний дагуу бэлэглэгч нь өмчлөгч байх ёстой бөгөөд өмчлөх эрх үүсээгүй байгаа, өмчлөлд нь шилжиж ирээгүй байгаа хөрөнгийн хувьд бусдад бэлэглэхээр хөрөнгө шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдэхгүй юм.

Зохигч талуудын хооронд үүссэн үүргийн эхний харилцааны хувьд урамшууллын мөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул төлөөлөгч нарт мөнгө өмчлөх эрх бодитоор үүсээгүй байна.

Иймд өмчлөх эрх үүсээгүй байхад нэхэмжлэгч нарыг хандивлах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч нар хандивын гэрээ байгуулсан, хэлцлийн нөхцлийг тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан нэрсийн жагсаалт, жагсаалтанд гарын үсэг зурагдсан байдлаар нотлогдоно гэжээ.

Хавтаст хэргийн 36 дахь талд авагдсан баримтанд хандив өгөхөөр зөвшөөрсөн төлөөлөгчид гарын үсэг зурсан, зурсан үйл баримт нь намын хурлын үеэр хэлэлцэгдсэн гэж хариуцагч тайлбарлах бөгөөд харин тухайн хурлын тэмдэглэл байхгүй, тэмдэглэл үйлдээгүй гэжээ. Иймд тухайн асуудлыг намын хурлаар хэлэлцсэн, төлөөлөгч нар хандив өгөхийг зөвшөөрөн хурлын үеэр гарын үсэг зурсан гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байна.

Дээр дурдсан баримт нь /х.х-ийн 36 дахь талд/ төлөөлөгч нарт олгох урамшууллын мөнгө гэсэн байдлаар хүснэгтэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар өөрийн нэрний ард хамаарах хэсэгт гарын үсэг зурсан гэдэгтэй маргаагүй байна.

Тус баримтад байгаа мэдээллээр гарт олгох мөнгөн дүнг 4 500 000 гэсний ард гарын үсэг зурагдсан байна. Тухайн мэдээлэл болон гарын үсгээр тус мөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар намдаа бэлэглэх хүсэл зоригийг төлөөлөгч гишүүд /Б.Ш, Б.Ц, Д.Б/ илэрхийлснийг нотлоно гэж үзэхгүй.

Иймд хандив өгөх хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт, Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэсэн зохицуулалтын дагуу хандивын зориулалтаар бэлэглэх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар бэлэг хүлээн авагчид шилжүүлэн өгсөн бэлэглэгчийн үйлдэл тогтоогдохгүй байх тул хандивын журмаар бэлэглэх хэлцэл хийгдээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Намын гишүүн нь намд мөнгөн хөрөнгө хандивлах харилцаа нь дээр дурдсан үндэслэлээр иргэний эрх зүйн гэрээний үүргийн бие даасан харилцаа бөгөөд тухайн гэрээ байгуулагдаагүй, харилцаа үүсээгүй тул төлөөлөгч нарт шилжүүлвэл зохих 13 500 000 төгрөгийг өмчлөх эрх намд үүсээгүй байна.

Харин өмнө дурдснаар зохигч талуудын хооронд үүссэн үүргийн эхний харилцааны дагуу урамшууллын мөнгө шаардах эрх нэхэмжлэгч нарт хэвээр хадгалагдаж байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар, урамшууллын мөнгө болон 4 500 000 төгрөг, 3 хүний /Б.Ш, Б.Ц, Д.Б/ нийт 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 57-75 дахь талд авагдсан баримтууд болон нотлох баримтаар ирүүлсэн намын дүрэм журмын эмхтгэл зэрэг баримтууд нь хэлцлээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа бүхий маргааныг шийдвэрлэхэд шууд хамааралтай нотлох баримт гэж үзээгүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн намаас 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, Д.Бнарт олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Баянзүрх дүүргийн намаас 225 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш, Б.Ц, Д.Бнарт олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН