2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025       06         03                                        2025/ШЦТ/1489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн даргаар Х.Лхагвамаа нарыг оролцуулан эрүүгийн 2308009830232 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Б.Б

Монгол Улсын иргэн, .......... эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. ............... оршин суух хаягтай, одоогоор ........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ".........” худалдааны төвд хохирогч Г.Бгаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Япон улсаас импортоор оруулж ирсэн, улсын дугаар аваагүй 4 ширхэг нийт 55,288,000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус-30” загварын автомашинуудыг өөртөө шилжүүлэн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ".........” худалдааны төвд хохирогч Г.Бгаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Япон улсаас импортоор оруулж ирсэн, улсын дугаар аваагүй 4 ширхэг нийт 60.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус-30” загварын автомашинуудыг сугалаанд оролцуулна гэж худал хэлж итгүүлэн  нэг автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг нь төлж, бусдын төлөлгүй залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

          - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Г.Б гэгч нь ах нь сугалаа явуулж байна, гаальтай 4 ширхэг приус-30 маркийн автомашин өгөөч, сугалааны мөнгө ороод ирэхээр би мөнгийг нь өгье гэж хэлээд 2020 оны 2 дугаар сарын 06- ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "........." захын ...... зогсоолын газрын нотариатын газарт орж 4 ширхэг автомашины итгэмжлэл хийлгэж аваад явсан. Гэтэл Б.Б нь надаас авсан 4 ширхэг автомашинаа сугалаанд өгөөгүй, "........." захын ченж нарт хямдхан зараад мөнгийг нь аваад явсан байсан. Тэгээд одоо болтол мөнгө өгөөгүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний Б.Бт хүлээлгэн өгсөн автомашинууд нь 2010 онд үйлдвэрлэгдэж, 2020 оны 2 дугаар сард орж ирсэн 2 ширхэг Тоёота Приус-30, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 оны 2 дугаар сард орж ирсэн 2 ширхэг Тоёота Приус-30 маркийн автомашинууд байсан. Би нэг ширхэг машиныг нь 15,000,000 төгрөгөөр бодож өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

- хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлэг"... миний машиныг авч явсан Б.Б нь 1 тээврийн хэрэгслийн мөнгө болох 15,000,000 төгрөгийг эхний 2 машины өгч явуулсны дараа 2 хувааж өгсөн. Мөнгөө өгч чадахгүй болохоор нь Б.Бт хандаж наймаа буцаая, 2 машинаа авъя гэхэд 1 машины мөнгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Тэгэхээр надаас эхлээд 2 машин авч яваад зарж борлуулан 1 ширхэг машины мөнгийг надад өгсөн байх. Тэрнээс биш машин авч явахаасаа өмнө мөнгө өгсөн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,

- гэрч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Б нь надад 2021 онд хэлэхдээ танай найз Бт 4 ширхэг гаальтай Приус-30 машин өгөөд мөнгөө авч чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Бын нэр дээр 2 ширхэг Норд Бенз байдаг, мөнгийг чинь вчих байлгүй дээ гэж хэлсэн. Б нь Бгаас 4 ширхэг машин авахдаа сугалаа явуулна гэж хэлсэн. Би Б Бгаас 4 ширхэг машин авсан асуудалд ямар нэгэн оролцоо байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 - гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2020 оноос хойш Япон улсаас автомашин оруулж ирж зарж байна. ........... арлын дугаартай автомашиныг 2020 оны 2 дугаар сард өөрийн Оаас тухайн үеийн зах зээлийн ханшаар нь тооцож аваад 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр цааш нь зарсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

- гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “......... арлын дугаартай би өөрийн эзэмшилд авч байгаагүй. 2020 оны 2 дугаар сард миний төрсөн ax М миний нэр дээр авхуулж байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн "........." ХХК-д барьцаалан зээлдүүлэх гэрээ хийж авч байсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

- гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ZVW30-0290675 арлын дугаартай автомашиныг би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Б.О машин зарж байх үедээ миний нэр дээр бүртгүүлж цааш нь зарсан байх. Би нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Е.Гы баталгаажуулсан 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 468 дугаартай "Тоёота Приус-30 маркийн ............... арлын дугаартай 4 ширхэг автомашины Б.Бт хүлээлгэн өгсөн итгэмжлэл /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/,

- Тоёота Приус-30 маркийн ............ арлын дугаартай автомашинуудын Тээврийн хэрэгслийн

лавлагаанууд /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас/,

- хохирогч Г.Бгаас Г.Бт хүлээлгэж өгсөн ........... арлын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин 2020 оны 2 дугаар сарын байдлаар 14,112,000 төгрөг, .......... арлын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин 2020 оны 2 дугаар сарын байдлаар 13,532,000 төгрөг, ............ арлын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин 2020 оны 2 дугаар сарын байдлаар 14,112,000 төгрөг, ............ арлын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин 2020 оны 2 дугаар сарын байдлаар 13,532,000 төгрөг, ниит 55 288,000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн БЗДЗ-24-348 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 127-138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ".........” худалдааны төвөөс иргэн Г.Бгаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Япон улсаас импортоор оруулж ирсэн, улсын дугаар аваагүй 4 ширхэг Тоёота Приус-30 маркийн автомашиныг сугалаанд оролцуулна гэж хуурч, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 55,288,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, оролцогч нарын мэдүүлэг тайлбар зэргээс үзэхэд: шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Бгаас анх худалдан борлуулж байсан 4 ширхэг автомашиныг нь худал хэлж өөртөө шилжүүлэн авахдаа нэг автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 45.000.000 төгрөг гэж үзэх нь зүйтэй ба шүүгдэгч Б.Быг анхнаасаа хохирогч Г.Бгаас 60.000.000 төгргийн үнэ бүхий 4 ширхэг автомашиныг залилан авах санаа сэдэлт зорилгогүй, харин үлдэх 3 ширхэг автошины үнийг төлөхгүй байх санаа сэдэлт зорилготой байсан гэж шүүх үзэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэлнэ гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээ гэдгийг 50.000.000 сая төгрөгөөр тооцохоор хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.Быг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

    

Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгон “Тоёота приус 30” загварын 60.000.000 сая төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг автомашиныг сугалаанд оролцуулна гэж хуурч, нэг автомашины 15.000.000 төгрөгийн үнийг төлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 45.000.000 төгрөгийн хохирол хохирогч Г.Бд учруулан залилсан хууль бус нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг бүрэн төлсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Бд нийт 45.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овгийн Б.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 эх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

           6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ