Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Иргэдийн төлөөлөгч: А.Цогзолмаа

Хохирогч: Ж.Шагдарсүрэн

Шүүгдэгч Г.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,

Шүүгдэгч Д.Цэдэвсүрэн, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч Б.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

Шүүгдэгч Ё.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Г.Амарбаясгаланд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Ё.Эрхэмбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000288 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Өөлд овогт Гомбосүрэнгийн Амарбаясгалан /ВЮ83073077/

2.Монгол Улсын иргэн,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мөнхийхөн овогт Доржсэмбээгийн Цэдэвсүрэн /ВГ82051213/

3.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярмаагийн Пүрэвдорж /МЗ89010991/

4.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөр овогт Ёндонгийн Эрхэмбаяр /ВГ 91043052/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Амарбаясгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө П.Алтангадастай ус байхгүй гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ё.Эрхэмбаярыг "танай найз чинь миний толгойг хагалсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулуууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа Ё.Эрхэмбаярын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн Ё.Эрхэмбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

Шүүгдэгч Д.Цэдэвсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Ё.Эрхэмбаяр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж, Д.Цэдэвсүрэн нарт зодуулж бие махбодиддоо гэмтэл авч 2015 оны 11 сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг Г.Амарбаясгалан ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 00 цаг 30 минутын үед иргэн Ж.Шагдарсүрэнтэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Хохирогч Ё.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

2015 оны 08 сард шөнө явж байгаад хүмүүст зодуулсан. Найзтайгаа Санчир бааранд орж нэг нэг пиво уугаад гарсан. Шинэ төгөлд очиход 3-4 залуу гэрийн өмнө сууж байсан. Алтангадас бие засах гээд гарсан. Би араас нь удалгүй гарсан. Намайг гарахад Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн нар байсан. Д.Цэдэвсүрэнтэй юм яриад зогсож байхад Г.Амарбаясгалан ирж намайг цохисон. Толгой хагарчихсан юм шиг байна гээд эмнэлэг орж цагдаа дуудсан гэв.

Хохирогч Ё.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Санчир баарнаас шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. Байрны хажуухан талд нэг цементэн дээр 3-4 хүн сууж байгаа харагдсан, тэгээд Алтангадас нь уг гэрийг онгойлгоод орсон. Нөгөө сууж байсан хүмүүсийн нэг нь Алтангадасыг бариад авсан цохиж байхаар нь би гүйгээд хамт байсан хүмүүс рүү очиход 2 хүн зогсож байсан. Тэр хоёр хүний нэг нь манай нутгийн таньдаг залуу байсан. Сүүлд Цэдэвсүрэн гэдгийг нь мэдсэн. Алтангадасыг нэг хүн хөөгөөд явсан би Цэдэвсүрэнд зодоон цохион хэрэггүй биз дээ та найзыгаа аваад явчих гэхэд Цэдэвсүрэн нь юу солиороод байгаа юм гээд намайг гартаа барьж байсан нэг зүйлээр ороолгосон. Би тэрийг өмдний тэлээ байна гэж бодсон. Тэгээд би яаж байгаа юм гэхэд нөгөө Алтангадасыг хөөгөөд явсан хүн буцаж ирсэн байсан ба намайг гэнэт чулуутай гараараа зүүн шанаанд цохиод авсан. Тэр цохилтоос болоод би ухаан балартаад унасан. Нэг сэрэхэд намайг хүмүүс тал талаас өшиглөөд байсан. Би босож ирээд та нар больцгоо миний шүд ам хугарсан юм шиг байна гэхэд ямар бааштай лалар вэ гээд тарган шар залуу миний гуянд 2-3 удаа өшиглөж авсан. Намайг Амарбаясгалан нь чулуутай гараараа цохиж унагасан, тэгэхэд би ухаан балартаад унасан тэр үед намайг өшиглөж байсан хүмүүс Цэдэвсүрэн, Амарбаясгалан, тарган шар залуу байсан юм. Эрүүний хугарал болон шүдийг Амарбаясгалан намайг чулуутай гараар цохиж үүсгэсэн, бусад цээж, хүзүүний хөхөрөл, толгойны хагархайг намайг ухаангүй байхад тэд нар нийлж зодсоноос болж үүссэн....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-23/

Хохирогч Ж.Шагдарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

Тухайн үед би хамт явсан хүмүүсээ машинд суулгаж өгчихөөд Голомт банкны байрны ард явж байхад Ё.Эрхэмбаяр араас ирж, бид хоёр Санчид бааранд хамт орсон. Баар хааж байсан болохоор ороод удалгүй гарсан. Би найзынхаа эхнэр Энхбилэгийг дөхүүлж өгөх гээд зам өгсөөд алхсан. Ё.Эрхэмбаяр ард 2-3 залуутай үлдсэн. Ард үлдсэн залуучууд бааранд байсан хэдэн охидуудтай хамт явах бодолтой байсан юм шиг байсан. Ё.Эрхэмбаяр араас ирж хэрүүл нэхээд байхаар нь би заамдаж аваад цохисон. Намайг зам дээр хальтарч унахад Ё.Эрхэмбаяр миний нүүррүү өшиглөсөн. Би тухайн газар 10 орчим минут сууж байгаад Хөх толгойруу ээжийндээ очсон. Өглөө Ё.Эрхэмбаяр ирж, бие чинь гайгүй юу эргээд ярья гэж хэлчихээд гарсан гэв.

Хохирогч Ж.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагаас манай ажлын хамт олон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Баянбулаг ресторанд орж уралдаан тэмцээнд оролцоод архи, шар айраг ууцгаасан. Тэгээд 23 цаг 50 минутын үед тэндээс гараад хамт ажилладаг хүний эхнэр нь машинтай ирэхэд нь хамт явсан хүмүүсийг бүгдийг нь машинд суулгачихаад би өөрөө гэр ойрхон учир харих гээд Голомт банкны урдуур гараад алхсан. Миний араас манай ажлын Ё.Эрхэмбаяр гүйгээд ирэхээр нь цаад машинаараа хүргүүлчихгүй яасан юм гэхэд хоёулаа хамт Санчир баар ороодохъя би цамцаа үлдээчихсэн байна гэхээр нь хамт Санчир баар ороход хааж байсан. Баарнаас гарахад манай найзын эхнэр Билэгээтэй тааралдаад ойр зуурын юм яриад зам уруудаад хамт алхсан. Миний араас Ё.Эрхэмбаяр нь хоёр танихгүй залуугийн хамт алхаж байсан. Би Билэгээг зам хөндлөн гаргаж өгчихөөд буцаад Ё.Эрхэмбаяр дээр ирэхэд Ё.Эрхэмбаяр хамт явж байсан залуутайгаа маргалдаад зогсож байхаар нь боль гээд салгахаад Эрхэмбаяр над руу уурлаад чамаас болж ийм байдал хүрлээ гээд намайг заамдаж аваад шанаа руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Бид хоёр салаад би хойшоо ухарч байгаад халтираад унахад Ё.Эрхэмбаяр миний нүүр лүү өшиглөчихсөн. Би Тухайн үед ухаан балартаад нүүрлүү дахиад өшиглөхөд нь би нүүрээ дарахад миний дээр суучихаад хоёр шанаа руу ээлжлээд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг хаячихаад яваад өгсөн. Тэр үед миний ухаан балартаад 10 орчим минут сууж байгаад гэртээ очсон. Маргааш нь цагдаад гомдол гаргасан... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 201-205 /

Шүүгдэгч Г.Амарбаясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

Тухайн үед Шинэ төгөлийн орчим цементэн дээр сууж байсан чинь нэг залуу гарч ирээд бид нараас ус байна уу гэхээр нь байхгүй бид нар эндхийн хүмүүс биш гэхэд яахаараа ус байдаггүй юм гэсэн. Алтангадасаас тэнд баригдаж байгаа шинэ байр хэнийх юм гэхэд Амгалангийн байр гэсэн. Амгалан гэж хэн билээ гэхэд хэн байх нь чамд ямар хамаатай юм гэсэн. Д.Цэдэвсүрэн босч ирээд яасан хэгжүүн зантай чацга гэхэд Алтангадас гэррүү буцаж ороод хоёулаа болоод гараад ирсэн. Алтангадас бид хоёр маргалдаад Алтангадас намайг цохихоор нь би буцаагаад цохисон. Тэгтэл газраас чулуу аваад миний толгойруу цохичихоод зугтсан. Би араас нь хөөж гүйгээд гүйцээгүй буцаад Цэдэвсүрэн, Пүрэвдорж, Эрхэмбаяр нарын зогсож байсан газар ирээд Эрхэмбаярт танай найз чинь миний толгойг хагалчихлаа гэхэд Ё.Эрхэмбаяр намайг бариад авсан. Цэдэвсүрэн бид хоёрыг салгаад бид нар тэндээс явсан. Бид нарыг алхаж байхад Ё.Эрхэмбаяр араас чулуу шидээд байсан, эргэж хараад боль цаад гэррүүгээ яв гэж хэлсэн. Тэгээд Цэдэвсүрэн, Пүрэвдорж бид гурав цаашаа алхаад Нэгдэлчин зочид буудлын арын 5 давхар байрны хажуугаар гараад Ёотон цагаан байр руу явсан. Пүрэвдорж буудал руугаа орсон. Би Д.Цэдэвсүрэнгийнд очиж цусаа угаачихаад гэртээ очсон гэв.

Шүүгдэгч Г.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...анх гэрээс гарч ирсэн Алтангадас нь намайг барьж авахад миний өмсөж явсан цамц урагдаад байсан. Би хөөе чи боль цамц урагдаад байна гэж хэлэхэд миний нүүрэнд буюу хамранд цохиж авсан, тэгээд би боль гэхэд дахин цохиж авахаар нь би зөрүүлээд 2 удаа нүүрэнд нь цохиж авсан. Тэгээд миний толгой руу чулуутай гараар цохиод миний толгой манараад явсан. Би чи миний толгойг хагалчихлаа гэхэд тэр залуу эргээд цааш зугтаасан. Бид гурав Ё.Эрхэмбаярыг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-123/

Шүүгдэгч Д.Цэдэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Амарбаясгалан, Пүрэвдорж нарын хамт Баярдаваагийн байрны орцны үүдэнд гараад ирэхэд хажуу талд байх гэрээс нэг залуу гарч ирээд бид гурваас ус байна уу гэж асуусан. Бид 3 энэ байрны хүмүүс биш гэж хэлэхэд Амарбаясгалан баригдаж байгаа байрыг энэ хэний бариулж байгаа байр юм гэхэд Амгалан гэж хүний бариулж байгаа байр гэхэд Амарбаясгалан ямар Амгалан гэж асуухад нөгөө залуу ямар Амгалан байх нь ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад гэрлүүгээ ороод нэг залуу дагуулаад гарч ирсэн. Тэгээд гэрлүү гүйж орсон залуу нь Амарбаясгалантай барилцаад, удалгүй Амарбаясгалан нь толгой хагалчихлаа гээд орилсон. Тэгэхэд нөгөө Алтангадас гэх залуу цаашаа зугтаад явсан. Пүрэвдорж бид хоёртой зогсож байсан Эрхэмбаярыг танай найз миний толгойг хагалчихлаа гээд Амарбаясгалан нь дайрч барьж аваад цохих шиг болоод барилцаад авсан. Гэрээс эхлэж гарч ирсэн Алтангадас нь бараан өнгийн хувцастай, Эрхэмбаяр нь цагаан өнгийн хагас ханцуйтай цамцтай/фудволктой/, би цэнхэр цамц, цагаан өнгийн өмдтэй, Пүрэвдорж ногоон өнгийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, Амарбаясгалан цээжин хэсгээрээ цэнхэр, доод хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай цамцтай, жинсэн өмд, пүүзтэй байсан, Эрхэмбаяр нь ухаан алдаж унасан зүйл байхгүй, Амарбаясгалан нь би цохисон гэхдээ чулуугаар цохиогүй, гараараа цохиж авсан гэж хэлсэн. Эрхэмбаяр 7 000 000 төгрөг гэхэд Амарбаясгалан нь утсыг нь аваад байсан. Амарбаясгалан нь тэгэхэд өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хохирогчийнхоо болон миний өмнө хүлээсэн юм... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 110-116/

Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Г.Амарбаясгалан нь эхлээд Алтангадасыг хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйж ирээд Ё.Эрхэмбаярыг цохиод авах шиг болсон, мөн барилцаад авахад нь би салгасан. Д.Цэдэвсүрэн нь Эрхэмбаяртай юм яриад зогсож байсан бөгөөд Г.Амарбаясгаланг салгасан, би Эрхэмбаярыг салгасан ...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 61-62/

Шүүгдэгч Ё.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дараа нь Г.Амарбаясгалан нь эхнэр Мөнхзул, түүний эгч нь гээд 2 хүний хамт ирж гуйсан. Тэр хоёр хүний нэрийг мэдэхгүй байна. Энэ хүмүүс эмнэлгийн магадлагааг хөнгөн гэж гаргуулж өгөөч гэж гуйсан. Мөн Цэдэвсүрэн намайг энэ хэргээс мултлаад өг гээд гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн, мөн намайг эхлээд Г.Амарбаясгалан нь зүүн эрүүнд цохиж, улмаар ухаан санаа балартсан. Тэгээд намайг унаад босоод ирэхэд толгой хагарсан байсан. Би толгой хэн нь хагалсан талаар мэдэхгүй, миний эрүүг хугалсан хүн бол Г.Амарбаясгалан байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 2-р хх-ийн 56-58/

Гэрч Д.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Б.Пүрэвдорж, Г.Амарбаясгалан нарын хамтаар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Шаргалжуут тосгон руу явсан ба Г.Амарбаясгалангийн араас Д.Цэдэвсүрэн нь залгаад урд шөнө нь хүнтэй зодоон хийсэн талаар яриад хүрээд ир гээд байна гэсэн. Тэгээд буцаж аймгийн төвд ирээд Д.Цэдэвсүрэн нь эмнэлгийн үүдэн дээр хүрээд ир гэхээр нь шууд эмнэлгийн үүдэн дээр ирсэн. Тэгэхэд Г.Амарбаясгалан нь буугаад Д.Цэдэвсүрэн рүү очих гэхэд баахан хүмүүс барьж аваад машинд суулгасан. Б.Пүрэвдорж нь машинд үлдсэн байсан чинь Б.Пүрэвдоржийг бас гаргаад тэнд байсан хүмүүс тойроод авсан. Б.Пүрэвдорж би зодоогүй гэж хэлж байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж нарыг зодох гээд байх шиг байхаар нь би та нар боль тэгж болохгүй гэхэд больж машинд суулгаад цагдаа руу явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50/

Гэрч Г.Баяр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...тэр зодуулсан гээд байгаа залуу нь Амарбаясгаланг хараад чи намайг зодсон гээд дайраад байсан. Би Амарбаясгалан тэр хүнийг цохиж зодсон юм байна гэж ойлгосон. Мөн Цэдэвсүрэн, Пүрэвдорж нарыг салгасан гэж ойлгосон.Өөр надад мэдэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 51-52/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн

1.Г.Амарбаясгалангийн биед зулайд, хамарт, баруун эгэмэнд зулгаралт гэмтлүүд үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 72 /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 555 тоот нэмэлт шинжээчийн

1.Г.Амарбаясгалангийн толгойн хуйхны зулай хэсэг, хамрын нуруу, баруун эгэм хэсгийн зулгаралтууд гэмтлүүд үүссэн байсан байна.

2.Г. Амарбаясгалангийн биед үүссэн гэх тархины доргилт хүнд зэрэг, тархины няцрал дунд зэрэг гэмтлүүд нь эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэрэгт бичигдсэн, тухайн өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгүүд нь тархины хүнд зэргийн доргилт, тархины дунд зэргийн няцралын шинж тэмдгүүдээс зөрөөтэй, онош мөн бодит үзлэгээс зөрөөтэй байгаагаар тайлбарлагдах ба дээрхи тархины хүнд доргилт, тархины дунд зэргийн няцрал гэсэн оношнууд нь эргэлзээтэй байна. Мөн дээрхи эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэрэгт эмчийн тавьсан оношинд зулгаралтууд гэмтлүүд нь тусгагдаагүй байна.

3.Дээрхи толгойн хуйхны зулай хэсэг, хамрын нуруу, баруун эгэм хэсгийн зулгаралтууд гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба тухайн цаг үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

4.Г.Амарбаясгалангийн биед үүссэн гэх жижиг хэмжээний зулгаралтууд гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 91/

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн

1.Ё.Эрхэмбаярын биед зүүн эрүүнд хугарал, Зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Ё.Эрхэмбаярын биед үүссэн гэмтлүүд нь биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулсан болно ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 80 /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 тоот нэмэлт шинжээчийн

1. Ё.Эрхэмбаярын биед толгойн зулай хэсгийн үстэй хэсэгт ирмэг тэгш бус оёдол тавигдсан шарх гэмтэл үүссэн байна.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биөийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

3.Ё. Эрхэмбаярын зүүн доод эрүүний углуурга, булан хэсгийн далд хугарал гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

4.Үүссэн зүүн доод эрүү ясны далд хугарал гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.

5. Ё.Эрхэмбаяр гэгчийн гэрэл зурагт хоолой, хүзүүний зүүн хэсэг, шанаа, цээжний зүүн дээд хэсэгт хүрэн улаан цус хуралт, хавдар харагдаж байгаа нь зүүн доод эрүү яс хугарч, зүүн завьжны хөндийд идээ хуримтлагдаж хүндэрч бугалаа үүссэнээс орчны зөөлөн эдэд хаван хавдар, цус хуралт тархаснаас үүссэн байна.

6.Ё. Эрхэмбаярын биед зүүн шанааны гадна хэсэгт хүрэн улаан зулгаралт гэмтэл үүссэн ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн шүргэлцэн үрэх үйлчлэээр үүссэн байх боломжтой ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

7. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т зааснаар... Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харицан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно гэж заасан байдаг болно. Иймд шинжээч эмч цагдаагийн дэд ахлагч М. Навчаагийн урьд гаргасан 449 тоот шинжээчийн дүгнэлт энэ заалтын гэмтлийн зэргийн аль хүндээр нь гаргана гэсэн заалтын дагуу гаргасан байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 85/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 572 дугаартай

1.Ж.Шагдарсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, доод уруулд шарх, баруун доод 2-р шүдний булгарал, баруун доод 1-р шүдний сулрал, дух , баруун хацар, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралд, баруун нүдний доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Ж.Шагдарсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / 3-р ххийн 215-216/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийн № 06 дугаартай нэмэлтээр

1.Өмнөх 572 тоот дүгнэлтийг гарахдаа үндэслэсэн хэсэг газрын үзлэгт доод эрүүний баруун 2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдсон бөгөөд нэмэлтээр ирүүлсэн 2016.11.16-ны өдрийн шүдний эмчийн үзлэгт доод эрүүний баруун 2-р шүдний булгарал, зүүн 1-р шүдний ёзоорын ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% тогтонги алдагдах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / 3-р ххийн 222-223/

Шинжээч С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шинжээч томилуулж, шинжилгээ хийлгэх тогтоолын үндсэн дээр нэмэлтээр дүгнэлт гаргасан. Тус шүүх шинжилгээний албанд 2 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй, нэг эмч нь амралт болон сургалтанд хамрагдаж ажлаас чөлөөлөгдсөн учир даргын цохолтоор нэмэлтээр дүгнэлт гаргасан болно. Үзүүлэгч Ё.Эрхэмбаярын биед үүссэн доод эрүүний зүүн булан хэсгээр хугарч цууралт үүссэн улмаар орчины зөөлөн эдэд эдээт буглаа үүсэн хүндэрч уг буглааг мэс ажилбараар нээлгэн эдээг гаргасан байсан. Уг гэмтэл нь биеийн хэсгүүд буюу гар хөлөөр цохих, эсвэл хатуу мохоо зүйлийн үйлчлэл буюу мод, чулуугаар хүчтэй цохих үед үүссн байх боломжтой ба биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамруулан дүгнэлт гаргасан. Мөн түүнчлэн нэгдүгээр эмнэлгийн өвчний түүхэнд шүд унасан гэх мэдрэмж төрнө гэсэн бичлэгтэй байсан юм....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 92-93/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / 1-р хх-ийн 1-2/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 15/, шүүгдэгч Д.Цэдэвсүрэнгийн хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015.10.26-ны өдрийн 1/1492 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 132/, иргэний үнэмлэхний хуулбар/1-р хх-ийн 133/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 141/, шүүгдэгч Г.Амарбаясгалангийн хувийн байдлын талаарх Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015.09.08-ны өдрийн 1411 тоот тодорхойлолт/1-р хх-ийн 165/, иргэний үнэмлэхний хуулбар/1-р хх-ийн 166/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 153/, шүүгдэгч Г.Амарбаясгалангийн өвчний түүх /1-р хх-ийн 183-195/, шүүгдэгч Б.Пүрэвдоржийн хувийн байдлын талаарх Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн 2015.11.19-ний өдрийн тодорхойлолт/2-р хх-ийн 11/, иргэний үнэмлэхний лавлагаа/2-р хх-ийн 14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 249/, шүүгдэгч Ё.Эрхэмбаярын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 65/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 69/, Ё.Эрхэмбаярын өвчний түүх /хх-ийн 210-218/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 226-231/, хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 1-3, 37-39, 40-41, 42-45/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / 3-р хх-ийн 193-194/, -Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / 3-р хх-ийн 195-196/, хураан авах тогтоол, тэмдэглэл / 236-238/ , гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хх-ийн 243-*-245/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / 3-р хх-ийн 245-246/, зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Амарбаясгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө П.Алтангадастай ус байхгүй гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмын ноцтой, зөрчиж догшин авирлаж танхайрсан,

мөн Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн Ё.Эрхэмбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

Шүүгдэгч Д.Цэдэвсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Б.Пүрэвдорж нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн нартай бүлэглэн хохирогч Ё.Эрхэмбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ямарч шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь

Хохирогч Ё.Эрхэмбаярын... Алтангадасыг хөөгөөд явсан хүн буцаж ирсэн байсан ба намайг гэнэтхэн чулуутай гараараа зүүн шанаанд цохиод авсан. Тэр цохилтоос болоод би ухаан балартаад унасан. Нэг сэрэхэд намайг хүмүүс тал талаас өшиглөөд байсан, ... миний шүд ам хугарсан юм шиг байна гэхэд ямар бааштай лалар вэ гээд тарган шар залуу миний гуянд 2-3 удаа өшиглөж авсан,.... Эрүүний хугарал болон шүдийг Амарбаясгалан намайг чулуутай гараар цохиж үүсгэсэн, бусад цээж, хүзүүний хөхөрөл, толгойны хагархайг намайг ухаангүй байхад тэд нар нийлж зодсоноос болж үүссэн....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-23/

Шүүгдэгч Г.Амарбаясгалангийн...бид гурав Ё.Эрхэмбаярыг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-123/

Шүүгдэгч Д.Цэдэвсүрэнгийн ... Эрхэмбаярыг танай найз миний толгойг хагалчихлаа гээд Амарбаясгалан нь дайрч барьж аваад цохих шиг болоод барилцаад авсан,...Амарбаясгалан нь би цохисон гэхдээ чулуугаар цохиогүй, гараараа цохиж авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 110-116/

Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн ...Г.Амарбаясгалан нь эхлээд Алтангадасыг хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйж ирээд Ё.Эрхэмбаярыг цохиод авах шиг болсон, мөн барилцаад авахад нь би салгасан. Д.Цэдэвсүрэн нь Эрхэмбаяртай юм яриад зогсож байсан бөгөөд Г.Амарбаясгаланг салгасан, би Эрхэмбаярыг салгасан ...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 61-62/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 72 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 555 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 91/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 449 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 516 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн Шүүгдэгч Ё.Эрхэмбаяр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Амарбаясгалан. Б.Пүрэвдорж, Д.Цэдэвсүрэн нарт зодуулж бие махбодид гэмтэл авч 2015 оны 11 сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулан яллагдагч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг хэрэгт холбогдолгүй хэргийг Г.Амарбаясгалан ганцаараа үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 00 цаг 30 минутын үед иргэн Ж.Шагдарсүрэнтэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч Ж.Шагдарсүрэнгийн ... Эрхэмбаяр намайг заамдаж аваад шанаа руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Бид хоёр салаад би хойшоо ухарч байгаад халтираад унахад Ё.Эрхэмбаяр миний нүүр лүү өшиглөчихсөн. Би Тухайн үед ухаан балартаад нүүр лүү дахиад өшиглөхөд нь би нүүрээ дарахад миний дээр суучихаад хоёр шанаа руу ээлжлээд хэд хэдэн удаа цохисон.... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 201-205 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 572 дугаартай дүгнэлт / 3-р ххийн 215-216/ болон шүүгдэгч Эрхэмбаярын... намайг энэ хэргээс мултлаад өг гээд гуйгаад байхаар нь мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн... гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийн № 06 дугаартай нэмэлт дүгнэлт /3-р хх-ийн 222-223/, шүүгдэгч Ё.Эрхэмбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Н.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан ... Б.Пүрэвдоржийн хувьд хохирогчийг бүлэглэн, зодсон гэх үйлдэл тогтоогддоггүй, шинэ Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж ....заасан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... , мөн шүүгдэгч Д.Цэдэвсүрэнгийн өмгөөлөгч Р.Уранцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан... Д.Цэдэвсүрэн нь бусадтай бүлэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн танхайн үйлдлийг гаргаагүй, хувийн сэдэлтээр , хувийн сэдэлт үүссэн байгааг анхаарч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч Ё.Эрхэмбаярын... Цэдэвсүрэн намайг гартаа барьж байсан нэг зүйлээр ороолгосон, Алтангадасыг хөөгөөд явсан хүн буцаж ирсэн байсан ба намайг гэнэт чулуутай гараараа зүүн шанаанд цохиод авсан. Тэр цохилтоос болоод би ухаан балартаад унасан. Нэг сэрэхэд намайг хүмүүс тал талаас өшиглөөд байсан. Би босож ирээд миний шүд ам хугарсан юм шиг байна гэхэд тарган шар залуу миний гуянд 2-3 удаа өшиглөж авсан, ...би ухаан балартаад унасан тэр үед намайг өшиглөж байсан хүмүүс Цэдэвсүрэн, Амарбаясгалан, тарган шар залуу байсан,... цээж, хүзүүний хөхөрөл, толгойны хагархайг намайг ухаангүй байхад тэд нар нийлж зодсоноос болж үүссэн....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-23/, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн ... Ё.Эрхэмбаярын биед толгойн зулай хэсгийн үстэй хэсэгт ирмэг тэгш бус оёдол тавигдсан шарх гэмтэл үүссэн,... гэрэл зурагт хоолой, хүзүүний зүүн хэсэг, шанаа, цээжний зүүн дээд хэсэгт хүрэн улаан цус хуралт, хавдар харагдаж байгаа нь зүүн доод эрүү яс хугарч, зүүн завьжны хөндийд идээ хуримтлагдаж хүндэрч бугалаа үүссэнээс орчны зөөлөн эдэд хаван хавдар, цус хуралт тархаснаас үүссэн байна... гэх дүгнэлт хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгч Г.Амарбаясгалан нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг "Шинэ төгөл" хотхоны орчим 2015 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ё.Эрхэмбаярыг "танай найз чинь миний толгойг хагалсан" гэх үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, чулууг зэвсгийн чанартай ашиглаж гараараа Ё.Эрхэмбаярын эрүүн тус газарт нь цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна.

Тухайлбал хохирогч Г.Эрхэмбаярын... Алтангадасыг хөөгөөд явсан хүн буцаж ирсэн байсан ба намайг чулуутай гараараа зүүн шанаанд цохиод авсан. Тэр цохилтоос болоод би ухаан балартаад унасан..., шүүгдэгч Г.Амарбаясгалангийн.. би Эрхэмбаярыг зодож цохиогүй..., шүүгдэгч Д.Цэдэвсүрэн... Амарбаясгалан нь Эрхэмбаярыг танай найз миний толгойг хагалчихлаа гээд дайрч барьж аваад цохих шиг болоод барилцаад авсан, Амарбаясгалан нь би цохисон гэхдээ чулуугаар цохиогүй, гараараа цохиж авсан гэж хэлсэн..., шүүгдэгч Б.Пүрэвдоржийн ...Г.Амарбаясгалан нь эхлээд Алтангадасыг хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ танай найз чинь миний толгойг хагалчихлаа гээд гүйж ирээд Ё.Эрхэмбаярыг цохиод авах шиг болсон, мөн барилцаад авахад нь би салгасан. ...гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, түүчнлэн чулуутай гараараа цохьсон гэж хохирогч Ё.Эрхэмбаяр мэдүүлдэг боловч цуг хамт байсан шүүгдэгч нар чулуутай гараараа цохисоныг хараагүй гэж мэдүүлдэг ба чулууг эд мөрийн баримтаар хурааж ирүүлээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан нотолбол зохих зүйлүүдийг нотолж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй ба хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Амарбаясгаланд аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... гэсэн заалтыг үндэслэн болгон шүүгдэгч Ё.Эрхэмбаяр нь хохирогч Ж.Шагдарсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн ” заасны дагуу шүүгдэгч Ё.Эрхэмбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2. 181.2.5-д, шүүгдэгч Ё.Эрхэмбаяр холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2-д ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн... заасан заалтыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаярыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч .Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охирогч Ё.Эрхэмбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.Амарбаясгалан 4000000 төгрөг, шүүгдэгч Д.Цэдэвсүрэн 300000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Ё.Эрхэмбаяр нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон шүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүдэгч Г.Амарбаясгалан, шүүгдэгч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг бусдад төлөх төлбөргүй гэх үзлээ.

Шүүгдэгч Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг шинэ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Хохирогч Ж.Шагдарсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 7000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч, хохирогч эвлэрсэн тухай хэлцэлд / 3-р хх-ийн 243-244/ заагдсан хугацаа дууссан ба шүүгдэгч Ё.Эрхэмбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор гэмт хэргийг улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу уг хугацааг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Ё.Эрхэмбаяр, Б.Пүрэвдорж нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 4 ширхэгийг хэрэгт хадгалах, томографийн зураг 2 ширхэг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн толгойн компьютер томографийн зураг, оношлогооны хамтаар болон шүдний рентген зураг, шүдний рентген зургийн хуулсан CD нэг ширхэг зэргийг хохирогч Ё.Эрхэмбаяр, Ж.Шагдарсүрэн нарт хэрэгцээний дагуу шилжүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болгож, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Амарбаясгаланд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т , шүүгдэгч Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 болгон, шүүгдэгч Ё.Эрхэмбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ё.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаярыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаярыг хоёр зуун дөчин нэг цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Амарбаясгаланг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Цэдэвсүрэнг нэг жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Пүрэвдоржийг нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

7. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаярт оногдуулсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7000000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-ийн 2.1,4-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ё.Эрхэмбаяр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялар солихыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 4 ширхэгийг хэрэгт хадгалж, томографийн зураг 2 ширхэг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн толгойн компьютер томографийн зураг, оношлогооны хамтаар болон шүдний рентген зураг, шүдний ретген зургийн хуулсан CD нэг ширхэг зэргийг хохирогч Ё.Эрхэмбаяр, Ж.Шагдарсүрэн нарт хэрэгцээний дагуу шилжүүлсүгэй.

12. Шүүгдэгч Г.Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Ё.Эрхэмбаяр, Б.Пүрэвдорж нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г. Амарбаясгалан, Д.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдорж, Ё.Эрхэмбаяр нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ

                                   Ч.БАЙГАЛМАА