Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01033

 

“П С” ХХК, Н.Г нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “П С” ХХК, Н.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К Б” ХХК болон Д.А , М.М-т , М.М нарт холбогдох

121 915 390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “П С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “П С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, “К Б” ХХК болон Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч, хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгч “П С” ХХК-ийн төлөөлөгч Н.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К Б” ХХК болон “П С” ХХК-ийн хооронд анх 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бичгээр хэлцэл байгуулагдаж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 591 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай газрыг 340 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. “П С” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Г гэрээ байгуулж, 340 000 000 төгрөг шилжүүлсэн. Н.Г-аас 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Д.А ын дансанд 170 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн газрын хувьд маргаантай асуудал үүссэн. Хариуцагчаас “үлдэгдэл төлбөрөө төлчих, газрын маргаан ямар ч асуудалгүй манай талд шийдэгдэнэ, бид танд газрын эрхийг шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, улмаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 170 000 000 төгрөг шилжүүлсэн. “П С“ ХХК тухайн газар дээр сэндвичин хавтангийн үйлдвэр барих төслийн ажил хэрэгжүүлэх байсан. “К Б” ХХК газрын эрхийг шилжүүлж өгөөгүйгээс энэ үйл ажиллагааг явуулах боломжгүй байдал үүссэн тул уг хэлцлээсээ татгалзаж, мөнгөө буцааж авья гэхэд 340 000 000 төгрөгийг банкинд 1 жилийн хугацаатай хадгалуулсан тул мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд газрын маргаан үүсч, “К Б” ХХК-иас хэлцлийн дагуу үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

          “П С” ХХК-иас сэндвичин хавтангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулахын тулд “П С” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Г “Номин юнион” ХЗХ-оос 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 400 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд талууд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан хэлцлээр хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 317 500 000 төгрөг төлөх, үлдэгдэл 22 500 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохирсон. 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Голомт банкны 160017201001 тоот данснаас буюу М.М-ын данснаас 317 500 000 төгрөгийг Н.Г-ын данс руу шилжүүлсэн. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг Д.А-аас Н.Г руу шилжүүлж, 19 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Номин юнион” ХЗХ-оос авсан 400 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 41 157 190 төгрөг төлж, зээл төлөгдөж дуусаагүй. 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 400 000 000 төгрөгөөс хүүнд 3 818 667 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүүнд 6 682 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 238 667 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүүнд 7 871 301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24 556 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүүнд 6 678 269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 243 664 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15 600 000 төгрөг төлсөн. 19 500 000 төгрөгийн хүүнд 15 358 200 төгрөг төлж, нийт 56 515 390 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж хохирол хүлээсэн.

Шүүхэд ирсэн Голомт банкны баримтуудаас харахад М.М-гын дансны үлдэгдэл 2013 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрийн байдлаар 270 039 729 төгрөг байсан, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөгийн, 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 170 000 000 төгрөгийг Д.А-аас шилжүүлж, нийт 270 039 729 төгрөг болсон байдаг. Нэг жилийн дараах буюу 2014 оны дансны хуулганд 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 47 461 866 төгрөгийн хүүгийн орлого бодогдон хадгаламжийн үлдэгдэл 317 501 616 төгрөг болсон. Үүний 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 317 491 616 төгрөгийн зарлага хийсэн дүнгээс 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүүгийн орлого 187 891 төгрөг бодогдсон. Нийт 47 649 777 төгрөгийн хүүгийн орлого 1 жилийн хугацаанд олсон байна. Бид нэмэгдүүлсэн шаардлагадаа 12 сараар бодож 45 900 000 төгрөгөөр тооцсон болно.

Иймд “К Б ” ХХК болон Д.А нараас хэлцлийн үүргийн дагуу үлдэгдэл төлбөр 19 500 000 төгрөг, хохирол 56 515 390 төгрөг, нийт 76 015 000 төгрөг, хариуцагч Б.А, М.М, М.М-т  нараас үндэслэлгүйгээр олж авсан 45 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ.

Хариуцагч “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, газар шилжүүлэх гэрээний үйл баримтад маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Тухайн газарт байсан хоёр давхар хувийн сууц, ус савладаг гэх компанид мэдэгдэл хүргүүлэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандаад энэ маргаан үргэлжилж явсаар 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүний дагуу бид албадан буулгах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Бид гэрээтэй холбоотой худлаа ярьж, зугтсан зүйл байхгүй. Тухайн газар дээр зөвшөөрөлгүй обьект барьсан гуравдагч этгээд Оюуны холбоо компаниас болж асуудал үүссэн. Үүнтэй холбоотой гэрээний талууд ярилцаад 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хэлцлийг байгуулсан уг хэлцлийн хуваарийн дагуу бид эхний ээлжинд 317 500 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үлдэгдэл 2 500 000 төгрөгийг шилжүүлснээр үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Гэрээ байгуулахад зуучилсан “Т З” компанид зуучлалын хөлс 17 000 000 төгрөг төлсөн нь үнийн дүнгийн 5 хувь юм. Уг компанид мөнгө шилжүүлэх асуудалд Н.Г бид энэ хүнээр зуучлуулсан. “Т З” ХХК руу 17 000 000 төгрөгийг шилжүүлснийг бид хариуцахгүй.

“Номин юнион” ХЗХ-оос 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 400 000 000 төгрөгийн зээлийг Н.Г  гэдэг хүн хувиараа авсан. Зээлийн гэрээнд нэг талаас “Номин юнион” ХЗХ, нөгөө талаас иргэн Н.Г, зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах гэж байна. Бид 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хэлцэл байгуулж гэрээгээ дуусгавар болгосон. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Г зээлээ сунгаж, хэрвээ энэ зориулалтаар зээл авсан бол 317 000 000 төгрөг болон 2 500 000 төгрөг авсны дараа төлөлгүй зээлээ сунгаж байгаа нь зээлийн зориулалт нь өөр байсныг нотолж байгаа гэжээ.

Хариуцагч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь “П С” ХХК болон “К Б” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй. Энэ гэрээ 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байгаа. Тийм учраас Д.А ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй тул Д.А-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М нь нэхэмжлэгч компани болон Н.Г-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас эдгээр төлбөрт хамааралгүй, ямар нэгэн гэрээ хийгээгүй. Мөн М.М-т миний хувьд өөрийнхөө нэр дээр мөнгө хадгалуулаад 45 900 000 төгрөгийн хүү авсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаар харагдаж байгаа. 2013 оны 3 дугаар сард Д.А-аас 170 000 000 төгрөг орж ирсэн. Д.А-ын даалгаврын дагуу “К Б” ХХК-ийн өглөг, өр төлбөрийг шилжүүлээд үлдэгдэл 100 000 000 төгрөгийг М.М-д, 170 000 000 төгрөгөөс “Т З” ХХК-д зуучлалын хөлс 17 000 000 төгрөгийг шилжүүлсэн. М.М өнхтулгын хувьд банкны хуулгаас харахад хүүгийн орлого орсон зүйл байхгүй. Өдрийн орлого гэсэн тэмдэглэгээ байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хэлцлийн дагуу төлбөрөө бүрэн шилжүүлсэн. Иймд “П С” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “П С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлэхэд “П С” ХХК-ийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т З” ХХК-ийн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “К Б” ХХК нь тухайн үед манай компанид хандаж дээрх хэлцлийг гүйцэтгэх зуучлалын үйлчилгээг авсан нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн кассанд орсон 17 000 000 төгрөгийн бичилт, мөн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Батзоригийн тайлбар бүхий албан тоот зэргээр нотлогдож байна. Зуучлалын гэрээний үндсэн зарчим нь зуучлагч худалдагч, худалдан авагч хоёр талыг холбон өгч, худалдах худалдан авах гэрээ хийгдэж, төлбөр тооцоо хийгдсэнээр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог. Иймд энэхүү тохиолдлын хувьд хэлцэл бүрэн хийгдэж төлбөр хийгдсэн тул зуучлагч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, зуучлалын хөлсийг манай компани өөртөө үлдээх үндэслэлтэй байна. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Батзориг “Т З” ХХК болон компанийн хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан ямар нэгэн гэрээ түүнтэй адилтгах баримт бичиг байхгүй байна. Эндээс харахад Б.Батзориг нь компанийн нэрийн өмнөөс ямар нэгэн бичиг баталгаа гаргаж өгөх эрх бүхий этгээд биш болохыг тэмдэглэмээр байна. Тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлагыг Б.Мөнхнаран хариуцаж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П С ХХК-аас 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагч Д.А, М.М-т  нарт болон 59 015 390 төгрөгт холбогдох хэсэг, түүнчлэн хариуцагч М.М-т, М.М нараас 45 900 000 төгрөг гаргуулах шаардагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П С ХХК эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049310 дугаартай, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж 28 тоот хаягт байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 621,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч К Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П С ХХК-аас төлсөн 925 480 төгрөг, хариуцагч К Б ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К Б ХХК-аас 242 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П С ХХК-д, нэхэмжлэгч П С ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан хариуцагч К Б  ХХК-д тус тус олгож,  

Нэхэмжлэгч П С ХХК, хариуцагч К Б ХХК нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.М нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэжм байна.

Худалдан авагч “П С” ХХК болон иргэн Н.Г-аас хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүсний дараа худалдагч Д.А-аас газрын эрхийг шилжүүлэн өгөхийг шаардахад “...газрын маргааны улмаас эрх шилжихгүй байна, ямар ч асуудалгүй манай талд шийдэгдэнэ, өнөө маргаашгүй шийдэгдэх тул үлдэгдэл төлбөр болох 170 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан тул үлдэгдэл төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Мөнгө шилжүүлэн авсны дараа “К Б ” ХХК-ийн захирал Д.А  болон М.М -т оос “маргаан шүүх”-ээр явах боллоо гэсэн хариуг өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан цаг хугацаа алдаж, үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч байгаа тул хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөрөө буцааж авах талаар Д.А-т санал гаргахад “...бид (М.М-т, М.М) танай компаниас шилжүүлсэн 340 000 000 төгрөгийг банкинд хугацаатай хадгалуулсан, хугацаа нь дуусахаас нааш өгч чадахгүй...” гэсэн хариуг өгсөн үйл баримтын талаар шүүхэд тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, худалдагч нь хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул хэлцлээс татгалзаж шилжүүлсэн төлбөрөө 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 317 500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч компани төлөвлөсөн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан тул Н.Г нь “Номин юнион” ХЗХ-оос зээл авахад хүрч 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 400 000 000 төгрөгийг, сарын 1.79 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж компанийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан. Хариуцагч нар газар зарна гэж авсан мөнгөө шаардахад буцаан шилжүүлсэн бол нэхэмжлэгч нарын зүгээс бусдаас зээл авч зээл, зээлийн хүү төлөх шаардлага байхгүй байсан ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан агуулгаар биднийг хохироосон гэх үйл баримт талуудын тайлбар болон баримтаар нотлогдож байхад шүүхээс өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэргийн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар хариуцагч М.М -т  өөрийн хүлээн авсан төлбөрөө “К Б” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулан үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хамтран хариуцагч М.М-ын Голомт банкны дансанд шилжүүлсэн үйл баримт нотлогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Д.А-т шилжүүлсэн төлбөрөөс 270 000 000 төгрөг хариуцагч М.М-гын хугацаатай хадгаламжийн дансанд байршсан, жилийн дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 47 461 886.93 төгрөгийн хүүний орлого түүний дансанд хийгдэж, 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 317 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Г-ын дансанд шижлүүлсэн үйл баримт нотлогдож байхад шүүхээс М.М, М.М-т  нар нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсон.

Хэлцлийн үүрэг “К Б” ХХК, “П С” ХХК-ийн хооронд хэлбэрийн хувьд үүссэн боловч хэлцлийн дагуу мөнгө шижлүүлсэн үйлдэл нь Д.А, М.М, М.М-т нарын хооронд үүссэн, энэ талаар шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг Д.А  өөрийн дансаар шилжүүлэн авсан улмаар өөрийн дансанд орсон мөнгийг М.М -т ын данс руу шилжүүлсэн, М.М-т  нь М.М-гын данс руу шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байгаа ба хоорондоо шалтгаант холбоотой байхад эдгээр хүмүүс хариуцах ёсгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай болсон.

Анхнаасаа эрхийн маргаантай газрыг бусдад шилжүүлэхээр гэрээ, хэлцэл байгуулах замаар мөнгө авч, авсан мөнгөө банкинд хугацаатай хадгалуулах хүсэл сонирхол бүхий этгээдүүдийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшилээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалт байхад үйл баримт, бодит байдалд нийцүүлэн шударгаар шийдвэрлэж чадаагүй гэх эргэлзээ төрүүлж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулан өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч “П С” ХХК, Н.Г нар хариуцагч “К Б” ХХК, Д.А , М.М -т, М.М нарт холбогдуулан хэлцлийн үлдэгдэл төлбөр 19 500 000 төгрөг, хохиролд 56 515 390  төгрөг, банкны хадгаламжийн хүү болох 45 900 000 төгрөг нийт 121 915 390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “К Б ” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч “П С” ХХК болон хариуцагч “К Б” ХХК нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 4591 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх хугацааг 2 сараар тооцон, газрын үнэ 340 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, мөн талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр, хариуцагч дээрх газар дээр байрлах 621.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 10 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.  /1 х.х-ийн 13-14 дүгээр тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “П С” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 170 000 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 170 000 000 төгрөг нийт 340 000 000 төгрөгийг хариуцагч компанид шилжүүлж, хариуцагч “К Б” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 317 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй /1 х.х-ийн 18-19 дүгээр тал/

Харин талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дээрх газартай холбоотой маргаан үүссэнээр гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болж, үл хөдлөх эд хөрөнгө, газар, гэрээний дагуу төлөгдсөн төлбөр 340 000 000 төгрөгийг харилцан буцаахаар тохиролцсон байна. /1 х.х-ийн 12 дугаар тал/  Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлэн өгсөн зүйл болон уг зүйлээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд уг үүргийн дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.  

Нэхэмжлэгч “П С” ХХК-иас шилжүүлсэн 340 000 000 төгрөгийг хариуцагч “К Б ” ХХК нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсэд өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө түүнээс олсон орлого, үр шимийг буцаан өгөх боломжгүй бол олж авсан этгээд үнийг төлөх талаар зохицуулсан тул уг зүйлд заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх боломжтой юм.

Хариуцагч “К Б” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч компаниас авсан мөнгөн хөрөнгийг ашиглаж орлого олсон гэх байдал тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” үүрэг хүлээнэ. Иймд хариуцагч “К Б” ХХК-ийн хувьд 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “П С” ХХК-иас үлдэгдэл 170 000 000 төгрөгийг шилжүүлснээс /1 х.х-ийн 19 дүгээр тал/ хойш 2 сарын хугацаанд гэрээгээр тохирсон зүйлээ шилжүүлж өгөхөөр тохиролцсон тул 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, боломжгүй бол мөнгийг нь буцаан өгөх үүрэг үүсэх талаар буюу үндэслэлгүйгээр уг мөнгийг авсан болохоо мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Тиймээс уг мөнгийг буцаан шилжүүлж өгсөн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 11 сарын хугацаа өнгөрсөн гэж үзэн, уг хугацаанд орлого олох байсан үр шимийг зээлийн гэрээний нэг сарын хүү 1.79 хувьтай харьцуулан сарын 0.9 хувиар тооцсон болно. Нэхэмжлэгч нь “Голомт банкны энгийн хугацаатай хадгаламжийн жилийн хүү 13.5 хувиар тооцон хүү авах боломжтой” гэх тайлбар гаргасан боловч үүнийг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Харин нэхэмжлэгч Н.Г нь “Номин юнион” ХЗХ-оос 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 400 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүү төлж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх боловч мөнгөн хадгаламжийн хүү зээлд төлөх хүүнээс бага учраас уг зээлийн гэрээний хүүг 50 хувиар тооцсон болно. 

Анхан шатны шүүх зуучлалын хөлс болох 17 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Ийм учраас дээрх зээлийн гэрээний нэг сарын хүү 1.79 хувьтай харьцуулан сарын 0.9 хувийн хүүгээр 11 сарын хугацаанд 317 000 000 төгрөгийн үр шимийг хүртэх боломжтой байсан гэж үзэн хариуцагч “К Б” ХХК-иас 31 383 000 төгрөг, зуучлалын хөлсөнд 17 000 000 төгрөг, нийт 48 383 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 532 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Н.Г нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний тал биш өөрийн нэрээр мөнгө шилжүүлж байсан тул нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Д.А, М.М, М.М-т  нарт холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/00979 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “К Б” ХХК-иас 48 383 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 632 390 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Анхбаяр, М.М, М.М-т нарт холбогдуулан гаргасан 45 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтад “...242 950...” гэснийг “...399 865...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА