Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/65

 

 

Ц.Цэрэнжавт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                 

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                    Г.Энхмаа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжийнхан овогт Цэвэгжавын Цэрэнжавт холбогдох эрүүгийн 2031002200157 дугаартай, 175/2020/0150/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Жаргалтай Ханзаяа” ХХК-д дугаарын хэвлэгч ажилтай, ам бүл 3, ээж, эгчийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 20 дугаар байрны 48 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайжынхан овогт Цэвэгжавын Цэрэнжав /РД:ТЯ89060716/

            Холбогдсон хэргийн талаар:  Шүүгдэгч Ц.Цэрэнжав нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын “Гүн нуур” гэх амралтын газрын ой модон дотор иргэн П.Дөлгөөний хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, ийнхүү хүч хэрэглэх явцад нь П.Дөлгөөний зүгээс эсэргүүцэл үзүүлэхэд түүний цээж, гар хэсэг рүү гараараа цохиж, гуя руу нь хөлөөрөө өшиглөж, биед нь нуруу, цээж, хоёр сарвуу, гуя, зүүн бугуй, баруун шилбэ, тахимд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Цэрэнжавт холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Тайжийнхан овогт Цэвэгжавын Цэрэнжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Хүчиндэх” гэмт хэрэг болон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн 1 /нэг/ жилийн хугацаанд “согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжавыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжавт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжавт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжав нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжав нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

7.Шүүгдэгч Ц.Цэрэнжав нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгөтэй майк 1 ширхэг, дженсэн шорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнжаваас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулан хохирогч П.Дөлгөөнд олгосугай....Bottom of Form

гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэлдээ:  ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Ц.Цэрэнжавыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үүрийн 05 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 3 дугаар баг, “Гүн нуур” амралтын газрын ой модонд иргэн П.Дөлгөөний хүсэл зоригийг эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, Хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцад нь иргэн П.Дөлгөөний зүгээс эсэргүүцэл үзүүлэхэд түүний цээж, гар хэсэг рүү гараараа цохиж, гуя руу нь хөлөөрөө өшиглөж, биед нь нуруу, цээж, хоёр сарвуу, гуя, зүүн бугуй, баруун шилбэ, тахимд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

            Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх талаар, тэнссэн хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн, албадлагын арга хэмжээ зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу ял оногдуулах тухай, хохирол, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг хэрхэх тухай болон хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын эрх, таслан сэргийлэх арга хэмжээний талаар тус тус дурьдсан боловч торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлж барагдуулах талаар дурьдаагүй байна.

            Өөрөөр хэлбэл торгох ялыг ямар хэмжээгээр, ямар хугацаанд барагдуулахыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнээд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж,  ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Цэрэнжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хүчиндэх гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн 1 жилийн хугацаанд согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь 500 нэгжээр торгож шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Ц.Цэрэнжавт холбогдох эрүүгийн 2031002200157 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Ц.Цэрэнжав нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Дөлгөөн /хх-ийн 17-18-р ху/, гэрч Б.Батбилэг /хх-ийн 22-23-р ху/, Т.Лхагвасүрэн /хх-ийн 27-28-р ху/, Г.Билгүүн /хх-ийн 29-30-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7533 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06 ны өдрийн 3898 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-42-р ху/ болон шүүгдэгч Ц.Цэрэнжавын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54, 126-132-р ху/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д ялтанд оногдуулсан торгох ялыг хэрхэн төлүүлэх талаар ...Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан тул анхан шатны шүүх торгох ялыг заавал хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй бөгөөд тодорхой хэмжээний торгох ялыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй....” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан байхад анхан шатны шүүх Ц.Цэрэнжавт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулалгүйгээр 01 жилийн тэнссэн хугацааг тэнсэх ял гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан түүнд оногдуулсан тэнсэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дүгээр заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд

           

4 дүгээр заалтыг

            “4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх, хэрэв торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Цэрэнжавт анхааруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                       Б.ЭРДЭНЭХИШИГ