2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1545

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         06          09                                  2025/ШЦТ/1545

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан эрүүгийн 2506019990694 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овгийн Э.Т

Монгол Улсын иргэн, ............ бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг эх хүүхдийн хамтаар ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ............ тоотод хохирогч Б.Хийн худалдан авалт хийлгүүлэхээр өгч явуулсан түүний “ХААН” банкны виза картыг ашиглан, “Голомт” банкны бэлэн мөнгөний машинаас /АТМ/ бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Тын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...........тоотод Б.М, Б.Х нартай архидан согтуурах явцдаа хохирогч Б.Хийн  дэлгүүрээс юм захиж худалдан авалт хийлгүүлэхээр итгэмжлэн өгсөн “ХААН” банкны виза картаар  “Голомт” банкны АТМ-с 1.000.000 төгрөг бэлнээр гарган авч хувьдаа завшсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Э.Тын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээн хүлээн өгсөн мэдүүлэг,

- хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр .............. тоотод буюу найз Б.Мий гэрт найз Т нарын хамт архи уусан. Бид нар ямар нэгэн баяр тэмдэглээгүй, ойрд уулзаагүй гээд уулзаад архи уусан. Би өөрийн Хаан банкны ......... гэх нэртэй картыг найз Тд хүлээлгэн өгөөд өөрийн картны пин кодыг хэлээд дэлгүүр рүү архинд гаргасан. Гэтэл буцааж орж ирээгүй надад гэнэт сонин санагдаад өөрийн ......... тоот Хаан банкны дансаа шалгатал 1.000.000 төгрөг гарсан байсан. Би түүнийг 30 орчим минут хүлээж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүнээс хойш би Ттай 3 хоног холбогдож чадаагүй түүний утас унтарсан байсан. 3 хоногийн дараа холбогдсон ба Тас яагаад мөнгө авсан талаар тодруулахад "Би картнаас чинь санаандгүй буруу дүнгээр мөнгө аваад, түүнийг согтуу явж байгаад хаяаад холбогдож чадаагүй" гэж хэлсэн.Т надад 7 хоногийн дотор мөнгийг чинь олоод өгье гэж хэлсэн.Т нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 540.000 төгрөгийг бэлнээр, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 460.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

- Б.Х эзэмшигчтэй Хаан банкны ........ дугаартай дансны
хуулга /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдож байна.

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Э.Т нь шууд санаатайгаар шунахай сэдэлтээр Амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн найз хохирогч Б.Хийн  худалдан авалт хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн “ХААН” банкны виза картыг ашиглан “Голомт” банкны бэлэн мөнгөний машинаас /АТМ/ 1.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ёогтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүх хуралдаанд ирж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

 

Энэ хэргийн улмаас хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Т нь согтруулах ундааны зүйл хэрэглэж шүүх хуралдаанд ирж, шүүн таслах ажиллагаанд саад учруулан, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл нийт 6 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ш овгийн Э.Тын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Тын цагдан хоригдсон нийт 6 /зургаа/ хоногийг, нэг хоногийг нь найм цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцон нийт 48 /дөчин найм/ цагт шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 252 /хоёр зуун тавин хоёр/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/  цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Тыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ