2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1303

 

 

 

 

 

 

 

 

 

2025          05          19                                  2025/ШЦТ/1303

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Ц.М,

нарийн бичгийн даргаар Ж.Ариунзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2406000003614 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Ц.М

Монгол Улсын иргэн, ..............., эрэгтэй, дээд боловсролтой, ............... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 88а байрны урд автомашины зам дагуу гудамжинд байсан хохирогч Э.Бийн эзэмшлийн "Айфоне 13 Промакс" загварын гээгдэл гар утсыг хувьдаа завшиж 2,025,000 төгрегийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрийн харъяа ............ тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зам дагуу гудамжнаас, хохирогч Э.Бийн эзэмшлийн гээгдүүлсэн 2,025,000 төгрөгийн үнэ бүхий "Айфоне 13 Промакс" загварын гар утсыг олж авч, улмаар тус гар утасыг эзэмшийгч Э.Б урьд нэвтрэх кодгүй ашигладаг байсныг, Ц.М нь ......... гэсэн нэвтрэх кодтой болгож, зураг хэсэгт нь хадгалсан 6872 ширхэг зураг, 1024 ширхэг дүрс бичлэгийг устгаж, өөрийн ………….гэсэн цахим хаягийг оруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

          - шүүгдэгч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө би өөрийнхөө амьдарч буй гэртээ буюу ............ урд талд автомашины зам дагуу таксинаас буусан. Тэр үедээ өөрийнхөе гар утсаа алдсан гэдгээ мэдээгүй гэртээ орж ирсэн бөгөөд гэртээ орж ирчхээд өөрийнхөө эд зүйлийг шалгахад байхгүй байгааг мэдсэн. Улмаар хаана алдсанаа мэдэхгүй байсан учраас байрны гадна талынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд таксинаас бууж ирээд гэртээ орж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд намайг буусны дараа ойролцоогоор 5 орчим минутын дараа миний гар утсыг газраас аваад цаашаа явж байгаа нь бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

- иргэний нэхэмжлэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гар утас нь “Дамно” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 29,800 төгрөгийн шинжилгээ хийгдэнэ. Тус зардлыг Цагдаагийн ерөнхий газрын зардлын бусад орлогын Төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд хүлээж авна. Дээрх зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,

- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б31-24-1935 дугаартай "Айфоне 13 Промакс загварын гар утас 2,025,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М өөрийгөө өмгөөлж дараахь: “...тухайн гар утсыг би хувьдаа завших зорилгогүй байсан, би шөнийн цагаар гар утсыг олж авсан, гэртээ хариад унтсан, өглөө сэрэхэд гар утас унтарсан байсан, би ядарсан байсан тул буцаад унтсан, сэрээд удаагүй байхад энгийн хүн үү, цагдаа юу гэдэг нь мэдэгдэхгүй хүн хаалга тогшоод орж ирсэн... би гэм буруугүй” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч, гэм буруутай эсэхдээ маргасан болно.

          Хавтас хэрэг авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, дүгнэлт зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд: хохирогч Э.Б нь өөрийн эзэмшлийн гар утсаа шөнийн цагаар гудамд гээгдүүлснийг, шүүгдэгч Ц.М нь олж аваад иргэний үүргээ биелүүлж зохих байгууллагад мэдэгдээгүй, аваачиж өгөөгүй байна. Хэдийгээр тийм нөхцөл бололцоо олдоогүй богино хугацаанд болсон үйл явдал гэж шүүгдэгч мэдүүлж байх боловч, түүний бусдын гээгдүүлсэн гар утсыг олж аваад сим картын гаргасан, нэвтрэх кодтой болгосон, өөрийн цахим хаягийг таниулсан, хадгалагдаж байсан зураг, дүрс бичлэгийг устгасан зэрэг үйлдэл нь гар утсыг эзэмшигчид нь буцаан өгөх зорилгогүй, хувьдаа завших гэсэн сэдэлт санаатай байсан буюу гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн субьектив талын шинж нь нотлогдон тогтоогдсон гэж үзэв. Тиймээс шүүгдэгчийн дээрхи гэм буруугийн талаар маргасан  өөрийгөө өмгөөлсөн санал нь няцаагдаж байна гэж шүүх дүгнэв.     

 

Иймд шүүгдэгч Ц.Мийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө .......... урд байрлах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зам дагуу гудамжнаас, хохирогч Э.Бийн эзэмшлийн гээгдүүлсэн "Айфоне 13 Промакс" загварын гар утсыг олж авч, улмаар санаатайгаар шунахай сэдэлтээр урьд нэвтрэх кодгүй эзэмшигч ашигладаг байсныг, ........ гэсэн нэвтрэх кодтой болгож, хадгалагдаж байсан зураг, дүрс бичлэгийг устгаж,  .......... гэсэн цахим хаягийг оруулсан зэрэг үйлдлийг хийж хувьдаа завшин нийт 2,025,000 төгрөгийн хохирол учруулан бусдын өмчлөх эрхийн эсрэг хийсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

Хохирогч Э.Бт учирсан 2.025.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн байх тул Ц.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Ц.Мийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Мийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ