| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/1425/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1657 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1657
2025 06 20 2025/ШЦТ/1657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч М.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2502000000228 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овогт М.Б
Монгол Улсын иргэн, .............. эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ................. оршин суух бүртгэлтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч М.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Л.Г, Ц.Ц нараас 1,350,000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Л.Г, Ц.Ц нараас 1,350,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- гэрч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ц гэдэг хүнийг бол танина. Ц гэж дууддаг. ........ миний данс мөн. Ашиглаад 10-аад жил болж байна. Ц гэдэг хүнийг танина. Ц гэж дууддаг... Тухайн үед Ц өөрийнхөө дансанд барилт хийлгэчихсэн байгаа гээд миний дансыг ашигладаг байсан. Ц л холбоотой гүйлгээ байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
- гэрч Ц.Цоын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...(......) танина. Найз нөхдийн харилцаатай байсан. .......... Би тийм данс ашиглаж байсан удаа байхгүй. Хаан банкны ........... гэх өөрийн нэр дээрх дансыг ашиглаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
- Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 13 дугаар тал),
- М.Бгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нелөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),
- М.Бгийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
- Л.Гийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
- Ц.Цын эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2600 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “...............” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын И-р жагсаалтад хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 81-83 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.
Иймд шүүгдэгч М.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Л.Г, Ц.Ц нараас 1,350,000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй болох ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралгүй гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдал, түүний биеэс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл, хэмжээ зэргийн тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн бага насны хүүхдээ асран, өсгөн хүмүүжүүлэх үүргийг нь хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний байнга оршин суудаг газар болох .............. нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 3 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 65 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М.Бг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Бд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эдлүүлж, ................ нутаг дэвсгэрт зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 /гурав/ ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Бг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ