Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 104/шш2019/00032

 
 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Л.Энхбилэг, Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 40 дүгээр байр, 02 тоотод оршин суух Очир Пунцагийн Бүжин /РД:ЧТ84010605/-гийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 47 дугаар байр, 13 тоотод оршин суух Боржигон Батсайханы Батзул /РД:УЕ81090816/-д холбогдох

Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохирол 456.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Бүжин, хариуцагч Б.Батзул, иргэдийн төлөөлөгч Ф.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Бүжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хашаа байшингаа хөлслүүлэх зар тавьсан. Тэгэхэд Б.Батзул гэх хүн надтай холбогдож ...Би ботаникт цагдаагийн академд барилга бариулж байгаа. Тэгээд манай ажилчдын гэр нь холдоод байгаа учир түрээсийн байр хайж байна... гэсэн. Би Б.Батзулд ... Байшиндаа ажилчид оруулмааргүй байна. Айл оруулах хүсэлтэй байна. Мөн удаан хугацаагаар түрээслэх хүн хэрэгтэй байна... гэж хэлсэн. Тэгээд Б.Батзул ...Манай барилгын ажил өвлийн турш явагдах учир удаан хугацаагаар түрээслэнэ. Байшинг чинь түрээслэх хугацаанд гарсан эвдрэл гэмтэл зэрэг бүх хариуцлагыг би хүлээнэ... гэж хэлээд надад байсан цаасан дээр бид хоёр хэлцэл байгуулж гарын үсэг зурж байшинг түрээслэхээр тохиролцсон. Ингэхдээ 3 сараар түрээслэхээр тохирч, хугацаанаас өмнө гарсан тохиолдолд барьцаа мөнгийг буцааж өгөхгүй шүү гэхэд зөвшөөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа ...байшингаа хүлээж аваарай. Манай хүүхдүүд гарах гэж байгаа шүү... гэсэн мессеж ирсэн. Цаг орой болсон байсан учир би маргааш нь очиход цагаан өнгийн Алпард маркийн машинтай нэг эмэгтэй, 5 залуу, 1 хүүхэд байсан. Тэгээд байшингийнхаа хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй эвдэрсэн байсан. Би тэр хүмүүсээс байшингийн түлхүүрийг шаардаж хүлээлгэж өгөх ёстой гэж хэлэхэд надад агсам тавьсан. Тэр үед би Б.Батзул руу залгахад ...би завгүй байна эвдэрсэн зүйл байвал наад хүмүүсээрээ төлүүлээрэй... гэж хэлсэн. Би цагдаа дуудаж хаалгаа онгойлгож ороход гэрт байсан сав суулга бүх зүйлийг машиндаа ачсан мөн байшинд ороход цонх хагарсан, хаалга эвдэрсэн байсан. Тэгээд тэдгээр хүмүүс ...бид нарыг байшинг түрээслэхэд хэрэглээрэй гээд авч өгсөн зүйл гэж бодоод машиндаа ачсан... гэсэн. Би тэднээс эвдэрсэн зүйлсийг төлөхийг шаардахад бид нар 3 сарын хугацаанд ажил хийсэн. Авсан цалин байхгүй тул та хохирлоо бид нарын цалингаас суутгаад Б.Батзулаас аваарай гэж хэлсэн. Тэр хүүхдүүдийн хувьд н.Шижирбат гэх ахлагчтай бригад байсан. Тэгээд би цагдаагийн хажууд Б.Батзултай утсаар ярихад надад учирсан хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш надад өгсөн зүйл байхгүй бөгөөд намайг утсаар элдэв бусаар харааж доромжилсон. Намайг ...балай авгай минь чамд өгөх зүйл байхгүй... гэх зэргээр доромжилсон. Би засвар хийж өгсөн хүний иргэний үнэмлэхийн лавлагааг баримтаар авч хэрэгт хавсаргасан. Иймээс Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.-д зааснаар гэрээ дуусгавар болсон. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5.-д зааснаар Б.Батзул надад хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.5.-д зааснаар шаардах эрх үүссэн учир Б.Батзулаас вакум цонхны засварын мөнгө 108.000 төгрөг, хана обойг сольж засварлахад авсан материалийн үнэ 132.500 төгрөг, засварын хөлсөнд 200.000 төгрөг, цахилгааны төлбөр 16.178 төгрөг, улсын тэмдэгтийн ураамжид төлсөн 14.351 төгрөг, нийт 471.029 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Б.Батзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цагдаагийн академын барилгын ажилд хэдэн хүүхдүүдийг оруулж ажиллуулсан. Гэхдээ П.Бүжинтэй анх байрыг түрээслэхээр тохиролцохдоо барилгын ажилчид байлгана гэж хэлсэн. Тэгээд түрээслэхээр тохирч барьцаа мөнгө өгсөн. Барилгын ажил эхэлж найдваргүй компанитай таарсан. Уг ажлыг хийж байсан хүүхдүүдийг архи ууж асуудал тарьж байхаар хөдөө явж ажил хий гэж хэлээд найздаа танилцуулсан. Хөдөө явлаа гэхэд нь би П.Бүжин рүү байшингаа хүлээж аваарай гэж хэлсэн. Маргааш нь П.Бүжин над руу залгаад ...энэ хүмүүс чинь архи уусан байна би цагдаа дуудлаа гэсэн. Тэгээд хаалганы цоож эвдэрчихсэн байна... гэхэд нь би цоож засуулах мөнгө явуулсан. Мөн тэр хүүхдүүд нийт 12 өдөр ажилласан. Би тэдэнд хувиасаа ажилласан өдрийн цалинг өгсөн. Би энэ хүний шаардаад байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэгж хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Цонх засуулах 110.000 төгрөгийг барьцааны мөнгөө буцааж аваагүй учир болно биз дээ гэхэд уурлаж утсаа тасалсан. Үүнээс хойш цагдаагийн байгууллага, шүүхэд хандсан. Миний хувьд байшиндаа засвар хийсэн мөнгийг зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ цонхны шил сольсон 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 13.317 төгрөг, хананы обойг солиход 2 ширхэг обой худалдаж авсан 25.000 төгрөг, цавуу 8000 төгрөгийг төлж болно. Обой солиход ажлын хөлс 15.000 төгрөг байдаг үүнийг төлөхөд маргах зүйлгүй. Засвар хийсэн ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

  Нэхэмжлэгч П.Бүжин хариуцагч Б.Батзулаас 456.700 төгрөг гаргуулахыг шаардсан. Шаардлагын үндэслэлийг эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохирол гэж тодорхойлсон.

Хариуцагч Б.Батзул нэхэмжлэлийн үнийн дүнгээс цонхны шил сольсон 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 13.317 төгрөг, хананы обойг солиход 2 ширхэг обой худалдаж авсан 25.000 төгрөг, цавуу 8000 төгрөг, обой солиход ажлын хөлс 15.000 төгрөг, нийт 169.317 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй. Харин засвар хийсэн ажлын хөлс болон бусад зардал 287.383 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч тал болох П.Бүжин байшинг 3 сарын хугацаатайгаар хөлслүүлэх, хөлсөгч тал болох Б.Батзул нь нэг сарын 150.000 төгрөгийн хөлс төлөхөөр, мөн хугацаанаас өмнө гарсан тохиолдолд барьцаа буцаан олгогдохгүй байхаар харилцан тохиролцож Б.Батзул хөлслүүлэгч П.Бүжинд 1 сарын хөлс 150.000 төгрөг, барьцаа 150.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаагүйгээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

Энэ гэрээний дагуу хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч П.Бүжин нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2.-т зааснаар хөлслөгч энэ хуулийн ...289.1.4.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Батзул нь гэрээ байгуулснаас хойш 12 хоногийн хугацаанд гэрээний зүйлийг эзэмшиж ашиглаж цаашид ашиглах шаардлагагүй болсон тухайгаа хөлслүүлэгч П.Бүжинд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу П.Бүжин тэр өдөр байрыг хүлээж авахдаа хөлслөсөн эд зүйлд эвдрэл гэмтэл гарсныг хөлслөгч Б.Батзулд мэдэгдэж зарим зүйлийг сэргээн засварлах өөрөөр хэлбэл цоож эвдэрч онгойхгүй байсныг солиулах зардал 12.000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчийн данс руу шилжүүлснээр талууд тохиролцож эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байна.

Гэрээ байгуулагдах үед талууд харилцан тохиролцож байрны хөлсийг урьдчилан авсан, мөн хөлслөгч өөрт учирсан, эсхүл учирч болох хохирол буюу эрсдлийг нөхөн төлүүлэх зорилгоор барьцаа болгож 150.000 төгрөг авсан атлаа уг мөнгөнөөс хохирлыг хасч тооцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гарээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд хөлслөгчийн эвдэж гэмтээсэн эд зүйл болох цонхны шил солиход гарсан зардал 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 13.317 төгрөг, 2 ширхэг хананы обойны үнэ 25.000 төгрөг, цавуу 8000 төгрөг, ажлын хөлс 15.000 төгрөг, нийт 169.317 төгрөгийн зардлыг хариуцагч төлөхийг зөвшөөрч маргаагүй учраас уг төлбөрийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасны дагуу хариуцагч Б.Батзулын барьцаанд өгсөн 150.000 төгрөгөөс 169.317 төгрөгийг хасаж тооцон, хариуцагчаас 19.317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437.383 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Бүжин нь эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохирол болон хөлслүүлсэн эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар хариуцагч Б.Батзулаас шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан бараа материалын зарлагын баримт, эвдэрсэн гэх эд хөрөнгийн фото зураг, Х.Амартөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон түүн дээр ажлын хөлс 200.000 төгрөг бэлэн төлөв гэх баримтууд нь гэрээнээс учирсан хохирол, хөлсүүлсэн эд хөрөнгөд хийсэн засварын зардалд 456.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдоогүй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгч П.Бүжингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.351 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Батзулаас 4.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бүжинд олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 288 дугаар зүйлийн 288.2.2., 238 дугаар зүйлийн 238.1.-д зааснаар хариуцагч Боржигон Батсайханы Батзулаас 19.317 /арван есөн мянга гурван зуун арван долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Очир Пунцагийн Бүжинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437.383 /дөрвөн зуун гучин долоо мянга гурван зуун наян гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.351 /арван дөрвөн мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Батзулаас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бүжинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

     ШҮҮГЧИД              Л.ЭНХБИЛЭГ

Н.БАЯРСҮРЭН