Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514002180192 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

  Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” гэх нэртэй бааранд иргэн *******ийг “мөрөн дээр нь гараа тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөр байна. Би урд мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн хохирогчид хохирлыг төлж барагдуулсан байгаа. Нийт дансаар 3,000,000 төгрөгийг эм, тариа, сорвины тос зэрэг нийт 209,000 төгрөгийн худалдан авч өгсөн. Нийт 3,209,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2025 оны 02 дугаар сарын 20-ний орой ажлынхаа хоёр найзтай оройн 23 цагийн үед Номгон 1 дүгээр багт байдаг “Оргил” нэртэй баар ороод 0,5 граммтай “Эден” нэртэй архи захиалж уусан. Тэгээд би талбай дээр бүжиглэж байгаад авто тээвэрт ажилладаг зүс таних ******* гэх эмэгтэйтэй таараад бүжгийн талбайд цуг бүжиглэж байгаад ширээн дээр нь очиж суугаад 1 хундага архи уугаад босож бүжиглэж байгаад дахиад ирээд ширээн дээр ******* гэх залуугийн хажууд нь суугаад над руу яагаад муухай хараад байна гээд мөрөн дээр нь гараа тавиад суусан чинь миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би 103 ороод зүүн нүдний дээд зовхи, хацар хэсэгтээ нийт 13 оёдол тавиулсан. Тухайн үед ******* гэдэг залуу Оргил бааранд миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон,.. 2025 оны 02 дугаар сарын 21-нд ******* гэх залуу намайг цохиж гэмтээсэн..Би эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Эм тарианы зардал, сорвины тос аваарай гээд миний ******* гэсэн Хаан банкны данс руу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо миний зүгээс цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 15-16/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2025 оны 2 дугаар сарын 20-ний орой манай ажлынхан төвд Арвай нэртэй караоке орж хоол идээд нэг шил архи уусан. Тэгээд караокеноос орой 22 цагийн үед гараад Номгон 1 дүгээр багт байрлах “Оргил” нэртэй баар ороод сэнгүр нэртэй 0,5 граммтай шилтэй пиво 5 ширхгийг захиалж уусан. Тэгээд манай найз бид хоёр талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ түрүүлээд суусан, намайг бүжиглэж байсан чинь нэг залуу над дээр ирээд бүжиглээд байсан. Удаагүй манай ширээн дээр тэр залуу намайг дагаад хүрээд ирсэн, ширээн дээр надтай юм яриад байсан. Тэгэхээр нь би бүжиглэх гээд босоод явсан. ******* ширээн дээр суугаад байсан босож бүжиглээгүй,  нөгөө залуу дахиад ширээн дээр ирээд манай найз *******ийн мөрөн дээр гараа тавиад сууж байсан, би таньдаг хүн нь юм байх л гэж бодсон, тэгээд би бага зэрэг согтсон байна лээ бүжиглэж байгаад ширээн дээрээ дахиж очоогүй шууд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... орой манай ажлынхан төвд арвай нэртэй караоке орж хоол идээд нэг шил архи уусан. Тэгээд караокеноос орой 22 цагийн үед гараад Номгон 1 дүгээр багт байрлах Оргил нэртэй баар ороод “сэнгүр” нэртэй 0,5 граммтай шилтэй пиво 5 ширхгийг захиалж уусан. Найз бид хоёр талбай дээр бүжиглэж байгаад би ширээн дээрээ түрүүлээд суусан. нэг залуутай бүжиглээд үлдсэн, удаагүй манай ширээн дээр тэр залуутай цуг хүрээд ирсэн. Хамт цуг сууж байгаад удаагүй босоод дахиад бүжиглэсэн. ******* ширээн дээр суугаад байсан босож бүжиглээгүй. Тэгээд нөгөө залуу дахиад ширээн дээр ирээд манай найз *******ийн мөрөн дээр гараа тавиад сууж байсан, би таньдаг хүн нь юм байх л гэж бодсон. Удаагүй нөгөө залууг ******* баруун гараараа хацар хэсэг рүү нь 1 удаа цохиод авсан,  би очиж салгасан. Тухайн үед  найз ******* гэдэг залуугийн хацар хэсгийн зүүн нүд рүү нь баруун гараараа 1 удаа цохисон, намайг очиж салгахад хацар хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 253,536 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай

1.*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх шарх, цус хуралт, цус харвалт гэх гэмтлүүд нь тус бүрдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 4/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 42-45/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-34/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63-68/,оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” гэх нэртэй бааранд иргэн *******ийг “мөрөн дээр нь гараа тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн...яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Хохирогч *******ийн... ******* гэх залуугийн хажууд нь суугаад над руу яагаад муухай хараад байна гээд мөрөн дээр нь гараа тавиад суусан чинь миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 15-16/,

Гэрч *******гийн...******* ширээн дээр суугаад байсан босож бүжиглээгүй, тэгээд нөгөө залуу дахиад ширээн дээр ирээд манай найз *******ийн мөрөн дээр гараа тавиад сууж байсан, дахин бүжиглэж байгаад ширээн дээрээ дахиж очоогүй шууд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч гийн... нөгөө залууг ******* баруун гараараа хацар хэсэг рүү нь 1 удаа цохиод авсан, би очиж салгасан,...найз ******* нь гэдэг залуугийн хацар хэсгийн зүүн нүд рүү нь баруун гараараа 1 удаа цохисон, намайг очиж салгахад хацар хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Иргэний нэхэмжлэгч ын...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 253,536 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна, одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай...*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо, ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 35-36/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шарх, зүүн нүдний алимны цус харвалт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 35-36/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн зүүн нүд рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3,209,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 15-16/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн / хх-ийн 15-16/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 253,536 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан уг мөнгийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан талаарх холбогдох нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд  гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал,/ Баянхонгор аймгийн газарт аар ажилладаг, сарын 1,900,000 төгрөгийн цалинтай /,  ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т  хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ч.БАЙГАЛМАА