Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/66

 

                                    М.*******т холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/341 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1902004860260 дугаартай, 15 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 6 дугаар баг, 12-13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******жавын ******* /РД:ХВ63122676/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэсэн хэм хэмжээг зөрчиж;

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6 дугаар зүйл: Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүргийн 1 дүгээр хэсгийн 1.2 дахь заалтад заасан: Сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг Аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах;

1.3    дахь заалтад заасан энэ журмын 7.1,2-т /Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь аймаг, нийслэлийн засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх/ заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах;

2 дугаар зүйл: Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх 5 дахь хэсэгт заасан: Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23 дахь заалтад заасан /Сум, дүүргийн засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч, сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон эсхүл тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох/-оор дүгнэлт гараагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Үзүүр сайхан” нөхөрлөлтэй, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 88 нөхөрлөлтэй, нийт 89 нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад буюу нэр бүхий 89 нөхөрлөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх М.*******т холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/341 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн 1902004860260 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэг. Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд буюу шинжилгээ хийлгэхэд 61,770,000 төгрөг зарцуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасныг үндэслэн яллагдагч М.*******аас гаргуулах саналтай талаар тусгаж, яллах дүгнэлтийг яллагдагч М.*******т гардуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллагдагч М.*******т эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахдаа мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг гэм буруутай этгээд төлөх хуульчилсан хэм хэмжээний талаар тайлбарласан болно.

Иймд яллагдагч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хууль зүйн үр дагаврыг ойлгож, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирол” бус, харин мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хор уршиг” юм.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үед, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” эсэхийг харгалзах хуулийн зохицуулалттай.

 

Харин яллагдагч М.*******ын хувьд прокуророос “давуу байдал бий болгосон” үйлдлийн шинжээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул “хохирол” гэсэн хууль зүйн ойлголтын талаар дүгнэлт хийх шаардлага бий болохгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж хуульчилсныг үндэслэн шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд прокурорын саналыг зөвшөөрсөн шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

 

Иймд М.*******т холбогдох 1902004860260 дугаартай хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/Э41 дугаартай шүүгчийн захирамжийг. “Шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулах, Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газраас М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу М.*******т холбогдох эрүүгийн  1902004860260 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж заажээ.

Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх ... зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байна.

Гэтэл яллагдагч М.******* нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “..Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны явцад үүссэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогджээ.

Яллагдагч М.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн ажлын хөлс 61.770.000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас яллагдагч М.*******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/341 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, п\рокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/341 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Б.ЭРДЭНЭХИШИГ